• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Б.Цэцэгсайхан: Эрүүл мэндийн тухай буруу мэдээлэл тараасны уршиг удаан үргэлжилдэг

2021-01-11 08:00

Т.БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа  хүргэдэг билээ. Энэ удаа бид Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайханыг урьж ярилцлаа.

 

Хавдартай тэмцэх үйл ажиллагаанд гарсан түүхэн алхам

 

-Дэлхий дахинаа өнгөрсөн онд хавдартай тэмцэх үйл ажиллагаанд гарсан түүхэн үйл явдал боллоо.  Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар умайн хүзүүний хавдрыг устгах дэлхийн стратеги батлагдав. Түүхэн хэмээн тодотгосон нь анх удаа хүн төрөлхтөн нэгэн төрлийн хавдрыг бүрэн устгана гэсэн том зорилт тавьсанд байв.

Өмнө нь халдварт өвчнүүдийг л устгана гэж ярьдаг байв. Тухайлбал, саа, улаан бурхан өвчнийг дэлхий даяар бүрэн устгана гэсэн зорилтууд тавьж байсан. Хавдрыг устгана гэсэн нь анхных бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын хувьд чухал хариуцлагатай мэдэгдэл байлаа.  Умайн хүзүүний хавдар хүний папиллома вирусээр үүсгэгддэг, хамгийн өргөн тархалттай ч урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ өвчнөөс сэргийлэх анхдагч арга зам бол халдвар авахаас өмнө буюу өсвөр насанд нь вакцинжуулах явдал байдаг.  Нөгөө талаар умайн хүзүүний хавдар бол дэлхий дахины тэгш бус байдлыг илтгэх өвчин.  Учир нь өндөр хөгжсөн орнуудын 85 хувь нь хавдраас сэргийлэх вакцинд хүн амаа хамруулж, нас баралт 30 хувьтай байна.  Эсрэгээрээ бага дунд, орлоготой орнуудын хувьд дөнгөж 25 хувь нь вакцин нэвтрүүлж, нас баралт 60 хувьтай байна. Тиймээс ДЭМБ-аас 90:70:90 зорилт буюу ирэх 10 жилийн хугацаанд улс орнуудад 15 насны охидынхоо 90 хувийг вакцинжуулалтад хамруулж, 35, 45 насны эмэгтэйчүүдийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалтыг 70 хувьд хүргэж, умайн хүзүүний хавдраар оношлогдсон эмэгтэйчүүдийн 90 хувийг эмчилгээнд хамруулах зорилт тавьж ажиллах зөвлөмж өгсөн. Ингэснээр хүн төрөлхтөн 2030 он гэхэд умайн хүзүүний хавдрыг 10 хувь бууруулж, 2120 он гэхэд умайн хүзүүний хавдрын 70 сая тохиолдлоос сэргийлж чадна гэж тооцож байгаа. Нийгмийн эрүүл мэндийн урт хугацааны бодлогуудын үр дүн шууд гарахгүй ч хэдэн арав, зуун жилийн дараа үр өгөөжөө өгч байдаг шүү.

 

Жилдээ 400 гаруй хүн энэ өвчнөөр оношлогдон, 200 гаруй нь нас бардаг

 

Блиц

Мэргэжил: 
-Хүний их эмч

Боловсрол: 
-1985-1995 он: Нийслэлийн 93-р дунд сургууль 
-1995-2001 он: ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургууль, хүний их эмч 
-2001-2005 онд: ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургууль, анагаах ухааны доктор 
-2013-2014 онд: Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль, эрүүл мэндийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. 

Ажлын туршлага: 
-2001-2004 онд Говь Алтай аймгийн Алтай суманд их эмч 
-2005-2007 онд МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн техникийн менежер, орлогч эрхлэгч 
-2007-2013 онд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн 2014-2015 онд ДЭМБ-ын мэргэжилтэн 
-2016-2017 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх
- 2017 оноос Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал

Сонгуульт ажил: 
-ОХУ-д төгсөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Австралийн Моззис нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн

 

-Манай улсын хувьд тун харамсалтай нөхцөл байдал ажиглагдаж байна.  Эмэгтэйчүүдийн дунд зонхилох хоёр дахь хавдар бол умайн хүзүүний хавдар.  Жилдээ 400 гаруй хүн энэ өвчнөөр оношлогдон, 200 гаруй нь нас бардаг. Хүн амын тоо болон бусад орнуудтай харьцуулахад энэ бол маш өндөр тоо. Одоогоор дэлхийн 110 гаруй улс энэ хавдрын вакциныг товлолдоо оруулж, охид эмэгтэйчүүдээ умайн хүзүүний хавдраас сэргийлж байна.  Гэтэл манай улсад энэ вакцин өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Уг нь Монгол Улсад бүр дээрээс буюу 2012 онд умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн.   Өмнөговь, Сэлэнгэ, Багануур, Баянгол дүүрэгт өсвөр насны охидод хийсэн. Гэвч цөөн хэдэн хүн, түүн дотроо зарим нэг эмч нар хүртэл “Охидыг үргүй болгодог” гэсэн буруу мэдээллийг нийгэмд тарааснаар энэ хөтөлбөр зогссон.  Харин хор уршгийг нь бид өнөөг хүртэл амсаж сууна. Буруу мэдээллийг тарааж, нийгэмд вакцинд үл итгэх байдал үүсгэсний үр дүнд хүүхдийн товлолт дархлаажуулалт буурч, 2015 онд улаан бурхан өвчний дэгдэлт гарахад хүртэл нөлөөлсөн харамсалтай зүйл болсныг хэлэх хэрэгтэй. Хавдрын үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг дагаж судлахад вакцин маш үр дүнтэй буюу хавдар үүсгэдэг папиллома вирусээс 90 хувь хамгаалсан байсан бөгөөд жирэмслэлтэд ямар ч нөлөө үзүүлээгүй байсан. Бид олон орны эрдэмтэдтэй хамтарсан гурван том судалгаа хийж, үр дүнг олон улсын томоохон сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Өнгөрсөн онд гэхэд олон улсын импакт фактор өндөртэй хоёр сэтгүүлд хэвлүүлсэн.  Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцины үр дүн бусад оронтой адил маш үр дүнтэй гэдгийг нотолсноороо ач холбогдолтой юм. Нөгөө талаар судалгааны үр дүнгүүд нотолгоонд суурилсан шийдвэр гаргах буюу вакцины хөтөлбөрийг Монгол Улсад оруулж ирэх бодлогын орчныг өөрчлөхөд томоохон түлхэц болсон.

 

Бид  хөмөрсөн тогоон дотроо байсаар байж болохгүй

 

-Эрүүл мэнд бол улс төржих сэдэв биш.  Шинжлэх ухааны үндэслэл, нотолгоогүй зүйл ярьж, олон хүнд эргэлзээ төрүүлэх нь эргээд олон жилийн дараа ч олон хүний эрүүл мэндэд шууд бус, дам утгаар эрсдэл үүсгэж байдаг. Жишээлбэл, умайн хүзүүний хавдрын вакцины явдлаас хойш вакцинжуулалт зогсож, өнгөрсөн есөн жилд бид 3600 хүнийг умайн хүзүүний хавдар гэдэг өвчнөөс аврах боломжийг алдсан. Шинжлэх ухаан хөгжиж, улс орнууд дэвшилтэт эмчилгээ, оношилгоонд нэвтрүүлээд явж байна.  Гэтэл бид  хөмөрсөн тогоон дотроо хуучин хүүгийн адилаар байсаар байж болохгүй. Умайн хүзүүний хавдрыг устгах дэлхийн стратеги зорилтыг хэрэгжүүлэхийн тулд одоо бид цаг алдалгүй, хүн амдаа, ялангуяа ээж нартаа вакцины талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв мэдээллийг түгээх нь чухал байна. Вакцинаа оруулж ирж, өргөн хамруулах, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрөө сайжруулах шаардлагатай байна. COVID-19-ийн нэг давуу тал нь бидэнд лабораторийн чадавх, түүн дотроо хүн болгоны мэддэг болсон PCR буюу молекул биологийн шинжилгээний чадавхийг улс орон даяар бэхжүүлэх боломжийг олгосон. Сүүлийн үед умайн хүзүүний хавдрыг илрүүлэхэд бидний хэрэглэж заншсан ПАП шинжилгээнээс молекул биологийн түвшинд хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээ рүү шилжиж байна. Иймд энэ технологи, хүний нөөцөө ашиглан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийг шинэ түвшинд гаргах боломж гэж харж болно.

 

Хүүхдийн хавдрын асуудалд олон тал хамтарч ажиллах нь чухал байна

 

-Хүүхдийн хавдрын асуудал үргэлж анхаарлын гадна үлдэх гээд байдаг.  ДЭМБ-аас 2018 онд “Хүүхдийн хавдартай тэмцэх дэлхий нийтийн санаачлага”-ыг баталсан нь хүүхдийн хавдрын талаар гаргасан анхны бодлогын бичиг баримт байсан. Манай орон ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн орнууд дотроосоо Филиппины дараах, хүүхдийн хавдрын нөхцөл байдлыг сайжруулах хоёр дахь загвар орноор сонгогдсон.  Улмаар гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан нь хүүхдийн хавдартай тэмцэхэд түүхэн явдал гэж үзэж болно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрүүл мэндийн сайдын ивээл дор ЭМЯ, ДЭМБ, ЭХЭМҮТ, АНУ-ын St.Jude-ын  хүүхдийн эмнэлэгтэй хамтран “Хавдаргүй үрс” улсын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдсан. АНУ-ын St.Jude-ын  хүүхдийн эмнэлэг нь ДЭМБ-ын хүүхдийн хавдрын гол түнш байгууллагаар 2018 оноос хойш ажиллаж байгаа. Хэдийгээр хатуу хөл хорионы үе байсан ч, олон мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд, нийгэм, боловсролын салбар, иргэний нийгмийн байгууллагууд хамтран цахимаар зөвлөгөөнөө зохион байгуулсан. Хавдартай хүүхдүүдийн эмчилгээ оношилгоо, нөхөн сэргээлт, сурч боловсрох эрх, нийгмийн халамж, гэр бүлийн дэмжлэг зэрэг олон асуудлуудыг энэ хурал дээр хөндөж, хэрхэн сайжруулах, хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцсэн. Миний хувьд АНУ-ын St.Jude-ын эмнэлгийн дэргэдэх Евроазийн хүүхдийн хавдрын зөвлөлийн бүсийн зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон, бүсийн 17 оронтой хамтран бүс нутгийн хэмжээнд хүүхдийн хавдрын асуудлыг тал бүрээс нь шийдвэрлэхийн тулд хамтран ажиллаж байгаа. Манай байгууллагын хувьд хүүхдийн хавдрын талаар эцэг эхчүүдэд зориулсан энгийн ойлгомжтой мэдээллүүдийг монгол хэл дээр орчуулах ажлыг хийж байгаа. Хүүхдийн хавдрын талаар иж бүрэн, найдвартай эх үүсвэртэй мэдээлэл бүхий АНУ-ын St.Jude-ын эмнэлгээс эцэг эхчүүдэд зориулсан “Хамтдаа” веб сайт монгол хэл дээр орчуулагдсан. Манай байгууллага энэ сайтыг монгол хэл дээр орчуулах эрх аван сайн дураараа орчуулж байгаа эхний орон болж байгаа. Түүнчлэн олон улсын Арслан клубын “Хангай” болон “Бодь” клубууд хүүхдийн хавдрын талаар гарын авлага, цуврал ном хэвлүүлэхэд хамтран ажиллаж байгаа юм.  Хүүхдийн хавдрын асуудал бол ганц нэг байгууллагын хийх ажил биш. Олон талууд хамтарч ажиллаж байж амжилтад хүрэх боломжтой байдаг. Иймд ирэх гурван жилийн хугацаанд олон дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаа.

 

COVID-19 хавдрын эмчилгээ, оношилгоог тасалдахад хүргэлээ

 

-Хавдартай өвчтөнүүд хавдрын өвөрмөц эмчилгээний улмаас дархлаа суларч, дарангуйлагдсан байдаг.  COVID-19-ийн өвчлөл үүнийг улам бүр эмзэг болгож байна. Дэлхий дахинаа цар тахалтай холбоотой хөл хорио архаг хууч өвчтэй, түүн дотроо хавдартай өвчтөнүүдийн тусламж үйлчилгээнээс гадна хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог тасалдуулахад хүргэж байна. Манай орны хувьд ч бүтэн жил үргэлжилсэн хязгаарлалт, хөл хорио, мөн арваад хоногийн өмнө ХСҮТ-ийн эмнэлэгт гарсан COVID-19-ийн тохиолдол зэргийн улмаас холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдож, олон хүний эмчилгээ хойшлогдоход хүрсэн. Хэдийгээр хими эмчилгээг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлсэн ч бодит байдал дээр зарим дүүрэг хүлээж авахгүй байна.  Мөн  заримд нь химийн эм тариа байхгүйн улмаас өвчтөнүүдийг нааш цааш явуулах, мэс засал, туяа эмчилгээ тасалдах зэрэг явдал гарч байгаа нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Хөл хорионы улмаас хавдрын эмчилгээ хойшлогдох нь өвчтөнүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг олон оронд судалсан байна.  Судалгаагаар долоо хоног мэс засал хойшлогдоход хавдрын нас баралт 6-8 хувь, туяа эмчилгээ дөрөв долоо хоног хойшлогдоход нас баралт 9-13  хувь нэмэгддэг талаар “British Medical Journal” сэтгүүлд хэвлэгдсэн байна. Зөвхөн өвдсөн хүмүүсээс гадна, хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгүүд олон оронд тасарч, хойшлогдсон асуудал ч гарч байгаа. Үүнээс харахад, COVID-19 дууссаны дараа хавдрын тохиолдол 15 хувь өсөх, хожуу илрэх тохиолдол ихсэх, хавдрын нас баралт нэмэгдэх тооцооллууд байна. Иймд бид ч мөн адил ирэх жилүүдэд хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэнэ гэдгийг тооцоолж ажиллах шаардлага гарч байна.

 

“Дарь эхийн өргөө”-гөө хааж зүрхлээгүй, 30 гаруй өвчтөн байрлаж байна

 

-Хөл хорионы улмаас орон нутгийн зам хаагдсан.  Энэ нь хөдөө орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдэд маш хүнд нөхцөл байдал үүссэн. Иймд үед ямар ч айл гаднаас өвчтэй хүн гэртээ байлгах дургүй болсон.  Бүх дэн буудлуудыг хаасантай холбоотой, зарим хүн өвлийн хүйтэнд автомашиндаа хүртэл хоног төөрүүлэх тохиолдлууд гарч байна.  Манай Хавдрын үндэсний зөвлөл дэргэдээ 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хөдөө орон нутгаас хотод ирсэн өвчтөн, асран хамгаалагч нарыг байрлуулдаг “Дарь эхийн өргөө” түр байрлуулах төв ажиллуулж байна. Бидэнд дэн буудлын статус олгосон тул бас л хөл хорионы үед хаах ёстой. Гэвч урт хугацааны эмчилгээтэй, явах газар байхгүй, танил айл байхгүй 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нар байрлаж байна.  Тиймээс бид хааж зүрхлээгүй, хүмүүсээ байрлуулсан хэвээр байгаа. Энэ хүнд үед олон өвчтөнийг гудамжинд гарч, өвчнөө сэдрээхээс сэргийлж, аюулгүй орон байраар хангаж байна. “Дарь эхийн өргөө маань” байгуулагдсанаасаа хойш 1700 гаруй хүнийг байрлуулж тус  нэмэр болжээ. Саяхан манай байгууллагад олон улсын “Арслан клуб”-ээс дунд оврын жийп автомашин хандивласан. Гадаадын улс орнуудад ийм тээврийн хөтөлбөрүүд байдаг. Харин манай оронд анх удаа хавдартай өвчтөнүүдийг үнэ төлбөргүй тээвэрлэдэг тээврийн хөтөлбөртэй болсноороо онцлог юм. Үүгээрээ бид хавдартай хүүхдүүд болон Дарь эхийн өргөөнд байрлаж буй өвчтөнүүдийг эмчилгээнд нь хүргэж өгөх, буцааж авах үйлчилгээ үзүүлж байна. Идэр есийн хүйтэнд эмнэлэг рүү явахад нь дулаан унаагаар үйлчилж туслах бол өвчтэй хүмүүст үзүүлж буй том тус юм. Эхний сарын жолоочийн цалин болон шатахууны төлбөрийг “Лидер” арслан клубын хамт олон дааж байгаа. Манай бүх үйл ажиллагаа төрөөс ямар ч дэмжлэггүй, цэвэр хандив дээр тогтож байдаг.  Түүнчлэн манай байгууллага хавдрыг даван туулах, хавдрын үеийн хооллолт, гэр бүлийн хүн хавдраар өвдсөн бол хэрхэн хамтдаа даван туулах, хавдартай хүүхдүүдэд зориулсан буддаг ном гээд өвчтөн, асран хамгаалагч нарт хэрэгцээтэй номнуудыг англи хэлнээс орчуулан цуврал ном болгон хэвлүүлдэг. Энэ номнуудыг сайн дурынхан маань орчуулж өгч, хэвлэх зардлыг хүмүүсийн хандиваар босгож, үнэ төлбөргүйгээр тараадаг. Хөл хорионы үед бид энэ үйлчилгээгээ тасалдуулахгүйн тулд хүргэлтийн газруудтай хамтран номнуудаа хүргэж өгч байгаа. Олон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгтэйгээр өвчтэй хүмүүст үзүүлэх дэмжлэгт хөтөлбөрүүдээ хөл хорионы үед ч үргэлжлүүлсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.11 ДАВАА № 6, 7 (6483, 6484)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуягбат
Манай төр хавдар гэдэг энэ өвчинтэй тэмцэх ажил, тэр тусмаа хүнээ, монгол хүний / монгол хүүхэд/ генийг хамгаалахад онцгой анхаарах ёстой.

Холбоотой мэдээ