• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Р.Булгамаа: Хуулиа сахиж, бие биедээ хүндэтгэлтэй хандацгаая   

2020-11-24 08:00

Ч.ҮЛ-ОЛДОХ

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамааг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

-Хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх явцад хүний эрх зөрчигдсөн тухай гомдол иргэдээс гарсан. Онцгой үед төрийн байгууллагууд хууль хамаагүй, тогтоосон дэглэмээр явна гэсэн  байдаар хандаж болдог юм уу?

- Манай улс энэ цаг мөчид гамшгийн үеийн хорио цээрийн дэглэм сахиулахад   тодорхой бодлого хэрэгжүүлэх, УОК-ийн  шийдвэрүүдийг иргэд, хуулийн этгээд дагаж мөрдөх шаардлага бий болоод байна. Бид  нэг сэтгэл зүтгэлээр,  хорио цээрийн  дэглэмийг бүгд  сахиж байж  аюулт тахалын ард нь гарч чадна. Гэтэл   хорио цээрийн дэглэм сахиулахтай холбогдуулан хүний эрхийг   зөрчиж байгаа,  хүний  эрхэд хүндэтгэлгүй хандсан үйлдлүүд гарах боллоо. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй“-г  заасан. Хуулийн болон төрийн байгууллагын гаргаж буй шийдвэрт хүндэтгэлтэй  хандаж, хуулийн дагуу  хөдөлмөрлөж, ажил амьдралаа зохицуулах шаардлага иргэн бүрт адилхан тавигдаж байна.  Эрх мэдэлтэн, албан тушаалтан байхаас үл хамаарч бүгд хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрч, сахин биелүүлэх ёстой. Энэ цаг мөчид цагдаагийн байгууллага, алба хаагчид хорио цээрийн дэглэм,  нийтийн хэв журмыг сахиулах, хамгаалах,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Үүнд цагдаагийн байгууллагаас гадна дотоодын цэрэг, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид, зарим төрийн албан хаагч  татагдан оролцож байгаа. Тэгвэл  бодит байдалд зөвшөөрөгдсөн цэг зурвасаар нэвтрэх, эсвэл халдваргүйжүүлэх цэгүүдэд дэг журам сахиулахгүй байх, нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагуудыг хүлээж авахгүй байх, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 49  дүгээр зүйлд заасан цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэх зэрэг үйлдэл түгээмэл харагдаж байна.

 Хуульчийн  хувьд  цагдаагийн алба хаагчаас тавьж байгаа  шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 49 дүгээр зүйлд ямар тохиолдолд  алба хаагч тухайн зөвшөөрөгдсөн цэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой  үйлдэл хийж болохыг  заасан.  Эрүүл мэндийн төвд албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн, эсвэл нийтийн хэв журам хамгаалах цэгт цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ авна. Үүнд   хуульд зааснаар  биеийн хүч хэрэглэхээс гадна, тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэхийг заасан байдаг.

-Албадлагыг  хэрэглэх нөхцөл  үүсэхэд   шууд хэрэгжүүлэх үү, эсвэл?

-Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 47  дугаар зүйлд тухайн иргэнд хууль ёсны шаардлагыг урьдчилж  тавина. Биелүүлэхгүй бол  хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээг хэрэглэнэ гэдгийг урьдчилж сануулах учиртай. Гэхдээ шаардлагыг биелүүлэх хангалттай хугацаа өгсний дараа биеийн хүч хэрэглэнэ. Энэ харилцаанаас харахад талууд  харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой  нь ойлгогдоно. Цагдаагийн алба хаагчийн  тавьсан хууль ёсны шаардлагыг иргэд хүндэтгэлтэй хүлээн авч биелүүлэх,  цагдаагийн албан хаагч шаардлага тавихдаа хүний эрхэд хүндэтгэлтэй хандаж хуулийн дагуу шаардлага тавьж, түүнийг  биелүүлэх хугацааг өгч,  эсэргүүцсэн тохиолдолд  албадлагын арга хэмжээг хэрэглэх ёстой. Энэ хуулийн  49.2-т  хүүхэд болон жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд биеийн хүч хэрэглэхийг  хориглодог. Харин халдвартай иргэн зугтах, эрүүл мэндийн болон бусад эрх бүхий байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн байдал үзүүлбэл шууд албадлагыг хэрэглэхээс өөр аргагүй.

-Хүний нэр төрд халдсан   үйлдлүүд  бас гарах боллоо?

  -Цар тахлаас нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.12-т цар тахлаар өвчилсөн болон өвчилж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэхээр  заасан. Хуулийн 11.5-д ХЭҮК хуульд заасны дагуу иргэдийн эрхийг хангах, хяналт тавих чиг үүргийг  зааж өгсөн. Гэтэл цар тахлын үед өвчилсөн иргэдийн мэдээллийг нээлттэй тавих, ажил болон гэрийн хаягийг зарлах нь тэр хүмүүсийг санаатай цар тахлыг  тараасан мэт ойлголт өгч,  амьдралд нь ан цав үүсгэх, алдар хүндэд нь халдах асуудал гарах боллоо. Хуульд  хүнийг гутаан доромжлохгүй байх,  хүний эрхийг хамгаалахаар  зохицуулсан. Тухайлбал Эрүүгийн хуулийн 13.10р зүйл Хувь хүний нууцад халдах, 13.11р зүйл Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийн талаар тодорхой зохицуулсан. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад халдаж  өөрийх нь зөвшөөрөлгүйгээр харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж задруулсан бол торгох ял, хорих ялын зохицуулалттай байгаа. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр худал мэдээ мэдээллийг хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд илт халдсан шинжтэйгээр тараасан бол Эрүүгийн хуулийн 13.14р зүйлийг удирдлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Өвчин  хэлж ирдэггүй. Цар тахлын халдварыг авья гэж хэн ч бодохгүй, түүнийг  санаатайгаар гэр бүл, ойр тойрныхондоо тараах үйлдэл хийхгүй. Халдвар авсан, эмчлэгдэж байгаа иргэдийн эрхэд хүндэтгэлтэй хандаж,  мэдээллийг нууцлахад хэвлэл мэдээлэл, олон нийт анхаараасай. Бусдын нэр төр, хувийн орон зайд халдах нь хүний эрхэд халдсан ноцтой зөрчил юм. Энэ нь  цаашид  ийм жишиг, үр дагаврыг үүсгэж болзошгүй. Иймд цар тахал, хөл хорины үед бусдын эрхэд хүндэтгэлтэй хандах, хүний эрхийг зөрчихүй байхад  бүх нийтээрээ онцгой анхаарахыг  танай сониноор дамжуулан уриалъя.

-Хоригдсон болон шүүгдэгч  иргэд  өмгөөллийн туслалцаа авч чадаж байна уу?

  - Засгийн газар  178 дугаар тогтоолоор төрийн байгуулага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг гаргаж, түүндээ шүүх, прокурорын байгууллагыг оруулсан  ч өмгөөллийн байгууллагын үйл ажиллагааг орхигдуулсан. Иргэдийн эрхийг хамгаалдаг, хүний эрхийн манаач нь  өмгөөлөгчид. Гэтэл энэ үйл ажиллагааг орхигдуулснаар  хэрэг хянан шалгах ажиллагаанд өмгөөлөгч иргэдийн  эрхийг хамгаалж оролцох  нь хорио цээрийн дэглэм зөрчих байдал үүсгэхээр байна.  Монголын өмгөөлөгчлийн холбооноос УОК, ХЭҮК-т энэ талаар  зохих албан бичгүүдийг хүргүүлсэн байдаг. Гэтэл Засгийн газрын 178р тогтоолын хариу болгож Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж гэсэн гарын үсэгтэй зөвхөн МӨХ-ны Ерөнхийлөгчид хамаарал бүхий, Өмгөөллийн байгууллагыг шүүх прокурорын байгууллагын хамаарлын байгууллага мэтээр томьёолсон, ойлгомжгүй албан бичиг ирүүлэх жишээтэй. Энэ мэт хариуцлагагүй, зарчимгүй байдлыг төрийн албан хаагчид, эрх мэдэлтнүүд өөрсдөө гаргахгүй байхад цаашид анхаарах хэрэгтэй байх.

Өнөөдөр ШШГЕГ-ын харъяа хорих ангиуд өмгөөлөгчдийг нэвтрүүлэхгүй байгаатай холбоотойгоор үйлчлүүлэгчид буюу тэнд байгаа яллагдагч, шүүгдэгч нар хуульзүйн туслалцаа авах эрх нь хаалттай болсон. Энэ бол хүний эрхийг санамсар болгоомжгүйгээр, тогтоолд нэг байгууллагын нэрийг орхисноос үүдэн үүсч буй хүний эрхийн ноцтой зөрчил. Өөр  нэг асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд иргэн давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхийн тухай хуулийн зохицуулалт бий. 38.1.2-т зааснаар давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүнд  заавал урьдчилан танилцуулж гарын үсэг авч шүүхэд ханддаг хуулийн зохицуулалттай. Гэтэл өмгөөлөгч хорих анги руу нэвтэрч  үйлчлүүлэгчтэйгээ  уулзаж чадахгүй учраас давж заалдах хугацаанд гомдлоо гаргаж өгч чадахгүй  байх, улмаар хуулиар зохицуулагдсан тухайн  хүний эрх  зөрчигдөж байна. ЭХХШТ хуулийн 38.2т Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах хуулийн хоног хугацаа заасан зохицуулалттай. Хэдийгээр тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулж хорих ангид байгаа ч гэсэн  тэд  Монголын Улсын  иргэн, тэдэнд  хүний эрх гэдэг ойлголт хамаарах учиртай.  Төр, засаг энэ мэт алдаатай, хайхрамжгүй шийдвэр гаргаж болохгүй. Үүнээс үүдэж хүний эрхийн ноцтой зөрчил үүсч байна. Төрийн шийдвэр тогтвортой, хүний эрхийг дээдэлсэн хуулийн дагуу гарсан байх ёстой. Мөн өдөр бүр өөрчлөгддөг тогтоол шийдвэрүүд нь ард түмэн олон төр, засагтаа итгэх итгэлийг алдагдуулахад хүргэж байна.

-Хөдөлмөрлөх эрх зөрчигдлөө гэх  гомдлыг   зарим иргэн хэлж байна?

-Иргэд  ажилтай, орлоготой байх, хөдөлмөрөө үнэлүүлэх  эрх нь  тодорхой тушаал, шийдвэртэй  холбоотойгоор зөрчигдөж байна. Жишээ нь, Нийслэлийн Онцгой комиссоос хүнсний түгээлтийг шөнийн цагаар явуулах чиглэл өгсөн нь  иргэдийн шаардлагаар эргээд  хэвийн горимд шилжсэн. Тухайн үед шөнийн 22:00 –цагаас өглөөний 6:00 цаг хүртэл түгээлт хийх чиглэл өгснийг  худалдаа, үйлдвэрлэл  эрхлэгчдийн зүгээс бодит байдалтай нийцэхгүй байна гэсэн. Дэлгүүрүүд, тэнд ажиллагсад, бизнес эрхлэгч, түгээгчид зэрэг 4000 гаруй иргэн шөнийн цагаар түгээлт хийх боломжтой гэж олон нийтэд тайлбарласан. Шөнийн цагаар  хөдөлмөрлө  гэж байгаа нь илүү цагаар ажиллах,  эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн. Шөнөжин ажлын байрандаа  бараа ирэхийг хүлээж, өглөө нь залгуулаад ажиллах нь тухайн иргэдийн дархлаа сулрах, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эрхээ эдлэх, хамгаалуулах боломжид нь   бэрхшээл учирч буй нэг хэлбэр юм.

Иймд хэдий  цаг үе маань хүнд нөхцөлд байгаа ч  төрийн байгууллагууд шийдвэр гаргахдаа нухацтай хандаж, тухайн салбарт хамаарах мэргэжилтнүүдээс зөвлөмж чиглэл авч иргэд, хуулийн этгээдийн эрхэд  хүндэтгэлтэй хандаж, тэдний саналыг нь авч үзэх  хэрэгтэй юм. Тэгэхгүй бол тухайн шийдвэр  хэрэгжих боломжгүй, иргэдийн амьдралд  нийцэхгүй. Мөн эргээд гаргасан шийвэрээ өөрчлөх, эсвэл дахиж өөр шийдвэр гаргахад хүргэх, цаашлаад  хүмүүсийн хувийн зохион байгуулалт, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа, төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлөхөд хүргэж   байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд шөнийн цагаар ажиллавал  нэмэгдэл хөлс олгохоор   зохицуулсан. Гэтэл өнөөдөр бодит байдалд энэ зохицуулалтыг хийх чадамжтай хуулийн этгээд, аж ахуй нэгж хэр олон байгааг анхаарах ёстой. Хөдөлмөрийн тухай хуульд ажил, амралтын цагийг тодорхой заасан. Ердийн ажлын үргэлжлэх цаг  тус хуулийн 70.2-т зааснаар найман цаг байна. Түүнээс илүү хөдөлмөрлөж байгаа тохиолдолд  хөл хориотой  холбоотой зайлшгүй байх ёстой гэж асуудалд хандалгүйгээр хөдөлмөр  эрхийн харилцаанд хүндэтгэлтэй хандаж бодитой шийдвэр гаргах учиртай.

 -Иргэдийн эдийн засгийн эрх хэр хангагдаж байна вэ ?

-Ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг хойшлуулах чиглэл өгсөн зэрэг Засгийн газрын  зарим шийдвэрийг  иргэд таашааж байна. Сэтгэл дундуур зүйл ч байна. Тухайлбал, цар тахлын  эхний хязгаарлалтын үед   аж ахуй нэгжүүдийг дэмжсэн санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлсэн шийдвэрүүд хэрэгжүүлсэн. Сая ийм шийдвэр гаргаагүйд  бизнес эрхлэгчид сэтгэл дундуур үлдлээ. НДШ, НӨАТ, хүн амын орлогын албан татварын асуудалд ямар дэмжлэг үзүүлэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр эдийн засаг тогтворгүй байдалд орж,  бизнес эрхлэгчид орлогогүй, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй боллоо. Энэ байдал 14 хоногийн хөл хориогоор хязгаарлагдахүй цааш үргэлжилбэл,  бизнес эрхлэгчдэд учрах  эрсдэлийг хэрхэх вэ гэдэгт Засгийн газар тодорхой шийдэл гаргах байх.

 Түүнээс гадна хүн амын дийлэнхи нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг  ломбардаар үйлчлүүлдэг.  УОК-ын шуурхай мэдээлэл дээр  иргэд сэтгүүлчдээр дамжуулан энэ талаар  асуулгаж байсан. Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад байгууллага ажиллахгүй энэ үед ломбардын үйл ажиллагаа зогссонтой холбоотой хоёр айдас байна. Нэгдүгээрт, эд зүйлээ алдах, хоёрдугаарт орлого зогссон учраас  яаж мөнгөтэй болж эд зүйлээ авах вэ, эсвэл зээлийн хугацааг хэрхэн сунгуулах вэ гэж байна. Гэтэл  төрөөс  ямар ч шийдэл гаргасангүй. УОК-ын мэдээлэл дээр  Ерөнхий сайдаас энэ талаар асуухад СЗХ-ны даргад хариулах чиглэл өгсөн.  СЗХ-ны дарга Д.Баярсайхан  “СЗХ хариуцахгүй. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь  ямар нэгэн тусгай зөвшөөрөл авдаггүй. Бидний мэдэж байгаагаар тухайн орон нутгаасаа зөвшөөрөл авдаг. Маргаан гарвал  шүүх, цагдаагийн байгууллагаар шийдүүлэх зохицуулалттай” гэж хариулсан.

Ажилгүй, орлогогүй, олсон орлого нь хүрэлцээгүй  иргэд  санхүүгийн  хямралтай байгаа учраас өөрт байгаа эд зүйлээ ломбадад тавих хэлбэрээр  амьдралаа залгуулах нь түгээмэл. Гэтэл цар тахалтай холбоотой эд зүйлээ алдах эрсдэл үүслээ. Иргэдэд учраад байгаа санхүүгийн бичил гэлтгүй сэтгэл зовоосон асуудлыг шийдэх гарцыг төр хийх ёстой. Төрийн ойлгомжгүй менежментийн үр дагавар, хор уршгийг иргэд хүртэх учиргүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт  шилжихдээ энэ мэтээр иргэдийг хохироож болохгүй. Хуулийн этгээдүүд нийгмийн хариуцлагаа хүлээн зөвшөөрч, иргэдийн эрхийг хүндэлж, эд хөрөнгийн эрхэд халдахгүй байх уян  хатан зохицуулалт хийх хэрэгтэй. Ийм шийдлийг хүлээж, иргэд телевизийнхээ өмнө Ерөнхий сайдын үгийг анхааралтай сонсч, харж  байсан.  Гэтэл СЗХ нь “Ломбард бол  тусгай зөвшөөрөлгүй байгууллага. Хэрэв  эд хөрөнгөө алдвал цагдаагаар шийдүүл” гэсэн бүрхэг хариу өгч   иргэдийн   урмыг хугаллаа.

-Ломбардыг зохицуулах  хуулийн гаргалгаа  байна уу?

-Цар тахлын  хөл хорионы үед гэмт хэргээс урдьчилан сэргийлэх, гэмт хэргийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6.1.1-т цар тахлын шуурхай арга хэмжээг авч явуулахдаа УИХ  шаадлагатай тохиолдолд хэлэлцэх хуулийн төслийн дарааллыг харгалзахгүй цаг үеийн чанартай тодорхой асуудлаар буюу иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг яаралтай зохицуулах хуулийн төслийг хэлэлцэх боломжтой гэж заасан. Өнөөдөр ломбард гэх бичил санхүүгийн байгууллагад иргэд эд хөрөнгөө өгч санхүүгийн үйлчилгээ авсан. Эргээд эд зүйлээ алдах уу гэдэг эргэлзээтэй  байдал үүссэн учир  яаралтай хуулийн төсөл оруулж асуудлыг шийдэх боломжтой. ХЗДХЯ-наас мөнгөн зээлийн тухай үйл ажиллагааны хууль  гаргах, ломбардын харилцааг зохицуулахаар ярьж байсан. Энэ хуулийн төслийг эргэж нягтлаад  үүсээд буй асуудлыг УИХ-аар шийдүүлэх бүрэн боломжтой. Ломбард ер нь заавал тусгай зөвшөөрөл авдаг, дээрээ хяналттай, зохицуулалттай  байх ёстой. Тэд  зээлийн хүүг дураараа тогтоож,  дураараа нэмж хасдаг, татвараа шударгаар төлдөггүй, иргэдийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулчихаад зөрүүг  нь буцааж төлдөггүй хууль бус үйлдлүүд гаргадаг. НӨАТ-ийн баримтыг нийт ломбардын ердөө 20 хувь нь  олгодог бол  бусад нь  өгдөггүй. Өнөөдөр Монголд барьцаалдан  зээлдүүлэх 1100 гаруй  ломбард үйл ажиллагаа явуулдаг ч 30 хүрэхгүй хувь нь татвар төлж, бусад нь зайлсхийдэг.  Хамгийн олон нь БЗД-т 412 ломбард байдаг гэсэн судалгаа бий.

Иргэний тухай хуулийн 282.2-т барьцаалан зээлдэх газраас олгосон зээлийн хүүг талууд харилцан тогтооно гэж заасан ч бодит байдалд ломбардууд хүүгийн тохиролцоог огт хийддэггүй. Өөрсдийн тогтоосон хүүг шууд тулгадаг. Олонх нь 7-14 хоногийн хугацаанд 8-10 хувийн хүүтэй зээл олгож, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцдог нь иргэний хуулийг илт зөрчиж байна.

Түүнчлэн ломбардаас гадна гар дээрээс  өдрийн зээл олгодог явдал замбараагаа алдаж, өдрийн хүү, зээлсэн мөнгөө бодон шаналж суугаа иргэд олон байна.Иргэдийн амьдрал ахуйтай холбоотой эдгээр асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх, гарц гаргалгааг эрэлхийлэхэд чиглэсэн шийдлийг СЗХ  Ерөнхий сайдынхаа өмнө  ярих ёстой  байтал өөрсдөөсөө түлхэж байгаа нь учир дутагдалтай. Харин ч дорвитой шийдэл гаргаж, ажил хэрэг болгохын төлөө, цар тахлын үед иргэдийнхээ сэтгэл санааг  амгалан тайван байлгахын  тулд  яаралтай шийдвэр гаргах ёстой.

- Лангуу, подваль түрээслэн канон компьютерийн үйлчилгээ, оёдол хийх зэргээр амьдарч ирсэн  иргэдийн тухайд   төр, засгаас бас л  шийдэл гаргасангүй?

-Лангуу, обьект түрээслэж байгаа иргэдийн түрээсээ төлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах вэ гэвэл түрээслэгч хуулийн этгээд, аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт олгох  байдлаар зохицуулж, түрээслэж буй иргэдээс  мөнгө авахгүй байх боломжийг бүрдүүлж болно.Бүх нийтийг хамарсан гамшгийн үед ийм зохицуулалтыг төр, засгаас хийх боломжтой.

- Ерөнхийлөгч  хүнсний ваучер өгөх  санал  гаргасныг Засгийн газар боломжгүй гэсэн. Тэгсэн атлаа  оновчтой   шийдвэр   гаргасангүй. Өдрийн орлогоор   амьжиргаагаа залгуулж байсан, одоо  ямар ч орлогогүй болсон тэдгээр иргэдийн гэр бүл,  бага  насны  хүүхдүүд   өлсч, өлдөж үхэх эрдсэл үүсвэл яах вэ?

-Цар тахлаас нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулийн 7.5 дугаар зүйлд цар тахлын үед хорио цээрийн  дэглэмийн хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгж, цалин орлого нь тасалдсан иргэдэд  Засгийн газар  дэмжлэг үзүүлэх ёстой гэж  заасан. Хуулийн 7.1.12-т цар тахлын үед орон гэргүй, нэн ядуу иргэдийг орон байр, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газар зохион байгуулна. 7.1.13-т  цагдан хорих байр, хорих ангид байгаа болон эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас сэргийлэх ажлыг  мөн зохион байгуулна гэж тус тус заасан. Тэгвэл  өнөөдөр зөвхөн өдрийн орлогоор хоолоо олж, гэр бүлийн гишүүдийнхээ хэрэгцээг хангадаг айл өрхөд учирсан нөхцөл байдлыг шийдвэрлэх, зохицуулах субьект нь Монгол Улсын хуулиар Засгийн газар юм.  Тиймээс  зорилтот бүлгийн иргэд, гэр бүлийг тодруулж тэдэнд чиглэсэн халамжийн бодлогыг зайлшгүй явуулах  шаардлагатай. Хэрэв цар тахал, хөл хориотой холбоотой хүнсний дутагдлаар, түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээр хүний амь нас, эрүүл мэндэд аюулт нөхцөл байдал үүсч,  гарз хохирол  учирвал Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Төрийн тэргүүн хуулийн дагуу санал гаргасан. Энэ хүнд цаг үед Монгол Улсын хамгийн гол үнэт зүйл болсон монгол хүндээ чиглэсэн төрийн оновчтой бодлого хэрэгтэй. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ariukkq
Mundag huulic shuu
Асуудлыг шудрага, хууль зүйн үндэслэлтэй дэвшүүлж гаргасан байна
0819
Эрч хүчтэй зөв шударга чадварлаг хуульч
ganaa
amjilt husie shildeg mundag umguulugch shvv