• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Д.Мөнхтогоо: Монгол Улс олон улсын шаардлага хангасан  ганцхан музейтэй

2021-02-22 07:05

Б.ДОЛЖИНЖАВ

 

 “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга, доктор (Ph.D) Д.Мөнхтогоог урьж, Музейн тухай хууль болон музейн хөгжлийн талаар ярилцлаа.

 

Санхүү дутмагаас соёлын өвийн хадгалалт шаардлага хангадаггүй

БЛИЦ

Боловсрол:

-2000 он: Соёлын дээд сургуулийг Музейн арга зүйч, аялал жуулчлал зохион байгуулагч мэргэжлээр

-2002 он: СУИС-д “Б.Шаравын уран бүтээлийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын судалгаа” сэдвээр соёл судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

-2019 онд: СУИС-д “Монголын музейн нэхмэл эд өлгийн зүйлийн хадгалалтыг сайжруулах судалгаа, боловсруулалт” сэдвээр соёл судлалын ухааны докторын зэрэг (Ph.D) хамгаалсан.

-Мэргэжлийн чиглэлээр АНУ, БНСУ, Япон, БНХАУ-д болон ЮНЕСКО-ийн сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн. ОХУ, Франц, АНУ-д олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж байсан.

 

Ажлын туршлага:

-1995-1996 онд: Уран зургийн галерейд зохион байгуулагч, нярав

-2007-2009 онд: “Аеро Монголия” ХХК-д Маркетингийн албаны дарга

-2009 оноос: Монголын үндэсний музейд менежер, куратор, арга зүйч, Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга,

-2010 оноос:  Музейн үзүүллэг дэглэлт, хадгалалт хамгаалалт чиглэлээр мэргэшсэн арга зүйч

-2013 оноос: Монголын музейн үндэсний сургагч

-2020 оноос: “Музей судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга

-2020 оноос: СУИС, Соёлын сургуулийн “Соёлын өв, музей судлал”-ын ангид “Сан хөмрөгийн бүртгэн баримтжуулах арга зүй”, “Үзүүллэг дэглэлт, төлөвлөлт”, “Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт” сэдвээр хичээл зааж байна.

Манай улсад музейн барилга байгууламжийн нөхцөл муу. Олон улсын стандарт шаардлага хангасан  ганцхан музей байна. Улс, аймгийн музей болон орон нутагт 300 гаруй танхим үйл ажиллагаа явуулдаг.  Тэдгээр нь 250 мянга орчим үзмэр, цуглуулгатай. Эдгээрээс хадгалалтын орчин нөхцлийн хувьд олон улсын стандарт шаардлага хангасан байшинтай музей нэг бусад нь шаардлага хангахгүй орчинд үзмэр цуглуулгаа хадгалж байгаа.Учир нь санхүү, хөрөнгө оруулалтын хэмжээ бага, цалин хангамж бага, мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц дутмагаас шалтгаалан соёлын өвийн хадгалалт хамгаалалт шаардлагын түвшинд байж чаддаггүй.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2013 онд Эрдэнэзуу музейгээс нэлээд хэмжээний үнэтэй бурхад, үзмэр алдагдсан. Тухайн үедээ Соёлын яам, музейн удирдлага, цагдаа хүчний байгууллагынхан хурдан шуурхай ажилласны хүчээр бүгдийг эргүүлэн олж авсан байдаг. Тэр үеэс хойш шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр үзмэр алдах эрсдэл буурсан. Улс, аймгийн бүх музей иж бүрэн дохиолол хамгааллын системтэй болж, үзмэртэй харьцах ажилтнуудын мөрдөх дүрэм журам шинэчлэгдсэн, сан хөмрөгт орох, гарах хөдөлгөөн журмаар зохицуулагддаг болсон.

Монгол Улсын хэмжээнд музейд үзмэр хадгалах сан хөмрөгийн хадгалалтын талбай хүрэлцээгүй, музейн барилгын стандарт байхгүй учир сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн хадгалалтад сөргөөр нөлөөлж 1м2 талбайд ногдох нэгж үзмэрийн тоо их байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон яамны хамтарсан судалгаагаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй музейн сан хөмрөг, үзүүллэгт тохирсон байр, тоног төхөөрөмжтэй эсэх, үзмэрийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, стандартын зохистой гэрэл, дулаан, чийгийн орчныг бүрдүүлсэн эсэхийг гаргахад Монголын бүх музейн 80.5 хувь нь дундаас доогуур үнэлэгдсэн нь үзмэрийн  хадгалалт, орчин нөхцөл хангалтгүй байгааг илэрхийлж байна.

Ер нь аливаа ажлыг хүн л хийдэг тул соёлын өвийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдал хүний нөөцтэй шууд хамааралтай. Музейн хүний нөөц, мэргэжилтнүүдийн ур чадвар хангалттай биш байдаг. Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь мэргэжлийн, нарийн ажиллагаа шаарддаг тул ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхийг дээшлүүлж, байнга дадлагажуулж сургаж байх шаардлагатай.

 

Сан хөмрөгийн орчин нөхцөлийг сайжруулах  шаардлагатай

 

Музейн үзмэр, эд өлгийн зүйлс нь гол төлөв урьд өмнө амьдрал, ахуйд хэрэглэгдэж, тодорхой хэмжээний элэгдэл хорогдолд орсон байдаг ба сан хөмрөгийн орчин нөхцөл, буруу хадгалалтаас шалтгаалан жилээс жилд муудаж, хэврэгшсээр байдаг. Тухайлбал, Соёлын өвийн үндэсний төв улс, аймгийн музейн сүүлийн 10 жилийн дунджаар жилдээ 148 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг сэргээн засварласан байсан. Мөн 2012 оны Монгол Улсын музейн сан хөмрөгийн улсын тооллогын нэгдсэн дүнгээс харахад улс, аймгийн 22 музейн яаралтай сэргээн засварлах шаардлагатай 1197 дэсийн 1485 ширхэг үзмэр байгаа нь музейн эд өлгийн зүйлсийн хадгалалтын горимыг сайжруулах, шинэчлэх шаардлагатайг илтгэж байна. Дээрх тоон үзүүлэлтээс харахад Монгол улсад жилдээ 148 үзмэр, эд өлгийн зүйлийг сэргээн засварлах боломж, чадамжтай байдаг бол бодит байдал дээр энэнээс даруй 10 дахин их эрэлт хэрэгцээ байдаг болох нь харагдаж байна. Тиймээс сан хөмрөгийн орчин нөхцөлийг нэн даруй сайжруулах нь тулгамдсан асуудал юм.

Үзмэр худалдан авах төсөв нь хангалтай биш  тул цөөн тооны үзмэр авдаг. Монголын музей үзмэр, цуглуулгаа хэдэн хэдэн арга замаар баяжуулдаг. Үүнд музейн хайгуул, малтлага, судалгааны ажлын үр дүнд олж авах, худалдаж авах, өв, бэлэглэлийн журмаар авах, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлж авах, өөрийн хөрөнгөөр бүтээлгэх, хандив, тусламжаар авах гэсэн арга байна. Тиймээс цөөн үзмэр худалдан авсан ч хайгуул цуглуулгаар болон бусад арга замаар үзмэрээ баяжуулах боломжтой байдаг. Үзмэр худалдан авах төсвийг нэмэгдүүлэх, шинээр үзмэр хийлгэх төсвийг музейн төсөвт суулгаж өгөх хэрэгтэй гэж боддог. Гадаадын музейг харахад хандивлагчдын өгсөн үзмэр, цуглуулга, санхүүжүүлсэн үзүүллэгийн танхимтай байдаг. Монголд тийм систем нэвтрүүлэх хэрэгтэй. Шинэ хуулинд музейн аюулгүй байдлыг хангах нэг бүлэг заалт орсон.  Заалтуудыг дагалдан гурван түвшний стандарт, нэг журам боловсруулахаар тусгасан байсан.

Музейн аюулгүй байдлыг хангахдаа музейн орчны, барилга байгууламжийн, сан хөмрөгийн гэсэн гурван түвшинд авч үзэн тус бүрд стандарт боловсруулж мөрдүүлнэ гэсэн заалтыг  хэрэгжүүлэх боломжтой. Мөн музейн сан хөмрөгийн бүртгэлийг хуулийн нэг бүлэг болгон оруулж, ерөнхий бүртгэлийг үндсэн бичиг баримт гэж хуульчилсан нь музейн үзмэр, цуглуулгаа эзэмших эрхийг баталгаажуулсан хууль эрх зүйн чадамж бүхий баримт бичиг болсон. Өмнө нь үзмэр алга болох асуудал үүсэхэд эрх зүйн чадамж бүхий бичиг баримтад тооцогддоггүй байсан. Хуулийн зохицуулалтаар Монголын музей олон улсын стандарт шаардлага хангасан, зориулалтын барилга байгууламжтай болно, үндэсний болон улсын зэрэглэлтэй музей төрийн хамгаалалтанд орох боломж бүрдсэн зэрэг нь соёлын өвийн хадгалалт хамгаалалтад тулгамдаж буй олон асуудлыг шийдсэн сайн гарц болно.

 

Музейг тайлбартайгаар үзсэнээр бүтэн боть ном уншсан мэт мэдлэг олж авдаг

Музей бол нийгмийн хөгжилд үйлчилдэг, хүн төрөлхтний эдийн болон оюуны соёлын өвийг цуглуулах, хадгалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий байгууллага юм.   Түүх, соёлын өвийг баримтжуулах,  нийгмийг соён гэгээрүүлэх  гэсэн хоёр үндсэн чиг үүрэгтэй. Музейн тухай хууль батлагдсанаар эдгээр үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдлээ.  Тухайлбал, хуулиар хүүхэд үнэ төлбөргүй музейгээр үйлчлүүлэх боломж олгосон нь эх оронч, үндэсний ухамсартай хүмүүнлэг иргэн болгож хүмүүжүүлэх, музейн үзмэр үзүүллэг, боловсролын хөтөлбөрөөр дамжуулан мэдлэг, мэдээлэл олгож хөгжүүлэх, сургуулиар олж авсан мэдлэгийг бататгах зэргээр нийгэм залуу үеийг соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэхийг тусгасан зэрэг нь нийгэмд үзүүлэх үр өгөөж нь болно. Гадаад, дотоодод үзэсгэлэн зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа үйлчилгээ эрхлэх зэрэг олон үйл ажиллагаа нь хуулиар олгогдсон эрх болж байгаа тул эдгээрт тулгуурлан эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломжтой.

Музейг ойлгодог, үзмэрийн үнэ цэнийг мэддэг, биширдэг иргэдийг бий болгохдоо хүүхдийг багаас нь музей үзүүлж, хичээлийн хөтөлбөрийг музейтэй уялдуулж, чөлөөт цагаа музейд өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Музей, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн багш нарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог идэвхжүүлж ялангуяа түүх, газарзүй зэрэг хичээлээр заавал музей үздэг, музейн үзмэрт тулгуурласан бие даалт хийлгэдэг болгох хэрэгтэй гэж боддог. Музейн зүгээс нас насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөрүүдтэй болох нь чухал. Мөн олон нийт, оюутан сурагчдад зориулсан төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг болох хэрэгтэй.

Музей үзэхэд богино хугацаанд, сонирхолтой хэлбэрээр түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн их хэмжээний мэдлэгийг системтэйгээр, амархан олж авч чаддаг. Өөрөөр хэлбэл музейг тайлбартайгаар анхааралтай үзсэн хүн нэг дор бүхэл бүтэн боть ном уншсан мэт мэдлэг олж авч чаддаг.Өөрөөр хэлбэл зузаан ном өгөөд унш гэхээс илүү музей үзүүлчихвэл сонирхолтой хэлбэрээр амархан мэдлэг олж авна гэсэн үг юм. Ингэснээр тухайн хүний түүх, соёлоо сонирхох, хичээлдээ болон шинжлэх ухаанд хандах хандлага сайн тал руугаа өөрчлөгддөг мөн сурах идэвх, сонирхол илүү сайжирдаг.

 

Чингис хааны музейн үзмэрийн  70-80 орон нутгийн музейгээс бүрдүүлэх боломжтой

 

Манай улс өнө удаан жилийн арвин баялаг түүх, соёлын өвтэй.  Чингис хааны музейн хувьд олон улсын стандарт шаардлага хангасан агааржуулалт, чийг, дулааны хэмийн болон дохиолол хамгааллын иж бүрэн системтэй,хангалттай зай талбайтай шинэ музейтэй болж байгаад баяртай байна. Монголын музейн хөгжил, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулан шинэ шатанд гаргах салбарын том бүтээн байгуулалт гэж харж байгаа. Олон улсад үзмэр, цуглуулгын хадгалалтын мөчлөгийн жишиг хугацаа 100 жил байдаг гэж үзэн хадгалалтын орчин нөхцлөө бүрдүүлдэг. Тэгвэл бид музейн зарим үзмэрээ эхнээс нь хадгалалтын орчин нөхцөлийг сайжруулах боломж гарч ирж байна. Чингис хааны музейд тавих үзмэр цуглуулгын 70-80 хувийг улс, аймаг, орон нутгийн музей болон эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн дэргэдэх музейгээс бүрдүүлэх боломжтой хэд хэдэн үндэслэл байна.

Музейн үзмэр, цуглуулга нь хуулийн дагуу төрийн өмч байдаг музей өөрөө эзэмшигч юм. Тиймээс төр өөрийн өмчийн соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, орчин нөхцлийг сайжруулах зорилгоор тодорхой шийдвэр гаргаж нааш цааш нь шилжүүлэх боломжтой. Монголын музейнүүд үзмэрийнхээ бага хувийг олон нийтэд дэлгэн үзүүлдэг. Тухайлбал, Монголын Үндэсний музей нийт үзмэрийнхээ долоон хувийг үзүүллэгт дэлгэж, бусдыг нь сан хөмрөгийн өрөөнд хадгалдаг.  Харин шинээр баригдаж буй музей нь “Чингис хааны нэрэмжит хаад язгууртны музей” тул үзмэр цуглуулга, баяжуулалтын хувьд түүхийн бүх цаг үеийг хамрах боломжтой.

 

Монгол, Чехийн музейн тогтолцоо ижил төстэй

 

Музейн хуулийн хувьд Монгол улстай дүйцүүлж, жишиг болгон авч болохуйц орнууд гэвэл Чех, Грек, Япон  улсыг дурдаж болно. Тухайлбал, Чехийн хууль маш тодорхой бүтэцтэй. Монгол, Чехийн музейн тогтолцоо ижил төстэй. Грекийн хуульд бүртгэл хийх үүргийг Монголтой адил тодорхойлсон, музейн дотоод дүрмийн талаар практик заалттай. Харин Японы хуульд бүртгэл хийх музейн үүргийг тодорхой, ил тод заасан, энгийн, сайн бүтэцтэй байдаг. Эдгээр хуулиас манай музейн хуулинд оруулвал чухал гэж боддог зарим нэг онцлог заалтыг дурдъя.

 Чехийн хуулиас Соёлын яам арга зүйн төвүүдийг санхүүжүүлнэ, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга зүйн заавар, зөвлөмж өгнө, цуглуулга худалдан авах сангийн тухай заалтыг оруулах хэрэгтэй. Грекийн хуулиас “Музей байгуулах, өргөжүүлэх, сайжруулах, ажиллуулах зорилгоор барилга байгууламж, газрыг албадан хураах, худалдан авч болох бөгөөд орчин тойронд нь хамгаалалтын бүс байгуулж болно. Музей байгуулж ажиллуулахад нэг болон түүнээс дээш цуглуулга, шаардлага хангасан барилга байгууламж, ажиллах хүчин болон музейн зорилгыг биелүүлэхэд хэрэгцээтэй бусад зүйлсийг хангасан байх ёстой. Олон нийтэд сургалт, судалгааны зорилгоор цуглуулгатай харьцахад музей туслалцаа үзүүлнэ” гэсэн заалтуудыг хуулиндаа тусгах нь чухал. Харин Японы хуулиас “Музейн мэргэжилтэн нь бакалавраас дээш зэрэгтэй байх бөгөөд их дээд сургуульд Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрт заасны дагуу музейн холбогдолтой хичээлийг 62 кредит цагаас дээш  үзсэн байх, гурван  жилээс дээш музейн мэргэжилтний туслахаар ажилласан байх” гэсэн заалтыг хуулиндаа оруулвал ач холбогдол ихтэй.  Музейн мэргэжилтний туслахын ажил гэдэг нь музейн үйл ажиллагаатай төстэй үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллагад хамаарах ажил мэргэжил бөгөөд, музейн мэргэжилтний туслахын ажилд тохирсон, Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрт заасан ажил мэргэжлийг хамруулна гэсэн байдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.22 ДАВАА № 34 (6511)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.