Тильда Суинтон: Би хүүхэд байхдаа эльфүүд юм хулгайлчихаад, оронд нь намайг үлдээчихэж гэж боддог байсан

2021-11-30
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Тильда IX зуунаас эхтэй Шотландын язгууртны гэр бүлээс гаралтай. Түүний аав сэр Жон Суинтон лорд Британийн армийн хошууч генерал. Тильда баян лордын хүүхдүүдийн адил охидын хаалттай сургуульд сурч байсан. Кент мужид түүний сургуульд Диана гүнж хамт сурдаг байжээ. Гэхдээ Тильда Диана гүнжтэй өнгөрүүлсэн он жилүүдээ дурсах дургүй. Тэрээр хамт тоглосон жүжигчдийнхээ талаар ч ярьдаггүй. Ганцхан удаа Жорж Клуниг шоолж ярилцлага өгсөн байдаг. Ж.Клуниг ихэр хүүхэдтэй болоход Тильда “Чи намайг ихэр хүүхдүүдээ яаж хүмүүжилж байгааг хараад шоолоод байсан. Одоо чи өөрөө ихэр хүүхэдтэй боллоо. Ихэр хүүхэд амаргүй байдаг. Шөнө унтана гэж ерөөсөө байхгүй. Нойрны эмээ сайн базааж аваарай” гэж хэлсэн байдаг.

-Саяхан дэлгэцнээ Уэс Андерсоны “Франц элч...” кино гарсан. Та Уэстэй дөрөв дэх бүтээл дээр нь хамтарч ажиллалаа. Уэс гол дүрээ таньд зориулж бичсэн гэсэн?

-Уэс болон түүний багтай хамтарч ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Тэр бидэнд зориулж сонирхол татсан гайхалтай ертөнцийг бүтээж чаддаг. Урлаг судлаач, тусгай сурвалжлагчийн дүр надад илүү тохирно гэж бид шийдсэн.Уэс байшингийн дээврээс эхлээд, эрдэнэ шишийн талбай, уран сайхны студи, галарей гээд юутай ч адилгүй олон зүйлийг бүтээдэг. Бид өдөр бүр тэр бүхнийг хараад дуу алддаг байлаа. Мөрөөдлийг ингэж биелүүлнэ гэдэг олон хүнд байхгүй авьяас. Энэ кино бол алт эрдэнэс дүүрэн хайрцаг л гэсэн үг.

-Та карьераа хатан хааны Шекспирийн театраас эхлүүлсэн гэсэн үү?

-Тэнд ажилласан минь би юу хийхийг хүсэхгүй байна вэ гэдгээ ойлгоход их тус болсон. Ямар ч залуу жүжигчинд энэ театрт ажиллана гэдэг давуу тал, гайхалтай боломж. Би бичихээ больсон учир жүжигчин болсон л доо. Бас театрын хамт олонтойгоо уулзаж байхын тулд. Уг нь би хэзээ ч жүжигчин болох амбицтай байгаагүй юм. Үргэлж Шотланддаа, найзуудтайгаа, гэр бүлтэйгээ, далайн эрэг дээр, шууд цэцэрлэг рүүгээ гардаг гал тогоотой байшинд амьдрахыг хүсдэг байлаа. Одоо энэ бүхэн надад бий.Бусад нь бол зүгээр таатай бонус, бялууны дээрх чимэглэл юм даа.

-Та яагаад бичихээ больсон юм бэ?

-Би өөрийгөө бичиж чаддаг, дуртай гэж боддог байлаа. Тиймээс Кембрижд орсон. Гэхдээ би бичихээ больсон. Зарим нэг талаараа би үүнээс сэтгэл зүйн гэмтэл авсан гэж хэлж болно.

-Яг юу болсон юм бэ?

-Би хэт хөөрснөөс болоод сэтгэл зүйн хувьд ачаалал авсан. Олон жилийн дараа нэг багштайгаа таараад энэ тухайгаа хэлтэл “Олон хүнд ийм зүйл тохиолддог” гэж хэлсэн. Азаар би өөр нууранд сэлж цагаа үрээгүй, буруу замаар удаан яваагүй. Намайг кино урлагт хөтөлж оруулсан найруулагч бол Дарек Жармен. Би түүний  дурсгалд зориулж 2002 онд Эдинбургийн фестивальд лекц уншсан. Үүнээс хойш би тогтмол эссээ бичих болсон. Би түүний найман кинонд тоглосон юм билээ. Энэ салбарт би аажмаар урагшилж л байна. Яг манай гэрт байдаг яст мэлхий шиг. Түүнд салатны навч үзүүлэнгүүт хуягнаасаа аажим гарч ирдэг. Түүн шиг би бага багаар кино сценари руу шилжиж байгаа. Гэхдээ би яарахгүй ээ.

-Та хүүхэд байхдаа жүжигчин болно гэж мөрөөдөж байгаагүй юу?

-Үгүй. Гэхдээ би нэг зүйлийг тод санадаг юм. 11 настай байхдаа амралт дуусаад Англи руу сургууль руугаа явж байсан. Галт тэргэнд байгаа хүмүүсийг хараад тэдний дотор юу бодогдож байгаа бол. Тэд намайг хараад  яаж шаналж байгааг минь мэдэхгүй дээ гэж бодож байсан. Энэ бол жүжигчдийн хийдэг ажил гэдгийг би хожим нь мэдсэн л дээ. Хүний хүсэл, бодол, мэдрэмжийг ил гаргах. Би гурван ахтай. Манай аав тэдэнд илүү ханддаг байлаа. Тэдний ирээдүй урьдаас тодорхой. Аав болон өвөөгийн сурч байсан сургуульд сурна. Ирээдүй нь эртнээс төлөвлөгдсөн байсан. Тиймээс ч тэд надаас илүү хөгжилтэй цаг хугацааг өнгөрүүлдэг байлаа. Би эрэгтэй байсан бол бүх зүйл хамаагүй хялбар, ойлгомжтой байх байсан санагддаг.

-Та их олон дүр бүтээсэн. Аль нь танд илүү ойрхон бэ?

-“Орландо” кино миний сэтгэлд үргэлж ойр байх болно. Олон жилийн өмнө миний найз Салли Поттер энэ киног хийсэн юм. Гэхдээ дурсамж нь өчигдөр юм шиг л санагдаж байна. “Орландо” киноны ой болох бүрт бид кинотеатрт очиж үздэг. Тэндээс гарах бүртээ гайхсан харцаар бие биенээ хардаг шүү. Бидний кино одоог хүртэл үзэгчдийн сонирхлыг татсан хэвээр байгаа гэдэгт гайхдаг юм. Дараагийн дүр бол “Зөвхөн амрагууд амьд үлдэнэ” киноны Ева вампир.

-Саяхан “Сувенир-5” киноны II хэсэг гарсан. Эхний болон хоёрдугаар ангид та охинтойгоо тоглосон байхаа?

-Манай охин жүжигчин биш. Эдинбургийн их сургуульд сэтгэл зүйчээр сурдаг. Гэхдээ Онор дүрээ сайн бүтээсэнд би их бахархаж байгаа. Мэдээж тэр дүрээ сайн бэлдээгүй бол би иймэрхүү зүйлд түүнийг оролцуулахгүй. Гэхдээ түүнийг миний найз найруулагч Жоана Хогг урьж тоглуулсан юм. Би биш. Бид хоёр 10 настайгаасаа нэг сургуульд сурч байсан. Зураг авалтын өмнөхөн охин минь сургуулиа дөнгөж төгсөөд Африкт сайн дурын ажилд явах гэж байлаа. Миний хүүхдүүд багаасаа урлаг дунд өссөн. Гэрт аавых нь, хойд эцгийх нь зурсан зурагнууд өлгөөтэй байдаг. Манай найзуудын хийсэн киног үзэж, номыг нь уншиж өсцгөөсөн. Минийхээр бол энэ нь хүүхдүүддээ өгч болох хамгийн том тансаглал. Миний хүүхэд нас тэднийхээс өөр байсан. Эльфууд юм хулгайлчихаад оронд нь намайг орхиод явсан юм шиг санагддаг байлаа. Ойр дотныхон маань миний сонирхож байгаа ихэнх зүйлийг дургүйцэж хүлээж авдаг байсан юм.

-Таны гадаад төрхийг хэнтэй ч андуурахааргүй. Ганц найруулагчид ч гэлтгүй дизайнерууд таныг “муза” гэдэг. Та бусдаас өөр гэдгээ хэзээ анзаарсан бэ?

-Би царай муутай гэдгээ үргэлж мэддэг байсан. Энэ нь дараа нь том давуу тал болж хувирсан л даа. Царайлаг хүүхэд дэндүү хурдан мөнгөнд хүрдэг гэж би боддог. Миний хөөрхөн найзууд нэг бус удаа царайныхаа золиос болж байсан юм. Шар үстэй, цэнхэр нүдтэй хүмүүсээс нэг л зүйлийг хүсдэг. Энэ нь үнэндээ тэдэнд дарамт болох нь бий. Би ийм ангилалд багтахгүй учраас, надаас ийм зүйлс хүлээхгүй гэдгийг би сайн мэдэж байсан. Мөн дан эрчүүд дунд өссөн минь ч нөлөөлсөн байх. Манай ээж их зөөлхөн, эмэгтэйлэг хүн байсан. Гэхдээ хэзээ ч надад цаг зав гаргаж байгаагүй. Аав ч ялгаагүй. 10-17 настайдаа ээжийхээ хажууд байсан бол илүү эмэгтэйлэг болох байсан байх. Гэхдээ энэ үед би гэрээсээ хол сургуулийн дотуур байранд амьдардаг байлаа.

-Та нэг бус удаа Английн дотуур байртай хувийн сургуулийг шүүмжилж байсан. Диана гүнж бас тэнд сурч байсан гэдэг?

-Би энэ сэдвээр дуугүй байж чаддаггүй. Ийм хэлбэрийн сургалтаас хүүхдүүд юу ч хожихгүй. Учир нь хүүхэд гэр бүлдээ, тэднийхээ хайр халамжинд өсөх ёстой. Манай аав цэргийн хүн байсан. Тиймээс бид цэргийн ангиудаар их шилжиж, аялдаг байлаа. Би парад хараад суудаг, надад энэ нь аюулгүй санагддаг байсан. Бүх хаалттай сургуулиуд жинхэнэ там. Би энэ тухай хэлэхээсээ айхгүй. Ийм шалтгааны улмаас би “Харри Поттер” мэтийн кинонд дургүй. Учир нь тэд иймэрхүү сургуулиудыг хэт романтик дүрсэлсэн байдаг. Мэдээж чи тэнд бие дааж, амьд гарахын төлөө тэмцэж сурдаг. Энэ нь хожмоо амьдралд хэрэг болдог л доо. Бид тэндээс амьд гарч чадсан. Өөр ч юу хэлэх вэ дээ. Би хүүхдүүдээ тийм сургуульд өгөөгүй. Би өөрийнхөө хүмүүжилд уучилж болох олон зүйлийг уучилсан. Гэхдээ хөгжим сонсгодоггүй байсныг л ойлгодоггүй юм. Өсвөр насны хүүхдэд хөгжим сонсохыг хориглоно гэдэг доромжлол.

-Таныг ямар ч дүрд хувирч чаддаг “хамелеон” гэж дууддаг. Та жүжигчний сургуульд сураагүй. Та өөрийн зөн совинд тулгуурладаг уу?

-Кино урлаг бол техникийн, механик, нарийн урлаг. Би зураг авалтын өмнөх хэсэгт дуртай. Заримдаа энэ хугацаа хэдэн сар, жилээр үргэлжилдэг. Бүх жижиг зүйлсийг нарийн төлөвлөж, бодлоо амьд биет болгоно гэдгээс илүү сонирхолтой юм гэж үгүй. Яг зураг авалт эхлэхэд юунд ч санаа зовохгүй, бүх юм бэлэн байхад л ажлаасаа таашаал авч ажилладаг.

Эх сурвалж:  www.7dn.ru

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

15 цаг 58 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

19 цаг 45 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

20 цаг 0 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

20 цаг 7 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

20 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин