Онцлох ярилцлага: Сергей Никитин: Манай хүү “Брежнев хэзээ манайд гитартайгаа ирэх вэ?” гэж асуудаг байлаа

2021-09-30
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

З.БАТЦЭЦЭГ

ЗХУ-ын алдарт дуучин, хөгжмийн зохиолч Сергей Никитинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Сергей Яковлевич та физикч мэргэжилтэй. Тэр ч бүү хэл физик, математикийн ухааны доктор. Яаж яваад уянгын дууны дуучин болов?

-Битгий гомдоорой. Гэхдээ би физик, уянгын дуутай холбоотой асуултад дургүй. Энэ тийм хоорондоо эсрэг тэсрэг зүйл биш гэдэгт итгэлтэй байдаг. Яруу найрагч Борис Слуцкий үүнд их чухал үүрэг гүйцэтгэсэн байх. 1950-аад оны сүүлээр тэр “Физикчид ба уянгынхан” гэдэг шүлэг зохиосон. Алдартай шүлэг байсан болохоор хүмүүс дунд ийм яриа үүссэн. Миний бодлоор хүн бол нэг. Хүн баруун, зүүн хоёр тархитай. Нэг нь рационал сэтгэлгээ, нөгөө нь иррационал сэтгэлгээг хариуцдаг. Нэг нь идэвхтэй ажиллаж байхад нөгөө нь амарч байдаг. Эйнштейн хийл их сайн тоглодог байсан. Миний хувьд 1987 онд шинжлэх ухаанаар ажиллахаа больсон ч, одоог хүртэл сансар, цөмийн физикийг сонирхдог хэвээрээ.

-Хөгжмийг хэзээнээс сонирхож эхлэв?

-15 настайгаасаа. Одоо санахад зуны нэгэн өдөр би Арбатаар явж байтал гэнэт Окуджавын дуу сонсогдсон. Хэн нэг нь нэгдүгээр давхарт, цонхны тавцан дээрээ хөгжим тавьсан байж. Хоолой, үг нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн учраас би энэ миний хийх зүйл мөн байна гэдгийг ойлгосон. Тэгэхэд л би гитар тоглож сурахыг хүссэн. Окуджавын дуунуудыг дарж сурахын тулд. Би хөгжим их сонирхож эхэлсэн учир МГУ-ийн физикийн ангид сурч байхдаа дөрвүүлээ нийлээд хамтлаг байгуулсан. Хэдэн жилийн дараа миний ирээдүйн эхнэр Татьяна Сыдокова ирж манай хамтлаг тавуулаа болсон. Бид бусад их сургууль, эрдэм судалгааны хүрээлэнгүүдэд тоглодог байлаа. Энэ хүрээлэлдээ бид хурдан олны танил болсон.

-Концертоор мөнгө олохын тулд эрдэм шинжилгээний ажилтнуудаас дутахгүй сэтгэх хэрэгтэй болох уу?

-Илүү. Тэр үед чинь хүрээлэнгийн ажилтан сард 120 рублийн цалинтай байсан. Эрдэм судалгааны хүрээлэнгүүдэд очиж тоглолт хийхэд 50 копекоор 200 хүн тасалбар аваад л шууд 100 рубль.

-Окуджавагийн дууг дуулах таны залуу насны мөрөөдөл биеллээ олсон. Тэр өөрөө таныг адисласан байх аа?

-1970-аад оны сүүлээс эхлээд Окуджава биднийг өөрийнх нь дууг дуулж болно гэсэн. Тэр өөрөө дуулахгүй гэж шийдсэн байсан үе. Тэр зохиол бичиж эхэлсэн байсан л даа. Түүнийг тоглолтоор урихад “Би зүгээр шүлэг уншъя, харин Никита, Таня нараар дуулуулаач. Тэд сайн дуулдаг” гэдэг байлаа.

-Та нарын дуунд тэр хэр хандаж байв?

-Уулзах бүртээ “За, ямар дуу сүүлд зохиосон” гэж асуудаг. Миний хувьд шинэ дуу тоглож үзүүлэх нь чухал байдаг байлаа. Окуджава юу ч хэлэхгүй байсан ч, түүний дуугүй сонсож байгаа байдлаар нь таалагдаж байгаа үгүй нь мэдэгддэг байсан.

-Та яаж түүнтэй танилцсан бэ?

-1967, 1968 оны аль нэгэнд нь манай найз автобусны буудал дээр Вивьен гэх франц бүсгүйтэй танилцжээ. Тэрбээр орос айлын хүүхдүүдэд франц хэл заадаг байж. Тэгсэн Вивьен францаас дөнгөж сая гарсан Окуджавын шинэ пянзыг авчирч. Францад байхдаа Окуджава нэг оройн дотор пянз бичүүлсэн байж. Зөвлөлтийн үед түүний диск гэж байгаагүй, ойлгомжтой. Вивьен өөрөө Окуджаватай танилцаж энэ пянзыг нь өгөхийг их хүсэж байсан байна. Тиймээс Окуджавагийн утсыг би өөртөө биш түүнд зориулж олж өгсөн юм. Залгаад ярьсан чинь их баярлаж байна. “Ашгүй дээ, надад өөрт ганц л хувилбар байдаг. Зурчих вий гэж айж байсан юм” гэлээ. Тэгээд биднийг зохиолчдын төвд өөрийн уран бүтээлийн үдэшлэгт урьсан юм. Тоглолтын өмнө бид түүнтэй орж уулзсан. Гэнэт тэр надаас “Сережа “Пони девочек катает...” гэж таны зохиосон дуу юу” гэж асууж байна. Би бараг унахаа дөхсөн. Окуджава бидний дууг яаж мэддэг юм бэ. Тоглолтын дараа бид уламжлалт ёсоор яриагаа үргэлжлүүлэхээр шийдсэн.

-Ширээний ард?

-Мэдээж. Окуджавагийн залуу эхнэр Оля биднийг гэртээ урьсан. Харанхуй болчихсон, такси олддоггүй, цас цэвэрлэгч машин зогсоолоо. Жолооч бид наймыг багтааж суулгаад явж байтал Окуджава хөгжилтэй нь аргагүй “Бид ул мөрөө арилгаад явж байна...” гэж инээн хэлж билээ. Машин замын цасаа цэвэрлээд л явж байсан юм.

-Найр цуглааны талаар, та архи, вино, коньяк алийг нь илүүд үздэг вэ?

-Уулзаад хамт яриад сууж байна гэж бодохоос л толгой манардаг байлаа. Ер нь голдуу архи ууж байсан.

-Юугаар даруулж?

-Хар талх, масло, селедка... Ямар нэгэн аргаар улаан түрс олж чадах юм бол гайхамшиг. Ширээний ард гайхалтай хүмүүс суугаад, сайхан яриа өрнүүлж байхад сонин дээрх селедка хүртэл хааны зоог шиг л харагддаг. Бид Окуджава, Никулин, Гердт гэсэн манай орны гайхалтай хүмүүстэй уулзах боломж гарч байсан. Тэд ямар ч хүнтэй яг ижил харьцдаг, сантехникч ч бай, намын дарга ч бай. Өөрийгөө хэт дөвийлгөхөд тэд дургүй. Зиновий Гердт “Миний бүтээл” гэдэг үгийг сонсоод эвгүй болдог байсан. Тэд бүгд “Би яруу найрагч” гэдгийг сонсоод ярвайдаг байлаа. Энэ зохисгүй байсан.

-Тэгээд өөрсдийнхөө талаар юу гэж ярих вэ?

-Шоолонгүй, “шүлэг бичих гэж оролддог” гэж хэлнэ.

-Ингэж ширээ тойрч суугаад, зөвхөн уран бүтээл ярих уу?

-Мэдээж, үгүй. Юм юм ярина. Хаанаас ховор барааг олж болох уу, таньдаг найз нөхдийн онигоог ярина. Жишээ нь, би өөрийн үеэл Мишагийн талаар Евгений Евтушенкод ярьж өгсөн юм. Миша дөрөвдүгээр курсын оюутан байлаа. Тэр их өтгөн сормуустай, дээр нь хэдэн шүдэнз тогтох бол гэж найзууд нь үзэж байсан байгаа юм. Бид Мишаг шоолоод, охидууд чиний араас их гүйж байна уу гэж асуухад Миша “Сормуусанд минь л болж байгаа юм” гэдэг байлаа. Энэ Евтушенкод ихэд таалагдаад, маргааш өглөө 08:00 цаг болж байхад “Сормуус” гээд шүлэг бичээд ороод ирсэн.

-Алдартай олон хүн танай Фрунзенскд байдаг жижигхэн хэрнээ тохьтой байранд их ирдэг байсан. Та тэр байраа музей болгосон уу?

-Энэ байр манайх байхаа болиод удаж байгаа. Гэхдээ үнэхээр манайд ирээгүй хүн байхгүй дээ. Ирсэн бүх хүн гитартай дуулдаг. Бүр манай хүү Саша жаахан байхдаа үнэнээсээ “Брежнев хэзээ манайд ирж гитар тоглох юм бэ” гэж асууж байсан. Бид тэр үед Никулинтай их дотно байсан. Бүр хол тоглолтоор явж байхдаа хүртэл утсаар залгаад, инээдтэй онигоо ярьж өгдөг байлаа. Нэг удаа хүү бид хоёрыг циркт урьсан. Тэгээд Никулин тайзнаа гарч ирмэгцээ “За, хүүхдүүд ирсэн үү. Саша Никитин ирсэн үү” гэж асуусан. Тэгсэн манай хүү ангайгаад, гайхсандаа болоод дуу нь гарахаа байчихсан. Никулин бидэн дээр ирээд “Саша чиний хүчирхэг хөлийг барьж болох уу” гэж асуулаа. Үүний дараа би маш том сурган хүмүүжүүлэх алдаа гаргасан. Нэг удаа Саша бараг уйлахаа дөхөөд ирлээ. “Би байрныхандаа Никулинг танина гэсэн чинь надад хэн ч итгэсэнгүй” гэж байна. Би тэгсэн “Чи өөрөө яах гэж онгирсон юм” гээд хэлчихлээ. Үүний оронд би хүүгээ дагуулж гараад Никулинг таньдаг гэдгийг нь батлаад өгөх байсан юм. Үүнд би насан туршдаа харамсаж явдаг.

-Уучлаарай, та дургүй ч гэсэн асууя. Таны хүү ямар мэргэжил сонгосон бэ. Физикч үү, уянгын дуучин уу?

-Саша гэр бүлээрээ Америкт амьдраад удаж байна. Тэр Америкт Дартмунтын коллеж төгсөөд, Стэнфордын их сургуульд “харьцуулсан утга зохиол” сэдвээр доктор хамгаалсан. Гэхдээ сүүлийн 10 жил дууны найруулагч, гитарчин хийж байгаа. Гэртээ студитэй. Америкт очихоороо хамтдаа тэнд байгаа оросууддаа тоглолт хийдэг. Он дуусахаас өмнө яруу найрагч Борис Рыжийн шүлгээр хийсэн дуутай цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа. Нийт 17 дуу орсны гурван дууг Саша надтай хамтарч зохиосон. Борис Рыжийн шүлэг их гунигтай ч, өндөр түвшний, дуулмаар. Жишээ нь, “Бид муу амьдарч ямар сайн чаддаг юм бэ” гэж. Ер нь би их шүлэг уншдаг. Таалагдсан зүйлээ тусад нь хавтаслаад явдаг. Цуглуулсан зүйлээсээ 2-3 дуу төрүүлбэл сайн. Хагас жилийн өмнө Пушкины “Цаг нь боллоо найз минь” шүлэгт дуу хийж үзсэн. Одоо Дмитрий Быковыг уншиж байгаа. Ихэнх нь түүнийг шоумен, лектор, утга зохиол судлаач гэж мэддэг. Гэхдээ түүнийг сайн уянгын зохиолч гэдгийг мэдэх хүн цөөхөн.

-Таны хөгжим юугаараа хүнийг татдаг вэ. Алдарт Францын хөгжмийн зохиолч Поль Мориа таны “Вивальди хөгжим дор” дууг сонсоод галзуурахаа дөхсөн гэсэн?

-Энэ хэтрүүлэг. Энэ дууны хөгжмийг Виктор Берковскийтай хамт зохиосон. Польтой 1970 онд аялан тоглолтоор ирсэн байхад нь урлагийн ажилтны төв ордонд танилцаж байлаа. Тэндхийн удирдлагууд биднийг гадаадынханд зориулж дуулаач гэж дуудсан юм. Бид “Вивальди хөгжим дор” дуугаа дуулсан. Поль энэ дууг өөрийн цомогтоо багтаамаар байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа үнэхээр өөрийн цомогтоо энэ дууг багтаасан байсан. Бидний хөгжим яагаад хүмүүст таалагддагийг хэлэхэд хэцүү. Владимир Этуш оюутнууддаа үгтэй хэрхэн зөв харьцахыг биднээр үлгэрлэн заадаг байсан. Зүгээр утгыг нь ойлгох биш, үгсийн нийцэмж, хэмнэл, аялга гээд бүгдийг нь мэдэрч байх.

-Татьяна та хоёр үнэхээр нэрд гарснаа хэзээ мэдэрсэн бэ?

-Нэрд гарсан гэж хэзээ ч мэдэрч байгаагүй, олны танил болсон. Аажмаар. Манайх хамтлагаараа 1970 онд “Бид авьяастнуудыг хайж байна” телевизийн нэвтрүүлэгт оролцсон. Тэнд шүүгчээр Микаэл Таривердиев байсан. Тэр биднийг анзаараад, утсаа өгсөн. Дараа нь Микаэл биднийг “Алтан гол”, “Алга болсон экспедиц” киноны дууг дуулуулсан. Үүний дараа Эльдар Рязанов “Хувь тавилангийн эргүүлэг” киноны ихэнх дууг дуулуулсан. Тэд мэргэжлийн бус дуучин хайж байсан учраас намайг сонгосон. Гол дүр нь дуучин биш, эмч Женя Лукашин шүү дээ. Би студид гитартай, Таривердиев, Рязанов нар шилний ард хараад зогсож байсан. Ойролцоогоор 4-5 дублийн дараа “Стоп, болчихлоо” гэсэн. Энэ кинонд хэд хэдэн дуу дуулсан Алла Пугачёвад харин асуудал үүссэн. Тэр заримдаа 40 дубль хийж байсан. Тэд Аллагийн эстрад аялгыг арилгахыг хүсэж байсан юм. Гэхдээ Пугачёва авьяастай хүн учраас бүгдийг яг хэлснээр нь хийж чадсан.

-Та “Амьдрал нулимсанд дургүй” киноны дууг дуулсан. Та гайхалтай сайхан дуу “Александра”-г хөгжмийг нь өөрөө зохиосон. Энэ хоёр киноны аль нь таньд илүү таалагддаг вэ?

-Энэ чинь аавдаа илүү хайртай юу, ээждээ илүү хайртай юу гэж асууж байгаатай адил байна. Аль аль нь манай баялаг соёлыг харуулсан кинонууд. Яагаад энэ кинонууд хүмүүст их таалагддаг гээч. Яагаад гэвэл сэтгэлээсээ хүмүүст зориулж хийсэн учраас тэр. Тэд огт нам эвсэл гэдгийг мэдэхгүй юм шиг. “Амьдрал нулимсанд дургүй” киноны бүх зүйл дуусаад ганцхан дуу нь үлдсэн байхад Меньшов намайг дуудсан. Надад киногоо үзүүлээд “Энэ кинонд нэрийн хуудас болохоор дуу хиймээр байна” гэж хэлсэн. Би найз эрдэмтэн, яруу найрагч Дмитрий Сухарёвд хандлаа. Дараа нь Юрий Визбор нэмэлт хийж “Александра” дуу төрсөн. “Александра” дууны аяыг би хоёр өдөрт бичсэн. Таван хувилбар байсан. Бид Меньшовд дуугаа үзүүлэхэд “Яагаад Александра, гол дүр нь Катерина шүү дээ” гэсэн. Гэхдээ охин нь Александра биз дээ. Дараа нь Меньшов хэлэхдээ “Анх дууг сонсоод бүх биеийн шар үс боссон” гэсэн. Заримдаа энэ дуу минийх биш юм шиг санагдах үе байдаг.

-Ардын дуу болсон гэж үү?

-Тийм ээ. Гэхдээ миний бүтээл. Одоог хүртэл биднийг хооллож байгаа дуу шүү.

-1980 онд анх дууг гарахад хэдийг авсан бэ?

-Тэр үедээ үлгэрийн их мөнгө, 6000 рубль. Үүний ачаар цагаан “Жигули” авч байлаа. Биофизикийн институтэд би машины дугаарт бүртгүүлээд удаж байсан юм. Энэ дарааллын 68-д байсан. Тэр үед чинь шууд машин авч болдоггүй байсан. Гэтэл институтэд яг дөрвөн машин хуваарилагдаад, харин гар дээрээ бэлэн мөнгөтэй хүн байгаагүй. Тэгж л би азаар машин авсан. Гэхдээ Татьяна хариуцлагатайгаараа жолооддог байсан. Би 15 жилийн дараа жолоодож эхэлсэн. Бид машинаараа их аялсан, прибалтик руу, Гауя голын эрэг дээрх жуулчны бааз орж байлаа. Ийм жуулчны бааз чинь төгс коммунизмын жинхэнэ нүүр царай болдог байж. Бүгд эрдэмтэн, докторууд, бие биеэ хүндлэнэ. Хоолны газар нь сайхан хооллох гэж их хичээнэ. Амрагчид нь голдуу мөөг, жимс түүнэ, загасанд явна, оройн цагаар сайн дурын тоглолт хийнэ, лекц уншина. Бөөн аз жаргал. Латвийн хотуудаар ховор нандин бараа хайгаад бүгд явдаг байлаа. Нэг дэлгүүр орсон чинь машины дугуйны олгой хаймар байна. Хаанаас ч олдохгүй зүйл. Бид шууд дөрвөн ширхэгийг аваад хоёрыг нь Зиновии Гердт өгсөн. Тэр бас хамт амарч байсан юм. Баяр хөөртэйгөөр бэлгээ өгчихөөд иртэл 10 минутын дараа Гердт ирээд “Хонгоруудаа та нар Камазын хаймар авсан байна” гэж билээ.

-Сэтгэлээр унасан уу?

-Үгүй ээ, лангуун дээр эвхээтэй байсан юм. Хүүхдүүд хийлээд, завь болгож сэлцгээсэн.

-Яг л Борис Рыжийн “Бид ямар сайн муу амьдарч чаддаг юм бэ” гэдэг шиг л юм.

-Тийм шүү.

Эх сурвалж www.polit.mn

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

4 цаг 52 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

12 цаг 21 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

13 цаг 12 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

13 цаг 19 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

13 цаг 33 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

13 цаг 54 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

18 цаг 18 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

18 цаг 23 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

18 цаг 33 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

18 цаг 38 мин