Д.Гүн-Үйлс: Монголчууд үзэл, хандлагаа өөрчилж байж урагшилна

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 29 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

Зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй ярилцлаа.

- “Монгол заяатан” номын талаар тантай ярилцсанаас хойш  нэг жил өнгөрчээ. Юуны өмнө  бүтээлийг тань уншигчид хэрхэн хүлээж авсныг мэдмээр байна. Монгол соёл сэтгэхүйг хүмүүс яаж хүлээж авсан нь сонин байна л даа?

-Сайхан хүлээж авсан. Бүр санаснаас ч илүү. Нэг зүйрлэл хэлье. Бага залуу хүн алдаа гаргадаг шүү дээ. Амьдралын буруу хэвшилд автдаг. Яахаа мэдэхээ больдог. Амьдрал ойлгомжгүй болдог. Яг тийм тодорхойгүй, өөрийгөө буруутай мэт мэдэрсэн үед нь түүнд сайн сайхан зан чанар хэзээ ч байгаагүй юм шиг гутаан доромжилж, нэмээд загначихаар хүн яадаг билээ? Улам л гутарч, улам л урууддаг. Ард түмэн минь яг л ийм дүр зургаар надад төсөөлөгдөх болсон юм. Хүмүүст доромжлуулчихаад гуниглаж суугаа залуу шиг, багшдаа басамжлуулаад цонхоор нулимстай харж суугаа хүү шиг санагдах болсон. Нийгмээ байтугай өөрийгөө ч ойлгохгүй байгаа хүмүүсийг манай “онолчид” муу үгээр өдөр өнжилгүй балбах болж шүү дээ. Ийм үед бодит байдлыг ойлгох ухаан, ирээдүйдээ итгэх итгэл, урам зориг хэрэгтэй болохоос биш хэн нэгний мундаг үг хэрэггүй. Тиймээс би бодит байдлыг ойлгуулж, монгол хүний хүч боломжийг сануулж, уншигчдынхаа урам зоригийг хөвчилье  гэж бодсон юм. Ингэвэл монгол хүний сэтгэлийн боловсролд тустай гэж бодсон.

- “Онолчид” гэж та хэнийг хэлэв?    

-Монголчуудыг муулах мөртөө учир шалтгааны ухаанаас ангид нэг төрлийн хийсвэр “онол”-той хүмүүсийг хэлж байгаа юм. Хэн ч байж болно. Өөрсдийгөө философич гэж нэрлэдэг хүмүүс, улс төрч, нийтлэлч, зохиолч, ер хэн ч байж болно. Монгол хүний зөн совин, зүрх сэтгэлд байсан эрхэм чанаруудын бараг талаас илүү хувь нь унтаа байдалд орсныг тэд мэдэхгүй. Учир шалтгааныг нь ч ойлгохгүй. Зүгээр л өнгөцхөн аашилж байгаа юм. Харин миний уншигчид бодит байдлыг ухаарч, хүлээн зөвшөөрч эхэлсэн, монгол үндэстний зуун зуунаар хураасан мэдлэг, төлөвшүүлсэн соёл сэтгэхүй, үзэл санааг ойлгож, хүндэтгэх болсон гэж бодож байна. Өдөр бүрийн зуугаар тоологдох сэтгэгдэл үүнийг батална.

-Хүмүүст хүрсний нууц нь яг юу гэж та харж байна? Зөвхөн учир шалтгаан тоочоод онол бичсэн бол уншигчид тэгэж хүлээж авахгүй байх?   

- Тэр ойлгомжтой. Зохиолч Б.Ойдов, жүжигчин Ё.Алтангэрэл гээд олон хүн “Монгол заяатан”-ыг Р.Гамзатовын “Миний Дагестан”-тай зүйрлэсэн. Тэр бол үнэхээр ч шуугиулж байсан ном. Авар үндэстнийг сэрээж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн нөлөөллөөрөө түүнтэй эн зэрэгцэх бүтээл тухайн үедээ байгаагүй. Одоо ч байхгүй. Миний хувьд, номоо бичиж байхдаа юун тэр тухай бодох. Санаанд ч ороогүй. Ердөө л харь соёл сэтгэхүй нөмрөн орж ирж байгаа үед монгол хүний тухай бичихийг л оролдсон юм. Нэг талаар Монголыг дэлхийд таниулах бүтээл хийхийг зорьсон учраас шинжлэх ухаанч хандлагыг орхигдуулж болохгүй, нөгөө талаар урлахуйн төрөл гэдэг утгаараа уран зохиол, бодит явдал, шог яриа, уран сэтгэмж, үүх түүх хосолсон байдлаар эхний хуудаснаас сүүлийн хуудас хүртэл сонирхолтой бичихийг хичээсэн. Яг л их Д.Нацагдоржийн “шувуун саарал” шиг. Тэр гарамгай хүлэг үдэш болтол өглөөний хэвээр хатируулсаар байдаг шүү дээ. Хүмүүсийн сэтгэлд хүрсний нэг нууц нь тэр байх. Өнгөрсөн үеэсээ хүмүүс эрхэм сайн чанараа олж харж, өөрийгөө нээдэг. Нэг бол сул талаа анзаарч, сэрэмжтэй болдог. “Монгол заяатан”-ыг хүмүүс сайхан хүлээж авсан нь аль ч тохиолдол үр өгөөжтэй байсных биз. Тэнд худал хийсвэр юм нэг ч байхгүй. Хүн өөрийгөө таньж, өөрийгөө хүндэтгэж эхэлнэ гэдэг хөгжиж дэвших эхний том алхам шүү дээ.  

-Монголчууд нэг их уруудахгүй ч гэсэн хөгжиж сүйд болохгүй гэж таны хэлдгээр зарим “онолчид” ярих юм. Бүр төрийн тэргүүн байсан хүн хүртэл тэгж ярих юм билээ?

- Төрийн тэргүүн байсан хүн улсынхаа хөгжилд итгэхгүй байна гэдэг эх орноо хөгжүүлэх улс төрчдийн чадварт эргэлзэж байгаа хэрэг. Улс төрчид нь авилгын намаг балчигт байж болох хэмжээгээр гүн шигдэж, бие биенийхээ барьцаанд орсны шинж. Түүнээс биш, хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, арвин түүх соёлтой, мал сүрэг, байгалийн баялаг ихтэй, хөгжих бүрэн боломжтой Монгол шиг улс орныг манай дэлхийгээс хайгаад ч олохгүй. Монгол улс дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс болох боломжтой юу гэж асуувал улс төрчид гэлтгүй манай хүн амын бараг 90 хувь нь боломжгүй гэхээр болжээ. Гэтэл тийм боломж бий шүү дээ. Гагцхүү тийм боломж байхгүй гээд бид өөрсдийгөө кодолчихоод байгаа юм. Бодит байдлыг хүлээж авч байгаа төсөөлөл хүний зан араншин, сэтгэл санаанд шууд нөлөөлдөг. Олон хүн нийлж улс болдог. Хүн бүхэн их үйл хэргийн нэг хэсэг. Хэрвээ боломжтой гэж хараад, өөрийгөө зоригжуулаад, зүтгээд эхэлбэл хүнд маш их хүч, нөөц боломж байдаг. Тэр байтугай хүний хүсэл мөрөөдөлд хүртэл далдын их хүч нуугдаж байдаг гэдэг.

-Хөгжихгүй гэж үзэж байгаа хүмүүс монголчууд хөгжихгүй байх, эсвэл тэднийг хөгжүүлэхгүй байх ямар нэг учир шалтгааныг олоод харчихсан юм болов уу? 

-Яг одооны улстөрчдийн ур чадвар, сэтгэл хандлагаар бол хөгжихгүй байж мэдэх юм. Машины мотор жигд хүнгэнээд замаар нэг сайхан жирийн хурдтай давхидаг даа. Тэрэн шиг хөгжлийн хэвийн горимоор явж байгаа улс биш болсон шүү дээ, манай улс. Ийм үед, өөрөөр хэлбэл хөгжлийн стандарт бус явцтай үед стандарт бодлогоор улс орон хөгждөггүй юм билээ. Гаргаж байгаа шийдвэр, барьж байгаа бодлого нь стандарт бус, хэний ч санаанд оромгүй, зарим талаар эрсдэлтэй юм шиг мөртөө алсдаа үр дүнтэй, хөрш болон том улс орнуудтай өндөр түвшинд ойлголцсон, эв дүйтэй хэрнээ зоримог бодлого хэрэгтэй. Уран төсөөлөл, алсын хараа, зарим нь билгийн нүд гэдэг байх аа? Жирийн хүний нүдэнд харагддаггүй зүйлийг олж харах чадвар хэрэгтэй байгаа юм. Хоёр хятад залуу тик ток гэж апп хийгээд 2-3 тэрбум доллар босгож байхад бид засгийн газраараа хөдлөөд энэ мөнгийг босгож чадахгүй үсээ зулгааж байгаа нь стандарт сэтгэлгээнээс гарч чадахгүй байгаагийн илрэл. Улсаа хөгжүүлье гэвэл авилгачид, төрөөс юм хусагчдыг байх ёстой газарт нь аваачих хамгийн эхний алхам. Чадвартай, сэтгэлтэй хүнийг нам, улс төрчдийн дотроос биш, үндэсний хэмжээний шилдэг сэхээтнүүдийн дундаас шигшиж удирдах, бодлого боловсруулах түвшинд ажиллуулах дараачийн том алхам.  

- Улстөрчдөөс гадна ард түмэн ч үзэл хандлагаа өөрчлөх хэрэгтэй байх?

-Мэдээж ард түмэн үзэл хандлагаа өөрчлөхгүй бол явахгүй. Улс үндэстэн гэдэг хэзээд араасаа нөхөгдөн гарч ирэх үр хойчистой, шинэчлэгдэн залуужиж байдаг зүй тогтолтой. Тэгэхээр үргэлж мөнхийн урсгал дунд сайныг сэрээж авч үлдэхгүй бол хөгжих боломжгүй. Мууг нь яахав, хаядаг л юм байгаа биз. Бид сайн чанаруудаа өөрсдөө унтуулаад зогсохгүй муу чанаруудыг бас нэмээд үүсгэчихсэн улс шүү дээ. Заримыг нь гадныхан үүсгэж өгсөн.

-Хэн үүсгэж өгсөн юм бол?

-Оросууд, хятадууд, сүүлийн үед Америк төвтэй барууныхан. Түүхээ яривал, хаа очиж Манжийн үед бид айхтар өөрчлөгдөөгүй. Харин ч гадны нөлөөг байнга мэдэрч байсан болохоор тусгаар тогтнох хүсэл, эх оронч сэтгэл зүрх нь улам ассан. Тиймдээ ч монголчууд эх орончдоо дагаж үндэсний эрх чөлөөний хувьсгал хийсэн. Оросуудын хувьд, тухайн үедээ биднийг орчин үежүүлэх нэрээр хэрэг болох зүйл их хийсэн ч уламжлалт монгол хүний сэтгэхүйг маш ихээр өөрчилсөн. Сэтгэхүй өөрчлөгдөнө гэдэг бүх юм өөрчлөгдөхийн эх. Угаасаа хэдэн жилийн дараа нурж унах нь бараг тодорхой байсан тогтолцоогоор биднийг явуулж, тэр л буруу эргэлтийнхээ нэг эрэг шураг болгож орхисон. Хятадууд бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, америк төвтнүүд ёс заншлаасаа татгалзаж, мөнгөнөөс өөр юмыг мартахад хүргэсэн. Мөнгө олох уралдаанд хүмүүсийг турхирч оруулсан. Гэтэл тийм уралдаанд түрүүлэх боломж хүн бүхэнд яаж байхав. Заримд нь нөхцөл байхгүй, нөгөөд нь боломж байхгүй, гурав дахид нь чадвар байхгүй. Тэглээ гээд боломж чадвараасаа болоод хүмүүс зовох ёсгүй. Мөнгөгүй бол өлсч, зовж үхдэг тийм нийгмийг дэлхийн тэргүүний сэтгэгчид, хүмүүнлэг үзэлтнүүд, залуучуудын шүтэн биширдэг урлагийн одууд хүртэл шүүмжилж байна. Нэг ч гэсэн хүүхэд өлсч байвал муу төр гэдэг биз дээ. Тэгвэл нас биед хүрсэн хүн ч өлсч зовох ёсгүй.

- Хүн өөрөө муу зүг рүү өөрчлөгдөх тохиолдол байдаг уу?

-Байж болно. Жишээлэхэд өөдгүй, олиггүй, бүтэлгүй гэсэн шүүмжлэлт сэтгэлгээнд өдөр өнжилгүй нүдүүлээд ирэхээр хүмүүс өөрсдөө ч бас шүүмжлэлт сэтгэлгээтэй болчихдог юм байна. Шүүмжлүүлж муулуулж өссөн болохоор бусдыг муучлах хүсэл далд ухамсарт нь суучихаж байгаа юм. Бусдыг шүүмжилж л байвал сэтгэл ханана. Сэтгэхүйн нэг төрлийн өвчин л дөө. Айхтар хүнд биш юм гэхэд өвчин л бол өвчин шүү дээ. Улс нийгмээрээ ийм болчихсон хүмүүс өнгөтэй өөдтэй, үйлс бүтэмжтэй байж чадахгүй. Шийдэлгүй, үндэслэлээ олоогүй шүүмж доромжлолоос ялгаагүй. Монголоо муулж таашаал авдаг хүмүүстэй би цөөнгүй таардаг. “Яагаад ингээд байгаа юм?” гэхээр “Би зориуд муулж, монголчуудыгаа хурцалж байгаа юм” гэнэ. “Түүнээс биш, үнэнээсээ хэлээгүй” гэнэ. Юу гэж тийм юм байхав дээ. Та тэнэг зүйл хэлсэн л бол таныг дагах тэнэг хүн бас олдоно шүү дээ. Ийм утгагүй байдлыг сэхээтнүүд л өөрчилж чадна. Тэдний үүрэг нийгэмд их...

-Сэхээтэн гэж хэн юм бэ, яг ямар хүнийг хэлээд байна вэ?

-Тэдний ялгарах шинжийг мэдлэг боловсрол гэж хүмүүс боддог. Гэхдээ энэ хангалтгүй. Мэдлэг боловсролоос гадна хүмүүжил, ёс зүй, хүний мөс гээд эрхэм чанаруудаараа бусдыг үлгэрлэж, мэдлэгээ түгээж дэлгэрүүлдэг хүнийг хэлэх байх. Түүнээс биш, хичнээн мэдлэгтэй байгаад тэрийгээ хэрэглэж чадахгүй, хүмүүст мэдүүлж чадахгүй бол ямар юмны хэрэг байхав. Тийм мэдлэг боловсрол түүнд хэзээ ч байгаагүй л гэсэн үг шүү дээ. Бусдыг сэрж сэхээрэхэд өчүүхэн ч болов нэмэр болох чухал. Тэгэхээр сэхээтнийг би сэхээрүүлэгч гэж ойлгоод байгаа юм. Сэхээрүүлэгч болохоос бүгдийг мэддэг хүн биш. Ер бүхнийг мэдэх алба байхгүй, тийм шаардлага ч байхгүй. Өөрөөрөө жишээлэхэд, эрт думдадын түүх, нүүдэлч соёлын талаар л жаахан гадарлана. Тэгэх мөртөө бас айхтар их ч биш ээ. Ихийг мэдэх гээд, тэр тусмаа гүнзгий мэдэх гээд ч боломж хомс. Сүрхий хүмүүс шиг юм юмны зах зухтай хүн биш. Даруу царайлсан юм алга. Бодит байдал тийм юм. Нэг удаа оюутнуудтай яриа хийж байхдаа “Өө, наадахыг  чинь ах нь мэдэхгүй” гээд хэлчихсэн чинь буруудсан. Багш нь “Та мэдэхгүй гэдэг чинь яаж байгаа юм. Дөхүүлээд л ярьчихгүй. Хүүхдүүд юугаа мэддэг юм” гэж билээ. Нэг айхтар оюутан босч ирээд лавшруулаад асуучихсан бол мэдэхгүй юмаа ярьж байгаа амьтан чинь бантаад бүр тэнэг байдалд орно биз дээ. Ер нь бүхнийг мэддэг хүмүүсээс болгоомжилмоор санагддаг. Америкт ажиллаж амьдардаг Наранбаатар доктор манай нэг нийтлэлчийг юм бүхнийг мэддэг юм шиг мөртөө гүнзгий мэддэг юм нэг ч байхгүй гэсэн нь үнэний хувьтай.

-Бусдыг сэрээж сэхээрүүлнэ гэдэг өнөө үед хамгаас чухал байна даа. Тэгэхээр сэхээтнүүдийн үүрэг нийгэмд их юм байна ?

-Тэгэлгүй яах вэ. Манайхан бүгдээрээ л “Ирээдүй баталгаагүй боллоо. Үр минь үлдэх хорвоо” энэ тэр гээд л гоё ярьдаг. Заавал холын ирээдүйн төлөө, одоо төрөөгүй байгаа, эсвэл нялх хүүхдийн төлөө хүмүүс амьдардаггүй биз дээ. Яг энэ цаг үед бид өөрсдөө амьдарч байна. Үндэс угсаа нэгтнүүд чинь амьдарч байна. Тэднийхээ төлөө дуу хоолойгоо өргөх ёстой. Төрд үгээ дуулгах ёстой. Тэмцэх ёстой. Ном бичсэн болж, зөвхөн санаанаас зохиосон юмаараа хүмүүсийг баясгаж, зугаацуулж, эсвэл түүх соёл ярьсан төдийгөөр сэхээтэн хүн ажлаа хийж байна гэж бодвол төөрөгдөл. Нүдэн дээр чинь ард түмэн зовж байхад хэнэг ч үгүй юм бичээд сууж байдаг хүнийг сэхээтэн гэхгүй. Эх оронч ч гэхгүй. Эх оронч биш сэхээтнийг ямар сэхээтэн гэх билээ. Ер нь сэхээтэн хүний үндсэн шинж бол эх оронч чанар юм. Эрдэмт хүмүүн эх орны хүү байх ёстой. Адаглаад ард түмнийхээ дунд харагдаж байх хэрэгтэй шүү дээ.

Эрдэмт хүмүүн оршихуйгаараа сэхээрүүлнэ гэдэг. Ойлгож ухаараад, бичиж туурвиад, ард түмэндээ хүндлэгдээд ирэхээр эрдэмт хүмүүн зөвхөн оршихуйгаараа л бусдыг сэхээрүүлэх увдистай болдог. Тийм хүн огт юм ярихгүй ч гэсэн дэргэд байхад л биширмээр, сүрдмээр, өөрийгөө цэнэмээр болдог. Түшигтэй санагддаг. Их номч Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэн үндэсний том сэхээтнүүд ороод ирэхэд л өрөө дүүрээд хүндэлмээр болдог байсан гэж ахмадууд ярьдаг. Үнэнийг хэлэхэд миний үеийнхэнээс тийм хэмжээний сэхээтэн гарах эсэхийг би мэдэхгүй. 

-Таны ярианаас ард түмний эсрэг талд нэг том хүч зогсоод байх шиг мэдрэмж төрөх юм. Төр засгийг төлөөлж байгаа эрхэмүүдийг хэлээд байх шиг. Тэд яагаад эсрэг тал болох хэмжээнд хүрчихэв?

-Манай улс төрчид 90-ээд оноос хулгай дээрмийн ажилд юм үзээгүй юм шиг ханцуй шамлан орсон. Юм үзээгүй юм шиг ч юу байхав, үзээгүй л байсан юм чинь. Улс орон бүхлээрээ бидний гарт ороод ирлээ, идэж уух ийм их боломж байдаг юм уу, ямар сайхан юм бэ! Гоё доо, гоё доо... гээд бүхнийг цөлмөж гарсан. Зарж үрэх боломжтой юу байна, бүгдийг зарж, авах боломжтой тендер бүхнийг өөрсдөө авч, газар л харагдвал байшин барилга барьж, бүр байшин барих ямар ч боломжгүй газрыг хүртэл тоосгон овоолгоор дүүргэж орхисон. Хот гэдэг цэцэрлэгтэй, өргөн чөлөөтэй, алхаж зугаалахад аятай таатай газар байх ёстой атал бүхнийг бин битүү шавааралдуулаад хүн амьдрах боломжгүй юм болгочихсон. Иднэ ууна гэж зах замбараагаа алдсан, удирдаж засаглах сэтгэл ухаан ч дутсан. Ер нь идэж уухын донд автсан хүмүүс яаж зөв засаглах вэ дээ. Тэглээ гээд одоо хэнтэй ч хариуцлага тооцох аргагүй болсон, бүгд хуваагаад хусчихсан учраас. Идэж уугаад үл ханах нь бирд мэт. Чөтгөр ч гэж болно. Үнэхээр ч гэгээнтнүүд тийм хүмүүсийг чөтгөр гэх юм билээ. Доод төвшний сэтгэхүй, доод төвшний оршихуй, хайр энэрлээр бага төрөлтөн гэсэн байдаг. Яг л таарч байгаа биз дээ. Хэн хүнийг үл хайрлана, хэн өөрөөсөө бусдыг үл бодно, тэр бол чөтгөр юм. Гэрэл үгүй, хайр үгүй тэр зүйл бол чөтгөр гэдэг. Тэгэхээр ард түмэн чөтгөрийн талд орохгүй нь ойлгомжтой.

-Чөтгөр гэснээс та шашин номын талаар ямар бодолтой явдаг вэ? Таныг нэлээд шинжлэх ухаанч хүн гэж хардаг?

-Миний хувьд, монгол ухааны хүн. Хэдийгээр европ боловсролтой ч гэлээ. Хүнлэг үзэл санааны үүднээс монгол ухаан шашин номын ёсонд нийцдэг. Хүмүүнлэг талаараа бүх шашин адилхан. Тэр утгаараа намайг ямар ч шашныг хүндэлдэг, бүр шүтдэг ч гэж хэлсэн би гомдохгүй. Намайг Тэнгэр үзэлтэн, Буддын шашинтан, Христэд итгэгч, Исламыг дагагч юу ч гэж болно. Хамаагүй. Шашнуудын хүнлэг үзэл санааг л хүндлэн дагадаг. Нэг үгээр хэлбэл, тэдгээрийн гүн гүнзгий философи, учир шалтгааны ухааныг гэхээсээ илүү хүмүүнлэг үзэл санааг нь эрхэмлэдэг гэсэн үг. Шашин номоор хувь хүн, эсвэл хэсэг бүлэг хүн өөрийгөө боловсруулж болох байх, харин нийт масс уг ёсоор явна, сэтгэлгээний эмх журамд орно, тэр тусмаа учир шалтгааны ухаанд нэгмөр дадна гэдэг хэцүү. Огт боломжгүй биш ч гэсэн одоохондоо бол худлаа байх аа. Ёс суртахууны хувьд өөлөх юмгүй боловч дэндүү төгс төгөлдөр, амар амгаланг номлодог учраас шашны номлолыг хүний ертөнцөд хуулбарлан буулгахад зарим талаар төвөгтэй. Далай ламыг харахад л харагдана. Ард түмнийг нь гадуурхан зовоож, хагалан бутаргаж буй Хятадын эрх баригчдыг болдогсон бол буудчихмаар санагддаг биз. Гэвч тэрийгээ юу гэж ил гаргах билээ. Хятадын удирдагчдын тухай зөөлнөөр хэлэхэд, ихэд гоморхонгуй, нүд гялалзуулан ярьж байхыг бид бишгүй сонссон.

Бурханы номонд бүхнийг огоорч, шунал тачаал, хүсэл мөрөөдлөөсөө ангижрахыг номлодог. Гэтэл хүсэл мөрөөдлөөсөө ангижрах биш, харин ч хүсэлдээ автаж, мөрөөдөн суух нь эгэл хүний хувьд аз жаргал байж болох биш үү. Магадгүй би өөрөө юу ч хүсэхгүй байх хэмжээнд хүртлээ боловсроогүй учраас тэгэж бодож байж болох юм. Хүний амьдралын орон зай хязгаартай, сэтгэх чадвар хязгаартай, магадгүй оюун ухаан ч хязгаартай. Хязгаартай ухаанаар хязгааргүй юмыг мэдэх гээд яваад байж магадгүй. Үзэл санаанаас, хүсэл мөрөөдлөөс хамаарахгүй бодит байдал гэж бас бий. Хэн нэг нь надаас “Амьдралын утга учир юунд вэ?” гэж асуувал би “Амьдралын утга учрыг хайхаас бусад нь бүгд утга учиртай” гэж хариулна. Амьдралын утга учрыг олох гэж гүйгээд байх шаардлага алга. Өдөр өдөртөө зөв л байвал болоо. Идэх юмгүй хүн сар гаруй л амьдрах биз. Харин утга учир мэдэхгүйгээр бол амьдраад л байдаг шүү дээ. Учрыг таниагүй мянган өдрөөс учрыг таньсан нэг өдөр дээр гэж судар номонд бичсэн байдаг. Би бол өөрөөр боддог. Арай бодитойгоор гэх юм уу.

Амьдарна гэдэг амьсгалахын нэр биш гэж Буддын гэлтгүй бүх шашин үздэг. Тэднийхээр сайн сэтгэлийг дадуулах, буяны үйл хийх, цаашлаад бурханд ойртох гээд олон санаа зорил байдаг байх. Гэтэл бодит байдалд зарим нэг хүмүүсийн хувьд амьдарна гэдэг зүгээр л амьсгалахын нэр байж бас болно шт. Ажил хийж, хүмүүст буян болж, утга учиртай амьдрахаас илүү зөвхөн амьд яваа нь л хэн нэгний хувьд аз жаргал байж болно. Тэглээ гээд түүнийг амьдраагүй гэх үү? Тэр ээжийн хайрыг мэдэрч, өглөөний нарыг харж, үдшийн оддыг ширтэж, бүтээгүй ч гэсэн хайр дурлалтай учирч, биелээгүй ч гэсэн мөрөөдөж явсан байж болно. Энэ бүхэн чинь л хүн болсны нэг утга учир шүү дээ. Ямар аалз, шоргоолж, сарьсан багваахай болоод төрчихсөн биш. Хэдхэн жилийн дараа биднээс хумхийн тоос ч үлдэхгүй. Энэ сайхан дэлхийд хэсэгхэн хугацаанд боловч хүний биеийг олж төрнө гэдэг л өөрөө аз завшаантай хэрэг юм. Бид аз жаргалтай амьтад. Адаглаад ямар нэг аварга биетэй амьтан хүрч ирээд биднийг бариад идчихгүй. Хэн дуртай нь гүйж ирээд буудаад алчихгүй.  

-Та амьдралын идэвхгүй хэвшилд хүмүүсийг өөгшүүлээд байгаа юм биш байгаа?

-Үгүй дээ. Үүний цаана нийгмийн тэргүүлэх хэсгийг биш, сул дорой хэсгээ илүү анхаарах хэрэгтэй гэсэн санаа яваад байгаа юм. Ер нь монголчуудын гэлтгүй бүх хүн төрөлхтөний хувьд амьдрах чадвар өндөртэй, бодож сэтгэдэг хэсэг нь багахаан хувийг л эзэлдэг. Тэгэхээр хүн амын үлэмжхэн хэсгээ бодлогоор хайрлаж халамжлах ёстой юм.  

-Шашин болгон там, диваажин хоёроор хүмүүсийг сэнхрүүлдэг шиг санагддаг. Хүмүүс өөрсдөө л диваажинг, эсвэл тамыг бүтээдэг байх. Түүнээс биш, тэнгэр дээр ч юм уу, газрын гүнд дээд доод ертөнц гэж байдаггүй байлгүй?

-Та сайхан хэллээ. Хүмүүс өөрсдөө л бүтээнэ. Эв найргүй, хэрүүл тэмцэлтэй бол ямар ч сайхан газар там болон хувирна. Эв найр, ойлголцол ноёлж байвал хаана ч диваажин бий болж болно. “Бусдын төлөө сайхан зүйл бодох нь өдөр тутам хийж байгаа гайхамшиг. Тэгэхээр сайхан зүйл бодож байгаа хүн өөрөө гайхамшиг юм. Диваажинг ингэж бий болгодог” гэж энэ цагийн гэгээнтэн Чин Хай хэлсэн байдаг. Ингээд бодвол бид улс хотлоороо эв эеийг хичээж, нэг нэгэндээ хүнлэг хандсанаараа Монгол орноо гурван  сая хүнтэй диваажин болгох боломжтой. Онолын хувьд шүү дээ. Эцсийн дүнд ердөө л хүмүүсийн харилцаа, хандлага. Буцаад л энгийн зүйл рүүгээ орно. Хүмүүс харилцахдаа бие биедээ мэдрэмж өгч, бие биенээсээ мэдрэмж авдаг. Сөрөг таагүй мэдрэмж авсан хүн тавгүй болно, эерэг сайхан мэдрэмж авсан хүн аятай таатай болно. Хэлж ярих, хандаж бичих төдийгүй аяглах, харах, тэр бүү хэл бодох хүртэл нэг төрлийн харилцаа. Үргэлж муулуулаад явахыг хүсдэг хүн энэ орчлонд байхгүй. Харин магтуулаад байх хүсэл ихэнхэд нь бий. Тэгэхээр бараг толгойтой болгоны хэлдэг “Хүмүүс намайг юу гэх нь над огт хамаагүй” гэдэг үг худлаа болоод явчихна. Үнэндээ тийм зүйл байхгүй. Хүмүүст муулуулчихаад инээгээд, сэтгэл тэнэгэр явж байдаг хүн гэж орчлонд байхгүй. Хүн судлалын онолоор ч худлаа юм. Тэр бүү хэл муу хэлснийг нь сонсоогүй байсан ч хүн тавгүйрхдэг гэдэг. Их муулуулах нь өөрөө зовлон авчирна. Манайхны хар хэл ам гэдэг худлаа биш шүү. Уур хилэнгийн хар бух тэнгэр гартал нь мөргөж орхисон гэж би нэг номондоо бичсэн. Хүний амьдралын ихэнх хэсэг хийсвэр орон зайд өнгөрдөг. Зүүд зөн, хүсэл мөрөөдөл, бодол санаа, дурсамж гээд. Тэр бүхэн сайхан бол гоё. Таагүй бол амьдралын том орон зайгаа их бага зовлонгоор дүүргэж байгаатай ялгаагүй. Бусдыг тийм байдалд оруулж байгаа хүмүүс ч гэсэн ёс зүйгүй л байгаа хэрэг л дээ.

Сүүлийн үед гадныхан нийтийн сүлжээнд үр хүүхдийн ачлал, сайхан сэтгэлийг харуулсан бичлэг түгээж, ёс суртахууныг сурталчилсан кампанит ажил өрнүүлээд эхэлснийг анзаарсан уу? Ёс зүйгүйгээр хөгжих боломжгүй гэдгийг тэд олоод харчихаж. Хөгждөг юм гэхэд буруу хөгжинө. Зөвхөн мөнгө бодож, мөнгө зүүдэлж болохгүй гэдгийг олон талаар баталж байна. Үнэ цэнэ бүтээж, хүмүүсийн асуудлыг шийдэж, эрэлт хангасан үед л мөнгө орж ирэхээс биш мөнгөний хойноос улайраад хэрэггүй гэдгийг энэ олон жилд ойлговол ойлгохоор болсон. Баян хүн болох 4 алхам, амжилтанд хүрэх долоон  шат гэхчлэн технологи заасан номууд их байдаг. Тэдгээрийг хүний хөгжлийн ном гэдэг шиг юм билээ. Уншихад гоё л байх. Цаад мөн чанар нь хоосон. Та эд баялаг, нэр хүндийн эзэн болох буяныг өөртөө бий болгож, цаг үеийн тохироонд орохгүйгээр зөвхөн технологи эзэмшсэнээр амжилтанд хүрнэ гэж бодож байвал, уучлаарай тийм зүйл хэзээ ч болохгүй. Манай нэрт яруу найрагч З.Түмэнжаргал агсаны бичсэнээр, эв нь хэрвээ таарвал бороо шиг шуугиад ордог, эгдүү нь хэрвээ хүрвэл шороо шиг шуугиад оддог эд шүү дээ, тэр мөнгө гэдэг чинь.

Нөгөө талаар хүний амьдрал ямар байх нь амьд харилцаанаас маш их шалтгаалдаг юм билээ. Хүн бүхний харилцааны ур чадвар адилгүй. Тэгсэн мөртөө хүмүүсээс харилцааны ур чадвар нэхэх бас утгагүй. Худалч хуурмаг хүнээс бусад нь зайгаа барьдаг. Олонгүй хүний ажил бизнес өөдлөхгүй. Хүнтэй эвтэйхэн харьцдаг, хошин шогийн мэдрэмжтэй, шударга хүнтэй ямар ч хүн ойртон нөхөрлөдөг. Энгийнээр харахад, сайхан хүнтэй ярилцаад суух сайхан байдаг шүү дээ. Яг л шөнийн талд адуу янцгаахыг сонсч, өглөөний цэнгэг агаар амьсгалж байгаа юм шиг. Жаахан уянгалаад эхлэв үү, яав?

- Зүгээр ээ. Уянгалсан дээр чинь уран зохиолын тухай хэдэн асуулт асууя. Та ер нь уран зохиолоос юу хүсдэг вэ?

-Миний хувьд, дотоод гадаадын хоёр их сургууль дамжиж суралцсан, урлаг судлалын өрнийн арга барилтай хүн. Гэхдээ өрнийн дэг сургуультай манай үндэсний дэг сургууль олон зүйл дээр нийлдэг. Эхэндээ уран зохиолоос сонгодог хэлбэр, философи хоёрыг цугт нь нэхэж, багагүй шүүмжилдэг байлаа. Хожим бодохнээ буруу байсан юм билээ. Юу нь буруу гэхээр, нэгдүгээрт зохиолч найрагчдаас Д.Нямсүрэн, О.Дашбалбар нарын хэмжээний өндөр түвшний бүтээл шаардаж болохгүй. Жирийн шүлэгчид тэгэж бичих бололцоогүй. Хүн бүхэн өндөр түвшинд туурвиж чадахгүй шүү дээ. Хүчтэй сэтгэж байж л хүчтэй зохиол бичдэг. Гэтэл оюун санааны хүч байтугай бие бялдрын хүч хүртэл харилцан адилгүй. Тийм учраас л хэдэн зуун сая хүнтэй бүхэл бүтэн улс үндэстний дундаас хэдхэн л зохиолч хожим шигшигдэж үлддэг. Одоо бол яахав, бужигналдаад л, хөөрөлдөөд л яваа юм. Бас нэг зүйл байна. Хэн нэгэн зохиолч найрагч өөрийн дотоод сэрэл мэдрэмжээрээ бичсэн юмыг тэс хөндлөнгийн хүн огт өөр мэдрэмжээр шүүх гэж оролдох нь утгагүй санагдах болсон. Шүүмжлэхийн тухайд шүү дээ, түүнээс биш судлахын тухайд биш. Хүн заавал яруу найргаар өвөрмөц сэтгэлгээ, философи үзэл санаагаа илэрхийлэх албагүй. Хамгийн энгийн мэдрэмжээ ч илэрхийлж болно. Яагаад болохгүй гэж. Зүгээр л гадаа сайхан байна, налгар цэлгэр өдөр байна, тээр жил нэг их сайхан зун болж билээ, хайрт минь чиний нүд яасан ч гоё юм, зөрөөд өнгөрсөн бүсгүй гүй ээ мөн сайхан аа гэхчлэн шүлэглэж болно шт. Яагаад болохгүй гэж. Тэглээ гээд тэр бүхнээс сонгодог хэлбэрийг нэхэх утгагүй. Гүн гүнзгий философи шаардах ч утгагүй. Ердөө л яруу найргийн хамгийн наад захын шаардлага хангасан мөр толгой холбох, цохилго хэмнэл тааруулах маягаар, адаглаад гоё сайхан үгээр бичихэд л болох юм. Аливаа юмыг дэндүү гоёчилж, төгс төгөлдөрийг шаарддаг байсан үе минь ард үлдэж. Ер нь бол ном бичдэг хүн байлаа гэхэд, тийм чадвартай хүн Монголоор дүүрэн. Гагцхүү шилдэг сайн бүтээл хийх ер бусын хүч чадалтай хүн л ховор.

- Та сүүлийн үеийн зохиолчдын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Эмзэг сэдэв л дээ. Сүүлийн үед гарч ирсэн зарим зохиолчдыг судлаачид нэлээд шүүмжилдэг. Уншигчид ч ялгаагүй дээ. Эхэндээ тэдэнтэй санаа нийлдэг байснаа нуухгүй. Харин одоо бол больсон. Бүгд л өсч дэвшдэг. Бусдын өсч дэвшихийг анзаардаггүй хүмүүс л “Чи хэзээ ийм болчихсон юм?” гэж хүнийг доош нь хийдэг. “Чамайг дэмий тэнэж явах зуур, өдөр шөнөгүй зүтгэж байж ийм болсон юм” гэж хэлээсэй гэж боддог. Үнэндээ нүдэн дээр өсч байна шүү дээ, тэд.

Олон жилийн өмнө Хөх хотод байхдаа уйдаад нэг ном барьж авсан нь Х.Болор-Эрдэнэ гэж залуу зохиолчийн “Хишигт” гэж нимгэхээн ном байсан. Нэг амьсгаагаар уншиж дуусгасан, хөөрхөн ном. Одоо тэр залуу зохиолч биш, туршлагатай зохиолч болжээ. Бүгд мэдэж байгаа, Шүүдэрцэцэгийг хүмүүс магтахаасаа муулах нь их. Эхэндээ уран зохиолын гэмээргүй гэнэн бичлэгтэй байсныг хүлээн зөвшөөрнө. Тэглээ гээд тэр үргэлж тийм байх албагүй. Хүн өсч дэвшинэ. Хожмын зохиолууд нь утга найруулга, үг хэллэгийн хувьд сүрхий чамбайрсан байна лээ. Хэдэн жилийн өмнө Б.Сарантуяаг ном гаргах гээд шөнө нойргүй сууж байна гэж ярихад нь анхны ном нь роман, тэгээд ч өмнө зохиол ном бичиж байсныг нь огт мэдэхгүй болохоор эргэлзэж байснаа нуухгүй. Гэтэл анхны роман нь бестселлэр болж орхисон. Санаанд нь хүрсэн учраас л хүмүүс аваад байгаа байж таарна. Насаар бараг чацуу мөртөө намайг ах хэмээн хүндэтгэдэг С.Пүрэвсүрэн гэж даруухан сайхан зохиолч бий. Эхэндээ таньдаггүй байсан болохоор тоодоггүй байснаа нуухгүй. Гэтэл сайхан философитой монгол зохиолч байсныг хожуухан мэдээд хүндэтгэх сэтгэл төрсөн. Я.Баяраа гээд шүлэг бичдэг жаахан хүүхэд байсан. Шүлгүүдийг нь номонд оруулж өгч байв. Бусдаасаа ялгараад байх юм түүнд үнэндээ байгаагүй. Гэтэл сүүлийн үед сүрхий чамбайраад хөгжчихөж. Достоевскийн “Гэм зэм”-ийг сайхан тавьсан гэж сонссон. Би үзээгүй л дээ. Гэхдээ олон хүн магтаж байхыг сонсоод сайн болсонд нь эргэлзээгүй. Гэх мэтээр яривал саараасаа сайн нь их.

-Танай үеийнхэн ахмад үедээ арай орохгүй байх. Та нарын араас залуу зохиолчдын цуваа тасралтгүй үргэлжилж байна. Тэдэнтэйгээ хэр ойр байдаг вэ?

-Миний хувьд Монголд ганц телевиз, ганц радио байх үеийн уран зохиолын редактор шүү дээ. 30-аад жилийн өмнөх юм ярина. Тэгэхээр одоо 30-40-тэй зохиолчдыг тэр бүр мэдэхгүй. Зөвхөн уран зохиол гэлтгүй гадаад хэл, орчуулга, түүх, соёл судлал гээд олон салбар чиглэлээр би ажилладаг. Номын үзэсгэлэн худалдааны үеэр “Би зохиолч тэр байна, би орчуулагч тэр” гээд хөөрхөн юмнууд хүрээд ирдэг. Ихэнхийг нь таньдаггүй. Үе үеийнхэний дунд зааг гараад байна л даа. Хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, зохиолч Д.Энхболд, орчуулагч Д.Болдбаатар гээд найзуудтай болохоор тэдний хэмжүүрээр харах гэж оролдоно. Ер нь тэр цагийн залуу, дунд үеийнхэнээс эхлээд том зохиолч, урлагчдыг баргий нь мэднэ. Ихэнхтэй нь дөрөө нийлж явсан, зохиол бүтээлийг нь мэдэх болохоор “шинэкоов”-уудыг тоохгүй байх хоцрогдсон үзлээр хүмүүжчихсэнээ ойлгосон. Дээр нь зохиолчдын байгууллага энэ тэр гээд олон зохиолчдын дунд хутгалдаад явах нь ховор, тийм хүсэл сонирхол ч байхгүй болохоор шинэ гарч ирсэн зохиолчдыг үнэндээ мэдэхгүй. Гэхдээ ганц би ч биш байх аа, манай ахмад, дунд үеийнхэн ч “Хаанаас гэнэт ийм зохиолч гараад ирэв ээ, ийм яруу найрагч байдаг юм байх даа, ёстой сонсоогүй юм байна” гэж л байдаг. Тэглээ гээд хэнийх нь ч буруу биш. Танихгүй байгаа бидний ч, танигдахгүй байгаа тэдний ч буруу биш. Таниад ч яах билээ, танихгүй байлаа ч гээд яах билээ. Олуулаа мэт бужигнавч үнэндээ бүгд л орь ганцаараа, бүгд л ганц ганц хувь зураг шиг яваад дуусдаг орчлон шүү дээ.

- Уран бүтээлийг хэн, эсвэл юу шүүдэг юм бэ? Судлаач шүүмжлэгч үү, ард түмэн үү? Эсвэл цаг хугацаа юу?

- Бидний тогтсон ойлголт заримдаа буруу байх нь бий. Жишээ нь цаг хугацаа бүхнийг шүүнэ гэдэг. Юм бүхний үнэн зөвийг тогтооно гэдэг. Гэтэл тиймгүй байж болно. Уран зохиолын сайн бүтээл байлаа гэхэд тэрийг хожим хэн ч судалж гаргаж ирэхгүй бол тэгээд л мартагдана. Ядахнаа нөгөө ном нь 300-хан хувь гараад л дууссан бол хожим хэн ч тоож сөхөхгүй, түүхийн тоосонд дарагдаад үлдэнэ. Тийм зүйл хүн төрөлхтөний түүхэнд хэдэн мянгаар тоологдоно. Харамсалтай. Бичгийн мэргэд цөөн байсан эрт үетэй адилгүй болохоор үй олон зохиолчдын дундаас торойн гарч, цаг үеэ эзлэх шаардлагатай болно. Судлагч шүүмжлэгчдийн төдийгүй ард түмний хараанд өртөх хэрэгтэй болно. Ямар нөхцөл байдал ямар зохиолчийг гаргаж ирэх вэ гэдгийг би мэдэхгүй. Тэгэхээр энэ асуултанд бөөрөнхийдүү хариулахад таны нэрлэсэн бүх зүйл шүүх байх аа. Энэ гэхдээ ер бусын хүчээр бичсэн ер бусын зохиолд л хамаарна. Эгэл зохиол энэ цаг үетэйгээ дуусна. Яс юман дээр хүмүүс бидний амьдрал бүгд адилхан. Төрөөд, өсөөд, сураад, ажиллаад, үр хүүхэдтэй болоод, хөгшрөөд, өнгөрнө, мартагдана. Маш цөөн тохиолдолд алдартай уран зураач, хөгжмийн зохиолч, нэртэй эрдэмтэн болж, хойч үедээ дурсагддаг.

-Зарим философич монголчуудад түүх соёл гээд байх юм байхгүй, одоо ч хоцрогдсон үндэстэн хэвээр үлдсэн гэж ярьдаг. Гадаадыг шүтэх үзэл залуучуудын дунд гаарч, үндэсний юм бүхнээ муучлан гутаах болж. Монгол ухааны эсрэг мөнгө олох харийн ухааныг сөргүүлэн тавьж байгааг та юу гэх вэ?     

-Тэд нар тэгж байвал би огт өөр юм ярина. Хүн төрөлхтөнд дээр нь амьдарч байгаа байгаль дэлхийгээ хайрлах, зэрэгцэн амьдарч байгаа хүмүүсээ хайрлах гэсэн хоёрхон л зорилго бий. Үүнээс өөр том зорилго гэж байхгүй. Тэр философич жинхэнэ сэтгэгч хүн мөн юм бол ийм хөгжлийн загвар зөв үү, хүн гэдэг бодгалийн өөрийнх нь мөн чанар энэ мөн үү, ингэж амьдарвал хүндээ төдийгүй байгаль дэлхийдээ ээлтэй байж чадах уу, мөдхөн үхээд өгдөг хорвоод хүмүүс юу үлдээж, яаж хуваалцаж амьдрах вэ гэдэгт л хариу өгөх ёстой. Энэ бүхнийг монгол ухаан яаж шийддэг вэ гэдгийг олж мэдсэн байх ёстой. Барууныхан байгаль дэлхийгээ яаж хайрлаж байна вэ гэж бодвол бүр хөгийн дүр зураг харагдана. Шуналын сэдэл байгалийг сүйрүүлж байгаа юм. Байгаль дэлхий байхгүй болчихвол хүн төрөлхтөн ч дагаад байхгүй болно. Өнөөдөр хөгжил гэж харж байгаа зүйл нь харин ч дэлхийн насыг богиносгож байгаа юм. Жилд 5-6 сая га газар хүн байтугай араатан амьдрах аргагүй болж байна. Сая шүү. Нэг  минут тутамд 20 га газар, 44 га хөрсийг дахин ашиглах аргагүй болтол сүйрүүлж байна. Өнөөдөр уур амьсгалыг зохицуулж байдаг 15 биофизик системийн ес  нь тэнцвэрээ алдсан. Дэлхийгээ аварч үлдэх боломж зөвхөн энэ манай үеийнхэнд л байгаа. Харвард энэ хугацааг 2025 он хүртэл гэсэн бол Оксфорд 2032 он хүртэл гэсэн. Аль нь ч байлаа дэлхийг сүйрүүлж байгаа улс үндэстэн бол өнөөдөр манайхны даган дууриаж, хөгжлийг нь гайхаж байгаа Америк суурьтай барууны улс орнууд юм.

-Цаг зав гарган  ярилцсан танд  баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

- Танд ч гэсэн баярлалаа. Хэрэгтэй хэрэггүй зөндөө юм ярьчих шиг боллоо. Үнэнийг хэлэхэд би тийм айхтар ухаантай амьтан биш. Тэнэгээ л хүмүүст мэдүүлдэггүй болохоос.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (6772)

 

 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

12 цаг 15 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

12 цаг 22 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

12 цаг 28 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

12 цаг 31 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

12 цаг 39 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

17 цаг 49 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

18 цаг 36 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

20 цаг 45 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

21 цаг 15 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

21 цаг 20 мин