
Б.ОД
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр МҮЭХ, Засгийн газар, Ажил олгогч эздийн холбооны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд саналын зөрүүтэй байсан зарим асуудал дээр тохиролцоонд хүрсэн ч дараах хуулийн өөрчлөлт нь өмнөх хуулийн заалтаасаа дордох магадлал өндөр байна. Тиймээс УИХ-ын холбогдох байнгын хороо, ажлын хэсэгт дахин хандаж байгаа юм. Манай бүх салбар үйлдвэрчний холбоод тухайн салбарынхаа ажил олгогчийн эрхийг хамгаалах хүрээнд тус салбарын төр захиргааны байгууллагуудтай хэлэлцээр хийдэг. Харин шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд талуудын зохицуулалт алдагдсан. Хэрэв маргаан гарвал тухайн салбар нь хөндлөнгийн байдлаар буюу зохицуулагч хэлбэрээр оролцох зохицуулалтыг эсэргүүцэж байна. Төр өөрөө хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн үүргээсээ зайлсхийж байна гэж харж байна. Маргаанд салбар яам, салбарын ажил олгогч, үйлдвэрчний эвлэл орох ёстой гэсэн заалтыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn