• Зууны мэдээ сонин онлайн захиалга

С.Очирбат: Төрийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд аавынхаа нэрийг дуудуулахыг хүсдэг

2021-06-22 07:05

А.ДОРЖХАНД

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, ”Дархан хайрхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан С.Очирбаттай ярилцлаа. Тэрээр аймгийн наадамдаа хоёр удаа түрүүлсэн ховорхон амжилтын эзэн бөгөөд улсын цолонд ойрхон бөхчүүдийн нэгэнд зүй ёсоор ордог хүчтэнүүдийн нэг юм.

 

-Юуны өмнө сайн тогооч, эхнэрийнхээ сайн хамтрагч гэдгээ харуулан нэвтрүүлгийн ялагч болсонд баяр хүргэе. Бөх хүн гал тогоонд хэр ойрхон байдаг юм бэ?

-Баярлалаа. “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт залуу спортын гэр бүлийг төлөөлөөд оролцсон. Манай эхнэр жудо бөхийн ОУХМастер дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг. Тухайн нэвтрүүлэг надад хөгжилтэй, сайхан нэвтрүүлэг шиг санагдсан. Их олон хүч хөдөлмөрөөр бий болдог юм байна лээ. Анх удаа телевизээр өөрөө ямар хоол хийхээ мэдэхгүй чихээрээ сонсоод хийх амаргүй санагдсан. Их сандардаг юм билээ. Ямар ч байсан барилдахаас хувь илүү хэцүү санагдсан. Түрүүлнэ гэсэн бодол байгаагүй ч азаар түрүүлсэн. Сайхан нэвтрүүлэгт оролцсондоо баяртай байна.

-Бөхийн авьяас чадвар удам дамжин өвлөгдөн төрдөг. Танай удам сударт бөхчүүд хэр олон байв?

-Би аав ээжийнхээ хоёр талаас бөхийн удамтай. Манай аавын талаас Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат аймгийн заан Даш гэж хүн байсан. Харин ээжийн талаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын өсөх идэр начин Лхагвын удам. Одоогоор бол улсын харцага хүн юм билээ. Улсын наадамд гурван удаа зургаа давсан гэдэг. Миний нэг ах сумын заан цолтой. Харин манай ах нар намайг бодвол шанаа туушин их томтой, бие хаа сайхантай надаас бүх юмаараа илүү залуучууд байдаг.

Би багадаа бөхөд тийм ч сонирхолгүй хүүхэд байсан. Бөхийн удамтай болохоор намайг гэрийнхэн маань барилдуулах гэх ч би өөрөө дургүй. Айлын бага болохоор өглөө эрт адуунд, өдөржин хонинд явна. Адуу, хонины бэлчээрт их дуулна. Тэгэхээр тэр хавийн хүмүүс сайхан хоолойтой дуучин болох хүү байна гэж хөөргөнө. Хүүхэд юм болохоор түүнд нь их урамшиж, дуучин болно гэж боддог байлаа.

-Дуучин болохыг мөрөөдөж байсан хүү өнөөдөр аймгийн хурц арслан хэмээх амаргүй амжилтын эзэн болжээ. Чухам яагаад огт сонирхдоггүй байсан бөхөөрөө хичээллэх болов?

-Анх барилдаж эхэлсэн маань их дурсамжтай. Би оюутан болоод “Их шавь” дээд сургуулийн спорт тоглоомын ангид орсон юм. Ангийн хөвгүүд сургуулийн зааланд бөхийн бэлтгэл хийж байхад би ангийнхаа охидтой сагс тоглоод л гүйж явна. Харин их сургуулийн хоёрдугаар курсын өвөл сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан зохиогдсон юм. Гэтэл сургуулиас намайг амжилттай оролцвол дүн гаргана гэв. Дүн гаргуулах гэж л барилдах дургүй, мөн барилдаан сайн мэдэхгүй хэрнээ оролцсон юм. Тэгтэл 12 барилдаж 12 удаа унасан. Унахдаа өмсүүлэх зэрэг янз бүрийн мэхэнд уналаа. Тэмцээний дараа маш их шар хөдөлж уйлж байснаа санадаг. Түүнээс хойш Г.Элбэг багшийнхаа шавь болж бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Ингэж барилдаж эхэлсэн маань 2011 он юм. Тухайн үед манай нэг ах намайг дэмжиж, зодог шуудаг авч өгч надад урам өгч байлаа. Түүнээс хойш л үндэсний бөхөд эргэлт буцалтгүй дурласан даа.

-Ар гэрийхэн нь их баярласан уу. Анхны тэмцээн уралдаандаа ямар амжилттай оролцож байв?

-Анхны тэмцээн гэвэл наадмын бэлтгэлд Г.Элбэг багшийгаа дагаад Баянчандмань даваад Хүрэлбаатар зааны амралтанд гарч бэлтгэлээ хангасан. Тэр зунаа Дархан-Уул аймгийн Дархан сумын цол олгох барилдаанд түрүүлж, тойргийн сумын заан болж байлаа. Тухайн барилдаанд тав, зургаан зоонд тавь жаран хүүхэд барилдахад түрүүлж, харин Хадбаатар аваргын отгон хүү Мягмарсүрэн үзүүрлэж сумын начин болж байсан сонирхолтой дурсамж байдаг. Үүнийхээ дараа жил нь сумынхаа наадамд түрүүлж албан ёсны сумын заан цолыг авсан. Сумын заан болоход аав маань их баярлаж байсан.

Тэр жил аавын бие тааруу эмнэлэгт хэвтэж байсан юм. Сумын заан болчихоод хамгийн түрүүн аав дээрээ очсон тэр мөчөө эргээд бодоход маш сайхан. Учир нь миний аав намайг аймагт түрүүлэхийг харж чадаагүй. Тийм болоод ч тэр үү, өөрийн өсөж төрсөн нутагтаа очиж наадах сайхан байдаг. Ах дүү нутаг орныхонтойгоо хамт, тэр тусмаа ээжийгээ дэргэдээ суулгаад наадах шиг сайхан зүйл хаа ч үгүй.

-Тэгэлгүй яахав. Харин та заал танхимын барилдаанд хэзээнээс эхлэж гарах болов?

-Зааланд 2013 оноос эхэлж барилдсан. Сумын заануудын барилдаанд нэг түрүүлж, гурав үзүүрлэсэн, таваас дээш давсан гэвэл нэлээд олон байгаа. ХААИС, ТИС, Соёмбо сургалтын төв Хэнтий аймагт зохиогдсон барилдаануудад түрүүлж байлаа. Мөн сумын заан байхдаа аймгийн наадамд тавын даваанд тунаж байв. Бага цолтой хэрнээ тунана гэдэг сайхан. Үүнээс гадна сумын цолтой байхдаа ч чамгүй хэд тунаж барилдаж байсан. Нэг ийм үг байдаг шүү дээ, тунасаар тунасаар туулын чулуу шиг гөлчийсөн бөх болно гэж.

Харин түрүүлсэн барилдааны тухайд би сумын заануудад дээгүүр барилддаг хэрнээ хараахан түрүүлж чадахгүй л байгаад байсан. Тэгтэл 2014 оны хоёрдугаар сарын 14-нд сумын заануудын цагаан сарын барилдаанд одоогийн аймгийн арслан Өвөрхангай аймгийн Х.Энхчулуунтай үзүүр түрүүнд үлдэн барилдаж түрүүлсэн. Хамгийн анх том индэр дээр гарч шагналаа аваад их баярласан даа.

-Таныг сумын цолтой барилдаад шууд аймгийн цол хүртэж байсан гэдэг?

-Тиймээ, тэр жилийн наадмыг эргэн дурсахад сайхан байна. Сумын заан байхдаа Монгол Улсын аварга Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр аваргаар долоо давж аймгийн заан болсон. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж билээ. Харин үүнийхээ дараа жил нь аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон. Түрүүлдэг жилээ бэлтгэл сургуулилтаа маш сайн хийж, их хичээсэн. Тухайн наадмын долоогийн даваанд Булган аймгийн Түвшинтөгсийг давж, харин үзүүр түрүүнд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын аймгийн заан Ж.Мандахбаяр ахтай үлдэж барилдаад даван түрүүлж байлаа. Түүний дараа жил нь аймагтаа ахин түрүүлж хурц арслан болсон.

-Ахин түрүүлж хурцлахад амаргүй учраа хэр их байв даа?

-Мэдээж тэгэлгүй яахав, тэр жил уг нь улсад барилдах байсан чинь наадмын бэлтгэлийн өмнө хөлөндөө бэртэл авч сайн эдгэхгүй болохоор нь аймгийнхаа наадамд барилдахаар шийдсэн. Учраа бөхчүүд бүгд л чанга байсан даа. Тухайлбал, гурвын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Лхагва-Очирыг амлаж барилдаад давсан, дөрөв дээр Архангайн Бэхбаттай нугараад давж байлаа. Тавын даваанд дотны найз аймгийн харцага Ж.Бадралыг амлаж барилдаад яс үзээд давсан. Харин зургаагийн даваанд аймгийн начин Н.Чиеэнгүнбаатар гээд залууг амлаж барилдаад давж байлаа. Долоогийн даваанд аймгийн харцага Э.Түмэн-Өлзийтэй тунаж барилдсан. Үзүүр түрүүнд нутгийн ах аймгийн арслан С.Ерөөлт ахтайгаа барилдаж түрүүлсэн дээ. Үүнээс гадна 2019 онд улсын өсөх идэр начин Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат “дүүгүүр” хэмээх Гомбодоржийн нэрэмжит аймаг цэргийн барилдаанд үзүүрлэсэндээ баяртай байдаг. Мөн Монгол төрийн 95 жилийн улсын наадамд хоёрын даваанд улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуутай таарч барилдсан минь сэтгэлд үлдсэн дурсамжтай барилдаануудын нэг юм.

-Таны барилдааны онцлог гэвэл?

-Би түргэн шуурхай, нягт, өөрийнхөө барьцанд хүрч барилддаг. Миний үндсэн мэх хонгодох, хутгах юм даа.

-Дэвжээн дээр өөрийгөө хэрхэн хурцалж гардаг вэ?

-Миний бодлоор бөх хүнд бяр хүчнээс гадна сэтгэл зүй маш чухал нөлөөтэй. Учир нь хоёр бөх дэвжээн дээр арга заль, уран мэхийг уралдуулдаг. Тэр тусмаа наадмын дэвжээн дээр бяр хүчнээс илүү сэтгэл зүй их нөлөөлөөд байх шиг санагддаг. Би хувьдаа сэтгэл хөдлөл ихтэй, нулимс ойртой хүн. Харин дэвжээн дээр өөрийгөө олон янзаар хурцалдаг “хэнээс юунаас дутахын” л гэж гардаг даа. Үүнээс гадна аавыгаа их боддог. Учир нь сүүлийн гурван жил улсын цол горилоод төрийн наадамд зорьж зодоглож байгааг ч хэлэх үү. Төрийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд аавынхаа нэрийг дуудуулахыг хүсдэг. Миний ямар цол авах нь хамаагүй,  Монгол төрийнхөө улсын наадамд аавынхаа нэрийг дуудуулвал бөх болж барилдаж яваагийн хэрэг бүтэж байгаа нь тэр. Улсын наадмын нэг гоё торгон агшин байдаг шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж улсын цол авсан бөхчүүдийн овог нэрийг дуудах тэр мөчид үзэгчид чих тавин чив чимээгүй чагнадаг. Тэр мөчийг харахаар их сайхан байдаг.

-Үндэсний бөхөөр барилдахын ач тус нь юу вэ?

-Үндэсний бөхөөр хичээллэхийн давуу тал маш их л дээ. Тэсвэр хатуужилд суралцана, ах захаа хүндэлнэ, багаасаа биеэ дааж сурна, дээл хувцсаа зөв сайхан өмсөж олны дунд биеэ сайхан авч явна гээд олон ач тус бий л дээ. Мөн өв соёлын нэгээхэн хэсгийг тээж яваа хүмүүс. Монголчууд хүү төрвөл бөх, унага төрвөл хүлэг болно гэж эртнээс бэлгэшээдэг ард түмэн. Харин миний амжилт үзүүлж буй нь багш нартай минь салшгүй холбоотой. Улсын харцага гавьяат дасгалжуулагч Г.Элбэг багшдаа мөн ОУХМастер О.Нарангэрэл багшдаа баярлаж явдгаа илэрхийлэе. Мөн намайг дэмжиж тусалж байдаг “Элит хөгжил” ХХК-ийн хамт олондоо ч мөн талархаж явдгаа дамжуулая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.22 МЯГМАР № 124 (6601)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.