• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Р.Мөнхцэцэг: Театр хүнийг татах увдистай

2021-10-29 12:05

Р.ОЮУН 

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа УДЭТ-ын Регулятор буюу гэрлийн зохицуулагч, найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхцэцэгийг урилаа.
 
-УДЭТ-тай холбогдсон талаар тань яриагаа эхэлье?
-Би 1987 онд Х ангиа төгсөөд шалгалт өгсөн ч тэнцээгүй учраас нэг жил ажиллана гэсэн зорилготой УДЭТ-т үзвэрийн үйлчлэгчээр орж байсан. 1993 онд гарын гэрэлтүүлэгч, 1995 оноос гэрлийн оператораар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний мэргэжлийн онцлог бол тайзан дээр тавьж байгаа тухайн уран бүтээлийн тайз, декрац, обьект, зураачийн утга санааг уран сайхны гэрлээр амилуулдаг сайхан мэргэжил. Би мэргэжилдээ хайртай. 

-Энэ том айлын хаалгаар орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Драмын улсын академик театрт орлогч дарга хийж байсан сахал Алтангэрэл ах маань намайг театртай холбож өгсөн. Уг нь нэг жил ажиллаад дараа жил нь дахин шалгалт өгөөрэй гэсэн ч 34 жил ажиллаж байна. Анх театрт үзвэрийн үйлчлэгчээр ороход шалгуур өндөр байлаа. Тэр үед үзвэрийн, цэвэрлэгээний үйлчлэгч гэж авч байсан. Театрын зохион байгуулагч н.Нансалмаа эгч үйлчлэгч нарт “Театрын үйлчилгээ үүднээсээ эхэлдэг” гэж хэлдэг байсан. Тиймээс шар эмжээртэй, нарийхан хар дээлээ чавхайтал нь бүслээд дээл өмсөх урлагийг үзвэрийн үйлчлэгч байхдаа сайн мэдэрсэн. 

-Үзвэрийн үйлчлэгчээс гэрлийн оператор болоход их том давааг давсан байх?
-Тухайн үед театраас миний хичээл зүтгэлийг үнэлсэн байх. Миний аав Равдансүрэн Ломоносовын утга зохиолын дээд сургуулийг төгссөн, Б.Явуухулангийн ганц шавь. Аав минь болон манайхаар ирдэг байсан томчууд нөлөөлсөн байх. Х ангиа төгсөөд орсон охин урлагийн бурхадуудыг хараад татагдсан гэж боддог. Үзвэрийн үйлчлэгч нар билет тасална, үзэгчид орж ирэхэд суудалд нь тухтай суулгана. Тэр үед 12 охин үзвэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан. 1993 онд анх гарын гэрэлтүүлэгч болоход юугаа ч мэдэхгүй байлаа. Гэрэлтүүлэгчийг харахад амархан юм шиг хэрнээ жүжигчдийн нүүр, хөдөлгөөнийг дагана. Би анх юу ч мэдэхгүй бөгсийг нь дагадаг байхад тухайн үед гэрлийн найруулагч Шоошоо Эрдэнээ, Э.Оюун багш, Эрдэнэбат нар надад зааж сургаж байсан. 1995 онд регулятор дээр ажилла гэж инженер Эрдэнэбат ах хэлэхэд би өөртөө итгэхгүй уйлсан. Анхны гэрэлтүүлгээ Улсын ардын дуу, бүжгийн чуулгын концертоор эхэлж байлаа. Түүнээс хойш олон жил болжээ.  

-Таны мэргэжлийн онцлог?
-Театр хүнийг татах увдистай. Урлагийн гал тогоонд 30 гаруй жил амьдарч байна. Үзвэрийн үйлчлэгчээс гарын гэрэлтүүлэгч, гэрлийн оператор, гэрлийн регулятор гэдэг нь тухайн уран бүтээлийг уран сайхны гэрэлтүүлэгч нараа удирдан бүх тоглолтынхоо гэрлийг тохируулан найруулж байна. Уран сайхны гэрлээр тухайн тоглолтын нэг үзэгдлийг тайз, жүжигчид нэг талаас ямар байх ёстой. Энэ гэрэл тайз, энэ үзэгдэл, ширээн дээр ямар өнгөтэй байх вэ гэдгийг уран сайхны гэрлээр ажиллаж байгаа. Сонгодог, монгол, хүүхдийн, түүхэн жүжиг бүгд тус тусдаа дүртэй. Бид жүжигчидтэйгээ үгээ нийлнэ, судална. Нэг уран бүтээл хийхэд жүжигчид судалгаандаа дүртэй орж байхад бид ч гэсэн жүжгийнх нь утга санаанд ороод тайз, гэрэл нь ямар байх ёстой вэ гэдгийг судалдаг. Манай үйлдвэр техникийн хэлтэс 32, манай гэрлийн тасаг 13 хүний бүрэлдэхүүнтэй. Дуу шуум, гэрлийн тасаг тухайн уран бүтээлийг эхлээд зохиолоо уншиж задлаад, зураач маань тайз ийм байх ёстой гэдэг утга санаагаа илэрхийлээд эскизээ гаргаж ирэнгүүт нь бид ярилцаж байгаад ямар гэрэл тавих вэ гэж санаа оноогоо ярилцдаг. Драмын театрын урлаг нийлмэл урлаг. 

-Та гэрэлтүүлэгчийн сургуулийг хаана төгссөн бэ?
-Мэргэжлийн сургуульд нь сураагүй, амьдралын дадлага, өөрийн сэтгэл зүрхээрээ хандсан. Би чинь социализмын үеийн хүн болохоор нэг ажил эхэлсэн бол ард нь гарч байж санаа амардаг. Нэг уран бүтээл тавиад ард нь гарахад түүнээсээ таашаал, мэдрэмж авахаас гадна нэг шинэ зүйл сурдаг. Надад итгээд гэрэлтүүлгийн оператор болгож регуляторт суулгасан хүмүүст баярлаж явдаг. Хүний итгэл алдахгүйг хичээж явна. Хамтран ажиллаж байгаа хүмүүсээрээ их бахархдаг. Энд хамт ажиллаж байгаа залуучуудаасаа авах юм их байна. Гэрэлтүүлэгч нь нарийн мэргэшсэн, мэдрэмж, сэтгэл зүрхээ ажилдаа шингээж ажилладаг. Уран сайхны гэрэл тухайн уран бүтээлийн, жүжигчдийн тоглолтыг тод болгох, дүрийг нь үзэгчдэд ойлгуулдаг. Гарын гэрэлтүүлэгч гэхээр тухайн жүжигчнийг дагаад өгөлт, авалтыг нь хүртэл жүжигчинтэйгээ адилхан дотоод сэтгэлээ гэрлээр гаргадаг. 

-Гэрлийн оператораар олон жил ажиллажээ. Гарын шавьтай юу?
-Одоогоор байхгүй. Энэ ажлыг хийхэд сэтгэл их хэрэгтэй. Тиймээс юманд тууштай, итгэлтэй, өөр шигээ нэг шавь бэлдэе гэдгээ театртаа санал тавихаар бодож байгаа. Хүний итгэл даана гэдэг чинь хүнд их урам өгдгийг өөрийн бие, сэтгэлээр мэдэрсэн. Цаг хугацаа харвасан сум шиг л байна. Энэ мэргэжлээсээ урам авч, залуучуудаасаа суралцаж, алтан үеийн хүмүүстэй хамт ажиллаж байгаадаа бахархдаг. Манай театр босго өндөртэй. Бид уран бүтээлчдийг ирэхээс хоёр цагийн өмнө ирж гэрлээ шалгаж, өөрийгөө бэлддэг хариуцлагатай, нарийн ажил. 

-Шантрах үе гарч байв уу?
-Байна. Тухайн үед найруулагчдаа загнуулах ч үе бий. Гэсэн ч энэ ажилдаа хайртай, дуртай болохоор загнуулсан ч урам авдаг. Тоглолт дуусаад үзэгчид нижигнэтэл алга ташихад бас баярладаг. Хэдийгээр тайзан дээр гарахгүй ч гэсэн ард нь гэрлээрээ тоглодог. Тайз болоогүй байхад би гэрлээ өгч болохгүй. Тухайн үеийн уран бүтээлийг туслах найруулагч командаар удирдана. Үүний дагуу бид ямар гэрэл өгөх вэ гэдгээ бэлддэг. 

-Тэгвэл урам авч байсан үеэ дурсвал?
-Уран бүтээлийнхээ нээлтийг хийчихээд үзэгчдийн нижигнэсэн алга ташилтыг сонсох хамгийн сайхан нь. Сургууль хийх тусам туршлага их авдаг.   

-Тоног төхөөрөмжийн хувьд?
-Театр анх байгуулагдаж байхад ОХУ, Чехийн регулятор пүлтэн дээр ажилладаг байсан. 2005 оноос хойш Японы тоног төхөөрөмж дээр ажиллаж байна. Техник, тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж байна. “Хаадын хаад” жүжигт хөөс, манан, утаа, цас шинэчлэгдэн гарч байгаа. Үүнтэй бид мөр зэрэгцэн бүх юмаа гэрлээр шийдэж байна. Нэг уран бүтээл гарахад ямар олон хүний хүч, хөдөлмөр, сэтгэл зүрх, хариуцлага шаарддаг. Миний энэ өрөө бүх уран бүтээлийн гол цөм, уул уурхай гэсэн үг. 

-Та 90 жилийн түүхтэй театрт 30 гаруй жилийг нь үджээ?
-Театртаа 30 гаруй жил амьдарч байна. Уран бүтээлчид маань суурин байхгүй бригад, олон улсын наадамд оролцдог. Мөн орон нутгийнхаа ард түмэнд урлаг, уран сайхнаар үйлчилж байна. Үүнд хүн бүрийн хүчин зүтгэл, сэтгэл зүрх шингэж байж нэг хамт олон зангидсан гар шиг ажиллаж байгаа. Урлаг нийгмийг гэгээрүүлж, сэтгэлийг ариусгадаг гол цөм. Үүний нэг хүч нь болж байгаадаа өөрөөрөө бахархдаг. УДЭТ түүхэн 90 жилийн ойд зориулж зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг найруулагч Н.Наранбаатар найруулан ажил нэлээн өрнөж байна. Нийт уран бүтээлчиддээ мэргэжлийн урлагийн ууган байгууллага, театрынхаа ойг тохиолдуулан хамт олон, үе үеийн уран бүтээлчид, үе үеийн үйлдвэр техникийн ажилчид болон бүгдэд нь 90 жилийн ойн баярын мэндийг танай сониноор дамжуулан хүргэе. Эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.        

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.29 БААСАН № 213 (6690)         

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.