• Зууны мэдээ сонин онлайн захиалга

П.Батсүх: Хөхний хорт хавдраас сэргийлэхэд эрт илрүүлэг, зөв мэдээлэл чухал

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний төвийн эрхлэгч, эмч, Монголын хөхний хавдрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч П.Батсүхийг урьж, ярилцлаа.

 

ЖИЛД 250-300 ОРЧИМ ЭМЭГТЭЙ ХӨХНИЙ ХОРТ ХАВДРААР ОНОШЛОГДДОГ

 

Блиц

-2011 онд:

ЭМШУИС-ийг хүний их эмч

-2011-2013 онд: Нийслэлийн түргэн тусламжийн төвд их эмч

-2014 онд: АШУҮИС-ийг мэс заслын резидент

-2015-2016 онд: ХСҮТ-ийн Хөх, улаан хоолой, уушги голтын хавдрын мэс заслаар төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн.

-2016-2021 онд: ХСҮТ-д Цээжний хөндийн мэс заслын тасагт мэс заслын эмч

-2021 оноос: ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгчээр ажиллаж байна.

-АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн магистрант

-Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургадугаарт орж байна. Тодруулбал, 100 мянган хүн тутамд 8-11 хүн хөхний хорт хавдраар өвчилж байна гэсэн үг. Харин 2005-2006 оны  үед 100 мянган хүн тутмын 4-5 нь хөхний хорт хавдраар оношлогдож байсан судалгаа бий. Манай улсад хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдсэн нь олон шалтгаантай.  Тухайлбал, эрт илрүүлэг, оношлогооны чадамж сайжирсан, хүн амын тоо өсөх болон  насжилттай холбоотойгоор хөхний хорт хавдрын тохиолдлын тоо нэмэгдсэнийг судалгаагаар тогтоосон байдаг. Цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй.

-Хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл гэж бий. Эдгээрийн нэгдүгээрт хүйс орно. Учир нь хөхний хорт хавдрын 98-99 хувь нь эмэгтэйчүүдэд тохиолддог. Тиймээс эмэгтэй хүн болж төрнө гэдэг нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Хоёрдугаарт, нас нэмэгдэх тусам энэ төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Зонхилон тохиолдох бусад шалтгаанд биеийн жингийн өөрчлөлт, хорт зуршил, дасгал хөдөлгөөний дутагдал болоод удамшлын хүчин зүйл, дааврын эмийн зохисгүй хэрэглээ, туяаны нөлөөлөл гэсэн олон зүйл хөхний хорт хавдраар өвчлөхөд нөлөөлдөг.

Тодруулбал, хөхний хорт хавдрын 30 хүрэхгүй хувь нь удамшил, генийн өөрчлөлт гэсэн үнэмлэхүй болон амьдрах хугацааны эрсдэлээс үүдэлтэй байдаг. Харин 70 гаруй хувь нь харьцангуй эрсдэл буюу хүний амьдралын хэв маяг, дадал зуршлаас үүддэг. Эдгээрээс архи, тамхи, жингийн илүүдэл гурав хөхний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх тэргүүлэх шалтгаанд тооцогддог. Архийг стандарт тунгаар хэрэглэхэд хөхний хорт хавдрын эрсдэлийг 12 хувиар нэмэгдүүлдэг бол хэтрүүлэн хэрэглэхэд эрсдэлийг 24 хувиар нэмэгдүүлнэ. Тамхи татах нь хөхний хорт хавдрын эрсдэлийг 15-18 хувиар нэмэгдүүлдэг. Ялангуяа тамхи татдаг, хүүхэд төрүүлээгүй залуу эмэгтэйчүүд хорт хавдраар өвчилвөл  хоруу чанар нь  их байдаг.

 

ХОЖУУ ҮЕДЭЭ ОНОШЛОГДВОЛ ХӨХӨӨ ХАДГАЛАХ БОЛОМЖ БАГАСДАГ

 

-Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийг насны бүлгээр нь ангилвал 40-49 насанд хамгийн их тохиолддог. Тодруулбал, хөхний хорт хавдраар оношлогдсон эмэгтэйчүүдийн 76 орчим хувийг 40-69 насныхан эзэлж байна. Тиймээс эрсдэлт бүлгийг 40-70 нас гэж тооцоолон энэ насны эмэгтэйчүүдээ хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношлогоонд хамруулах хөтөлбөрийг боловсруулсан. Учир нь амьдралын ид  идэвхитэй насан дээрээ хөхний хорт хавдраар өвчилж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Хөхний хорт хавдар дөрөв хүртэлх үе шаттай. Хамгийн эрт үедээ буюу эсийн түвшинд болон нэгдүгээр үедээ оношлогдож байгаа хавдар эдгэрэх бүрэн боломжтой. Мөн эмчилгээний олон сонголттой байдаг. Харамсалтай нь манай улсын хувьд 57-58 хувь нь хожуу үедээ оношлогддог. Эдгээр эмэгтэйчүүдийн амьдрах хугацааг тооцоолохоор 43 орчим хувь нь тав болон түүнээс дээш жил амьдрах боломжтой. Энэ нь хангалттай бус.  Учир нь хөхний хорт хавдрын эдгэрэлт өндөр хөгжилтэй орнуудад 80 хувиас дээш байдаг. Хожуу оношлогдсоноос болж хөхийг бүтэн авах мэс засал хийдэг. Сүүлийн үед эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, эрт илрүүлэг сайжирч байгаатай холбоотойгоор хөх хадгалах буюу хөхийг нь авахгүй байх, үлдээх мэс засал хийдэг. Гэхдээ хожуу үедээ оношлогдож байгаа эмэгтэйчүүд хөхөө авахуулах мэс засал хийлгэхээс өөр сонголтгүй үлддэг.

-Хоёрдугаар үеэс бага үед эрт илрүүлэгт хамрагдаж, оношлогдвол хөхийг авах шаардлагагүй бөгөөд эдгэрэх бүрэн боломжтой. Тиймээс иргэд эрт илрүүлэгт сайн хамрагдаж байх нь чухал юм. Хөхний хорт хавдар эхэн үедээ шинж тэмдэг илэрдэггүй учир хөхөө өөрөө шалгах аргыг суралцан, улирал тутамд шалгахыг эмэгтэйчүүддээ зөвлөдөг. Энэ үеэр хатуу бэрсүү тэмтрэгдэх, хөхний толгой татагдах,  хөхний толгойноос цус гарах, арьс улайх, хөхний арьсанд хаван, нэвчдэс үүсэх гэсэн өөрчлөлтүүд мэдрэгддэг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрч байвал  өвдөлт, зовиур мэдэгдэхгүй ч эмчийн тусламж, зөвлөгөө авах хэрэгтэй.

 

ХӨХНИЙ ТӨВИЙН ХҮНИЙ НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БУС

 

-Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний төв 2021 онд шинээр байгуулагдсан залуу баг юм. Мэс заслын гурван эмч, нэг сувилагч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Шинэ баг учир боловсон хүчин, хүний нөөцийн хувьд дутагдалтай боловч өдөрт 50-60 хүнийг үзэж, 1-2 хөхний хорт хавдрын хагалгаа хийдэг. Багийн бүрэлдэхүүн хагалгаанд давхардаж орох, яаралтай дуудлаганд явах үед хүний нөөц дутагдаж, ачаалал хэтэрдэг тохиолдол гардаг. Гэхдээ Хөхний төвдөө хоёр кабинет зэрэг ажиллуулаад хагалгааныхаа завсраар цагийн хуваариа зохицуулаад ажиллаж байгаа учир ачааллыг үүрээд явж байна. Ачаалал ихтэйгээс үүдэн мэргэжлийн төв болон улсын байгууллагын эмч нар мэргэжлээ дээшлүүлэхээр суралцах, нарийн мэргэших боломж хомс байдаг. Тиймээс эмч нарын ажил, үүргийн зохицуулалт дээр анхаарах шаардлагатай. Хэдийгээр шинэ баг боловч эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлж, хөхний эмгэг судлалаар мэргэшиж байгаа резидент, дадлагажигч эмч нарыг сургаж дараагийн багийг бэлтгэж байна. Үүнээс гадна орон нутгаас болон өөр эмнэлгээс шилжиж ирсэн ажилтнууддаа мэргэшүүлэх сургалт явуулдаг. Эдгээр эмч нар өөр өөрсдийн ажлын байран дээр хөхний хорт хавдрын тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэхэд хувь нэмрээ оруулдаг.

-Хавдар судлалын үндэсний төвд олон мэргэжилтэн хамтарсан баг хөхний хорт хавдрын цогц эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Хөхний багт мэс заслын эмч нараас гадна хими, туяан эмчилгээ, хөхийг нөхөн сэргээх багийнхан, сэтгэл зүйч, дүрс оношилгоо, эмгэг судлал, сувилахуйн тусламж үйлчилгээ гэсэн олон мэргэжилтэн ажилладаг. Эдгээр олон мэргэжлийн эмч нэгдэж багаараа хөхний хорт хавдрын эсрэг тэмцдэг. Бид эрт үеийн хавдруудад хөхийг бүрэн хадгалах мэс заслууд, дурангийн мэс заслууд хийж байна. Мөн тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор хөхийг нөхөн сэргээх багийнхантай хамтраад хөхөө авахуулсан тохиолдолд хэвлийн өөхлөлттэй хэсэг, далны булчингийн болон бусад өөрийн биеийнх нь хэсгүүдээс хөхийг нь нөхөн сэргээх эсвэл эмчилгээнээс тодорхой хугацааны дараа имплантаар хөхийг нөхөн сэргээдэг.

-Хөхний хорт хавдар нь дотроо дэд төрлүүдтэй. Төрлөөсөө хамаараад эмчилгээний арга, эдгэрэх хугацаа нь өөр байдаг. Олон улсад дааврын хамааралтай хөхний хорт хавдар зонхилон тохиолддог. Энэ төрлийн хорт хавдраар өвчилсөн хүн хавдрын цогц эмчилгээг хийлгээд дууссаныхаа дараа тав болон түүнээс дээш жил дааврын эмээ уугаад хяналтад байх шаардлагатай. Хөхний хорт хавдрын бай эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг болсон учир иргэд эдийн засгийн хүндрэлгүйгээр эмчлүүлээд явж байгаа нь сайн зүйл юм.

 

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

 

-Эрт илрүүлгийн хүртээмжийг сайжруулах, нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох нь манай улсын тулгамдсан асуудал юм. Алслагдсан бүс нутаг болон захын хорооллын эмэгтэйчүүд эрт илрүүлгийн товлолт үзлэгтээ тогтмол хамрагдаж чаддаггүй. Энэ нь мэдээллийн хүртээмжээс гадна эрүүл мэндийн боловсрол дутмагтай холбоотой. Үүнээс гадна хавдрын эмчилгээний талаар ойлголт муугаас эмчилгээнээс татгалзах, өөр эмчилгээ хийлгэж хугацаа алдах, айгаад эмнэлэгт хандахгүйгээс хожуу шатандаа ирж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.

-Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд нэгдүгээрт, нийгэмд мэдээлэл түгээх ёстой гэж олон улсын байгууллагуудаас зөвлөдөг. Хэн нэгэн хөхний хорт хавдрын талаар мэдээлэлтэй болоод эргэн тойрныхондоо хөхөө өөрөө шалгаж, мэргэжлийн эмчид хандаж, эрт илрүүлэгт хамрагдах нь чухал гэдгийг мэдээлэх нь ач холбогдолтой. Мэдээлэл сайжрахын хэрээр иргэд харъяа дүүрэг, эрүүл мэндийн байгууллагууддаа хандаж эхэлдэг.

Хоёрдугаарт, орон нутаг тэр дундаа аймаг, сумдын эмнэлгийн боловсон хүчнүүдийн мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх, оношлогоо хийх чадвартай болгох хэрэгтэй. Гуравдугаарт, жилд 100-аас олон хөхний хорт хавдрын тохиолдол оношлогдоод байгаа газар, байгууллага мэргэшсэн хөхний төвүүдийг бэлтгээд, хөхний олон мэргэжилтэн хамтарсан багийн тусламжийг цогцоор үзүүлдэг  болвол эрт илрүүлэг, үзлэг оношлогооны  хүртээмж сайжирна гэж зөвлөдөг.

-Тиймээс “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачилсан “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг дэмжин алслагдсан бүс нутгийн эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд мэргэжлийн эмч нартай явуулын эмнэлэг очоод хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоо хийхээс гадна эмч нарт нь сургалт явуулж, эрүүл мэндийн боловсрол олгохоор болсон. Манай төв хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн талаарх мэдээллийг аль болох олон байгууллагатай хамтарч олон хүнд  хүргэхийг зорьдог. Хөхний хорт хавдар зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш. Жилдээ 2-3 эрэгтэй хүн  энэ хавдраар оношлогдож байгаа. Үүдэл шалтгаан болоод эмчлэх арга барил нь эмэгтэйчүүдтэй адил байдаг.

-Хавдартай тэмцэнэ гэдэг нь эмч, үйлчлүүлэгч буюу өвчтөн тэдгээрийн ар гэрийнхэн нэг ойлголттой байж, дэмжих шаардлагатай багийн тогтолцоог шаарддаг. Тиймээс ХСҮТ дээр сэтгэл зүйн тусламж үйлчилгээг ганцаарчилсан болон багийн хэлбэрээр үзүүлж байна. Мөн нийгмийн нөлөөллийн ажлуудыг хийж байгаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.