Т.Есөн-Эрдэнэ: Сэтгүүлзүйд фактчек буюу баримт шалгах мэргэшил бий болсон

2021-04-26
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Р.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т.Есөн-Эрдэнийг урьж, ярилцлаа.

 

МЭДЭЭЛЭЛ БИДЭНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

 

Блиц

Овог, нэр:

-Төмөрбаатарын Есөн-Эрдэнэ

Боловсрол:

-2006-2010 онд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" коллеж

Мэргэжил:

-Сэтгүүлч

Ажлын туршлага:

-2008-2010 онд "Улаанбаатар радио" болон ФМ 98.1-д сэтгүүлч, хөтлөгч

-2010-2011 онд "Улс төрийн тойм" сонинд сурвалжлагч

-2011-2018 онд TIME.MN мэдээллийн сайтад сэтгүүлч, Ерөнхий редактор

-2018 оноос хойш Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш, олон нийттэй харилцах мэргэжилтэн

Мэргэшил:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын “American Council” боловсролын байгууллагаас хэрэгжүүлсэн Вашингтон ДИСИ хот дахь сэтгүүл зүйн хөтөлбөр.

-ХБНГУ-ын "Дойче Велле" Академийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, Дата сэтгүүл зүй, Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдсан.

-Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын тухай сүүлийн жилүүдэд бид чухалчлан ярьж байна. Мэдээлэл хүмүүст хэрхэн нөлөөлдөг талаар бид олон зуун жил таамаглаж ирсэн ч өнгөрсөн зууны эхний хагаст судлаач нар шинжлэх ухааны үндэстэй маргаж эхэлсэн байдаг. 1930-аад онд АНУ-д СиБиЭс радиогоор нэгэн нэвтрүүлэг цацагдсан. Тэр нэвтрүүлэгт эрдэмтэд хачин жигтэй харь гарагийн хөлөг олтол дотроос нь харийнхан гарч ирээд ойролцоо байсан цэргүүд рүү довтолж, сүйд хийж байгаа тухай өгүүлдэг.

Тухайн үед хүмүүс өдөр тутамдаа радиог хэрэглэдэг, мэдээллийн гол эх сурвалж нь байсан тул олон хүн нэвтрүүлгийн эхний хэсгийг сонссон даруй гэрээсээ дайжиж, зарим нь сууцныхаа хонгилд бүгсэн гэдэг. Уг нь нэвтрүүлгийн төгсгөлд харь гарагийнхан бактериас болж үхсэн тухай бас Английн зохиолч Херберт Веллесийн зохиол болохыг дурддаг. Гэтэл үүнийг ойлгоогүй олон хүн төөрөлджээ. СиБиЭс-ийн энэ нэвтрүүлгийг хожмоо алдарт найруулагч болсон Орсан Веллес хийж, тухайн үедээ нэлээд шүүмжлэлд өртөж байсан гэдэг. Дараа нь Принсетоны их сургуулийнхан энэ нэвтрүүлгийн үр нөлөөг судлахад нэвтрүүлгийн эхний хэсгийг сонсоод айж сандран гэрээсээ гарч явсан хүмүүс бусад хүнд нөлөөлж нэвтрүүлгийг огт сонсоогүй хөршүүд, гудамжинд таарсан дурын хүнийг дүрвэгч болгож дагуулсан байдаг.

Өнөөдөр бидний хэрэглэж буй нийгмийн мэдээллийн сүлжээ зарим талаар үүнтэй адил. Олон хүн мэдээллийн агуулга, зорилгыг ойлгохгүй хууртаж, тэгээд болоогүй цааш түгээж, дамжуулж бусдад нөлөөлдөг. Эвлүүлсэн хуурамч зураг, дахин ашигласан бичлэг, олны танил хүний нэр, зураг ашигласан мэдээлэл, мэдээллийн сайт гэж эндүүрмээр цахим хуудсууд гэх мэт өдөр тутамдаа л бид энэ төрлийн асуудалтай тулж байна. Ялангуяа, сүүлийн 30 жил интернэт, түүнд суурилсан технологиудаар дамжих мэдээллийн хүртээмж нэмэгдлээ. Хэвлэл мэдээллийн түүх бүхэлдээ технологийн хөгжлийн түүх байдаг. Гэвч технологийг зарим хүн хэрэглэж чадна, зарим нь тааруухан хэрэглэнэ. Бас тэр технологиор дамжиж байгаа мэдээллийн мессеж, хийц, хэв маягийг хүмүүс ойлгох ч зарим нь дутуу, буруу ойлгоно. Тэгэхээр Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (Media and information literacy)-ын тухай ярих нь аргагүй болжээ.

 

СОНГУУЛИЙН ҮЕЭР ФЭЙСБҮҮКЭЭР ТҮГЭЭСЭН МЭДЭЭЛЛИЙН 70 ГАРУЙ ХУВЬ НЬ АСУУДАЛТАЙ БАЙСАН

Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн судалгаагаар нийгмийн мэдээллийн сүлжээгээр түгээсэн мэдээллийн 70 гаруй хувь нь худал болон сонгуулийн ил, далд сурталчилгаа байсан. Гэтэл фэйсбүүкээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээлийн хэмжээ дөнгөж 18 хувь байлаа. Өөрөөр хэлбэл, хүмүүс эх сурвалжтай, баталгаатай мэдээллээс илүү худал, бүрэн бус, сурталчилгааны шинжтэй мэдээлэл түлхүү үздэг, түгээдэг гэсэн үг. Гэхдээ фэйсбүүк, твиттер л болохгүй байна гэж яриад байх бас төвөгтэй. Сонгуулийн үеэр уншигчдад сэтгүүл зүйн бүтээл шиг харагддаг далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч нэвтрүүлсэн, хэвлэсэн, түгээсэн байсан.

Уг нь сонин хэвлэлийн уншигч, телевизийн үзэгч, радиогийн сонсогч, тэгээд интернэтийн хэрэглэгч болохын тулд бичиг үсэгтэй байхад л хангалттай. Тусгай боловсрол ч хэрэггүй. Гэтэл нийгмийн амьдрал улам бүр нарийн төвөгтэй болж, үүний нөгөө талд олон нийтийн мэдээллийн суваг, хэрэгсэл дэндүү олширсон тул тэр их мэдээлэл дунд хөл алдахад хүрдэг. Нэг үйл явдлыг хэдэн янзаар тайлбарлахад, жирийн иргэд хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй гэж бухимддаг гэж судлаач Д.Цэрэнжав гуай хэлсэн юм. Хэвлэл мэдээллийн суурь боловсрол нь маш өргөн ойлголт. Энэ дотор уламжлалт медиаг ойлгох, шинэ тутам медиа буюу нийгмийн мэдээллийн сүлжээг зөв зүйтэй хэрэглэх, худал мэдээлэл, мэдээллийн ёс зүй багтана. Бидэнд шинэ тутам юм шиг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролын тухай асуудлыг ЮНЕСКО 1980-аад оноос ярьж эхэлсэн байдаг.

 

ШҮҮМЖЛЭХ БИШ ШҮҮН ТУНГААХ

 

Орчин цагийн хүнд хамгийн шаардлагатай зүйл болох мэдээлэлд шүүн тунгаах сэтгэлгээгээр хандах тухай фокус бүлгийн судалгаанд оролцогчид мэдээллийг шүүн тунгаах гэдгийг “шүүмжлэх” гэж буруу ойлгож байгаа нь ажиглагдсан. “Би мэдээлэлд шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа, улстөрчдөд...” гэж хариулах хүн байлаа. Тэгээд зогсохгүй сэтгүүлч гэж хэн бэ гэж асуухад “Засгийн газрын төлөө мэдээ, мэдээлэл бичдэг, ярьдаг хүн...” гэж хариулах оролцогч байсан. Дээр хэлсэн Орсан Веллесийн нэвтрүүлгийг буруу ойлгодог шиг буруу ойлгож, төөрөлдсөн хүмүүс байна гэдгийг харуулаад байгаа хэрэг.

Тэгэхээр хэвлэл мэдээлэл гэж юу вэ. Худал мэдээлэл гэж юу вэ, Олон нийтийн телевиз гэж юу вэ. Хэвлэл мэдээллийн бизнесийн онцлог, хэвлэл мэдээллийг хэн эзэмшдэг вэ гэх мэт. Бас мэдээлэл авах бусад орчин жишээ нь номын сан, музейг хэрхэн ашиглах вэ гэсэн сууриас нь асуудлыг ярих хэрэгтэй болж байгаа юм. Улмаар мэдээлэлд хэрсүү, шүүн тунгаах сэтгэлгээгээр хандах, энэ төрлийн зан дадал суулгах, ядаж л худал мэдээлэл шиг харагдаж байгаа зургийг магадлаж, нягталдаг, гүүглээр зөв, оновчтой хайлт хийгээд сурах чадварыг хүмүүст суулгах ёстой. Фэйсбүүкээр харж байхад зарим хүн мэдээлэл яаж олж авах, хайх тухай ойлголтгүй байдаг. Албан байгууллагын утас асууж пост бичиж байгаа хүмүүс ч харагддаг. Тиймээс хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг бүх насныханд тодорхой судалгаа, үнэлгээ хийсний дараа заах ёстой юм. Ингэхдээ бүр эхнээс нь мэдээлэл гэж юу вэ, мэдээлэл бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ, мэдээлэл хүртэх, хүлээн авах, мэдээллийг хайх, ашиглах. Мэдээллийн тухай манай улсын хууль эрх зүй гэх мэт эхлээд, цаашлаад сэтгүүл зүй гэж юу вэ, сэтгүүл зүй ба төлбөртэй контент гэж юу болох, Монголын хэвлэл мэдээллийг хэн эзэмшдэг вэ, нийгмийн сүлжээг хэрхэн зөв зүйтэй ашиглах, мэдээллийн ёс зүйд суралцах, интернэт хэзээ ч мартддаггүй гэдэг үгийг хүүхдүүддээ ойлгуулах гэсэн олон чухал асуудал байна.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫГ БАГА НАСНААС НЬ ОЛГОХ НЬ ЧУХАЛ

 

Хэвлэлийн хүрээлэн дээр болдог сургалтын үеэр “Миний медиа намтар” гэсэн бяцхан туршилт явуулдаг. Нас насны хүмүүстэй сургагч багшийн хувиар ажилладаг болохоор энэ туршилт нэлээд сонирхолтой үр дүн харуулдаг. Сургалтад оролцогчдын насыг хэлүүлж, хамгийн анх хэвлэл мэдээлэлтэй хэрхэн танилцаж байсан бэ. Хэдэн настайдаа ямар медиа (сонин, телевиз, радио, цахим, фэйсбүүк) ашигласан бэ гэж асууна. Дараа нь асуултаа лавшруулж хамгийн анх удаа хэвлэл мэдээллээр ямар сөрөг сэтгэгдэл бүхий мэдээлэл хүртэж байсан болохыг нь ярилцана. Энэ туршилтын дараа өөрсдийн туршлагаа ярьдаг. Манай хүрээлэнгийн хувьд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын тухай сүүлийн 10 жил ярьж байгаа учраас энэ талын сургалт, судалгааны туршлагатай. Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр нэлээд ажил хийсэн. Өнгөрсөн онд бид Германы Дойче Велле академийн дэмжлэгтэйгээр, Фаро сан, Боловсролын хамтын ажиллагааны байгууллагатай хамтраад дунд сургуулийн багш нар хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын тухай заах сургалтын хөтөлбөрөө батлуулсан. Үүнээс өмнө 2016 онд ЮНЕСКО-гоос гаргасан мэргэжлийн гарын авлагыг манай байгууллагаас орчуулж байсан. Бас 22 бүлэг бүхий гарын авлага гаргасан. Гадны гарын авлагыг шууд орчуулж заахаас гадна өөрсдийн онцлогт нийцсэн хөтөлбөр агуулгыг оруулах ёстой. Миний хувьд Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшдэг вэ, аль улстөрч, бизнесмэн эзэмшдэг вэ гэдгийг хүмүүс гадарлаж байх хэрэгтэй гэж үзээд мэдээлэл хүртэх, түүнтэй холбоотой ойлголтууд, мэдээлэл хайх, ахисан түвшний хайлт мөн худал мэдээлэл нягтлан шалгах талаар мэргэшсэн. Манай залуучууд дата хэрэглээ өндөртэй, технологийг маш хурдан хэрэглэж сурдаг болохоор зарим хичээлийг ах эгч нараасаа илүү мэддэг. Харин ч ээж аавдаа заах хэмжээний ойлголттой байх нь бий. Гол нь хэсэг бусаг мэдээлэл ойлголттой байх нь сайн зүйл биш. Эдгээрийг багцалж мэдээллийн ёс зүй, худал мэдээллийн уршиг, мэдээллийг бүтээх багц ойлголт өгөх нь чухал. Ингэж байж хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол гэсэн агуулгадаа дүйнэ.

 

ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙН УРШИГ ИХ

 

УИХ-ын сонгуулийн үеэр фэйсбүүкээр худал мэдээлэл хэрхэн түгээж буй талаар судалгаагаа үргэлжлүүлж Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр орон нутгийн сонгуулийн үеэр судалгаа хийхэд худал мэдээлэл, ил далд сурталчилгааны төрлийн мэдээлэл 70-аас дээш хувьтай гарсан. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мөн энэ судалгаагаа өргөжүүлж хийнэ. Өнгөц харахад жирийн л нэг худал мэдээлэл байна гэвч өргөн утгаараа худал мэдээллийн хор уршиг хүний сонгох, сонгогдох эрхэнд нөлөөтэй. Цаашлаад улс төр, улс орондоо итгэх иргэний итгэлийг хөсөрдүүлж, ардчилалд ч хор уршиг учруулах боломжтойг олон улсын судлаач нар хэлж байгаа. Тиймээс иргэд нийгмийн мэдээллийн сүлжээг бодолтой, болгоомжтой, зөв зүйтэй ашиглаж байх нь чухал. Ялангуяа, сонгуулийн үеэр хүний нэр төрд ноцтой халдсан, худал хуурмаг зураг дүрс эвлүүлсэн, мэдээлэл их гардаг. Үүнийг нь хуурамч хаяг, троллуудаар түгээдэг. Зөвхөн фэйсбүүк биш твиттерт ч энэ хамаатай. Бидний хийсэн судалгаагаар 40 хүртэлх насны хүмүүсийн 80 гаруй хувь нь фэйсбүүкийг мэдээллийн гол эх сурвалжаа болгодог гэж гарсан. Мөн насны хүмүүсийн 17 хувь нь твиттерийг мэдээллийн гол эх сурвалжаа болгон хэрэглэдэг гэсэн. Тэгэхээр твиттерийг ч бид ажиглаж, судалгаа хийсэн.

 

MEDIA AND INFORMATION LITERACY БУЮУ MIL

 

Саяхан бид Фаро сан, Боловсролын хамтын ажиллагааны байгууллагатай хамтраад MIL for Edu сэдэвт аян явуулсан. Фэйсбүүкээр #mil4edu гээд хаштагаар хайвал аяны тухай мэдээллүүд гарч ирнэ. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаар Монголд анх удаа кампанит аян зохион байгуулсан нь энэ байх. Хэвлэл мэдээллийн суурь боловсролын үндэсний форум гэж сүүлийн хоёр жил зохион байгуулж хэвлэл мэдээлэл, боловсролын салбарынхан, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхан, номын сан, музей гэсэн мэргэжлийн байгууллагынхныг оролцуулж чуулсан. Мөн өнгөрсөн онд бид Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний сүлжээг санаачлан байгуулсан.

Хэдийгээр цар тахлын улмаас сургалтын үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа ч дунд сургуулийн багш нарт хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаар заах нь чухал гэж үзээд өнгөрсөн хавраас хойш 200 гаруй багшид хичээл орсон байна. Мэдээлэл хайх, хүлээн авахаас эхлээд худал мэдээллийг нягтлан шалгах аргад суралцах гэсэн хичээл заасан. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь зөвхөн мэдээллийг хүртэх, хүлээн авах, мэдээллийг шүүн тунгаахаас гадна мэдээллийг бүтээхтэй хамаатай асуудал. Жишээ нь, гэрэл зураг хэрхэн авах вэ, дүрс бичлэг хийх таван дүрэм, гар утсаараа хэрхэн контент бүтээх вэ, подкаст хэрхэн хийх вэ, инфографик хийх болон тоон мэдээллийг хэрхэн дүрсжүүлэх вэ гэдгийг сургалтаар зааж байгаа.

Сургалтаа цаашид илүү олон багш, сурагчдад хүргэнэ. Бас мэргэжил нэгт хэвлэл мэдээллийн салбарынхан маань хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаар ярьж бичдэг байгаасай гэж боддог. Нэг үеэ бодвол зарим газар энэ талын булантай, худал мэдээлэл шалгаж мэдээлдэг болсон байна. Фактчек буюу баримт шалгах гэдэг мэргэшил бий боллоо. Энэ ажлыг хийдэг хүнийг баримт шалгагч гэж нэрлэдэг болсон байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан энэ суурь боловсролыг дэмжиж олон нийтийг энэ талын ойлголт мэдлэгтэй болговол хэвлэл мэдээллийн салбар маань урагшилна. Хаа хаанаа хожно гэж бодож байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.26 ДАВАА № 83 (6560)

Зочин
Курс төгсөөл нийгмийг шинжлээд байх болоо юу энэ сэтгүүлчид гэж нэг сэндромтой нөхдүүд харин жинхэнэ өөр дээрээ наад Фактчекээ турш бүү ард иргэдээр тоглох гээд бай 9 эрдэнээ
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

6 цаг 16 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

6 цаг 41 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

6 цаг 59 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

7 цаг 4 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

7 цаг 16 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

11 цаг 8 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

12 цаг 9 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

12 цаг 30 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

17 цаг 6 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

17 цаг 16 мин