
Б.ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран цуврал ярилцлагуудыг хүргэдэг. Энэ удаа АНУ-ын Вашингтон хотын Эрчим хүчний бодлогын судалгааны сан байгууллагын Ахлах судалгааны ажилтан О.Баттулгыг урилаа.
-Ярилцлагаа хоёулаа таны ажлын онцлогоос эхэлье. Эрчим хүчний бодлого судалгааны ажилтан гэхээр сонирхол татаж байна?
-Би 2017 онд АНУ-д магистрын хөтөлбөрт суралцахаар ирсэн. Хоёр жилийн өмнө төгссөнөөсөө хойш эрчим хүчний бодлого, эдийн засгийн мэргэжлээрээ ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Вашингтон хотод хэд хэдэн байгууллагад олон улсын хөгжил, эрчим хүч, бодлогын чиглэлээр ажиллаж туршлага хуримтлууллаа.Вашингтон нь АНУ-ын нийслэл учраас бараг бүх төрийн байгууллага, тэдгээрийг дагасан олон хувийн компани, төрийн бус байгууллага төвлөрсөн байдаг. Мөн дэлхийд хамгийн олон тооны think tank буюу бодлогын судалгааны хүрээлэн энд үйл ажиллагаа явуулж, бүх төрлийн асуудлаар бодлого боловсруулагчдад заавар зөвлөмж өгдөг.Тэдгээр судалгааны хүрээлэнгийн нэг болох Эрчим хүчний бодлогын судалгааны сан гэдэг газар ахлах судлаачаар ажилладаг. Манайх төрийн байгууллагуудын төсөл дээр ажиллаж, зөвлөгөө өгөхийн сацуу олон нийтэд нээлттэй тайлан гаргаж, арга хэмжээ зохион байгуулдаг. Байгууллагад АНУ-ын Эрчим хүчний яам, томоохон корпорациудад олон жил ажилласан мэргэжилтнүүд байдаг учраас сурах зүйл маш их. Яг одоогоор дэлхийн ирээдүйн эрчим хүчний эрэлт, нийлүүлэлт ямар байх, урт хугацааны таамаглалын тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны төсөл дээр ажиллаж байна.
-Эрчим хүчний салбарыг сонгон суралцах болсон шалтгаан нь юу байсан бэ?
-Монголд байхдаа олон улсын харилцаа, хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн судалгааны хүрээлэн болон хэд хэдэн олон улсын байгууллагад ажиллахдаа аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийж иргэний нийгмийн төслүүд хэрэгжүүлсэн. Эрчим хүчний хурал зөвлөгөөнд оролцож байсан ч төдийлөн гүнзгийрүүлж судалж байгаагүй. Харин АНУ-д ирснийхээ дараа эрчим хүчний салбартай бүрэн холбогдсон. Анх магистраа өөр чиглэлээр хийхээр төлөвлөж байсан ч Жон Банкс хэмээх мундаг туршлагатай профессорын эрчим хүчний хичээлд суугаад энэ салбарт ажиллах хүсэлтэй болсон. Суралцах явцдаа Хятадын байгалийн хийн зах зээлийн тухай судалгаа хийснээр энэ салбарын ажлын гараагаа эхэлсэн юм.
-АНУ бол эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог орон. Энэ улсын эрчим хүчний салбарын онцлог юу вэ?.
-Нэгдүгээрт, АНУ нь эрчим хүчний хувьд харьцангуй бие даасан, хараат бус орон. Хэрэглээний эрчим хүчнийхээ 90 орчим хувийг дотоодоосоо хангаж байна. Гаднаас импортлохдоо ч нэг юм уу цөөн улсаас хараат биш. Газрын тос, байгалийн хийг далайн чанадын улсуудад их хэмжээгээр экспортолдог болсон. Хоёрдугаарт, АНУ олон төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг ашигладаг. БНХАУ-ын дараа орох хамгийн том эрчим хүч хэрэглэгч улс юм. Нийт хэрэглээнийх нь бараг 70 хувийг газрын тос, байгалийн хий хоёр бүрдүүлдэг. Америкт 280 орчим сая тээврийн хэрэгсэл байдаг учраас газрын тосны хэрэглээ их. Технологийн дэвшлийн ачаар байгалийн хийн олборлолт нэмэгдэж, дотоодын нүүрсний хэрэглээг шахаж эхэлсэн. Үр дүнд нь нүүрсний эзлэх хувь 10 хувь болтлоо багасч, цаашдаа ч буурах төлөвтэй байна. Нүүрсхүчлийн хий гаргадаггүй эрчим хүчний эх үүсвэрүүдийн эзлэх хувь бага багаар ч болов нэмэгдэж байна. Нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүч болон цөмийн эрчим эрчим хүч 20 гаруй хувийг бүрдүүлж байна. Гуравдугаарт, эрчим хүчний бодлого шийдвэр гаргалтад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоо их байдаг. Шийдвэр гаргахаасаа өмнө олон талын дуу хоолойг сайтар сонсож, эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудлыг нухацтай авч үзэж байна. Дөрөвдүгээрт, эрчим хүчний чиглэлээр шинжлэх ухааны ололтыг төрөөс системтэйгээр дэмждэг. Эрчим хүчний яам нь инновацийн төслүүдэд олон тэрбум ам.долларыг жил бүр зарцуулж, лабораториуд ажиллуулдаг. Эцэст нь, хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар сэргээгдэх эрчим хүч, үр ашгийг дэмжсэн бодлого гаргаж байна. Саяхан ерөнхийлөгч Жозеф Байден 1.2 их наяд доллароор дэд бүтэц, ажлын байр, цэвэр эрчим хүчийг дэмжих цогц төсөл баталлаа.
-Та “Монгол эрчим хүч клуб”-т гишүүнээр элссэн. Монголын эрчим хүчний салбарын одоогийн нөхцөл байдлыг хэрхэн хардаг вэ.?
-Монголын эрчим хүчний салбар дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжих өндөр боломжтой. Нар, салхины асар их нөөцтэй төдийгүй цэвэр эрчим хүч, цэнэгт хураагуур хийхэд ашигладаг олон төрлийн металь мөн зэсийн арвин их баялаг байна. Түүнчлэн, урд хөрш Хятад дэлхийн эрчим хүчний технологи, зах зээлийн хэмжээгээр тэргүүлэгч улсуудын нэг учир түүнийг ашиглах боломжтой. Хятад, Оросын хамтарсан хийн хоолойн төсөл зэрэг томоохон бүтээн байгуулалтад Монгол Улс оролцох боломж бий. Нөгөөтэйгүүр, манай улс цахилгаан эрчим хүчний салбарт зах зээлийн шинэчлэл хийж, бодит үнийг тогтоох, эрчим хүчнээс үүсэлтэй нүүрсхүчлийн хий болон бохирдлыг бууруулахаас эхлээд хоёр хөршөөс эрчим хүчний хараат байдлаа бууруулах гэсэн хийх ажил их байна. Би “Монгол эрчим хүч клуб”-д энэ жил элссэн. Эрчим хүчний асуудлаар бодитой шийдэл эрэлхийлж, хууль эрх зүйн орчинд нөлөөлж байгаа мундаг залуус бий. Ажлынхаа хажуугаар Монголын ирээдүйн эрчим хүчний байдал ямар болох талаарх маш сонирхолтой төсөл эхлүүлээд байна. 2050 онд Монголын эрчим хүчний салбар ямар түвшинд хүрэхийг модель ашиглан таамаглаж, одооноос ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай талаар судална гэсэн үг. Энэ төслөө 2022 оны намар дуусгаад, үр дүнг нь олон нийт, шийдвэр гаргагчдад толилуулах зорилготой байна.
-Дан ганц эрчим хүчний салбар гэлтгүй Монголын хөгжлийг хойш нь татаж байгаа хамгийн гол асуудал нь яг юу вэ?
-Миний бодлоор ард иргэдийн боловсролд анхаарах, тэднийг хангалттай мэдлэг мэдээллээр хангах нь урт хугацаандаа хөгжилд хүрэх хамгийн чухал алхам байх. Төмөр зам тавих, уул уурхайн хөрөнгө оруулалт татах, дэд бүтцээ сайжруулах гээд олон асуудал байна. Манайх шиг баялагтай ч ядуу улс олон байдаг. Газар доорх баялгаа ухаж хүмүүст тараагаад л Арабын баян улсууд шиг болчихно гэдэг том эндүүрэл. Манай нийт баялгийг хүн бүрд хуваагаад, тэрийгээ 30, 40 жил ашиглана гэж үзвэл тийм ч их мөнгө гарахгүй болов уу. Тиймээс төр, хувийн хэвшлийнхэн ил тод байж, зөв мэдээллээ цаг тухай бүрд нь өгч байх хэрэгтэй. Энд иргэний нийгмийн оролцоо ч мөн чухал үүрэгтэй.
-АНУ-д магистрын зэргээ хамгаалсан гэлээ. Тэтгэлгээр суралцсан уу?
-Жонс Хопкинс их сургуулийн Олон улс судлалын сургууль (School of Advanced International Studies)-д суралцсан. Манай сургууль олон улсын харилцаа, бодлогын чиглэлээр дипломат, төрийн зүтгэлтнүүдийг олноор төрүүлсэн. Сургууль Вашингтонд байрладаг учраас дадлага хийх, төгсөөд ажил олох боломж их байдаг. Мөн сургуулийн төгсөгчдийн хэлхээ холбоо хүчтэй байдаг нь давуу тал болдог. АНУ-ын хувийн их сургуулиуд өндөр төлбөртэй байдаг учраас тэтгэлэг, санхүүгийн тусламжгүйгээр сурах нь америкчууддаа ч хүнд тусдаг. Засгийн газрын тэтгэлгээр хүн бүр сурах боломжгүй учраас сургуулиасаа тэтгэлэг авч болдог. Миний хувьд сургуулиасаа 85 хувийн тэтгэлэг авсан. Мөн амьдарч байсан олон улсын оюутны байрнаас тодорхой тэтгэлэг авсан нь хичээлдээ төвлөрч, мэргэжлээрээ ажил хайхад маш их дэм болсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.5 ДАВАА № 133, 134 (6610, 6611)