О.Батнайрамдал: “Алсын хараа-2050” бол 30 жилийн алдаа, оноог дэнсэлсэн хөгжлийн бодлого юм

2021-08-23
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Т.БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдад хүргэдэг. Энэ удаа Уул, уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг урьж, “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөрийн талаар ярилцлаа.

 

-“Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, олон нийтэд танилцуулсан цаг хугацаа саяхан.  Та тэр үед хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч,  Л.Оюун-Эрдэнэ сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.  Ер нь залуу хүний хувьд эх орныхоо ирээдүйг “зуралцана” гэдэг нэр хүндийн хэрэг байсан болов уу. Энэ талаар яриагаа эхлэх үү?

- “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар батлуулаад нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байна.

Монгол Улсын Засгийн газар анх удаа үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө урт хугацааны бодлоготойгоор, үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь хүрэх цэгээ тодорхойлсон, цаг үеэ олсон шийдвэр гэж үздэг.

Би Харвардын бизнесийн их сургуулийг төгсөөд Нью-Иорк, Сидней зэрэг томоохон хотод хөрөнгө оруулалтын банкераар ажиллахдаа ихэвчлэн үндэстэн дамнасан компаниудын ТУЗ-д зөвлөгөө өгдөг байв. Энэ нь “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, эх орондоо бодлогын хэмжээнд сэтгэж ажиллахад ихээхэн дөхөм болсон.  Харвардын их сургуульд суралцдаг байхдаа бидний нэг үеийн оюутан залуус Монгол Улсын хөгжлийн гарц шийдэл, алсын хараа, бодлого төлөвлөлтийн талаар санал солилцож, олон улсын жишигтэй харьцуулж ярилцдаг байлаа. Харин бидний хэлэлцдэг байсан шийдэл санаа өнөөдрийн ажлын эхлэл байсныг бид яаж мэдэх билээ. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох ажлын хэсэг байгуулах захирамж гарч, эхний загвар гаргах ажлыг би хариуцаж байлаа. Улмаар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед ЗГХЭГ-ын дарга байх үед нь зөвлөхөөр ажиллах болсноор хөтөлбөрийг эхнээс нь хэрэгжүүлэх боломж олдсон.  “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөр бол зөв бодлого болон хэрэгжиж, монголын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэдэг. Учир нь, 1990 оноос хойш Монгол Улс тогтолцооны шилжилт хийсэн.  Социализмаас ардчилсан нийгэм  рүү шилжсэн 30 жилийн алдаа оноог дүгнэж, ирээдүйн 30 жилийг тодорхойлох цаг хугацаанд “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогоо бид тодорхойлсон.

Блиц:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд

 ОТГОНШАРЫН БАТНАЙРАМДАЛ

Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн.

Боловсрол:

1998 онд  Ховд аймгийн арван жилийн хоёрдугаар дунд сургууль

2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль

2004 онд  Нордикийн дэлхийн нэгдсэн коллеж /Норвеги Улс/

2008 онд Макалестер коллеж, Эдийн засгийн бакалавр /АНУ/

2015 онд Харвардын Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлагын магистр /АНУ/

Ажлын туршлага:

2009-2010 онд “Чоно”корпорацид Хөрөнгө оруулалтын менежер

2011-2013 онд “Ориго партнерс Монголиа” ХХК-д Уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан Дэд ерөнхийлөгч

2015-2017 онд АНУ-ын “Банк оф Америка”-ийн Нью-Йорк болон Сидней дэх салбарт Уул уурхайн  хөрөнгө оруулалтын банкир

2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д IPO, хувьцаа хариуцсан Дэд захирал

2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын Зөвлөх

-Ер нь манайд хөгжлийн бодлогоо урт хугацаагаар тодорхойлох суурь хэр тавигдсан байсан бэ?

- Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлсон бичиг баримт олон бий. УИХ, Засгийн газраас өмнө нь нийт 560 гаруй хөгжлийн бодлого бүхий баримт бичиг батлагдсан байдаг. Тухайлбал, “Мянганы зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэх мэт урт хугацааны хөгжлийн бодлогууд бий. Эдгээр бодлогууд эдийн засгийн өсөлтийг хэт хөөсөн, нийгэм талаа барьсан дутагдалтай байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Харин “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичиг нь сүүлийн 30 жилийн туршлага, алдаа оноонд суурилан боловсруулсан, хөгжлийн загвар баримт бичиг. Урьд өмнө гарч байсан урт хугацааны бодлогууд нь НҮБ-аас улс орон бүрт санал болгосон Мянганы хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гээд нийтлэг загварууд дээр суурилсан байсан. “Алсын хараа-2050” бол Монголчуудын оюун ухаанаас бүтсэн урт хугацааны хөгжлийн бодлого буюу Монгол хөгжлийн загвар бөгөөд үндэсний үнэт зүйл, ёс заншил нэвт шингэсэн гэдгээрээ онцлог юм. Мөн цоо шинэ бодлого гэхээсээ илүүтэй өнгөрсөн 30 жилд гаргасан алдаа оноо, туршлага, 30 жилийн турш гарсан олон зуун хөгжлийн бодлогуудын сайн талуудыг авч цогцоор нь шийдсэн загвар бол “Алсын хараа-2050” гэж хэлмээр байна.

-Ер нь  хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа ажлын хэсгийнхэн ямар чиг шугамыг баримталж ажиллав.  Хүндрэл бэрхшээлтэй асуудал байв уу.  Олон салбарыг нэгтгэж хөгжлийг тодорхойлно  гэдэг амаргүй байсан уу?

-Монгол эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагууд, төрийн албан хаагч, их сургуулийн багш нар гээд нийт 1500 гаруй хүний санал, туршлагыг тусгаж, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, бүх л салбарын уялдааг хангаж ажилласан. Төрийн байгууллага, яам, тамгын газар, агентлаг гээд бүх л түвшинд ажлын уялдаа холбоо хангалтгүй байдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, яам бүр өөрийн бодлогыг онцолдог ч, хоорондын нягт уялдаа холбоог нэгтгэж өгөх асуудал бидний өмнө тулгарсан. Жишээ нь, уул уурхайн салбарт нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлье гэхэд БОАЖЯ, Сангийн яамны оролцоо чухал байдаг шиг бүх л салбарын уялдаа холбоог сайжруулах нь томоохон сорилт болсон. Үүнд тодорхой цаг хугацаа ч шаардсан. Гэхдээ эцэст нь энэ бодлогын гол цөм нь монгол хүний хөгжил гэдэг утгаараа нэгдсэн нэг бодлогыг бид гаргаж ирж чадсан.  “Алсын хараа-2050” нь суурь есөн зорилго, 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний эхлэл болгож  Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсыг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хамт баталсан. Энэхүү үндсэн чиглэл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн есөн бүлэг, 47 зорилттой байна.

-Зарим хүн 2050 он гэхээр хэтэрхий хол сонсогдож байна гэж ярьдаг л даа.  Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Магадгүй, ирээдүйн 30 жилийн хөгжил гэхээр танд холын мэт, ирээдүйн төсөөлөл  бууж мэдэх ч, бидний хувьд хөгжлийн шийдлийг тодорхойлох цаг хугацаатай уралдсан хариуцлагын өмнө ирээд байна. Монгол Улс бол тусгаар тогтносон улс. Ирээдүйн 30 жилд бид хаана хүрэх алсын хараа, хүрэх цэгээ зурж байж, хийх ажлаа тодорхойлж, хөгжлөө төсөөлж чадна шүү дээ.  Хөгжлийн бодлогыг “Алсын хараа” гэж нэрлэсэн нь ч учиртай. Айл, гэр бүлүүдийн хувьд ч аз жаргалтай амьдрах мөрөөдөл, төлөвлөгөө байдаг шиг энгийн жишээгээр тайлбарлая л даа. Монгол хүн бүр ирээдүй, үнэ цэнээ тодорхойлсон хүсэл мөрөөдөлтэй байгаасай. Мөрөөдөл бидний алсын хараа, хүрэх цэг болох учиртай. Хэрэв мөрөөдлөө тодорхойлж чадвал түүнд хүрэхийн тулд ямар дүн авах, ямар сургуульд орох, ямар ажилд орох ёстойгоо тодорхойлж чадна. Миний хувьд, Нью-Йоркийн Wall street-д том банкер болохыг мөрөөддөг байсан. Тухайн үед хүнд ч ярихаас ичиж зовдог байлаа. Гэхдээ Wall street-д ажилд орохын тулд Монголд байгаа би Харвард ч юм уу, өөр том сургуулийн бизнесийн удирдлагын магистрын программд орж байж тэнцэнэ байна гэдгийг ойлгосон. Ингээд Харвардад орохын тулд би хөдөлмөрлөж эхэлсэн. Тэгэхээр, мөрөөдлөө тодорхойлж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөвөл гарц шийдэл олддог гэдгийг би хэлэхийг хүсч байна.  “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогоор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг тодорхойлж, цаашлаад иргэдийн амьдралын чанараар Азидаа тэргүүлэгч орны нэг байхыг бид зорьж байна. Улмаар 2020-2030, 2031-2040, 2041-2050 гэсэн гурван үе шаттайгаар бодлого, чиглэлээ тодорхойлон ажиллана. Филиппин, Хятад, Орос, Норвеги, Ирланд, Япон зэрэг улс энэ жишгээр хөгжсөн байдаг бөгөөд өрсөлдөх чадвар бүхий салбартаа хөрөнгө оруулдаг жишээг дурдаж болно.  Азийн цээжинд орших 3.3 сая хүн амтай манай улсын хувьд өрсөлдөх чадвар бүхий тэргүүлэх салбар нь юу вэ гэдгийг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогодоо бид тодорхойлсон. Мэдээж, эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи болон бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр, логистик байна. Манай улс бодлогын хувьд энэ зургаан салбартаа хөрөнгө оруулалт татаж, бодлогоор дэмжин, залуусыг боловсруулж сургахад анхаарна. 

-“Алсын хараа-2050” хөтөлбөр эхнээсээ хэрэгжиж байна.  Хуулийн төсөл бодлогын бичиг баримт болж эхэллээ. Тухайлбал, ямар санал санаачлагууд нэн тэргүүнд ажил хэрэг болоод байна вэ.  Уул уурхайн салбартаа Алсын хараа-2050-ын бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

- Эдийн засгийн тэргүүлэх салбарын хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хувьд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрс баяжуулах үйлдвэр гэх мэт төслүүдийг хөдөлгөж эхэлсэн.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын хувьд, энэ салбарыг түлхүү хөндөж ярья. Уул уурхайн салбар өнөөдөр Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-75 хувийг, экспортын 90-ээс дээш хувийг, төсвийн нийт орлогын 25 хувийг бүрдүүлж байна. Хөгжлийн төвшингөөр авч үзвэл сүүлийн 30 жилд хурдацтай хөгжсөн. Гэхдээ олборлох чиглэлд давамгай хөгжсөн. Анхан шатны боловсруулалт хийгээд, эсвэл түүхийгээр нь  гадагшаа гаргадаг. Харин “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тусгаж өгснөөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аж үйлдвэржсэн, олборлолтоос боловсруулалт руу шилжсэн салбар болж хөгжих ирээдүй рүү чиглэхээр зорьж байна. Мөн манай улс бензинийг 100 хувь гаднаас импортолдог. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд Монгол Улсад шууд нөлөөлж, бензиний үнэ нэмэгдэж байна. Өнөөдөр бид тэрбум ам.долларыг бензин худалдан авахад зарцуулж, гадагш урсгаж байна. Газрын тосны үүц ихтэй улсын хувьд цаашид газрын тосоо өөрсдөө боловсруулж, үйлдвэрээ ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байна. 2024 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар зорьж буй бөгөөд дотоодын бензиний хэрэглээний 55-60 хувийг хангах бүрэн боломжтой гэж үзсэн. Мөн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихаар бодлогодоо тусгаад байна. Ингэснээр 99.99 сорьцтой цэвэр зэс үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн гаргаснаар жижиг дунд үйлдвэрлэлүүдийг дэмжиж, хөгжих боломж нээгдэнэ.  Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх салбарын орлогоос бусад салбарт хөрөнгө оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлж байна. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Үндэсний баялгийн сан нь эдийн засгийн төрөлжит, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сан байх юм. Энэ нь дотроо Тогтворжуулалтын сан /Төсвийн тогтвортой байдлын тухай хууль-2010 он/, Ирээдүйн өв сан /Ирээдүй өв сангийн тухай хууль-2016 он/, мөн Хөгжлийн сангаас бүрдэнэ.  Тэгэхээр уул уурхайгаас орж ирэх нэмэлт орлогыг бид хөгжилд хөтлөх томоохон мега төслүүд, эдийн засгийг төрөлжүүлэх үр ашигтай төсөл хөтөлбөрүүд болон нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийж, Хөгжлийн сангаар дамжуулан дотоодын эдийн засгаа дэмжихийг зорьж байна. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хөтөлбөр /Залуус хороолол/-т хөрөнгө оруулах юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ намрын чуулганаар оруулахаар бид ажиллаж байна.

- “Алсын хараа-2050” хөтөлбөрийн бага, дунд, урт хугацааны хэрэгжилт, үр дүнг та юу гэж харж байна вэ.  10, 20, 30 жилийн дараах Монгол Улсын хөгжлийг хэрхэн харж байна.

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар бол Монголоос дэлхийн түвшинд өрсөлдөж буй хамгийн том сектор. Учир нь бид бүтээгдэхүүнээ шууд экспортолж, гадны компаниудтай өрсөлдөж байна. Тэгэхээр салбарын бодлогыг тодорхойлохдоо дэлхийн чиг хандлага, хөгжил хааш тэмүүлж, дараагийн 30 жилд геополитик, бүтцийн ямар өөрчлөлтүүд гарах, ирээдүйд эрэлттэй болох эрдэс баялгийг тодорхойлох зэргээр өргөн хүрээнд харж, ойлгож байж, тогтвортой хөгжинө. Энэ ч утгаараа дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой салбарын нэг.  “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хувьд урт хугацаандаа үр дүн гарч, Монгол Улс маань дэлхийн хэмжээнд хөгжинө гэдэгт итгэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.23 ДАВАА № 164 (6641)

 

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

5 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024.3.28-нд ярилцлага өгөхдөө “Та арай ахуйн аллага гэж боддог юм биш биз дээ, өнөөдрийг хүртэл? Яагаад аравдугаар сарын 2-нд ахуйгаар алагдчихав гэдэг нөхцөл байдал үүснэ.

18 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан.

25 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

1 цаг 26 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

1 цаг 51 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

1 цаг 56 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

2 цаг 1 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

2 цаг 6 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

2 цаг 11 мин