• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Д.Лянхуа: Боловсролын салбар дахь гадаадын зээл, тусламжийн төслүүдийн менежментийг сайжруулах шаардлагатай

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Боловсролын эрдмийн сургуулийн захирал, доктор Ph.D Д.Лянхуаг урилаа. 

БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ АХБ-НЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 77 ХУВЬ НЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ БАЙНА

-Төслийн менежмент хэдийгээр менежментийн шинжлэх ухаанд хамрагдах боловч бусад менежментээс ялгаатай. Бусад салбарууд урт хугацааны хөгжлийн болон үргэлжилсэн үйл ажиллагааг удирдах асуудалд анхаарлаа төвлөрүүлдэг бол төслийн менежмент хязгаарлагдмал хугацаатай байдгаараа онцлогтой.
Орчин үед улс орон, байгууллага, хувь хүн дэвшүүлсэн зорилго, зорилтоо биелүүлэх үйл ажиллагааны чухал хэлбэр нь төсөл болж байна. Эрдэмтэн судлаачид төслийг олон янзаар тодорхойлсон. Төсөл гэж ажил үүргийг баталсан төлөвлөгөөний дагуу тодорхой цаг хугацаанд, тогтоосон төсөв хөрөнгөөр, чанартай, үр ашигтай гүйцэтгэж бодит үр дүн бий болгох зорилгоор түр хугацаагаар хүний нөөцийг оновчтой байршуулж зохион байгуулсан мэргэжлийн баг, хамт олны нэгдмэл үйл ажиллагаа юм. Тиймээс төсөл  хэрэгжүүлэхэд багийн асуудал хамгийн чухал. Зохион байгуулалтын оновчтой бүтэц, бүтээмжийн зарчмуудыг хэвшүүлэхэд ихээхэн анхаарч, төслийн багийн үйл ажиллагааг сайжруулах нь төсөл амжилттай хэрэгжих үндэс суурь юм. 
Манай судалгааны баг боловсролын салбарт хэрэгжсэн гадаадын зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг судалж байна. Тиймээс манай улсын  боловсролын салбарт Азийн хөгжлийн банкны оруулсан хөрөнгө оруулалт, ялангуяа дээд боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх судалгааны үр дүнд тулгуурлан яръя.

Алсын хараатай дээд боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд гадаадын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэй төслүүдийг үр ашигтай, оновчтой, хариуцлагатай удирдахад онцгой анхаарах цаг болсон.


Монгол Улс Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны гишүүнээр 1991 онд элсэж, хамтын ажиллагааны анхны гэрээ хэлэлцээр байгуулсан. Боловсролын салбарт АХБ анх “Хүний нөөцийн хөгжил ба боловсролын шинэчлэл” төслийг  хэрэгжүүлсэн түүхтэй. Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг хандивлагч улс, орон, байгууллагуудаас Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад, ялангуяа, боловсролын салбарын хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн  түнш байгууллага билээ. Тус банк нь боловсролын салбарт 1991-2020 онд 30 гаруй төслийг техник туслалцаа, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр санхүүжүүлсэн ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 188 сая ам. доллар байна. Нарийвчлан үзвэл техник туслалцааны хамгийн олон буюу 17 төсөл хэрэгжсэн боловч хөрөнгө оруулалтын таван хувь, буцалтгүй тусламжийн  зургаан төсөл нь 18 хувийг, харин хөнгөлөлттэй зээлийн долоон төсөл нь хамгийн их буюу 77 хувийг эзэлж байна. Судалгаанаас харахад боловсролын салбарт оруулсан АХБ-ны хөрөнгө оруулалтын 77 хувь нь хөнгөлөлттэй зээлийн төсөл байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс дэлхий дахины хөгжлийн  чиг хандлагад нийцүүлэн дээд боловсролоо хөгжүүлэхдээ  гадаадын техник туслалцаа, буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээл авч ирсэн. Эдгээр зээл тусламжаар олон төрлийн төсөл хэрэгжүүлсэн нь ололт  амжилттай ч алдаа дутагдал, үр ашиггүй байдал нэлээд гарсан нь төслийн менежменттэй шууд холбоотой гэж үзэж болно. Бид олон улсын байгууллагуудаас их хэмжээний хөрөнгө оруулалтыг улс орны гадаад өр болгон нэмэрлэх бус, аль болох үр өгөөжтэй ашиглах тал дээр анхаарах нь нэн чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт гадаадын зээл тусламжийн төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх бүхий л үе шатанд олон талын онол, арга зүйн мэдлэг шаардлагатай. Цаашид зээл, тусламжийн төсөл бүрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, олон нийтэд хэрэгжилтийг нь тайлагнах механизмыг сайжруулах зайлшгүй шаардлага ч зүй ёсоор тавигдаж байна. Зөвхөн боловсролын салбарт ч биш бүх салбарт гадаадын зээл тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал харьцангуй ижил төстэй байгаа юм. 

Блиц:

Ажиллаж буй чиглэл: 

  • Боловсрол, төслийн менежмент, хүний нөөцийн менежмент

Ажлын туршлага:

  • Зөвлөх, World Gate Intl., судалгааны төв
  • Хүний нөөцийн зөвлөх, АХБ, БСШУЯ-ны “Сургуулийн дотуур байрны нөхцөлийг сайжруулах төсөл”
  • Төсөл хөтөлбөр, зээл тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн \БСШУЯ\
  • Төслийн менежер, /1099 Pro., Inc /АНУ/
  • Хүний нөөцийн менежер,  Hebron Design Inc.,/АНУ/
  • Төслийн ажилтан /Дэлхийн банк, Авто тээврийн яамны “Авто замын байгууллагын  чадавхи бэхжүүлэх төсөл/
  • Багш, судлаач  /МЗХ-ны сургалт, судалгааны төв/

Ажилласан улс орон: 

  • Монгол Улс, АНУ

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛДЭГ  МЭРГЭЖЛИЙН, ЧАДВАРЛАГ БАГ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ 

-Боловсролын салбар дахь төслүүдийг хэрэгжүүлэх үе шатанд гарсан түгээмэл хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлууд нь төслийн худалдан авах үйл ажиллагаа, зөвлөх үйлчилгээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ, удирдлагын чадавхи, багийн үйл ажиллагаан дээр илүү ажиглагдаж байна.Тухайлбал, төслийн худалдан авах үйл ажиллагаа, зөвлөх үйлчилгээг авч үзэхэд, тухайн үеийн нэрээр буюу БШУЯ-ны ихэнх төслийн худалдан авалт нь төслийн хэрэгжилтэд нөлөөлж, цаг хугацаандаа хэрэгжиж дуусахгүй сунгах болон санхүүгийн зарцуулалтад  нөлөөлдөг гол шалтгааны нэг болж байна.  Ялангуяа, хөнгөлөлттэй зээлийн төслүүд төлөвлөсөн цаг хугацаандаа хэрэгжихгүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. 
Түүнчлэн зөвлөх үйлчилгээний хувьд ч гадаад, дотоодын фирм болон хувь зөвлөхүүдийг сонгон шалгаруулахад хугацаа их шаарддаг. Зарим тохиолдолд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр санал өгсөн гадаад, дотоодын  байгууллага, хувь зөвлөхүүд шаардлага хангаагүйгээс сайжруулах нөхцөлтэй буцаах, сонгох тендерийг дахин зарладаг. Ийнхүү  худалдан авалт, зөвлөх үйлчилгээ нь төсөл амжилттай хэрэгжихэд ихээхэн эрсдэл дагуулдаг.
Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний хувьд БШУЯ, төсөл санхүүжүүлдэг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хоорондын зохицуулалт болон хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага ч зүй ёсоор урган гарч байна. Учир нь эдгээр хоёр байгууллага тухайн төслийн үнэлгээг тус тусдаа хийдэг. Цаашид төслийн  хяналт-шинжилгээ, үнэлгээг хамтран хийж, нэгдсэн дүгнэлт гаргах нь олон ач холбогдолтой. Мөн төслийн үнэлгээний хамрах хүрээг өргөжүүлэхэд ихээхэн тус дэмтэй юм. Түүнчлэн зарим төсөл төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй, удааширч буй шалтгааныг цаг алдалгүй судлан, тогтоож хяналт-шинжилгээ, үнэлгээний тайландаа тусган төслийн Удирдах хороонд танилцуулах, хэлэлцүүлэг хийн  асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд БШУЯ, Төслийг хэрэгжүүлдэг нэгжүүд  санаачилгатай, үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. 
Боловсролын салбарын төслүүдийн хэрэгжилтийг боловсронгуй болгоход анхаарах гол асуудлын нэг нь  төсөл хэрэгжүүлдэг  мэргэжлийн, чадварлаг баг ажиллуулах юм. Удирдлага, зохион байгуулалттай баг нь төслийн зорилгын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн гишүүн бүр өөрийнхөө үүрэг хариуцлага, давуу тал, мэдлэг, боловсролоо дайчлахын зэрэгцээ багаар хамтран ажиллах чадвартай  байх шаардлага тавигдаж байна. Судалгааны явцад төсөл хэрэгжүүлсэн багийн хамтын үйл ажиллагаа хангалтгүй байснаар зохицуулагч, мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй болж олон удаа солигддог  нь  хэрэгжилтэд ихээхэн сөргөөр нөлөөлжээ. Жишээлбэл,  АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн  “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл” нь 2012-2016 онд таван  жилийн хугацаанд хэрэгжих  байсан ч  хугацаагаа гурван жилээр сунгасан нь хэрэгжилт асуудалтайг илэрхийлж байна. Мөн БШУЯ-ны бүтцийн өөрчлөлтөөс улбаатай төрийн албан хаагчийн халаа, сэлгээ,  төслийн удирдлагын чадавх, төсөл хэрэгжүүлдэг нэгжийн хүний нөөцийн дутагдал, худалдан авалт, зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг цаг хугацаанд нь илрүүлж шийдвэрлээгүйгээс төслийн хугацаа  сунгагдаж, гурван жилээр хоцорсон нь ялангуяа зээлийн төслүүд дээр илүү анхаарал хандуулж, хариуцлагаа нэмэгдүүлж ажиллах шаардлагатайг харуулж байна. Энэхүү тулгамдсан асуудлуудыг үүсгэж байгаа шалтгааныг бодитой харж, цаашид гаргахгүй байх нь олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэж, улмаар Монголын боловсролын чанар сайжрахад хувь нэмрээ оруулах  юм.
 
ТӨСЛҮҮДИЙГ БҮЛЭГЛЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭГ ТОГТМОЛ ХИЙДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ 

-Засгийн газар дээд боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон эрчимтэй хөгжүүлж дэлхийн жишигт хүргэх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай, хариуцлагатай "дэлхийн иргэн" бэлтгэхээр зорьж буй энэ цаг үед  дэлхийн хөгжлийн чиг хандлага, өөрийн улсын өвөрмөц онцлогыг харгалзсан алсын хараатай дээд боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд гадаадын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэй төслүүдийг үр ашигтай, оновчтой, хариуцлагатай удирдахад онцгой анхаарах цаг болсон.
Бид гадаадын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн нь сайшаалтай боловч өмнөх  алдаа дутагдлаа давтахгүйгээр зээл, тусламжийг зайлшгүй шаардлагатай үед авах, төслийг оновчтой, үр дүнтэй, судалгаатай, хариуцлагатай, хяналттай хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, төсөл хэрэгжүүлэх нэгжид давтамжтайгаар орж буй өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд төслийн менежментийг сайжруулах, төрийн албан хаагчдын халаа, сэлгээг аль болох бага хийх , төслийн багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, худалдан авалтыг урьдчилан хийх, төрийн албан хаагчид болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын  төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. 
Мөн төсөл хэрэгжүүлсний дараа нөлөөллийн үр дүн хийдэг болох, зарим тохиолдолд төсөл нэг бүрээр бус төслүүдийг бүлэглэн, ерөнхийлсөн байдлаар   хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж хэвших нь төслийн үр дүнг сайжруулахад ихээхэн тустай юм. Түүнчлэн хөгжлийн түнш байгууллагууд, салбарын яам, төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх нь чухал байна.
Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж буй энэ цаг үед АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Судалгааны их сургууль” төслийн хэрэгжилтэд онцгойлон  ач холбогдол өгч,  өмнөх төслүүдийн алдааг давталгүй, чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.  
Сангийн сайдын 2021 онд  баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх” журам нь гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төсөл арга хэмжээг төлөвлөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн удирдлага, хяналтыг сайжруулах, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгжийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, төслийн үйл ажиллагааны  ил тод байдлыг дээшлүүлэх, цахим системийг нэвтрүүлэх чиглэлээр  эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.25 ДАВАА № 209 (6686)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.