• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Д.Бараадууз: “Эгэл баатар” болсныхоо ачийг хариулж 400 мянган мод тарилаа

2021-11-16 07:00

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Өмнийн говиор нутагтай Д.Бараадууз хэмээх эрхмийг  өнөөдөр мэдэхгүй, танихгүй  хүн  үгүй.  Тэрбээр манай  сониноос тодруулж байсан “Эгэл баатар”-ын нэг. Цөлжилт  гэдэг “дайсан”-д нэрвэгдсэн улаан говьд мод тарихаар зориглон очоод хэсэгхэн ногоон бүрд байгуулан жимс, жимсгэнэ хураан авч зорилгоо биелүүлсэн буянтан. Ийм амжилтад хүрнэ гэдэг том зориг байсан гэж болно. Энэ жил  Монголын төр түүнд  Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Үүний дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Говьд мод ургахгүй гэдэг худлаа. Залхуу хүний л хэлэх үг” гэсэн нь бий. Энэ үгийг нь сэтгэлдээ хадгалж явсаар саяхан түүнтэй уулзсан юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Байгаль орчны гавьяат ажилтан, “Зууны мэдээ” сонин, TV-9 телевизээс хамтран 2008 онд олон нийтийн санал асуулгаар тодруулсан Ард түмний “Эгэл баатар” Д.Бараадуузын ярилцлагыг хүргэе.

-Ард түмний “Эгэл баатар” болох үедээ та  зургаан га орчим газарт ногоо тарьж, захаар нь мод ургуулсан байсан. Одоо нэмэгдсэн  байх?

-Тэр үед зургаан га байсан газар маань одоо 16 га болсон. Мод үржүүлгийн энэ газар маань Ханхонгор сумын нутаг Багабулаг гэдэг газарт бий. Би гэдэг хүн ард түмний хайрыг дааж, “Эгэл баатар” болсныхоо  ачийг хариулах гэж  талбайгаа хоёр дахин нэмж, тарьсан модныхоо тоог олшруулсан минь энэ юм даа. Тэр үед  би хүнсний ногоо голдуу тарьдаг, ийм л хүн байсан.  Түүндээ  нөмөр болгох гэж тойруулаад мод сөөг суулгадаг байлаа. “Эгэл баатар” болсны дараачаас хүнсний ногооны талбайгаа багасгаж, мод бут тарих болсон. Улмаар мод үржүүлгийн газартай болж, мод суулгах сонирхолтой хүмүүст тарьц суулгац нийлүүлэх ажлыг эхлүүлсэн. Ер нь бол хоёр ажлыг шинээр эхлүүлсэн юм. Нэгдүгээрт, модны тарьц, суулгац бэлтгэж хүмүүст өгөх, хоёрдугаарт говьд алим, үхрийн нүд, чацаргана, мойл зэрэг жимс тарьж ургуулах санааг  сэдсэнээр одоо жимсний 400-500 буттай, намартаа  6-7 төрлийн жимс хурааж зах зээлд нийлүүлдэг, дээр нь модны суулгац бэлтгэж хүмүүст нь өгдөг болсон. Өнөөдөр 13 аймаг, зургаан дүүргийн нутагт миний тарьц, суулгац ургаж байгаа. Нийтдээ 400 мянга гаруй мод тарьсан байна. Надаас мод авч тарьсан хүмүүс зургийг нь өгч явуулдаг. “Таны өгсөн мод ингэж ургалаа, ийм сайхан боллоо шүү” гээд. Тэрэнд нь би баясдаг. “Эгэл баатар” гэдэг тэр шагнал надад их урам өгч, хийх ажлыг минь хэд дахин нэмэгдүүлсэн. Түүний  үр дүн   гарсан учраас  төрөөсөө  “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ. Ер нь төр, засаг маань намайг хангалттай  шагналаа. Тэр ачийг дахиад  яаж хариулах вэ гэж бодоод байж байтал боломж гарах нь. Тэр нь юу вэ гэвэл, тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөөд эхэллээ. Энэ том  давалгаанд  нэгдэж, мод тарих ажилд тус дэм болохсон, тарьц суулгац аль болох олныг бэлдэхсэн  гэж бодоод явж байна даа.

-Өмнөговь аймаг ус ховор ч мод сайн ургадаг нь юундаа байна?

-Манай  аймаг тарьсан мод, таримал модны талбайн хэмжээгээрээ улсад дээгүүр ордог. Түүнд нь урамшиж мод тарьдаг хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хөдөөгүүр малчид мод тарьж ургуулаад үр шимийг нь хүртээд явах нь элбэг. Цаашдаа ч олон болох янзтай. Манайхаас зүүн талын аймгууд бүгд тарьц суулгацаа авдаг юм шүү дээ. Говийн гурван аймгаас Өмнөговь усаар илүү, гүний уснаас гадна  булаг шанд олонтой. Өндөр уултай учраас доор нь  мөнх цэвдэгтэй, уулын амнаас гарсан ус булаг их бий. Тиймээс мод тарихад хүндрэл бага. Тэр онцлог, боломжоо ашиглан манай нутгийнхан мод тарьж ургуулж ирсэн.

-Таны тарьсан алимыг хүмүүс амттай гэлцэх юм. Ямар сортын  хэчнээн тонн алим  хураадаг вэ?

-Жилдээ нэг  тонн орчим алим хураадаг. Гэхдээ хавар хөлдөөчихгүй бол шүү дээ. Хавар жимсний модныхоо  цэцгийг хөлдөөчихвөл намар 200-300 кг-аас хэтрэхгүй. Манай говь ааш муутай. Гэнэт хүйтэрнэ, зарим жил зургадугаар сард цас орно. Жимсний модны цэцгийг хөлдөөчихвөл  “сувайрчихаж”  байгаа юм,  тэр жилдээ жимс өгөхгүй. Тийм гай зовлон тохиолдчихгүй бол 2-3 тонн шахуу жимс авчихмаар  байгаа юм. Ах нь алимныхаа сортыг сайн мэдэхгүй, Алтайн сорт  л байх. Бэсрэг алим гэж тал хомоолын чинээ хэмжээтэй жимс гардаг. Ганц алим ч биш манай талбайгаас гардаг ургамал бүхэн  амттай байдаг.

-Тэр нь юундаа байна вэ?

 -Бидний модоо усалдаг ус нь  өөрөө рашаан юм. Дээхнэ үед рашаан гэж хүмүүс өргөн хэмжээгээр уудаг байсан. Нөгөөтэйгүүр, манай талбай маш гүнзгий хонхорт байдаг, тиймээс маш халуун. Зундаа  +20,  +30 хүртэл халуун болно. Дээр нь нар сайтай, хөрс нь химийн бордоо элдэв юм хэрэглэлгүй хонины бууцаар бордсон учраас үржил шим сайтай. Тиймээс хүмүүс  ам сайтай байдаг. Ямар ч төрлийн ургамал, арвай буудай тарьсан ч сайн ч ургана, амт шимт сайхан. Энэ бол унаган  байгалийн сайных, Багабулаг нэртэй рашааны гайхамшгаас болж тэнд мод бут, ургамал ногоо  ургаад байгаа болохоос миний сайн нь  ч юу л бол.

Манай говийн хайлаас мод гэхэд л  байгальд ургасан нь 4-5 метр, түүнээс өндөр  байдаггүй. Гэтэл манай талбайд 13-14 метрийн  өндөртэй хайлааснууд ургаж байна. Хайлаасыг банз, дүнз болгож зүсэх  ямар ч боломжгүй муруй тахир ургадаг. Гэтэл манай талбайгаас 4-5 метрийн урттай банз дүнз удахгүй гарах байх. 1992 оноос  эхэлж тарьсан  гэхээр   одоо 13-14 метр өндөр ургасан  моднууд зөндөө. Шинэс шиг нарийхан гоолиг нарс ч олон. Арчилгаа нөхцөл нь сайжраад ус тэжээл нь тохирвол ямар ч мод сайхан ургах бололцоотой. Би мэргэжлийн хүн биш шүү дээ, жирийн нэг зоотехникч. Бараг таавраар шахуу, ганц нэг ном уншаад мод тарихад болоод  байгаа  юм. Одоохондоо сайхан л байна.  Миний хамгийн анх тарьсан мод 25 настай, тэгэхэд 15-25 см-ийн диаметртэй, 13-14 метр өндөр болжээ.

-Хайлаасыг бусад модноос илүү амьдрах чадвар сайтай гэх юм билээ. Говьд  дасан зохицож  сайн ч  ургадаг юм байна?

-Ерөөсөө өөрийнх нь  ерөнхий шинж чанар ганд их тэсвэртэй мод шүү дээ. Монгол оронд ургадаг моднууд дотроос хамгийн урт насалдаг нь болов уу. Оросын хэвлэлд хайлаасыг 400-500 жилийн настай гэж бичсэн  байдаг. Хятадын мэргэжилтнүүд 300-400 насална гэдэг. Америкчууд 500-600 насална гэлцдэг. Манай нутагт 600-700 жилийн настай  болов уу гэмээр бүдүүн мод байж л байдаг. Жишээлбэл, Америкийн хамгийн бүдүүн хайлаас 200 гаруй см диаметртэй. Манай нутагт байгаа нь 174 см бүдүүн дархи, одоо ч үрээ өгөөд байж байна. 60 см бүдүүн хайлаасны насыг цагаригаар нь тоолоход 200 жилийн настай юм уу гэж боддог. Түүнээс гурав дахин бүдүүн байгаа болохоор 600-700 жилийн настай болов уу. Хамгийн нарийн талаар нь хэмжээд үзэхэд л 174 см бүдүүн байгаа юм. Би өөрийн тарьсан хайлаасны үрийг 10 жилийн дараа авч тарихад өөрөөсөө арав ах хайлаастайгаа адилхан болчихсон ургаж  байна. Тэгэхээр ургах чадвар сайтай гэхээс яах билээ.

-Та бол говийг ойжуулсан баатар.  Монголын ойн мэргэжилтнүүд чуулж байгаа энэ өдрүүдэд монголчууддаа хандаж юуг онцолж хэлэхийг хүсч байна? 

-Монгол хүн ямар ч зүйлийг чухал гэж бодож, ач холбогдлыг нь гүйцэд ойлгочихвол  түүнийгээ  хэнээр ч шахуулж шаардуулалгүй хийчихдэг. Өөрөөр хэлбэл, ач холбогдлыг нь сайн ойлгосон зүйлээ сайн хийнэ. Нэг тааруухан жишээ авья, хулгайч хүн мөнгөнд дуртай, тиймээс “битгий” гээд байхад л өнөөхөө хийгээд байдаг биз дээ. Тэгвэл монгол хүн мод тарихын чухлыг баттай ойлгочихвол хэнээр ч заалгахгүй, шаардуулахгүй, хүссэн хүсээгүй  аяндаа л  хийчихнэ. Гагцхүү мод тарихын гайхамшгийг хүн бүрт ойлгуулах нь л чухал. Өнгөрсөн хугацаанд яагаад мод тарихыг чухалчлахгүй, ургалт  муутай байгаа вэ гэвэл  түүнийг тарьж ургуулахын ач тусыг хүмүүс дутуу ойлгоод байгаа учраас хойш суугаад  байна уу гэж боддог. Монгол нутагт өнөөдөр  33  тэрбум мод бий,  мэргэжлийн хүмүүс тоо баримт дурдаж байгаа нь тийм байна. Түүний 14 хувь нь ойрхог чанартай байсан бол одоо долоон хувь хүрэхтэй үгүйтэй байгаа.  Үүнийг хөөгөөд бодвол  33 тэрбум мод байгаад 14 хувь нь ойрхог чанартай байсан гэхээр манай улс тухайн үед  60 гаруй тэрбум модтой байж. Түүнийхээ тал хувийг үгүй хийчихжээ. Ингээд өнөөдөр Монголын газар  нутаг цөлжиж байна, 74-80 хувь нь цөлжчихжээ. Ойгоо сүйтгэсэн учраас хур тунадас орох нь маш бага болсон. Тэгэхээр дахин ойжуулалт хийхгүй бол  байгалийн доройтол улам  нэмэгдэнэ. Миний мэдэж байгаагаар монгол хүн ган гачиг, зуд турхан боллоо гэж  50-60 жил  гасаллаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал боллоо, цөлжлөө гэж  үглэж дуулах болсон. Ингэж гаслахын оронд гараад мод тарих хэрэгтэй. Нас сүүдэр ная гарсан өвгөн Арц Богдын Өвөр говийн их шуурганы аман дээр 16 га газар мод ургуулж чадлаа. Мэргэжлийн бус нас дээр гарсан ганц  өвгөн чадсан зүйлийг манай залуус хийж чадна шүү дээ. Гол нь тэдэндээ ач холбогдлыг нь ойлгуулж өгөх хэрэгтэй. Тэгвэл дор нь хийчихнэ. БОАЖЯ, мэргэжлийн хүмүүс монголчууддаа мод тарихын гайхамшиг, ач тусыг ойлгуулж өгөөсэй гэж гуйж хүсмээр байна. Өөр нэг асуудал нь байсан ойнхоо тал хувийг сүйдэлчихээд нөхөн сэргээе, тэрбум мод тарьж ургуулья гэсэн хүнд яагаад хонзогноод элдвээр  гутааж доромжлоод байдгийг ойлгохгүй юм. Эх орноо сайхан болгоё, оршихуйгаа тордоё, мод таръя гэсэн шийдвэр бүхэн үнэ цэнэтэй юм. Түүнийг нь хамтраад хэрэгжүүлэх хэрэгтэй юм шүү дээ. Мод бол бидний уушгийг цэвэрлэнэ, экологийн болоод эдийн засгийн үр өгөөжтэй зүйл. Мод тарьж үзээгүй, ганц мөчир суулгаж үзээгүй хүмүүс  “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөнийг  эсэргүүцэж хэнхдэгээ дэлдээд байх шиг. Мод тарихын ач тусыг тэдэнд ойлгуулж өгөх юм сан. Төрийн зүгээс, мэргэжлийн байгууллагууд, хэвлэл, мэдээллийнхэн нь нийгмээ  соён гэгээрүүлэх ажлыг хийгээсэй. Модны анагаах ач тус гэж үнэлж баршгүй их юм бий. Эмч нар бас энэ талаар уриалж дуугараасай гэж бодох юм.

-Тухайлбал?

-Анагаах ухааны эрдэмтэн судлаачид нэг тоо хэлсэн нь байнга бодогддог юм. Тэр нь юу вэ гэвэл хүн жилд 200 кг хүчилтөрөгчөөр амьсгалдаг гэж тэд хэлжээ. Мөн хүнд  хүчилтөрөгч дутагдахаар уур уцаартай болдог гэж судлаачид  үздэг.  Тэр нь практик дээр ч харагддаг. Хүн их төвлөрч суурьшсан бүс нутагт хүчилтөрөгч  дутагдаж, дээр нь замын түгжрэл, бусад хүчин зүйлс нөлөөлж нийгэм стресс ихтэй болдог. Хот ногоон байгууламжаа нэмэгдүүлж, хүчилтөрөгчөө  ихэсвэл нийгмийн уур уцаар алга болох нь байна шүү дээ. Уур уцаар алга болбол бүх зүйл тайван амгалан болно, хүмүүс  ч урт насална гэдгийг Японы эрдэмтэд аль эрт нээсэн  байна, өөрсдөө ч  тийм амьдралын хэв маягийг чухалчилж байна. Америкийн  эрдэмтэн 100 га ой хур тундас татах чадвартай гэсэн байдаг. Өнөөдөр манай аймагт л гэхэд 500 га ой бий болсон. Сүүлийн 13 жил манай нутагт ган зуд болсонгүй. Хур тунадас хэвийн хэмжээнд орлоо. Хавар зундаа ногоо гарахаар таван сумын малчид нүүж ирээд буцдаг. Үүнээс үндэслэж нэг зүйлийг хэлэхэд сумын Засаг дарга болсон хүн сумынхаа нутагт 100 га ой мод /100 мянган мод/  тарьж ургуулж чадахгүй бол ямар дарга байх билээ, хоног хугацаа өнгөрүүлсэн суудлын бөглөөс  гэсэн үг юм даа. Том төсөв захирдаг атал  огт хийхгүй, ядаж хуруугаа ч хөдөлгөхгүй  байна гэдэг  модны ач тусыг ойлгохгүй учраас  хийхгүй явж иржээ. Уг нь нутаг орноо аваръя, хөгжүүлье, ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулъя гэж боддог л баймаар.  Үүнийг  хаа хаанаа ойлгодоггүй шиг  байна, ойлгуулах ч үгүй байна. Тиймээс үүнд анхаармаар байна гэдгийг ахин дахин хэлье. Манай эрдэмтэн судлаачид  нэгдэж хамтарч байгаад 100 га-д арцан ой тарьчихвал нээлт болно шүү. Багахан хотод 100 га  арцан ой  ургуулчихвал  хүн ам нь ханиад томуу тусахгүй тул үүний  нотолгоо болно. Манай эрдэмтэд маш сайхан саналууд хэлдэг, түүнийг нь авахгүй, хэрэгжүүлэхгүйгээс нийтээрээ хохирч байна. Энэ мэтчилэн бодууштай зүйл их байна. Хамгийн гол нь хүн болгонд мод тарихын ач тусыг ойлгуулмаар байгаа юм. Тэгж чадвал болно доо. Тэрбум мод тарих бодлого ч аяндаа хэрэгжинэ.

-Хэрэгжилтийг нь ямар өнцгөөс харж байна?

-Ирэх онд гавьтай юм болохгүй байх, бэлтгэл муу байх шиг байна. Тиймээс 2022 онд бэлтгэлээ сайтар базааж, тарьц, суулгацтай болсныхоо дараа 2023-2025 онд модоо таривал илүү үр дүнд хүрэх болов уу. Миний хувьд түүнд нь амжуулж  чадахын хэрээр тарьц суулгац бэлдэж өгье гэж бодож байгаа.  Их хүссэн зүйл биелдэг.  Би их хүсч байна, хэдэн хүүхэд, ач зээ нар маань ч миний энэ ажлыг  их дэмждэг юм. Тиймээс би чадахгүй ч үр хүүхэд минь хийнэ гэж бодож сууна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.16 МЯГМАР № 225 (6702)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.