• Зууны мэдээ сонин онлайн захиалга

М.Алтанчимэг: Төрийн бус байгууллага бол нийгмийн хөгжлийн гурав дахь чухал салбар

2021-11-08 07:00

Х.МОНГОЛХАТАН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа "Монгол дахь иргэний нийгмийн байгуул­лагуудад тулгамдаж буй асуудал, хууль эрхзүйн орчин, хөгжил өөрчлөлт" сэдвээр Ази, Африкийн хүүхэд залуусын боловсролыг дэмжих сан буюу ADRF /Africa Asia Development Reliev Foundation/  олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Боловсрол-Ирээдүй” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, докторант М.Алтанчимэгийг урилаа.

 

Тогтвортой, тууштай, нэгдмэл шинж чанартай байх ёстой

Блиц:

Боловсрол:

-МХУЗ-багш бакалавар

-NGO удирдлагын магистр

-Нийтийн Удирдлагын докторант

Ажиллаж буй чиглэл:

-Төрийн бус байгууллага /Боловсролын Үйлчилгээний чиглэл/

-Иргэний нийгмийн байгууллагын хөгжил, СДҮА-ны судалгаа

Ажлын туршлага:

-ADRF Korea:”Global Volunteer”  хэлтсийн ахлагч

-ADRF Mongolia:TУЗ-ийн дарга\

Ажилласан улс орон:

-БНСУ

-Малайз

-Монгол

-Би төрийн бус байгууллагын удирдлага мэргэжлээр БНСУ-д Кёнхи их сургуулийн Нийтийн удирдлагын сургуульд магистр хамгаалсан. Энэ чиглэлээрээ гүнзгийрүүлж Удирдлагын академийн докторантурт суралцдаг. Төрийн бус байгуулага бол нийгмийн гурав дахь сектор юм гэдгийг онол аргазүй, баримт, тухайн нийгмийн соёл, ёс заншил, улс үндэстний бүхий л хөгжилтэй холбож иргэний нийгмийн байгууллагуудын талаар судалгаа хийж байна.

Төрийн бус байгууллагын талаарх ойлголт, нэр томъёо янз бүр байна. Зарим судлаачид ашгийн бус байгууллага гэх ойлголттой байхад нь зарим нь иргэний нийгмийн байгууллага, сайн дурын байгууллага гэдэг. Гэхдээ тухайн улс үндэстэнд хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах төрийн бус байгууллага нь  иргэний оролцоо санаачлага, чин сэтгэлтэй холбоотой хөгжих ёстой. Тиймээс судалгаатайгаар онол аргазүйн үндэслэлтэйгээр, бодлого боловсруулан хөгжүүлэх нь чухал.

Төр засаг, бизнесийн байгууллага, төрийн бус байгууллага буюу иргэний нийгмийн байгууллага нь тулгын гурван чулуу шиг харилцан хамааралтай зөв ажиллаж чадвал тухайн улс үндэстэн хөгжих болно. Төрийн өмнө иргэн би хэн бэ гэвэл татвар төлөгч, сонгогч, сонгогдогч эрх үүрэгтэй байдаг бол бизнесийн байгууллагын өмнө хөрөнгө оруулагч, эсвэл хэрэглэгч үйлчлүүлэгч болдог. Тэгвэл иргэний нийгмийн байгууллагын өмнө би хэн бэ, ямар оролцоотой байна вэ гэдгээ бодох хэрэгтэй.

Нийгмээ хөгжүүлэхийн тулд иргэн та сайн дурын ажилд хувь нэмрээ оруулагч эсвэл тэрхүү үйлсийг дэмжигч хандивлагч байх боломжтой. Таны бусдыг жаахан л анзаарч анхаарах сэтгэл, энгийн бяцхан тус, өөртөө байгаа бүхнээ хуваалцах сэтгэл, хүмүүжил, төлөвшил, мэдлэг боловсрол, нийтийн төлөө гэсэн ухаанаас маш том хүчийг бий болгож энэ салбарыг хөгжүүлэх боломжтой гэдгийг хүн бүр ойлгоосой.

Манай байгууллага энэ зорилгыг бодитоор нийгэмд харуулахын тулд өнөөдөр боловсролын үйлчилгээ явуулдаг төрийн бус байгууллагын хувьд иргэний нийгмийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр илүү анхаарч, хуваалцах боловсрол, хуваалцах соёлыг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж сайн дурын ажил гэж юу байдаг, сайн дурын ажилтан ямар байх ёстой, үүнд иргэн таны оролцоо ямар чухлыг болохыг  ойлгуулах гэж хичээн ажиллаж ирсэн.

НҮБ-аас санаачилсан жил бүрийн  арванхоёрдугаар сарын 5-ны  Дэлхийн Сайн дурынхны өдөр бол манай байгууллагын хамгийн томоохон тэмдэглэлт өдрүүдийн нэг байдаг. Бид жил бүр сайн дурын ажилтнууддаа баярлалаа гэж хэлэх, тэдний оролцоог үнэлж дүгнэх, тэдэнтэй хамт хийж чадсан үйл ажиллагаагаа эргэн харах маш чухал өдөр юм.

Үүгээрээ бид хүний сайхан сэтгэлийг  ашиглаж, сайн үйл хийсэн гэж харагдах гэсэн реклам бус сайн дурын ажил бол нийгмийн хөгжлийн түлхүүр юм шүү, иргэний нийгмийн салбарыг хөгжүүлэх суурь юм шүү гэдгийг харуулахыг хичээдэг.

"Хуваалцах соёлыг нэрийн хуудсаа болгоцгооё", "Хувиа хичээсэн иргэдтэй улс үндэстэн мөхдөг" хэмээх дуу хоолойгоо нийгэмдээ хүргэж, сайн дурынхантай хамт хийж бүтээж, хөгжиж байна даа .

Иргэний нийгмийн байгууллагууд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ хүссэн хүн бүр төрийн бус байгууллагыг байгуулах боломжтой, босго намхан хуулийн этгээд гэсэн ойлголт нийтэд байдаг. Тиймээс зөвхөн нэг удаагийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж богино хугацаанд ажиллаад алга болох, эсвэл мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах гэх мэт олон шалтгаанаар нэр хүндийг нь унагах тохиолдол түгээмэл.

Мөн олон улсын төрийн бус байгууллага гэж өөрсдийн дураар ажилладаг байгууллагууд байдаг. Монголын иргэний нийгмийн салбарын хөгжилд эдгээр байгууллагууд ямар үүрэгтэй оролцоотой байна гэдэг дээр судалгаа хийдэг, дүгнэлт тавьдаг, дуу хоолойгоо хүргэдэг судлаачид ч байдаггүй. Гэтэл энэ байгууллагуудын цаана зөв, буруу янз бүрийн үйл ажиллагаа харагддагт энэ салбарт ажилладаг судлаач хүний хувьд харамсдаг. Төрийн бус байгууллага гэдэг улс төрийн болоод шашны хамааралгүй цэвэр сайн дурын үндсэн дээр тухайн нийгмийн хэрэгцээт салбарт зөвхөн өөрийн үүсгэн байгуулагдсан зорилгынхоо төлөө л ажиллах ёстой.

 

Иргэний нийгэмд мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна

 

-Төрийн бус байгууллага тогтвортой, тууштай, нэгдмэл шинж чанартай байх ёстой төдийгүй байгууллагын амин сүнс нь зорилготойгоо нягт холбогдох учиртай. Тиймээс л иргэн хүн амьдарч буй улс нийгэмдээ болохгүй байгаа асуудлыг шийдэхийн тулд өөрөө санаачлаад чин сэтгэлээсээ оролцохын тулд төрийн бус байгууллага үүсгэн байгуулдаг. Харин цаашид хуулийн этгээд болгож хөгжүүлэх, тогтвортой зорилго хөтөлбөрөө биелүүлж дуусгах хүртлээ хичээл зүтгэл гарган ажиллах үүрэгтэй юм. Гэтэл тогтсон зорилгынхоо төлөө тогтвортой тууштай ажиллах чадвар дутмаг байна. Ингэж ажиллах чадвартай мэргэжилтнүүд байхгүй байна.

Учир нь төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд, хүний нөөц гэдэг асуудалд анхаарал тавьдаг газар алга. 2020 оны судалгаагаар Монголд 11 мянган төрийн бус байгууллага бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын ажилчдыг мэргэшүүлж, хөгжүүлж, бэлтгэж чадахгүй байна. Төрийн бус байгууллагын мэргэжилтнийг төгсгөх сургууль, мэргэшүүлэх сургалт зайлшгүй шаардлагатай болсон. Улсын болоод хувийн их, дээд сургуулиуд олон төрлийн мэргэжлээр сургадаг хэрнээ иргэний нийгмийн ажилтан, сайн дурын ажилтан бэлтгэдэг ангигүй байгаа нь энэ салбарт тулгамдаж буй гол асуудал юм.

Одоогоор нийгмийн ажилтан гэсэн мэргэжил арай ойр боловч яг сайн дурын ажилтанаас ялгаатай. Тиймээс төрөөс бодлого зохицуулалт хийж иргэний нийгмийн мэргэжилтнүүдийг бэлдэх, тэднийг мэргэшүүлэхэд анхаарч хүний нөөц бэлдэх нь чухал байна. Бусад улс орны туршлагаас судлах хэрэгтэй. Сайн дурын ажил гэхээр сошиал орчинд хүмүүсийн хандалт авах, эсвэл гоё зургуудаар хийсэн ажлаа дүгнүүлэх, том арга хэмжээнд дээр сайн дурын ажилтан хэрэг болдог мэтээр өнгөц дүгнэхээ болихгүй бол энэ салбарын мөн чанар, үнэт зүйл орхигдож байна. Сайн дурын ажил зогсолтгүй, тууштай, үр дүнтэй явагдах ёстой. 

Төрийн бус байгууллагын суурь бүтэц нь сайн дурынхан болон хандивлагчдаас бүтэж чадвал бат бэх байж зорилгынхоо төлөө тууштай явах боломж олгодог. Ямар нэг төслийн цавчилтын төлөө ажиллах ёсгүй гэсэн үг. Ямар нэг донор спонсор орж ирлээ гээд зорилгоо мартаад явахгүй, яг л зорилгынхоо төлөө бүх хүмүүсийг соронз мэт татаж чадах тэр мөн чанарыг хадгалах юм. Тэгж чадвал таны зорилгын төлөө, иргэний нийгмийн салбарт хийхийг хүсч байгаа үнэ цэнийн төлөө цагаа гаргаж, сэтгэлээ зориулж, мэдэх зүйлсээ хуваалцаж чадах сайн дурынхныг хөгжүүлнэ. Мөн хэдийгээр завгүй ч гэлээ өөрийгөө төлөөлүүлэн мөнгө, мэдлэг чадвараа их бага гэлтгүй хуваалцаж чаддаг хандивлагчдыг хөгжүүлнэ. Энэ бол төрийн бус байгууллагын санхүүжилтийн хамгийн чухал зүйл.

Хандивлагчдад нийтийн төлөөх ухамсар хуваалцах боловсрол гэдэг зүйлийг ойлгуулах нь чухал. Нөгөө талаас тогтвортой бус үйл ажиллагаа хандивлагчдын итгэлийг үгүй хийдэг. Үйл ажиллагааг нь дэмжээд хандив өгч байтал нэг өдөр хаалгаа бариад алга болдог.

Миний хувьд олон жил Солонгосын төрийн бус байгууллагуудын дунд орж ажиллаж байсны хувьд нэг чухал зүйлийг анзаарсан юм. Иргэний нийгмийн салбарын байгууллагууд нь манай байгууллага гэхээсээ хамтдаа нэгдэж улс орноо илүү хүчирхэг болгох соёлыг бий болгодог юм билээ.

Сүүлийн үед гадны их дээд сургууль, ажлын тэтгэлэгт хөтөлбөр, шаардлагад сайн дурын ажил хийдэг байх гэсэн шалгуур орсноор залуус сайн дурын ажил хийх хандлага нэмэгдэж байна. Энэ хандлага давамгайлбал бас л сайн дурын ажлын үнэт зүйл хордоно. Энэ нь сайн дурын ажлын эрэлтийг нэмэгдүүлэх сайн талтай боловч нөгөө талаар чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл дутагддаг.

Энэ салбарт "ашиг хайгчид", "хувиа бодогчид" зохихгүй. Үүнийг эсрэгээр нь бодвол бид энэ салбараа анхааран хөгжүүлж чадвал дээрх хортнуудаас нийгмээ салгаж авах боломжтой.

 

Хандив гэдэг нь зөвхөн мөнгө биш, мөнгөөр хуваалцах сэтгэлийг  хэмжих боломжгүй

 

-Төрийн бус байгууллагууд өөрсдийн давуу талаа яриад байдгаас асуудал бэрхшээлээ ил гаргадаггүй. Энэ талаар хийж буй судалгаа ч байдаггүй. 1997 онд анх батлагдсан ТББ-ын үйл ажиллагааг зохицуулж буй хуулийн дагуу ажиллаж байгаа ч санхүүжилт болоод бусад асуудлаа шийдвэрлэх арга зам эрэлхийлэхгүй байна.

Хууль санаачлагчид иргэний нийгмийн байгууллагын мөн чанар үнэт зүйлсийг нь мэддэг байж зөв хууль гаргана. Энэ салбар улс орны хөгжлийн гурав дахь чухал хүчин зүйл, тулгуур нэг хэсэг гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Төрийн бус байгууллагынхан, иргэд дуу хоолойгоо өргөж, хэрэгтэй санал санаачлагыг гаргаж, хууль эрхзүйн орчноо сайжруулахад идэвхтэй оролцох хэрэгтэй. Иргэд өөрсдөө мэдлэггүй, оролцоогүй учраас ТББ-ыг ёстой дураараа байгуулж, дураараа гар хөлийнхөө үзүүрт зарж ашиглаж байна гэж бухимдах үе ч надад цөөнгүй байдаг.

Сүүлийн үед компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд янз бүрийн ажил хийдэг болсон. Гэхдээ харагдах байдал нь гоё боловч учир дутагдалтай байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хааяа, хэрэгтэй үедээ өөртөө ашигтай үедээ  хийх бус сайн үйлсийн ажлуудыг тогтмол хийдэг, ажилчиддаа хийх боломжтой нөхцөлийг бүрдүүлэх, боловсрол олгон уриалдаг  болвол жинхэнэ үр дүнгээ өгнө. Бусад улс оронд тухайлбал, БНСУ-д том корпораци, компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол үйл ажиллагаа явуулдаг алба хэлтэстэй байдаг.

Төрөөс дэмжлэгтэй, хүлээн зөвшөөрсөн төрийн бус байгууллагууд ч байдаг. Ер нь эцэстээ төрийн бус байгууллага гэдэг төрийн юм уу, бизнесийн байгууллагын эсрэг ажил хийдэг юм биш. Харин ч тэдний гар хөл хүрч амжихгүй байгаа чиглэл, салбар, хүмүүст зориулан ажилладаг хамтрагч нь юм шүү дээ. Ерөөсөө л төр, бизнесийн байгууллагын гүүр нь буюу гуравдагч чухал салбар нь төрийн бус байгууллага, иргэний нийгэм гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Маш бага зардлаар их үр дүн гаргаж чадах боломж төрийн бус байгууллагад байдаг. Сайн дурынхан болон хандивлагчдын дунд маш олон төрлийн чадвар сэтгэлгээтэй хүмүүс байдаг учраас тэдэнтэй хамт хөгжөөд суралцаад  шийдээд явдаг.Хүн өөрийнхөө байж чадах боломж сайн дурын ажил хийсэн үед илэрдэг. Тиймээс сайн дурын ажил бол хүнийг хайрцаглаж, хязгаарладаггүй. Бас хүмүүс дүр эсгэдэггүй эрүүл орчин. Тиймээс энд маш их хүч байдаг. Энд  мөнгө санхүүжилт зорилгыг дагаад орж ирдэг.

Төрийн бус байгууллагад маркетинг, мэргэжилтнүүд, систем гэж байх ёстой. Тиймээс манай байгууллага өнгөрсөн 10 жилийн хугацаанд сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллага ямар байх ёстой, сайн дурын ажилтан яаж ажиллах ёстой, сайн дурын ажил гэж юу вэ гэдгийг бусдад үлгэрлэж хийхийг зорьж ирсэн. Бид сайн дурын бүтцийг хөгжүүлэх, онол аргазүйн сургалт явуулдаг. Боловсрол гэдэг академик гэхээсээ илүү дадлага туршлага дээр тулгуурлаж үр дүнгээ өгдөг болохыг өнгөрсөн хугацаанд харууллаа.

Зөвхөн Монголдоо бус олон улсад “Global citizen”, “Global share” зэрэг хөтөлбөрүүдийг санаачлан 8-9 жилийн турш тогтвортой явуулж ирсэн. Үүгээрээ бид сайн дурын ажил гэдэг нийгмийн хөгжлийн түлхүүр юм байна. Сайн дурын ажил хийснээр дадлага туршлага сорилт бүхнээр дамжуулан нийтийн төлөө цохилох зүрхтэй боловсон хүчнүүдийг бэлтгэдэг гэдгийг олж харсан юм.

Боловсролын байгууллагад өнөөдөр хандивласан бүхэн маргааш үр дүн нь харагддаггүй учраас амаргүй, цаг хугацаа шаарддаг. Тиймээс тогтвортой хандивлагчдыг бий болгохыг хичээж ирсэн. Хууль эрхзүйн орчны хувьд ч өөрчлөх зүйлс бий. Жишээ нь, БНСУ-д хандивлагч нар хандиваа  CMS  үйлчилгээр өгч болдог. Энэ нь тухайн хүн юм уу, компани хандивлагч болохоор тохироод зөвшөөрөнгүүт данснаас нь хандивын мөнгө төрийн бус байгууллагын данс руу автоматаар ордог үйлчилгээ юм. Харин манайд бол хандивлагчийнхаа араас заавал мөнгөө хийхийг сануулах хэрэгтэй болдог. Ер нь хандивлагчдыг халамжлах, сургах, хөгжүүлэх, боловсруулахад цаг зав хүчин чармайлт шаарддаг.

Гэхдээ эргээд харахад манай үйл ажиллагаанд оролцож үзсэн хүмүүс ихэнхдээ хандивлагчид болдог. Хүүхэд байхдаа үйл ажиллагаанд оролцож байсан, оюутан байхдаа сайн дурын ажил хийж байсан хүмүүс ажил дээр гарахаараа тогтвортой хандивлагч болдог жишиг бий. Хандивыг зөвхөн мөнгөөр хэмжих боломжгүй. Манайх боловсролын байгууллага учраас мэдлэг чадвар, санаачлага, оролцоогоороо хандив өргөх нь олон байсан. Энэ бол бидний ажлын гол зорилго биелсэн гэсэн үг юм.

Эцэст хэлэхэд таны хүсэж буй мөрөөдөж буй нийгэм таны оролцоогүйгээр бий болгохгүй. Монгол хүн хэчнээн яарч явсан ч айл нүүж ирээд гэрээ барьж байвал таних танихгүй нь хамаагүй нэг унь ч болтугай өлгөж өгөөд явдаг, ийм л хуваалцагч сэтгэлгээтэй ард түмэн. Бусдын төлөө байгаа бүхнээрээ тус нэмэр болж хуваалцаж, амин хувиа хичээхгүй амьдрах нь  өнөөгийн ‘metaverse’ дотор амьдрах болсон  үсрэнгүй нийгэмд ч хэзээ ч өөрчлөгдөхгүй эрхэм соёл байх болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.8 ДАВАА № 218 (6695)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.