Б.Баянмөнх: Залуу бөхчүүд унаж сураасай  

2022-04-14
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Эгэл даруухан инээмсэглэсэн төрхөөрөө монгол бөхийн торгон ногоон дэвжээг чимж яваа эрдүү шаламгай барилдаанаараа хотол олноо цэнгүүлдэг Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат “Хүч” спорт хороо, Ховд нутгийн хөгжлийн төлөө сан, Эргүүл хамгаалалтын газар, Эрдэнийн шим компанийн бөх, аймгийн хурц арслан Б.Баянмөнхтэй ярилцлаа.  

-Та бөхийн замд хэрхэн хөл тавьсан бэ?

-Би хоёр талын бөхийн удамтай. Өвөө маань том цолтой байгаагүй ч сумын цолтой бөх байсан гэдэг. Манай удамд хамгийн том цолтой нь авга ах н.Мөнхдалай гэдэг аймгийн начин цолтой хүн байсан. Би бөх болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Өвөө, аав ахмадууд “Миний хүү ядаж 13 нас хүрч байж барилдаарай” гээд барилдуулдаггүй байлаа. Гэхдээ бага байхад бүтэн хувцастай явдаггүй. Үеийн хүүхдүүдтэй ноцолдож өссөн. Анх 13 настайдаа Мөнххайрхан сумандаа Н.Төмөрхуяг багшийн жүдо, самбо бөхийн секцэнд орсон. Багш маань Үндэсний биеийн тамирын дээд сургууль төгссөн мэргэжлийн дасгалжуулагч. Н.Төмөрхуяг багшийн ачаар чөлөөт, жүдо, самбо бөхөөр өсвөрийн аймгийн аварга болсон. 2005 онд самбо бөхийн өсвөр үеийн улсын аваргад одоогийн даян аварга Н.Батсуурьтай хүрэл медалийн төлөө барилдаж байлаа. Тэр барилдаанд 11 оноогоор хожигдож яваад 12 оноо авч ялсан. Н.Батсуурь намайг хожих гэж нэг оноонд хэт шунаж алдаа гаргасан. Манай Н.Батсуурь их шартай ялагдсандаа шаралхаж уйлж байсан нь миний санаанаас гардаггүй. Хөдөөнөөс ирээд улсын аваргаас медаль авна гэдэг том амжилт. Түүнээсээ урамшаад тэр жилдээ одоогийн “Хүч” спорт хорооны дасгалжуулагч  гавьяат тамирчин Н.Баатарболд багшийн шавь болж самбо, жүдо бөхөөр хичээллэсэн. Хотод бэлтгэл хийж эхэлсэн эхний жилээ самбо бөхийн өсвөрийн улсын аварга болж байлаа. Залуучуудын улсын аваргад жүдо, самбогоор түрүүлсэн.

-Улсын аваргад олон түрүүлж байсан. Гадагшаа олон улсын тэмцээнд явж байв уу?

-2008 онд Узбекистаны Ташкент хотод болсон залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Өөр олон тэмцээнд яваагүй. Насанд хүрэгчдийн ангилалд улсын начин Э.Энхбат агсанд найман жил дараалан ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Тэр хүнийг дийлэхгүй их спортоосоо хөндийрсөн.

-Анх 2006 онд сумын заан болсон юм билээ. Анх цол авсан барилдааныхаа талаар дурсахгүй юу?

-18 настай Х ангиа төгссөн хүүхэд сумын наадамд зодоглож байлаа. Тэр наадамд манай суманд 96 бөх барилдсан. Тавын даваанд төрсөн ахтайгаа тунасан. Ах маань өмнөх жил нь сумын заан болсон байсан. Ахыг давж гуравт үлдлээ. Сүүлийн гурван бөх тойргоор барилдаж би нөгөө хоёроо давж түрүүлж байсан. Ахаараа тав давж начин болсон учраас унаж болохгүй гэсэн сэтгэл зүйтэй барилдсан. Миний ах сумын заан Б.Батзаяа үндэсний биеийн тамирын дээд сургуульд С.Мөнхбат аваргын үед суралцаж төгссөн сумын заан цолтой. Бэлтгэлээ сайн хийж сайн барилддаг байсан. Тухайн үед нэг айлаас хоёр хүүхэд хотод ирж барилдахад амьдрах газраас авахуулаад хүндрэл их байлаа. Тэгээд ах намайг “Миний дүү үргэлжлүүлж бэлтгэлээ сайн хийгээд том бөх болоорой” гээд бөхөө орхисон.

-Та МҮБХ-ноос зохиодог уламжлалт сумын заан цолтны барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх. Энэ дурсамжуудаасаа хуваалцаач?

-Миний хувьд бөхийн өргөөнд дөрөв түрүүлсэн анхны сумын заан. Э.Оюунболд арслан, Н.Жаргалбаяр, Д.Анар заан, Б.Бат-Өлзий, Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр харцага гэсэн улс, аймгийн цолтнууд миний үед сумын заанд бариллдаг байсан. Сэтгэлд үлдсэн барилдаан бол 2012 оны сумын заан цолтны сар шинийн барилдаан. Тус барилдаанд би анх удаа шөвгөрөөд тэр чигээрээ ес давж түрүүлсэн. Үзүүр түрүүнд нутгийн бөх одоогийн улсын харцага Б.Бат-Өлзийтэй үлдэж байлаа. Нутгийнхаа дүүтэй шалгарч үлдээд анхны түрүү авсан нь санаанаас гардаггүй.

-Сумын заан цолноос шууд аймгийн арслан болсон. Арслан болсноо дурсвал?

-Би 2014 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд үзүүр түрүүнд одоогийн улсын өсөх идэр начин Н.Мустафаг давж арслан болж байлаа. Их шөвөгт одоогийн улсын начин Б.Серикийг давж байсан. Тухайн үед Бөхийн өргөөнд болдог сумын зааны барилдаанд түрүүлж үзүүрлэдэг бөхчүүд аль ч аймагт очсон цол авдаг болсон байсан. 2013 онд Ш.Пүрэвгарьд аймгийн арслан, Н.Золбоо аймгийн заан болж байлаа. Тэгэхээр миний хувьд цолонд хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Ер нь Бөхийн өргөөнд шөвгөрөөд, цаашлаад түрүүлж үзүүрлэсэн хүн аль ч аймагт очсон барилдаан, сэтгэл зүйн хувьд цол авах хэмжээний болсон байдаг юм болов уу гэж боддог. Биднийг сумын заан байхад сумын цолтны олон барилдаан болдог байлаа. Их сургуулиуд, дүүргүүдийн нэрэмжит, орон нутагт  барилдаанууд зохиодог. Мөн үндэсний бөхийн холбооны  уламжлалт барилдаан. Би албан ёсны барилдаанд дөрөв бусад гадуурх барилдаанаа тооцвол 10 түрүүлсэн.

-2019 оны аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн сар шинийн барилдаанд түрүүлсэн. Хэзээнээс улс, аймгийн цолтны барилдаанд амжилт гаргаж эхэлсэн бэ?

-Аймгийн арслан болсноос хойш  2-3 жил сумын цолтныхоо темпээс гарч өгөхгүй амжилт тааруу байсан. Байнга шахуу л хоёр гурвын даваанд өвдөг шороодоод байлаа. Би сумын цолтой найман жил барилдсан. Цаг нь болоод аймгийн арслан болсон юм байна. Цолондоо эзэн байя, барилдаанаа өөрчилж ядаж аймаг, цэргийн цолтны барилдаанд шөвгөрөх хэмжээнд очъё гэж зорин бэлтгэлээ сайн хийж хичээсэн. Ингээд 2019 оны сар шинийн барилдаанд анх удаа шөвгөрөөд шууд найм давж түрүүлж байлаа. Тэр хавраа улс, аймгийн алдар цолтны барилдаанд анх удаа шөвгөрсөн. Зун нь аймгийнхаа наадамд анх удаа түрүүлж хурц чимэг нэмсэн. Би сумын зааны барилдаанд шөвгөрөхгүй байж байгаад шууд түрүүлсэн. Тэгээд дараа нь тогмол шөвгөрдөг болсон. Аймаг, цэрэг мөн адил. Мөн сумын заан болоод найман жилийн дараа аймгийн арслан болсон. Аймгийн арслан болоод найман жилийг үдээд байна. Одоо улсын цолонд хүрч түрүүлдэг, шөвгөрдөг болмоор байна. Энэ жил 34 нас хүрлээ. Хүмүүс “Чи цолонд хүрэхгүй бол 1-2 жил үлдлээ” гээд байгаа. Өөрөө барилдаж чадвал хэд хүртлээ барилдах нь хамаагүй гэж боддог.

-2019 онд амжилт арвинтай бэлтгэл сайтай жилээ улсын наадмыг яагаад өнжсөн юм бэ?

-Олон хүн энэ тухай асуудаг. Зарим нь ч допингтой ч холбодог. Би 2019 оноос өмнө нэгдүгээр хороололд хашаа байшинд амьдардаг байсан. 2019 оны хавар хашаа байшин маань шатсан. Тэгээд байр түрээсэлж амьдарч байлаа. Манай Мөнххайрхан сумаас Ховд аймгийн наадамд шөвгөрсөн бөх надаас өөр байдаггүй. Тэгээд нутгийн зөвлөл, Ховд нутгийн хөгжлийн төлөө сангаас “Энэ жил аймагтаа барилдаад түрүүлбэл байрны асуудлыг чинь шийдье” гэсэн санал тавьсан. Нялх хүүхэдтэй, орох оронгүй байсан учраас тэр жил амьдралаа бодсон. Үүний дараа миний ойр дотны бөхчүүд хүртэл намайг допингийн шинжилгээнээс зугтаасан гэж хардсан. Аргагүй биз дээ. Монголчууд галын дөл өөдөө гэдэг. Бөхийн өргөөнд түрүүлж тогтмол дээшээ барилдсан. Амьдралаа бодъё. Мөн хурц чимэг авчихвал дараа дараагийн наадмын оноолт гайгүй таарч боломж гарч ирэх байх гэж бодоод нэг жил өнжсөн.

-Бөхийн бай өндөр байна. Энэ нь сэргээшт хөтөлж байна гэсэн яриа гарч байгаа. Үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Том амжилт үзүүлсэн бөхчүүдийг байр, машинаар шагнаж урамшуулж байгаа. Хүүхэд наснаасаа олон бэрхшээл, бэртэл гэмтэл хатуу хөтүүг үзэж байж өдий зэрэгтэй яваа. Бас олон зүйлийг золиослож энэ өв соёлоо тээж байгаа. Нийгэм болон хүмүүс өнөөдрийн амьдралааар нь хараад том шагнал өгөх нь буруу гээд байх шиг байна. Байр, машин бэлэглээд байгаа хүмүүс тамирчдаа сумын заан магадгүй хүүхэд байхаас нь мэддэг, дэмждэг бас өөрөө компани, байгуллагадаа ажиллуулдаг хүмүүс байдаг. Хаа хамаагүй хүн гарч ирээд өгөөгүй шүү дээ. Бидний нэрний өмнө нутаг ус, харьяа хүчний байгууллага, ивээн тэтгэгч компани, эцэг эхийн болон өөрийн нэр дуудагдаж байгаа шүү дээ. Энэ бүхнийг бодолцож зөвөөр ойлгоосой гэж бодож явдаг.   

-Та цагдаагийн ахлах ахлагч цолтой. Бөхчүүдэд яагаад цэрэг, цагдаагийн цол өгдөг вэ?

-Би Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин. Ахлах ахлагч цолтой албан хаагч. Сошиал болон хүмүүс урлаг спортынхон ажил хийхгүй цол авчихлаа гэж шүүмжилдэг. Миний хувьд цагдаагийн байгууллагад 10 гаруй жил алба хааж, эргүүл хамгаалалтад гарч хийх ёстойгоо хийгээд авах журмынх нь дагуу цолоо авсан. Зуны хугацаанд бусдын адил 1-2 сарын чөлөө аваад баяр наадамдаа зодоглодог. Үүнийг хамт алба хааж байгаа бүх хүн мэдэж байгаа. Зарим барилдаан, тэмцээний  үед ээлжээ солих дараа нь нөхөж гарах гээд зохицуулдаг. Хүмүүс үүнийг бэлтгэлээ хийгээд тэнэж яваад энэ цолыг аваад байна гэж хардаг байх. Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аварга том спорт хорооны дарга хийгээд явж байна. Олон спортын салбартай, том хороог авч явна гэдэг тийм амар ажил биш. Алба хааж ажил хийж байж л бид амьдралаа авч явна шүү дээ. Үүнийг ард түмэн ойлгоосой гэж хүсэж байна.

-Бөхчүүд компани, байгууллагуудын нэрийн өмнөөс барилддаг. Бүгдээс нь цалин авдаг уу?

-Би Ховд нутгийн хөгжлийн төлөө сан, Эрдэнийн шим компанийн нэрийн өмнөөс  барилддаг. Энэ нь бүгд манай Мөнххайрхан сумын хүмүүсийн байгууллага компани. Нутгийн ах нар намайг уураг, витамин бусад зүйлээр дэмждэг. Долоо хоног бүр барилдаж байнга зарлуулна гэдэг компианиудын хувьд том маркетинг. Тиймдээ ч том бөхчүүд том компанийн нэрийн өмнөөс барилддаг. Дээр үеэс Богдын, Их дагины бөх гэж байсан шүү дээ.

-Сүүлийн барилдаануудад допингийн шинжилгээ авч байна. Та өгөв үү?

-Тийм ээ. Миний хувьд “Илдэн бэйсийн хүчтэн” дэвжээний нээлтийн барилдаанд үзүүрлэсэн. Тэр барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авахад нь хамрагдсан.

-Шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах нь зөв үү?

-Шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авна гэдэг үр дүн муутай гэж харж байгаа. Үнэхээр хэрэглэсэн хүн тэнэг биш бол яах гэж шөвгөрөх юм бэ. Барилдахгүй байж болно. Бөхчүүдээс нэр цохож дуудаад авах нь илүү ашигтай байх. Дуудсан газар ирэхгүй бол допинг хэрэглэсэнд тооцох хэрэгтэй. Мөн дөнгөж барилдах гэж гарч ирж байгаа 20 гаруй насны залуучуудаас түлхүү авах хэрэгтэй. Тиймээс залуучуудаас авч хэрэглэсэн байвал шийтгэвэл нийтэд дохио болж дараагийн үеэс допинг алга болно. Одоо 50 бөхөөс шинжилгээ авах юм гэсэн. Үүний ядаж арвыг нь залуусаас аваасай гэж хүсэж байна. Бас бөхчүүдээс өөрсдөөс нь санал авбал үр дүнтэй байх. Бөхчүүд ер нь хэн хэрэглээд байгааг гадарлаж байгаа шүү дээ. Хэрэглэсэн бөх бяр чадал орохоос гадна ааш авир нь өөрчлөгддөг. Допинг сэтгэхүйд нөлөөлдөг гэж сургалтаар заадаг. Тиймээс дэвжээн дээрх ёс бус үйлдлүүд допингтой хүнээс л гарч байгаа.

-Саяхан МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн хурлаар зодог шуудагны стандарт гаргасан. Үүнийг бөхчүүд хэр мөрдөж байна?

-Дагаж мөрдөж байгаа бөх тун ховор. Барьц олж авахад хэцүү. Авсан ч удаан барихад төвөгтэй байгаа.

-Мөрдүүлсэн эсэхийг яаж шалгаж ямар арга хэмжээ авч байгаа вэ. Зодог шуудаг нэг стандарттай байх нь ямар ашигтай вэ?

-Шалгаж байгаа зүйл алга. Янзлаарай, өөрчлөөрэй л гэсэн шаардлага нийтэд нь тайлбарлагчид тавиад байгаа. Зарим бөхийн зодог мөрөө давсан ямар ч зай завсаргүй, давхарлаад дотор талд нь мяндас хийсэн. Шуудаг нь давхар өргөн ширээстэй байна. Энэ бол барилдах явцыг удаашруулдаг. Тэгэхээр барилдаан удаан байгаагийн нэг шалтгаан зодог шуудаг. Юуны түрүүнд стандарт дүрэм гарчихлаа.  Цаг хугацааны явцад сайжрах байлгүй дээ.

-МҮБХ бөхчүүдийнхээ санхүүгээс гаднах нийгмийн асуудлуудад хэрхэн анхаардаг вэ?

-Нийгмийн хамгаалал муу. Байхгүй гэж хэлэхэд бурудахгүй. Жишээлбэл, бид наадам болгоноор Ард даатгалд даатгуулдаг. Гэтэл бэртсэнийхээ дараа даатгалаар эмчилгээ хийлгэсэн бөх би лав мэдэхгүй байна. Бэртдэггүй бөх гэж байхгүй.  Барилдахаа больсны дараа холбооноос бөхчүүддээ ямар нэгэн анхаарал тавьдаггүй. Мэдээж цалин тэтгэмж нэхээгүй шүү дээ.  Бөхчүүд өөрсдөө бүх зүйлдээ анхаарахгүй бол хазгай гишгэхэд л алдах нийгэм болсон байна. Жудаг чанараа дээдэлж явахыг эрмэлзэх хэрэгтэй дээ.

-Бөхийн түүхэнд барилдаж байхдаа инээмсэглэл тодруулдаг хэдхэн бөх байдаг. Тэдний нэг нь та. Унасан ч, давсан ч инээж явдаг?

-Багш дасгалжуулагч нар “Энэ чиний ижий аавыг алсан өстөн дайсан гэж өрсөлдөгчөө бод” гэж хурцалж гаргадаг. Миний хувьд тамирчин хүн өрсөлдөгч бөхөө жаахан ч болтугай хайрлаж явах нь зүйтэй гэж боддог. Үүгээрээ өрсөлдөгчдөө долигоноод хэт нялзрай бай гээгүй. Хаясан ч, унасан ч нэгнээ бэртээхгүй байх нь чухал. Одоо бөх болох гэж байгаа залууст хэлэхэл эхлээд унаж сураасай гэж боддог. Тэгвэл хор шар, ёс бус зүйл чамаас гарахгүй гэж зөвлөдөг. Бэлтгэл хийхдээ хүртэл залуучуудыг авч шидээд байвал хэн надтай дахин бэтгэл хийхийг хүсэх вэ. Өөрийгөө хайрла. Түүнээсээ илүү өрөөл бусдыг хайрла. 

Эх сурвалж www.polit.mn

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

2 цаг 1 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

9 цаг 30 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

10 цаг 21 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

10 цаг 28 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

10 цаг 41 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

11 цаг 3 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

15 цаг 27 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

15 цаг 32 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

15 цаг 42 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

15 цаг 47 мин