
Д.БОЛОР
УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой ярилцлаа. Тэрээр эдийн засгийг эрчимжүүлэх ямар арга байгаа талаар ийн ярьж байна.
-Засгийн газраас санаачилсан Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Монголын эдийн засаг сайжрах боломж харагдаж байна уу?
-Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийн талаар ярихаас биш том үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ярьсангүй. Олигтойхон бодлого ч гаргасангүй. Томоохон бизнес хийх бололцоотой хүмүүсээ нийгэмд гадуурхах маягтай явжээ. Тэгвэл аливаа орны хөгжлийн түүхийг харахад томоохон үйлдвэрүүд нь улс орныхоо эдийн засгийг авч явж байна. Мэдээж жижиг, дунд үйлдвэрлэлийг үгүйсгэхгүй. Жижиг, дунд үйлдвэрлэл бол ажлын байр олноор бий болгодог сайн талтай. Гэхдээ ганцхан үүгээр улс орон хөгжихгүй. Тийм учраас хөнгөн хүнсний үйлдвэр болоод бусад томоохон аж ахуйн нэгжийг бий болгох шаардлага байна. Өнөөдөр Монголдоо томоохон бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжиж олон улсын зах зээл дээр гаргах хэрэгтэй. Манайх БНХАУ-ын импортын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг атлаа энэ зах зээл дээр өөрийн бүтээгдэхүүнийг гаргасан зүйл алга. БНСУ ч гэсэн адилхан. Энэ улстай сайн харилцаатай боловч зах зээлийг нь ашиглаад мөнгө олсон зүйлгүй. Монголын төрд энэ талын бодлого маш муу байна. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл анхны бичигдсэнээр бол хангалтгүй байсан. Харин ажлын хэсгийн гишүүд энэ талд нэлээд байр сууриа илэрхийлж хэд, хэдэн чухал санаа оруулж ирүүлсэн.
-Томоохон үйлдвэр гэхээр юу байж болох уу. Мал аж ахуйг дагасан үйлдвэрлэл үү. Эсвэл аялал жуулчлалыг дагасан үйлчилгээ юу?
-Манайх БНХАУ-ын зах зээл дээр хямдхан гардаг, хямдхан борлогддог бүтээгдэхүүнийг хийх шаардлагагүй. Харин Монголынхоо байгаль, экологийн давуу талыг ашиглаад гадаадын баян хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, бүтээгдэхүүнийг гаргах ёстой. Аялал жуулчлалаар явах дэлхийн баян иргэд хямд өртөгөөс илүү чанарыг чухалчилж байна. Энэ утгаараа чанар, өндөр техник технологийг чухалчилдаг хэрэглэгчдээс мөнгө олж болох юм. 30 жилийн өмнө Японы эрдэмтэн бидэнд зах зээлийн талаар лекц уншиж байсан юм. Тэрээр “Олноор нь үйлдвэрлэх бүтээгдэхүүнээр Монгол Улс Энэтхэг, БНХАУ-тай өрсөлдөж чадахгүй. Зөвхөн чанартай техник технологийг худалдаж аваад өндөр үнээр борлогдох өндөр чанарын бүтээгдэхүүн хийх ёстой” гэж хэлж байлаа. Бид өнгөрсөн 20 жилийн туршид үйлдвэр хөгжүүлье гэж ярьсан ч чадсангүй шүү дээ. Хамгийн гол нь импортыг орлуулах нь гол биш. Чанартай бүтээгдэхүүнийг хийж экспортлох нь чухал гэдгийг хэлэх ёстой. Үүний тулд аялал жуулчлалын салбарыг ашиглаж болно. Жуулчинд хоёр төрөл бий. Нэгдүгээрт, түүхэн дурсгалт газар нутаг үзэхээс гадна хямдхан үнээр наймаа хийчихдэг сонирхолтой. Мөнгөтэй жуулчид нь хэд хонохдоо казино тоглох сонирхолтой. Харин манайд өнөөдрийн байдлаар энэ хоёрын алийг нь ч хангаж чадахгүй байна. Зарим гишүүн Казино тоглоомын хууль батлах шаардлага байна гэхээр гадаадынхны гар хөл боллоо гэж харддаг. Тэгвэл үүнийг Монголын иргэдэд хязгаарлагдмал зөвхөн гадаадын жуулчдад зориулсан болгож болно шүү дээ. Энэ нь эдийн засгийн хямралаас гарах, валют олох нэг боломж юм.
-Өөр ямар гарц байна?
-Өнөөдөр цэцэрлэгийн асуудлыг хувийн хэвшил бие даагаад шийдэж чадахаар байна. Энэ талаар Засгийн газраас нэгдсэн бодлого гаргахад буруудах зүйлгүй. Зөвхөн урсгал зардлыг нь улсаас дэмжиж ажиллаад салбарыг нь хувийн хэвшлийнхэнд өгчихмөөр байгаа юм. Энэ шийдвэрийг Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд тусгах хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаар Монголын эдийн засгийн 80 гаруй хувь нь хувийн хэвшил болчихоод байхад Засгийн газар болоод УИХ-д энэ талаар ярьдаггүй. 20 хувийг эзэлж байгаа төрийн өмчийн компани, төсвийн хүрээнд хийгдэж байгаа ажлаа яриад байдаг. Тэгэхээр хувийнхаа хэвшлийг хөгжүүлэх гол бодлогыг энэ дотор оруулж өгөх ёстой юм.
-Энэ тогтоол 100 хоногт хэрэгжээд эдийн засаг мэдэгдэхүйц сайжирна гэж тооцож байна уу?
-Төсөлд 100 хоног гэж албан ёсоор оруулаагүй. Тэглээ ч энэ бол 100 хоногийн арга хэмжээ биш. Шинэчлэлийн Засгийн газар цаашид хоёр жилийн хугацаанд ажиллана. Тэр хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой зүйл. Ер нь цаашдаа энэ тогтоолыг жил болгон гаргаж байх хэрэгтэй. Эдийн засгийн гадаад, дотоод орчин байнга өөрчлөгдөж байгаа учраас нэг жилийн давтамжтай гаргах нь зүйтэй юм. Мэдээж зарим зүйлээ засч залруулаад баяжуулаад явах ёстой.
-Гадны банкны салбарыг нээх тухай ярьж байна. Та дипломатч хүн. Таны Элчин сайдаар ажиллаж байсан орнууд гадаадын банкыг хэр дэмжиж байв?
-Гадны банк оруулж ирэх нь зөв. Зах зээлд олон тоглогч байх ёстой тусмаа илүү шударга өрсөлдөөн бий болдог. Цөөрөх тусмаа монополь үүсэх гээд байдаг талтай. Өнөөдрийн ажиллаж байгаа банкууд хийх гэсэн бүтээн байгуулалтын ажилтай харьцуулахад жижигдээд байдаг. Гэсэн атлаа хоорондоо нэгдээд том банк болж чаддаггүй. Би Москвад Элчин сайд байхдаа Финляндыг хариуцаж байсан юм. Тэр үед Финлянд гуравхан том банктай байсан.
-Гадны банк дотоодын хэдэд маань дарамт учруулах юм биш биз?
-Өнөөдөр 10 гаруй банк үйл ажиллагаа явуулж байх шиг байна. Үүнийг шахаж нэгтгээд гурав болгох ёстой. Тэгж байж цэвэр өрсөлдөөн гарна. Хэрэв гадаадын банк орж ирчихээд дээрэнгүй үйл ажиллагаа явуулбал төр гэж байгаа учраас зогсоож болно. Орж ирээгүй байхад хадны мангас болгож айлгаад хэрэггүй.
-АН, МАХН хамтарч ажиллах гэрээ байгуулсан талаар хэсэгтээ шуугилаа. Энэ ямар учиртай гэрээ байсан юм бэ?
-АН, МАХН, МҮАН, ИЗНН өнөөдөр хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх Монголын эдийн засаг, улс төрийн тогтвортой байдалд хэрэгтэй юм. Энэ утгаар нь дөрвөн жилийн гэрээгээ урт хугацааны болгох талаар ярилцаж байна. Үүнд МҮАН-ын зарим хэсэг нь эмзэглэх шиг боллоо. Зарим нь эмзэглэхгүй, нөхцөл байдлыг ойлгож байна. Ер нь МАХН нь МҮАН-тай удаан хугацааны гэрээтэй. АН-тай байгуулах гэрээ нь МҮАН-ыг үгүйсгэсэн зүйл ердөө биш. Тэр байтугай МАН-ын өмнөх удирдлагатай гэрээ байгуулж хамтран ажиллах тухай санал гарч байлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, социал демократ үзэлтэй гэдэг утгаараа хамтраад ажиллахад буруудах зүйл байгаагүй. Шинэ удирдлагатай нь ийм асуудал яриагүй байна.