
Д.ЦЭРЭННАДМИД
Энэ дэлхийн уул, ус өндийж байхад аялгуут дуу хуур цугтаа үүссэн юм гэнэлээ. Тиймээс хүмүүн төрөлхтөн ч бас тэр хөг аялгуутай хөгжим баясал бүхэнтэй эрч хүч авч түүгээрээ хөглөгдөн аж төрж, өсч бойжсон байж таарах нь. Ийм үнэн түүх олонтаа сонсож байсан санагднам. Нарны хорвоод учир шалтгаангүй юм гэж огт үгүй. Тийм лүгээ хүн амьдралынхаа эрчис дунд хийж бүтээхийн төлөө жаргаж бас зовж цагийг элээдэг гэдэг. Бас тиймээ. Цаг хугацааг хамгийн хөдөлмөрч хүмүүс эзэгнэдэг гэх. Тэгвэл амьдралын олон өнгөтэй хөг аялгууг зүрхнийхээ цохилтоор хэмжсэн аялгуу эгшгийн сайханд бялуурч яваа нэгэн бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Баянмонгол” чуулгын ерөнхий удирдаач, СУИС-ийн хүндэт профессор Бадамдоржийн Ганбат юм. Энэ хүний хувьд сарны сударт төөргийг нь сонирхвол арслангийн ордод төрсөн, хоёр хар мэнгэтэй, их ивээлт Очирваань бурхны сахиустайн учир янз бүрийн орчинд зохицон амьдрах хувьтай, өөрийн сонирхсон зорилгодоо хүрэхийг туйлаас эрмэлзэж явдаг итгэл зүтгэлийн эзэн байхын заяа хүртжээ.
Түүнтэй ярилцаж суухуйд сэтгэлийнх нь ертөнц рүү ойртох тусмаа хуучин юм бүхэн шинэ болж мартаж болохгүй нандин дурсамжууд нь сэрж байх шиг санагдвай.
Ухаарч бодохуйд Б.Ганбат уран бүтээлийн их аяндаа өөрөөсөө өөрөө ургаж дотоод тэмүүлэлдээ хөтлөгдөн улам боловсрох, мэргэжлийнхээ төлөө, хамт олноо гэж чармайж зүтгэсэн он жилүүдийнх нь хөлс хүч, авьяас билгийнх нь ундрага арвин байж чаджээ. Б.Ганбат “Дуу хөгжим зүрхэн дундуур урсаж тархины бор хальсыг сандаачин байж төрдөг юм шүү дээ” гэж хэлнэлээ. Уранбүтээлч хүний чин сэтгэлийн үг энэ бизээ.
Түүний намтарт 800 гаруй хөгжмийн найруулга бичиж тоглуулсан 10 гаруй дан хөгжмийн зохиол, 20 гаруй дуутай гэсэн бий. Тэр бүгдийн дунд туурайнаас нь гал цацарч, дэл сүүлнээс нь сүр сүлд нь тодорсон хүлэг морины тухай уран бүтээл олон юм. “Жалам хар”-ыг гоцлон гитардаж байх ахуйд Ганбаа өөрөө морь болж харагдах. “Морин зэрэглээ”, “Дөрвөн настай халиун” зэрэг дагшаа хөгжмийн цоглог аялгууг нь сонсохуйд хүлэг морио дээдэлдэг монгол хүний самсаа шахирч сэтгэл дэвэлзээд сууж байсан бол босоод хараймаар санагддаг.
Хар лустай Дэрэнгийн минь
Хар сүлдэн хар азарга
Хар галтай сүргийн минь
Сүр сүлдэн хар азарга
Дэлхий дүүрэн янцгаасан
Дэрэнгийн хар азаргаа
гэсэн дэврүүн аялгуут дууг сонсохуйд үлгэрийн юм шиг хүлэг морин Дүнжингарав уулын дээгүүр дүүлээд гарч ирэх шиг зураг сэтгэлд төрдгиймаа.
“Дэрэнгийн хар азарга” гэдэг энэ дуу Б.Ганбатын хөглөн амьдруулсан олон бүтээлийн нэгэн сор нь билээ. Сайхан дуу сонсохоор хорвоо дэлхий уужирдаг гэдэг. Ингэж бодохоор “Хүмүүн судар”-ын маань зочин, хөгжмийн зохиолч, удирдаач, олон авьяастны багш Б.Ганбат маань дэлхийн баясгаагчийн нэгэн байхнээ. Аялгуу, эгшгийн жинхэнэ эзэн тэрбээр насаа элээж, намтар түүхээ зузаалсаар л явнам.
Монголын эстрад урлаг, тэр дотроо жазз хөгжмийн түүх бүтээсэн “Баянмонгол” чуулгын дэлгээтэй судар энэ хүний ярих нь хүртэл хөгжимлөг сонсогдох юмаа.
Гитарчин Б.Ганбат /1970-аад он/[/caption]
-Өөрөө Улаанбаатарын унаган хүүхэд гэдэг биз?
-Тиймээ. Би 1953 онд Улаанбаатарт төрсөн. Нийслэлийн цагаан хоолны газар /одоогийн Элит төв/-ын тэнд унасан бууц маань бий. Сонин гэвэл би ихрийн өрөөсөн юм шүү дээ.
Харин аав маань Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул. Би дороо гурван дүүтэй, айлын том нь.
Нийслэлийн арван жилийн тавдугаар сургуульд суралцаж байхаасаа хөл бөмбөг, сагсан бөмбөгт сонирхолтойн дээр аман хуур сайн тоглодог хүүхэд байлаа.
Нэг содон түүх гэвэл Намын Төв Хороо, СНЗ-ын ажилчин, албан хаагчдын хүүхдийн концертод оролцож аман хуур тоглоод тайзан дээр анх гарсан. Үүнийгээ урлагийн хүн болох эхлэл байж гэж дурсаж явдаг. Ер нь яагаад урлагийн зам сонгосон бэ гэвэл аавын нөлөө их байсан шиг байгаа юм. Манай аав уугуул нутаг усныхаа аясыг дагаад ч тэрүү уртын дууг боржигон аяар сайхан дуулчихдаг нэгэн байлаа.
Тиймдээ ч намайг урлаг руу хөтөлсөн байх. Аман хуур тоглодог хүүдээ гармон авч өгөөд л ...
-Авъяасыг чинь тордох гэсэн санаатай байж дээ аав чинь?
-Тийм л юм даа. Би дунд сургуулиа төгсөөд багшийн сургуульд элссэн. Нэмээд гитар тоглож сурлаа. Цахилгаан хөгжмийн хамтлаг сургууль дээрээ байгуулсан. Тэр хамтлагт өнөө үеийн хөгжмийн нэртэй зүтгэлтнүүд байв. Н.Жанцанноров аргонч, Б.Шарав төгөлдөр хуурч, би гитарчин С.Чинзориг дуучин гээд л ...
Энэ сургуульд байхаас л миний хувьд эстрад урлагаар явах замдаа шуударсан даа.
-Багшийн сургуулиа төгсөөд хаана хуваарь авсан бэ?
-Тухайн үед төгсөгчдийг голдуухан хөдөө хуваарилдаг байсан ч намайг Барилгачдын соёлын ордонд хөгжимчнөөр өгсөн. Тэнд жазз хөгжимтэй нийтийн бүжиг болно. Энэ нь надад сурснаа дадал болгоход дөхөм үзүүлсэн байх. Би бүр дунд сургуульд байхдаа эндхийн болон Хятад ший янз гэж байсан тэнд болдог бүжгийн хөгжмийг гаднаас нь ч хамаагүй шимтэн сонсдог. Ямар гоё дуугардаг юм бэ гэж боддог байж.
Ингээд Соёлын ордныхоо хөгжмийн хамтлагт гитараа тоглоод л байлаа. Харангын Чука бас манай хамтлагийн нэг гишүүн нь.
Ордны дарга Мажигсүрэн нэг өдөр дуудав. Очлоо. Гитарын дугуйлан байгуул. Тэгээд өөрөө багшил гэсэн үүрэг өгдөг юм. Дугуйлан нээлээ. 30-аад хүүхэд элсүүлчихээд байтал нэг шар толгойтой горзгор хүү ирлээ. Дугуйланд оръё гэнэ.
“Гучин хүн авчихсан” гэсэн чинь. “Би үнэхээр хөгжимд дуртай. Сонсголоороо гитар сурсан. Одоо онол сурмаар байна” гэв. Гитардуулаад үзсэн. Тун хөөрхөн тоглох янзтай. Элсүүлж авлаа. Тэр маань өнөөгийн гавъяат жүжигчин Харангын Ц.Энхманлай л даа.
-Тэгэхээр олон шавьтай болоо байх даа өдий хүртэл...?
-Тэр болгоныг тоочих нь илүүц биз. Ууган шавь Ц.Энхманлай гэвэл отгон нь “Баянмонгол”-ын Хосбаярыгаа их тоодог. Би чинь Барилгачдын соёлын ордонд байхдаа хөгжимчин сүүлдээ хөгжмийн болон дууны багш байсан даа. Бас “Соёл-Эрдэнэ” хамтлагт гоцлол гитарчин байлаа.
“Баянмонгол” чуулгын ахмад үеийнхэн. Удирдаагч нь Б.Ганбат.[/caption]
-Саяхан “Баянмонгол” чуулгын 50 жилийн ой боллоо. Түүхээ улам зузаарууллаа гэж хэлж болно доо
-Уг хагас зууны шахам түүхийг яриад бичээд барахгүй л дээ. Гэтэл сая ойгоор Б.Нямдорж тэргүүтэй хэдхэн амбиц хөөсөн нөхдийн гараар нэгэн тахир дутуу гэж нэрлэмээр ном мэндэллээ.
Энэ номыг үзээд манай Баянмонголын хууччуул түүхийг ингэж гуйвуулж болдог юм байж дээ гэж гайхаж байна. Харамсалтай гэж хэлэхэд ч багадахаар гэж олон хүн хэлж байгаа.
Олон жил Улсын филармонийн туг болж явсан Ардын жүжигчин Д.Ухнаа гуайгаас эхлээд зөндөө хүн. Баянмонголын түүхийг мөн баллажээ гэж хэлсэн шүү.
Тэр номд тус чуулгын бүхэл бүтэн 20 жилийн түүхийг орхичихож.
Хүмүүсийн маань зүтгэл бүтээлийг үгүйсгэсэн тэр түүхий түүхийг бичих гэж оролдсон хэдхэн хүн нэр хүнд олох гэж ёстой ичих булчирхайгүй зан гаргажээ.
-Ичих булчирхайгүй гэнээ?
-“Баянмонгол” чуулгын ууган дуучны нэг гавъяат жүжигчин Ц.Өлзий-Орших саяын 50 жилийн ойн хурал дээрээс гарч явахдаа
-Баянмонголыг нэг сайхан гальбирваа мод юмаа гэж бодвол тэрний үндэс нь түүхээ ярина биз дээ. Тэгтэл энэ чуулгыг яаж үүссэн, хэрхэн өсч өндийснийг нь мэдэхгүй нөхөд үлгэрлэбэл тэр модны мөчирүүд нь түүх бичих гэж оролдоод булайгаа тарьжээ гэж хэлнэ лээ. Голыг нь олж хэлж гэж бодсон. Уг номыг гардан хийсэн гэх Б.Нямдорж, Мягмардорж нар гэхэд манай чуулгад нэмээд нэмээд 10 жил ажиллаагүй Ц.Өлзий-Оршихын хэлээр мөчирүүд байхгүй юу.
-Та “Баянмонгол”-ын түүхээс 20 жилийнх нь ажил амьдралыг нь огт орхичихсон гэж хэлэв үү?
-Тэгж хэлсэн. Энэ тухай дахин хэлэх ч сонирхол алга шиг. Түүх л сөхье. Монголд эстрад урлаг циркийн дагшаа найрал хөгжмөөс эхтэй гэдэг үнээн. Манай алтан үеийнхэн тэнд хөгжимдөж байж шүү дээ.
Нэртэй хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай акардион, Л.Намхайцэрэн, Ж.Аюуш нар хийл, Н.Дагва-Очир, С.Дэмбэрэл нар тромбон, Л.Цогзолмаа гуай саксафон тоглож байсан гэдэг юм.
Нэг сонирхолтой нь хөгжмийн зохиолч Ж.Чулууны эгч Жүрмэд гэдэг эмэгтэй уг циркийн хөгжимд гитарчин байж. Монголын анхны гитарчин болох нь. Тэгвэл монголын жазз буюу дагшаа найрал хөгжмийн хөгжил нь Баянмонгол чуулгын уран бүтээлчидтэй холбогддог.
Тухайн үеийн үзэгч олон түмний сэтгэлд манай чуулгын уранбүтээл хоногшиж үлдсэн байдгийг хэлэх байна.
Нэгэн удаа Халуун бүсийн жазз тоглолтын дараа Улсын филармонийн ерөнхий удирдаач Н.Бүтэнбаяр тайзан дээр гарч ирээд:
“Энэ тайз тун сонирхолтой болж Ерөнхий зураач нь гараад ирээч. Энэ тоглолтод филармонийн тайз үнэхээр багадаж байна. Том тайз дээр би өөрөө найруулж энэ тоглолтыг дахин тавина” гэж байлаа.
Уг тоглолтын зураачаар манай гэр бүлийн хүн Д.Бямбаа ажилласан юм л даа. Манайх гэр бүлээрээ Баянмонголын түүхийг бичилцсэн гэж болноо доо. Энэ мэтээр “Баянмонгол”-ынхон гадаад дотоодод үнэлэгдэж байсан удаа олоон.
-Гадаадад ч олон удаа явж тоглосон биз?
-Бид 1999 онд БНХАУ-д хоёр сар гаруй явж тоглосон. Хятадад хөгжмийн жазз төрөл хөгжөөгүй болохоор бидний тоглолтыг маш их сонирхож, шагширч байлаа.
Н.Мөнхшүр, Х.Төмөрбаатар, Н.Наран, Болд нар дуулж балетчин Д.Оюун бүжиглэж “Улаансарнай” хамтлаг оролцсон тун бүлэрхэг тоглолт хийж байсан даа.
Дараа нь олон улсын жазз фестивальд явах болдог юм. Зардалгүйдлээ. Тэгэхээр нь “Зууны хавар” нэртэй нэгэн бэсрэг тоглолт хийж хэдэн төгрөгтэй болоод түүгээрээ ОХУ-ын Новокузнескт болсон фествальд явсан. Олон улсын хөгжмийн наадамд анх удаа оролцож байгаа нь тэр л дээ.
Найман орны 13 хамтлаг оролцсон наадам. Бид ч тийм том наадамд оролцож байгаагаа л их юмд бодож байв. Сүрдмээр ч юм шиг. Жазз хөгжмийн өндөр хөгжилтэй Америк, Итали, Оросынхон ирсэн юм чинь. Тэгээд л тоглолоо бид. Тэгсэн чинь байдал огт өөр болоод явчихдаг юм. Сонсохнээ энэ малчин монголчууд чинь ёстой баллаж өглөө. Английн тромбон, Америкийн труба, Белгийн саксафон хөгжмийг тун чадварлаг эзэмшжээ гэж ярьцгааж байна.
Оросууд биднийг тоглож байхад уриа хашгирч байсан гээд боддоо. Тэгээд дүн гарсан чинь Америкийн хамтлаг түрүүлж манайх дэд байрт шалгарсан байлаа. Энэ нь бидэнд асар их урам зориг хайрласан даа.
Гэтэл биднийг буцаж ирэхтэй зэрэгцээд Баянмонгол чуулга уран бүтээлийн хувьд хоцрогдсон юу юу гэнэ вэ. Сонинд нэг шүүмжлэл гарсан байлаа. Яагаад тэгэв гэтэл зарим нөхөд уг тоглолтод яваагүй дээ хорссон ч юм уу захиалгаар тийм юм бичүүлж л дээ.
Тэгвэл сая гарсан 50 жил гэсэн номд бүр ичгүүр сонжуургүй юм оруулчихаж.
-Ичгүүр сонжуургүй гэхээр чинь бүр тодруулмаар санагдлаа?
-Саяын түүх гуйвуулсан номдоо Б.Нямдорж бичиж оруулахдаа “Миний бие Оросын Кемерова мужид болсон жазз хөгжмийн олон улсын фествальд чуулгаа авч явж хоёрдугаар байрт орсон гэжээ. Ийм ичих булчирхайгүй юм гэж байх уу. Уг фествальд Б.Нямдорж чуулга авч явах нь битгий хэл бүрэлдэхүүнд ч багтаагүй, тэнд очоогүй юм шүү дээ.
Гэтэл хүний юмаар хүүдэгнэнэ гээч болж. /Хар л даа бид уг фестивальд оролцоод хоёрдугаар байр эзлэж шагнал авсаны гэрч баярын бичиг нь миний нэртэйгээр энэ байна гэж үзүүлэв. Дараа нь бид Ардчилсан Солонгост болсон урлагийн наадамд очоод алтан медаль 11-ийг цомтой нь аваад ирсэн. Шилдэг хөгжимчнөөр Л.Сүхбаатар, шилдэг дуучнаар Ж.Наранчимэг, шилдэг удирдаачаар би гээд шалгарч байлаа. Циркийнхэн ч шилдэг үзүүлбэрээрээ бас түрүүлсэн.
Энэ бүхнийг Б.Нямдорж нар саяын хийсэн номонцортоо ор тас орхисон байна лээ. Заримд нь би тэгсэн, хийсэн гэж халдлага үйлдсэн байгаа юм.
-Нэгэнт тийм ном байхаар хожмынхон үзэж л таарах байх даа?
-Харамсалтай хэрэг. Түүхийг гуйвуулна гэдэг гэмт явдал. Тийм буруу гажуу юмтай, түүхийн зарим хэсгийг хаяж гээсэн байхад өмнөтгөл бичигч нь,
-Энэ ном нь хожмоо урлаг судлаач, эрдэмтэд, түүхчдэд үнэ цэнэтэй гарын авлага болно гэж бичсэн байгаа юм даа. Энэ бол тун хариуцлагагүй явдал.
Тэгвэл Баянмонголын 50 жил гэдэг тэр зурагт ном түүх ч биш гарын авлага ч болохгүй шүү гэдгийг хэлье.
Харин миний хувьд Монголын эстрад урлагийн болоод Баянмонгол чуулгын түүхийг ёстой ч чээжээр ярина. Тэгэхдээ бид үнэнийг эрхэмлэнэ.
-За өөрөө ч бараг бухимдсан сэтгэлээ уудалчих шиг боллоо. Залуучуудад хандаж өөр хэлэх юм байна уу?
-Хатуухан хэлэх хэдэн үг байна. Миний дүү нар жазз хөгжмийг төрлөөр нь хөгжүүлж болноо. Гэхдээ уламжлал, шинэчлэл гэдэг юмыг мартахгүй байх нь чухал шүү.
Та нарын болоод бидний бас өмнөх үеийнхний хөлс, хүч хөдөлмөрөөр бий болсон юмыг үгүйсгэх нь алдас болно.
Гэтэл хагас зууны түүхэн замналтай чуулгын минь түүхийг баллаад хаяж. Болиорой гэж хэлье.
Гадаадынхан хүртэл биднийг шүтдэг. “Анд нөхдийн ая дуу” гэдэг тоглолт болдог байлаа. Гол санаачлагч нь Д.Ухнаа гуай. Социалист гэгддэг орнуудын дуучид оролцдог сайхан наадам байсан юм.
Ирсэн дуучид бидэнд ноотоо л өгнө. Бид шууд тоглоод л нийлчихнэ. Ирэгсэд ямар чадвартай юм бэ гэж гайхдаг байсан шүү. Энэ далимд чадвартай хөгжимчдөө дурсмаар байна.
Т.Уртнасан, Б.Даваа, Д.Гантөмөр, С.Бямбаа, А.Хишигдорж, Л.Сүхбаатар, Л.Батаа, бөмбөрчин Нямбаяр гээд бүгдийг тоочмоор.
Дунд үеийнхэн гэвэл Д.Баатарсүрэн, Наранбаатар, До.Нармандах, Б.Төгсбаяр гээд бас олон хүн нэрлэж болно. Монголын анхны жазз мюзиклийг тоглосон хүмүүсийг мартах учиргүй ээ.
-“Баянмонгол” чуулга нэг биш удаа жаахан уналтад орж байсан гэдэг дээ?
-Тиймээ. 1993 онд хөрөнгө мөнгөний гачаалаас болж унах шахсан. Бид сэргээж авсан. Ер нь ганцхан “Баянмонгол” биш урлагийн бусад байгууллага ч тухайн үед хэцүү байдалд байсан шүү дээ. Тэгтэл бас 1997 онд амбиц хөөсөн хэдэн нөхөр хөгжмийг маань ачиж аваад Цэргийн хөгжимтэй нийлүүлдэг юм болж бас будилуулсан.
Энэ үед голомтоо сахиж үлдсэнээрээ би мөн л сэргэж чадсан. Энэ маань түүхийн үнэн.
Тэр хүнд цаг үеүдэд чуулгаа аварч үлдэхэд их тус болсон хүн бол Д.Ухнаа гуай. Энэ хүнд би их баярлаж явдаг. Өнөөдөр Ардын жүжигчин гэдэг өндөрт хүрээд байгаа энэ хүн зөвхөн Улсын филармонийн тугийг өргөж явсан төдийгүй Монголын урлагийг хөгжүүлэхэд бие сэтгэл, нас намбаа зориулж яваа хүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй монголчууд мэдэхийн дээдээр мэднэ. Н.Бүтэнбаяр агсан ч их л тусалсан даа.
БАДАМДОРЖИЙН ГАНБАТ ГЭЖ ХЭН БЭ?

ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН БАГА НАС
[caption id="attachment_76808" align="alignnone" width="850"]
“БАЯНМОНГОЛ” ЧУУЛГЫН ГАЛ ГОЛОМТ НЬ “СОЁЛ-ЭРДЭНЭ” ХАМТЛАГ
-Улсын филармонид хэзээ очсон бэ? -Нэг өдөр ажил дээрээ байж байтал С.Баатарцогт найз маань дугуйтай хар хурдаараа давхиж ирдэг юм. За Ганбаа чиний хэрэг болоод байна. Би Свердловскийн хөгжмийн дээд сургуульд элсэхээр болчихлоо. Тэгсэн Д.Намсрайжав багш “Мэргэжлийн ноот мэддэг гитарчин олж өгөхгүй бол явуулахгүй” гээд байна. Чи маргааш Улсын филармони дээр оч гэж шаардлаа. Би тэр дор нь за ч гэсэнгүй. Хариад аавдаа, ижийдээ хэллээ. Тэгсэн чинь “Өө миний хүү мэргэжлийн том урлагийн байгууллагад авдаг л юм бол оч” гэв. Очлоо. Уриалгахан хүлээж авлаа. Тэгээд Говь-Алтайгаас ирсэн гэх сахалтай бор залуутай нэг тушаалаар 1974 оны есдүгээр сарын 20-нд “Баянмонгол”-д орж билээ. Тэр сахалтай бор нөхөр Хайдавын Төмөрбаатар шүү дээ. Үүнээс хойш 47 жил тус чуулгын хөгжимчин, удирдаачаар ажиллаж байна. Чуулгын ерөнхий удирдаачийн албанд бас 20 гаруй жил болчихож. -Өөртэй чинь уулзсаных Монголд эстрад урлаг хэдийнээс эхтэй юм бэ гэдэг ойлголтыг олон түмэнд хүргэх гэсэн юм. Миний уншиж мэдсэнээр бол 1980-аад оны дунд үе хүртэл рок, поп урлагийг эстрад гэж ярьдаг бичдэг байсан шиг. Уг нь эстрад гэдэг нь тайзны урлаг гэсэн утгатай латин үг гэж ойлгосон. Бас 1945 онд СНЗ, МАХН-ын Төв Хорооны хамтарсан тогтоолоор “концертын улсын эстрад товчоо” байгуулах шийдвэр гарч байсан гэх юм билээ. -За тиймээ. Эндээс л дэлхийн хэмжээний урлагийн төрөл зүйлийг хөгжүүлэх эх үүсвэр тавигдсан гэж үздэг л дээ. Дэлхийн хаан хөгжим гэгдэх джаз хөгжмийн эх суурь Улсын циркийн дагшаа хөгжмөөс эхлэлтэй гэдэг. Дараа нь 1964 онд Барилгачдын соёлын ордонд анхны эстрад концертийг тоглосон байдаг. Дээхнэ үеийнхэн мэднэ дээ. Н.Цэнд-Аюуш гуайн “Таксин цоохор машин”, “Зам дээр гээгдсэн цэцэг” дуунууд дуулагдаад л ... Тэгвэл Монголын урлагийн түүхэнд бий болсон нэг цоо шинэ үзэгдэл нь 1968 онд Монголын радиогийн дэргэд байгуулагдсан “Соёл-Эрдэнэ” чуулга байв. Анхны поп урлагийн дуучид тэндээс л төрсөн. Л.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Ч.Насантогтох, Х.Төмөр нарын дуучид Д.Батаа,Т.Уртнасан, С.Баатарсүх, Д.Бэхбат гээд л олон хөгжимчинг нэрлэж болно. Тэдгээр сайхан нөхдийн дунд хөгжимд боловсорсон хүн гэдэгтээ би баярлаж явдаг. Тиймдээ ч “Баянмонгол” чуулгын гал голомтыг 47 жил манаж байна даа.ТҮҮХИЙГ ГУЙВУУЛНА ГЭДЭГ БАЙЖ БОЛШГҮЙ ХЭРЭГ
[caption id="attachment_76807" align="alignnone" width="850"]