• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Боловсролын чанадад

2021-04-14 12:41

Навааны Пүрэвжав багш

 

Дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлдог АНУ, БНХАУ, ОХУ зэрэг улс дэлхийн математикийн олимпийн медалийн дийлэнхийг хуваагаад авчихдагч зарим нэг улс хааяа “цөм түрдэг”-ийн нэг нь Монгол юм. Улсын математикийн олимпиадын эхний байруудад шалгарсан сурагчид, дунд, дээд сургуулийн багш нарыг хот, хөдөөнөөс цуглуулан “Монсоник групп” ивээн тэтгэж олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулсан 1996, 1997 оны зуны сургалт, Экологийн боловсролын төвд анхны лицей загварын математикийн сургуулийг нээж төв, орон нутгийн багш, сурагчдыг хамруулсан олимпиадын нэгдсэн семинар, 1999 онд “Говь” ХК-ийн санхүүжилтээр олон улсын олимпиадад оролцох багийн эрчимжүүлсэн бэлтгэл, тэдний залгамж халаа болох 5-6-р ангийн математикт авьяастай хүүхдийн сургалт, эдгээрээс жишээлэн байгуулагдсан төрийн болон хувийн өмчийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгсөгчдөөс олон улсын олимпиадын алт, мөнгө, хүрэл медальт аваргууд, өнөөгийн өнгийг тодорхойлж байгаа олон сайн багш, докторууд төрөн гарч монголын математик дэлхийн түвшинд хүрсэнд нь санаачлан зохион байгуулагчдын нэгний хувьд баяртай явдаг юм. Математик, физик, химийн болон бусад төрөлжсөн, өргөтгөсөн сургалтын хөтөлбөрөөр хичээллэсэн олон зуун залуус Монгол Улсын хөгжил дэвшлийг дархлах нь дамжиггүй. 1982 онд бүтээгүй ч Олон улсын математикийн олимпиадыг 2026 онд өөрийн улсдаа зохион байгуулах санаачлага гаргасныг талархан сонсоод, боловсролын онол, амьдралыг гадарлах нэгэн учир олон ургальч үзлийн үүднээс энэхүү бичвэрийг тэрлэлээ.

“Засаглал бол нийгэмд сайн, сайхан амьдралыг боломжтой болгох үүрэгтэй” гэж Аристотель нийтийн тооллын өмнө хэлж байжээ. Хожмын диалегтикчид хөгжлийг агуулга хэлбэр, үйлдвэрлэл хэрэглээний зөрчлийн үр дүн хэмээн тодорхойлсон байдаг. Энэ талаасаа өнөөгийн Монголын боловсролын салбартай холбоотой үүсээд буй асуудал, шүүмжлэл, бухимдал нь цочирдмоор зүйл биш харин ч шалтгаан үр дүнгийн нэгдэл хэмээн авч үзвэл дэвшилд хүргэх зөв хандлага, шинэ зохицуулалт шаардсан үзэгдэл юм. Иймээс ч УИХ Боловсролын тухай багц хуулийг шинэчлэн батлахаар шийдвэрлэсэн байх.

Төр хэнийг ч нийгмийн харилцааны гадна орхихгүй байх, нийгэмтэйгээ зохицон амьдрах чадавхитай болгохын тулд төлөвшилийн жишиг бий болгосон нь “иргэн” хэмээх цогц ойлголт юм. Байгаль, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бойжин боловсорч “иргэн” болон төлөвшсөн хүн нь хүмүүний болон нийгмийн олон эрх эдлэхийн зэрэгцээ мөн эдгээрээс үүдэлтэй хариуцлага хүлээх чадамжтай болсонд тооцогддог. Боловсрол нь нийтээр дэмжсэн хандлагын хүрээнд, бусдаас ялгаатай байхыг хүлээн зөвшөөрөх зарчмаар хүнээс “хүн” болон хөгжих, зорилго чиглэл, агуулга, арга зүйтэй, бүтэцлэг, хэмжигдэхүйц нийгмийн үйл явц юм. Иймээс боловсролын байгуулагын гол ажил хэрэг нь “иргэн бойжуулах”, төлөвшүүлэх, боловсруулах явдал мөн.

Мөн чанарын хувьд боловсрол нь дотроосоо шинэчлэгдэх, өөрийгөө хөгжүүлэх, уламжлагдах, хадгалагдах эрмэлзлэлтэй, аяндаа зохирох төдийгүй захиалагдах, зааварчлагдах, жолоодогдох, олон талт үзэгдэл билээ. “Иргэн” төлөвших хүртэлх боловсролын үйл хэрэг төрийн зүгээс албадмал шинжтэй байгаад дараагийн түвшинд нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, төр, орон нутаг, иргэн, мэргэжлийн болон иргэний байгууллага, хувийн хэвшлийн оролцоо, санаачлагад тулгуурласан, олон чигт хөгжлийг дэмжих, зохицуулах арга, хэлбэртэй болдог.

Төр хуульчлан зохицуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “боловсролын агуулга, тогтолцоо”-г бүрдүүлж “үндэсний оюуны дархлаа”-г бий болгон хөгжүүлж улс гүрнийхээ тусгаар оршихуй, иргэнийхээ бие даан болон нийгэмшин амьдрахын хамгийн чухал баталгааг хангана. Монгол Улсын боловсролын үндсэн зорилго чухамхүү үүнд оршино.

Үндэсний боловсролын агуулга, тогтолцоо нь уламжлал шинэчлэл, даяаршил ондоошлийн зөв харьцаанд хүмүүнлэг, ардчилсан хууль ёс, хүний эрхийг дээдэлсэн, аливаад ялгаварлалгүй, нээлттэй, хүртээмжтэй, тэгш боломжтой, хувилбартай, сонголттой, тасралтгүй үйл ажиллагаатай, шинжлэх ухаанч, ойрын ирээдүйд хандсан, харьцангуй тогтвортой байх учиртай байдаг.

Шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн шалтгаан, үр дагаварын шүтэлцээ бүхий нэгдмэл тогтолцоог “улс орны хөгжлийг нөхцөлдүүлэгч тойрог” гэмээр агаад үр дүн нь үндэсний нийт бүтээгдхүүн үйлдвэрлэлийн өсөлтөд менежмент, технологийн ололтоор харьцангуй урт хугацааны дараа илрэх тул эдгээрийг салгаж ойлгох, төлөвлөх, хэрэгжүүлэх нь өрөөсгөл юм. Үйлдвэрлэлийн хөгжлийн гарцаагүй хүчин зүйлийн нэг болох боловсрол нь эцсийн эцэст эдийн засгийн утгаар илэрхийлэгддэг.

Социализмийн сүүл үе болох жолоодлогоо алдсан арваад жил, капитализмийн эхний жолоодлого дутсан хориод жилд төрийн ч, иргэний ч мэдлэг, мэдээлэл дутмаг, туршлагагүй, хуримтлалгүй, жигд бус оролцоо нь олонхид нь гарааны тэгш боломж олгосонгүй. Тэр дундаа боловсролыг нийгмийн зохиролд найдан зохицуулалтгүй орхиж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нийгмийн халамжийн түвшинд байлгасаар ажилгүйдэл даамжирав. Баялгийн шударга бус хуваарилалт гаарсан, дундаж давхарга нимгэн, хэдэн мянган ажлын байр зарлаад байхад гурван зуун мянган хүн ажилгүй байдаг, нийгмийн “халамж шүтсэн хаос төлөв” нь шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөрийн яам байгуулдаггүй гэхэд энэ талын бодлогыг нэгтгэн боловсруулж хэрэгжүүлдэг төрийн институци зайлшгүй хэрэгтэй байгааг нотлож байна. Социализмаас капитализм нь илүү оновчтой төлөвлөлт, ухаалаг зохицуулалт шаарддаг онцлогтой бололтой.

Зах зээлийн эдийн засагтай нийгэм аяндаа зохирох үзэгдлийн шалтгаантай боловч засаглалын ухамсартай, зорилго чиглэлтэй үйл ажиллагаа нь эерэг орчин нөхцөлийг бүрдүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэн, эрсдлийг бууруулан цаг хожих ач холбогдолтой. Урьдчилан оновчтой тодорхойлох, зөв хандлага тогтоох, хуульчлан зохион байгуулах, үүрэгжүүлэн хэрэгжүүлэх, хянан засварлах нь үр дүнтэй зохицуулалт юм. Нийгэм дэх хүний нөөцийг эдийн засаг дахь ажил эрхлэлтийн зохистой харьцаа бүхий ажиллах хүчний нөөц болгон шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх явдал бол боловсролыг засаглахын утга учир мөн.

Монголын “үндэсний оюуны дархлаа” буюу бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах ерөнхий эрдмийн шалгалт (ЕЭШ)-ыг зүсийг нь хувиргаад элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) болгож хялбарчлав. Дээд боловсролын агуулгыг судлах чадваргүй, 50 хувийн гүйцэтгэлгүй хэнийг ч дуртайяа элсүүлсэн нь сургалтын чанар муу, муу мэргэжилтэн, ажилгүй төгсөгчид гэхчлэн саар бүхний ундарга болж байна. “Өнөөдрийн нэг том асуудал бол олон хүн сургуульд сурсан хэдий ч цөөхөн хүн боловсролтой байна” гэж Томас Моор (1478-1538) тэртээ дундад зуунд уулга алдсаныг өнөө үед дахин сануулмаар” санагдана. Дээд боловсролын байгууллага төгсөгч бүрээ өөртөө болоод өрөөлд ажлын байр бий болгогч болтол хөгжүүлж чаддагсан бол энэ талын яриа байхгүй байхсан.

Нийгэм, эдийн засагт одоо, ирээдүйд шаардлагатай мэргэжлийг зарлах, сургалтын тэтгэлэгээр дэмжих зэрэг бол дээд боловсролыг хөгжүүлэх асуудлын зөвхөн нэг талыг “харсан” арга хэмжээ юм. Боловсролын засаглал харин ч эсрэгээрээ их, дээд сургуулиудын элсэгчдийн тоог хязгаарлан, тестийн бус уламжлалт аргаар шалгаруулалтыг тусад нь явуулах, босгыг өндөрсгөх, консерцумынхаа хүрээнд мэргэжлийн давхардалгүй болгох, орон нутаг, байгууллага, аж ахуйн нэр дээр сургах гэхчлэн үр дүнтэй зохицуулалтыг сэргээн хэрэгжүүлмээр байна. Дээд боловсролыг сонгох нь хэдийгээр хүний эрхийн асуудал боловч манай хүн амын хэдэн хувь нь ямар боловсрол, мэргэжилтэй байвал нийгэм, эдийн засгийн хөгжилд зохистой байхыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоон шударга шалгаруулалтаар шийдвэрлэдэг байх нь “ариун явдал” мөн. Ингэж шалгаруулах нь хүн өөрийн сонирхол, авьяас, суралцах хэр хэмжээнийхээ нийцлээр амьдралын замналаа эрт, нухацтай тодорхойлоход нь иргэддээ тусалж буй хэрэг болно. Үүнээс нийтлэг, түгээмэл, зонхилох боловсрол гэх ойлголт урган гарна.

Дулааны нүүрсийг эрчим хүч болгоод, кокс төмрийн хүдрээс ширэм ч болтугай үйлдвэрлээд экспортловол илүү ихийг олно. Таван толгойн нүүрсийг, Мааньтийн шохойтой нийлүүлэхээр барилгын материалын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Зэс хайлуулах хийгээд нефть боловсруулах үйлдвэр, Хэрлэн-говь, Орхон-говь төслүүдийг хөрөнгө босгон бодитой ажил үйлс болгохтой зэрэгцүүлэн нөхөгддөг баялгаа нано түвшинд гүйцэд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлмээр байна. Хөрш орнуудтайгаа учраа олох нь “чадна” гэснийг нь сонгосон иргэдийнх биш, эрх баригчдын “толгойны өвчин” байх ёстой. Барилга, замын улсын хөрөнгө оруулалттай ажлыг залуус хошууран очиж хийхээр цалин хөлсийг өндөр тогтоож тендерт нь зааж өгөөд шийдчих бол шийпвэр гаргагчдын хүсэл зоригийн л асуудал. Энэ бүгдийг нуршсаны учир нь Эрдэнэт, Эрдэнэс таван толгой, Энержи ресурс, Оюу толгой, Говь, Ээрмэл төмөр зам, цахилгаан станцуудынх шиг “чанартай ажлын байр” бий болгох санааг хөндсөн хэрэг юм.

Мэргэжлийн шаталсан сургалттай сургуулиудын оюутныг дэмжин тэтгэлэг олгож байгаа нь сайшаалтай. Цаашид дээд сургуулийг шинжлэх ухаан руу, коллежуудыг үйлдвэрлэл, технологи руу нь ойртуулахад мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх, менежментийн гэрээгээр ажиллуулах, өмчийн олон хэлбэрийн хөрөнгө оруулалтыг дэмжин мэргэжлийн боловсролын орон зайг тэлэх, үйлдвэрлэлийн дэргэдэх сургалтын төвүүдийг санхүүгээр тэтгэн, тууштай хөгжүүлэх нь зүйтэй. Учир нь төрийн зохицуулалттай, хүнд суртал, авилгалд идэгдсэн германы үйлдвэрүүдээс АНУ, Английн хувийн хэвшлийн бие дааж шийдвэр гаргадаг үйлдвэрүүд олон дахин их зэвсэг үйлдвэрлэж чадсаны ачаар дэлхийн дайнд фашизм ялагдсан гэдгийг огт мартаж болохгүй.

Хүрэлцээтэй амьдралтай, сэтгэл хангалуун ажилтай, өндөр мэргэжилтэй ажилчин, ажилтан, албан хаагчдыг хүн амын дундаж давхарга гэж тооцдог. Түүнээс биш компанитай, дээд боловсролтой болгоныг хэлдэггүй юм. Хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, уул уурхайг үүрч явах технологийн ажилчин, ажилтан бэлтгэх мэргэжлийн сургалт нь манай орны зонхилох боловсрол байх ёстой.

Улс орны эдийн засгийг аж үйлдвэржүүлэх, атрын аян, нэгдэлжих хөдөлгөөнийг өрнүүлэх үед хөдөө, орон нутагт ажиллуулах гол хөшүүрэг нь “сэтгэлийн дуудлага”, томилгооноос гадна цалин хөлс байсан юм.

Хангалттай сайн амьдралыг эрэлхийлэх нь хүний төрөлх араншин байсаар ирсэн, байх ч болно. Сонирхолын дагуу гэж ярьсаар ирсэн ч “тэргүүний” сурагчид цалин өндөртэй ажил мэргэжлийг эцэг эхийн зөвлөснөөр л сонгож иржээ. Ардчилсан тогтолцоо ч үүнийг өөрчлөөгүй, гэхдээ төрийн зохицуулалтаар биш, төрөлх зөн совингоороо амьдралын сайн эх үүсвэрийг эрэлхийлсэн нь гадаад хэл, программ хангамж, хуульч, менежер, уул уурхай, зам барилгын инженер, эдийн засагч гэх мэт сонголт байлаа. Энэ хугацаанд өмнө бэлдсэн сайн багш, тэдний шавь нарын үе мултарч сурлагын чанар үе дамжин суларсан. Сургалтын тэтгэлэг, урамшууллаар орж ирсэн цөөхөн “онцчууд” нь тэгэсхийгээд хувийн хэвшлийн цалинд татагдан одож нийгмийн давхарга, баялгийн хуваарилалтын ялгаа улам гүнзгийрсэн. Аль нэг салбарыг түлхүү хөгжүүлэх, чадварлаг ажилтны нөөц бүрдүүлэхэд цалин хөлс төрийн зохицуулалтын гол арга хэрэгсэл болдог. Насаараа багшлаад дараа нь “гайгүй юманд хүрэх” нь залуу хүний мөрөөдөл биш. Сайн багштай болохын тулд сургуулиа төгсөөд л хуримтлал үүсгэх “бололцооны сайн цалинтай залгадаг” тогтолцоо хэрэгтэй. Харин багшийн ёс суртахууны шалгуурыг хэзээд энэ тэргүүнд тавих ёстой гэдэг нь үнэн.

Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын баталгаа болон тархан суурьших хүн амдаа нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх нь улсын эдийн засгийн чадавхийг шавхсан ажил байдаг. Сургуулийн барилгын засвар, халаалт дулаан зэрэг тогтмол зардлыг сумдын төсвөөс санхүүжүүлбэл тэд орон нутгийнхаа хөгжлийн зорилго, хамран сургах боломждоо тохирсон хэв шинжийн үйлчилгээг сонгон хэрэгжүүлнэ. Багшлах хүний нөөц, хөрөнгө хүч хүрэхгүйг нь ялган сум дундын үйлчилгээнд төвлөрүүлвэл зардал хэмнэх төдийгүй үйлчилгээний чанар ч сайжирна. Зэрэгцүүлээд мэдээллийн технологийн дэвшилд суурилсан боловсролын үйлчилгээг захиргааны анхан шатны нэгж, айл өрхөд хүргэх дэд бүтцийг газар сайгүй цаг алдалгүй хөгжүүлэх ёстой. Уг нь зөв ойлгочихвол зохицуулалт нь их энгийн зүйл л дээ.

Олон жил зүтгүүлээд газар аваагүй алсын зайны сургалт энүүхэн хоёр жил “боловсроход хязгааргүй боломжтой”-г нотлон харууллаа. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээл, сурлагад ойртож анхаарал, хамаарал, оролцоо нь нэмэгдсэнээр нэг талаас “танхимын сургалтыг орлох зүйлгүй”-г мэдэрч теле, цахим сургалтын талаар гомдоллож байгааг буруутгахгүй. Мэдээж заах арга технологоо цахим орчны онцлогт нийцүүлэх шаардлага бий. Гэхдээ эцэг эх, багш, боловсролын үйл хэрэгт оролцогч хэн боловч анги ахих тусам “сурах боловсрохын үндэс нь өөрийн сэдэл, эрмэлзлэл, тэмүүлэл, эрэлхийлэл, идэвхи, хичээл зүтгэл, авхаалж юм” гэдэг нүцгэн үнэнтэй халгалгүйгээр нүүр тулах хэрэгтэй. Олон төрлийн хичээл заалгахаас өмнө, эсвэл зэрэгцүүлээд хүүхдийнхээ сая дурдсан чанарыг хөгжүүлбэл наанадаж амжилттай суралцана, цаанадаж амьдралын нь насан туршийн дадал болон тогтдогийг ухаарах нь зүйтэй. Хичээл гэдэг үг хичээнэ гэсэн утгатай буй за.

Цахим сургалтын тогтолцоонд танхимынхаас дутуугүй ач холбогдол өгч хослуулан хөгжүүлснээр манай орны хувьд тулгамдсан олон асуудлыг амжилттай шийдэж болно. Тухайлбал, сургуулийн өмнөх болон бэлтгэл, бага ангийн “заавал хамрагдан сурах цахим сургалтын хөтөлбөр” боловсруулан иргэдээ ахуй амьжиргаанаас нь салгалгүй, гэр бүлийг төв, хөдөө гэж бутаргалгүй, бага насны хүүхдийг эцэг эхээс нь хөндийрүүлэлгүй сургах хөгжүүлэх, цааш нь үргэлжлүүлэн цахимаар суралцаж ЕЭШ өгч болохыг яаралтай хуульчлан зөвшөөрмөөр байна. Насан туршийн боловсролын олон чиглэлт ажиллагааны үндэс нь энэ билээ. Ачааллаа дийлэхгүй байгаа суурин газрын сургуулиудад ч шөнө, орой 3-4 ээлжээр хичээллэн хүүхдүүдээ эрсдэлд оруулж байхаар дунд ангиудын нэг улирлын цахим сургалтаар сургуулийн ачааллыг бууруулж болно. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг өөрчилж жилийн дөрвөн улиралд сургалт хүмүүжлийн ажил, амралтыг зохицуулвал сургуулийн барилга, байгууламжийн ашиглалтыг сайжруулах, сургалтын цагийг нэмэгдүүлэх боломж бүрэн байна. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд 3+3+3+3 буюу бэлтгэл бага, бага, дунд, ахлах гэсэн бүрэн дунд боловсролын шатлал илүү нийцтэй. Багш нар сурагчдаа дагаад амарч ч болохоор, ажиллаж ч болохоор шийдвэл амьдралд нь тустай, багшлах боловсон хүчний хомсдлыг шийдэх гол арга болно. Бэрхшээл саадгүй шинэчлэл гэж үгүй. Гэхдээ манай иргэд ажил амралтаа зөв зохицуулдаг болсон нь анзаарагдаж л байна. Дашрамд дурдахад төлбөрийн аргаа боловсронгуй болгочихвол нэн хэрэгцээтэй, тулгамдсан, сонирхсон чиглэлээрээ мэдээллийн технологи ашиглаад багштайгаа “байнга уулзаж” тасралтгүй боловсрох өргөн бололцоо албан болон албан бус сургалтын хүрээнд нэгэнт бүрджээ. Боловсролын хөгжлийн үйл явц өнөөдөр технологийн дэвшилтэт сургалт бүхий цахим орчинд төвлөрч байна.

Ер нь боловсрол нь “эзэмшдэг” буюу гаднаас олж авдаг, хүнээсээ ангид байсан зүйл бишээ. Хүн аливаа “төрж төлжигсдийн” жамаар амьдралын бүхий л цаг хугацаандаа боловсорч чанарын нэг түвшингөөс ахисан чанарт дэвших ба бусад оршихуйнуудаасаа ялгаатай оюун ухаантны хувьд боловсрох боломж нь хязгаарлагдахгүй аж. Хүнд угаасаа төрмөл оршдог сурах функц, механизмыг нь хөгжүүлэх аргумент бол сургалтын агуулга юм. Иргэн тухайн соёл иргэншилдээ ажиллаж амьдрахад нь шаардагдах хүмүүнлэгийн болон шинжлэхүйн, мөн амьдрахуйн ухааны тодорхой мэдлэг, чадвар, дадал, ухаарал, арга зүй, сэдлийн цогц төлөвших жишгийг нийтлэг боловсролын агуулга гэнэ. Шинэ арга зүй төлөвшсөнөөр дахин шинээр мэдэх сэдэл төрөх шалтгаан, нөхцөл болно. Ингэж чанарын нэг төлвөөс дараагийн төлөвт ахих дэвшил, шилжилт, хөдөлгөөн, хөгжлийн цагираг үйл явцыг боловсрох, тухайн төлвийг нь боловсрол гэнэ. Суралцахуйн утга учир, үндэс нь энэ бөлгөө. “Үндэсний оюуны дархлаа” тогтоох нийтлэг боловсрол нь улс төрийн асуудал мөн боловч улс төржсөн агуулгагүй, монгол иргэнийг төлөвшүүлэх үндэсний эрх ашиг дээр зөвшилцөн нэгдсэн, бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хуульчлагдсан, заавал суралцах бага утгад стандартчилагдсан, их утгадаа хязгаарлагдаагүй, зорилго, хамрах хүрээгээ зөв тодорхойлсон, амьдрахуйн арга зүй, хөтөч байх ёстой. Суралцагчийн сурлагын амжилт гэх ухагдахуун бол байлсан үйл ажиллагааны товлолтой таацуулсан хэр хэмжээ юм. Харин энэхүү таамаглан тогтоосон хэрэгцээг хангах, тохирох эсэхийн нийцлийг боловсролын чанар гэнэ. Жишээ нь, дөрвөн аргын тоонд мундаг байхаас эхлээд интеграл, дифференциал сайн боддог болсон нь боловсролын амжилтыг илэрхийлэх бол математикаас орон зай, тоо хэмжээ, зүг чиг, зүй тогтлыг ухаарч дараагийн мөчлөгийг таамаглах чадамж төлөвшсөн нь боловсролын чанар, түүнд харгалзах шинж болой. Хүүхдийн суралцахуй хаана гацсаныг нь оношлоод хаана ч хүртэл хөгжүүлж болно гэж манай боловсролын тэргүүлэх онолчид үздэг нь үнэн юм.

Байгалиас бодьгал бүрт харилцан адилгүй хэдий ч ямар нэгэн бодит онцлог, авъяас билэг заяасныг чадвар гэж үзвэл хүний боловсрох явцад бий болсон суралцах найдваршлыг нь чадавхи гэж болно. Харин аливаа үйлийн гүйцэтгэлд харгалзах үр дүнг чадамж гэдэг. Түүнчлэн өсөх дэвших шинжийг чадахуй, арга зүйн талыг нь ур чадвар гэхчилэн томьёолно. Эдгээр ойлголтыг сэдэл, ухаарал зэрэг ухагдахуунаас нь салгалгүй танин мэдэхүй, суралцахуйн зүй тогтол болохыг зөвшөөрч сургалтын агуулга, арга зүйг төлөвлөх, гүйцэтгэх, хянах үйл ажиллагаанд нэвтрүүлж гэмээ нь сая дэвшилтэт хандлага тогтоно. Яг тэр зүйлээ биш, түүний тухай заах, бүтээлч биш зөв хариултыг урамшуулдаг арга зүй улиран одож байгаа нь теле болон цахим хичээлээс ажиглагдаж байна. Боловсролын үндэсний стандартын хэмжээнд сургалтын бүрэн бүтэн агуулгаар нь цахим сан бүрдүүлж, сурах бичиг бүрийн үйл хөдлөл, дуу чимээ бүхий өгүүлэмжтэй хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэх нь танин мэдэхүйдэх хүртэхүйн боломжийг өргөтгөсөн, сургалтын технологийг бодитой шинэчилсэн дорвитой арга хэмжээ болно. Улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг оновчилсноор боловсролын хүртээмжийг сайжруулах боломж байна. Сургууль сурагчдыг хэрэгцээтэй, сонирхсон мэдээллээ өгөгдлийн их сангаас зөв сонгон судалж хөгжих аргад сургаад зогсохгүй, тэдэнд цахим ертөнцтэй харьцах соёл, ухамсар, сахилгыг төлөвшүүлэх ёстой. Түгээмэл боловсролын жишээ энэ юм.

Боловсролын үйлчилгээний олон сайн жишиг тогтоож буй хувийн өмчийн оролцоог дэмжихийн зэрэгцээ төлбөрийн үндэслэлийг хэрэглэгчдэд тайлагнадаг болгох хэрэгтэй. Төрийн өмчийн лаборатори, кэмбриджийн хөтөлбөртэй сургуулиудын төсвийн санхүүжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд арга туршлагыг нь бусад сургуульд түгээх, хамран сургах тойргийн тогтолцоонд шилжүүлж болно. Боловсролын аль ч шатны байгууллагын улс төрийн хараат байдлыг халж, мэргэжлийн удирдлагыг тууштай хэрэгжүүлэх, сургуулийн төлбөргүй үйлчлэх үүрэгтэйгээс бусад чиглэлээр хүний нөөц, тойргийнхоо онцлогт нийцүүлэн бизнесийн мэргэжлийн байгууллагатай танилцах, суралцах, дадлагажих, бүтээлцэх хамтын ажиллагаа хөгжүүлэх эрхийг нь олгох хэрэгтэй. Боловсролын эдийн засгийн үйл ажиллагааны дам нөлөөнд нийгмийн тодорхой хэсэг ажил амьдралтай болдог.Иймээс боловсрол нь бас таваарлаг шинжтэй ажээ.

Боловсролын дэд бүтцийн болон хөндлөнгийн оролцоотой байгууллагуудын тогтолцоогоо дэмжих өгөөжийг нэмэгдүүлэх талаар тусад нь дэлгэрэнгүй бичих шаардлагатай тул энд цухас дурьдаад өнгөрлөө.

Монголын боловсролын төрийн захиргааны төв байгууллага нь гадны сургалтын системийг бүхэлд нь нутагшуулах гэж туйлшралгүй, зайлшгүй, дэвшилттэй, тохиромжтойг сонгон үндэснийхээ боловсролын тогтолцоо, агуулга, арга зүйг баяжуулан хөгжүүлж тив дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, улмаар монгол туургатны боловсрол, соёлын голомт, боловсролыг экспортлогч улс болох алсын хараатай ажилламаар байна.

Боловсрол хүний оюуны чадамж, мэдлэгийн цар хүрээ, гүн гүнзгий сэтгэлгээ, зүй тогтлыг таамаглах торгон мэдрэмж, ёс суртахууны зохистой хандлагыг хөгжүүлдэг. “Хүн ухамсартай бол эрх чөлөөтэй байж чадна. Харин сэтгэлийн хөдөлгөөндөө (үзэл сурталд) баригдвал эрх чөлөөгүй” гэж Лэйбниц (1646-1716) хэлсэн байдаг. Хувийн өмчийг эрх чөлөөний баталгаа, “хөрөнгөтэй хүн гурван төрд нүүртэй” гэдэг ч үнэндээ хөрөнгөтэй болох, өсгөж арвилах бол хүний боловсрол, хөгжлөөс шууд хамааралтай байдаг. Ардчилалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд иргэдийн боловсрол дутагдана гэх гутранги үг олонтаа сонсож байлаа. Харин боловсролгүйгээр ардчилал төгс биш гэдгийг бол би лавтай мэдэрч байна. Боловсрол бол эрх чөлөөний тань язгуур, эрх чөлөө таны хөгжлийн үндэс яах аргагүй мөн. Өнөөгийн амьдралд боломжтой болсон юм бүхэн хүний хөгжлийн үр дүн билээ. Боловсролын чанадад эрх чөлөөт оршихуй буй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.