
Б.ЭНХЗАЯА
Олон улсад хамгийн ашигтай наймаанд зүй ёсоор тооцогддог мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис буюу хар тамхины хууль бус худалдаа, хэрэглээ манай улсад нэвтэрч эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Дэлхийн 100 гаруй улсын зах зээлийг эзэлсэн энэ төрлийн наймаанд Монгол Улс дамжин өнгөрүүлэгч болдгийг хууль цагдаагийнхан хэлдэг. Анх 2000 оны эхээр хар тамхи хууль бусаар худалдаалахыг завдсан, зөөвөрлөсөн үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс хойш Л.Байгалмаа, Б.Хулан, Б.Халиун, С.Наранбаатарын гэгдэх хэргүүд манай улсын болон гаднын улсын шүүхээр шийдвэрлэгдсэн, зарим нь шалгагдаж буй юм.
Хар тамхи нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй нөлөөлж элэгний өвчлөл, хяналтгүй бэлгийн харилцаа, эрт хөгшрөлт, хорт хавдарын эхлэл, гажиг төрөлт болон үргүйдлийг бий болгодог хөнөөлтэйгөөс гадна хууль бус худалдаа нь үргэлж хүний амь насаар үнэлэгдэж байдаг аюултай. Манай улсад хэрэглээнээс илүү хил дамнан зөөвөрлөгч иргэд цөөнгүй, тэдний олонхи нь хуулийнхны хараанд байдаг гэдэг. Харин сүүлийн үед мансууруулах төрлийн эм бэлдмэл, ургамал хэрэглэсэн, хадгалсан гэх үйлдлүүд гарах болсон. Энэ нь манай орны нутаг дэвсгэрийн зарим хэсэгт зэрлэг олсны ургамал ургадагтай холбоотой гэнэ. Мансууруулах төрлийн энэ ургамал нь бидний ирээдүйд аюул учруулж болзошгүй нэгэн мэдээллийг хуулийн байгууллагаас онцолж байна.
ОХУ ЗЭРЛЭГ ОЛСНЫ УРГАМАЛТАЙ ТЭМЦЭЖ ЭХЛЭВ
Өнгөрсөн жил манай улсад хар тамхитай холбоотой 34 хэрэгт 70 гаруй хүн холбогдсон болохыг албаны эх сурвалж мэдээлэв. Эдгээр хэргийн тал хувь нь буюу 17 нь зэрлэг олсны ургамалтай холбоотой байжээ. Нууцын хэмжээнд байгаа мэдээллээр манай улсад 10 мянган га талбайд зэрлэг олсны ургамал ургадаг байна. Гэхдээ үүнээс илүү өргөн цар хүрээтэй зэрлэг олсны ургамлын бүс нутаг бол ОХУ гэнэ. Зэрлэг олсны ургамал буюу “өвс” гэх ургамлаас гаргаж авсан хар тамхи нь дэлхийд хамгийн өргөн тархсан байдаг аж. Энэ ургамлыг боловсруулаад чанар сайтай, тасардаггүй олс хийдэг байснаас ийнхүү нэрлэжээ. Гэвч өнөөдөр дэлхийн улс орнуудад үүнийг хар тамхины буюу мансуурах зорилгоор ашигладаг. Тухайлбал, Зимбабве улсын хувьд мбанже, АНУ-д өвс, Энэтхэгт чарас гэж нэрлэдэг. Энэ нь одоогоор хамгийн түгээмэл хэрэглэгддэг хар тамхи. Түүнчлэн ОХУ-ын хувьд ч адил юм. Хар тамхины наймаа цэцэглэж мафи бүлэглэлийн гол бай болсон мэдээллийг бид олонтаа сонссон. НҮБ-ын судалгаагаар дэлхий даяар мансууруулах бодис, сэтгэц идэвхит эм, ургамлын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд гурав дахин нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ. Үүний багагүй хувийг манай хойд хөршийнхөн нийлүүлсэн байна. Үүнээс улбаалж сүүлийн жилүүдэд ОХУ-д гэмт хэргийн гаралт, гэмт хэргийн бүлэглэлийн тоо эрс нэмэгдсэнээс тус улсын Засгийн газраас нэгэн шийдвэрийг гаргажээ. Тус улсын өмнөд хил Казахстан, Буриад орчимд идэвхтэй ургадаг зэрлэг олсны ургамлыг бүрмөсөн устгах ажлыг хийхээр болсон байна. Гэтэл уг шийдвэр ОХУ-д хар тамхины наймаанаас ашиг хүртэгч томоохон мафи, бүлэглэлийн гол ажлыг боомилоход хүргэжээ. Тэд бизнесээ үргэлжлүүлэхийн тулд наймааны өөр эх сурвалж олох боломж нь хөрш зэргэлдээ манай улс байх магадлал өндөр гэж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Учир нь ОХУ-ын онилсон бүс нутаг нь манай улсын хойд бүстэй хил залгаа орших нутгууд юм. Өөрөөр хэлбэл, Казахстан, Буриадын хил нь манай Сэлэнгэ зэрэг аймгийн газар нутагтай хиллэдэг билээ. Албанынхны хэлж буйгаар энэ бүс нутагт зэрлэг олсны ургамал түгээмэл ургадаг юм байна. Хойд хөршийн хар тамхины наймаачид бүтээгдэхүүнээ манай улсын хойд хилээс нөхөх, энэ хэсэгт хар тамхины хууль бус наймаа цэцэглэх аюул нүүрлэж болзошгүйг албаныхан анхааруулж байна.
НЭГ ГА ТАЛБАЙД 500 МЯНГАН ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
Мансуурах төрлийн бодисыг сонирхогчид голчлон залуу үеийнхэн байгааг өнгөрсөн жилийн судалгаанаас харж болно. Бага насны хүүхдүүд олноор мансуурахыг завдсан үйлдэл өнгөрсөн жил цөөнгүй гарсан. Тархан суурьшсан монголчуудын хувьд хяналтгүй ургаж байгаа зэрлэг олсны ургамлыг бидний ирээдүй хойч, залуус сонирхон хэрэглэж, шинэ төрлийн гэмт хэрэгт өртөх магадлал өндөр. Тиймээс цагдаагийн байгууллагаас ОХУ-ын устгалтай зэрэгцэн хойд бүс нутгийнхаа зэрлэг олсны ургамлыг устгая гэсэн саналыг дээш нь хүргүүлсэн юм билээ. Дэмжигдэх эсэх нь тодорхойгүй. Жилд гарч байгаа хар тамхины хэргийн тал хувийг мансуурах төрлийн зэрлэг олсны ургамалтай холбоотой хэрэг эзэлж байгаа гэж бодохоор устгалыг Засгийн газрын хэмжээнд дэмжээд өгвөл цаашдын ирээдүйн залууст маань нэн тустай үйлс болмоор. Эс тэгвэл манай цагдаагийн хэдхэн албан хаагч тэмцээд хүч хүрэхгүй, мөнгө төсөв нь ч бараадахгүй юм билээ. Зэрлэг олсны ургамал ургасан нэг мянган га талбайг устгахад 500 мянган төгрөг зарлагддаг гэсэн судалгаа байна. Тэгвэл 10 мянган га талбайд ургасан аюулт ургамлыг устгахад тэрбум төгрөг шаардагдах нь. Устгалыг ганц удаа хийгээд дуусдаггүй бөгөөд 3-4 жил дараалан гүйцэтгэвэл дахин сэргэх боломжгүй болдог байна. Ингэж устгаж чадвал монголчууд мансуурах төрлийн ургамлаас 20-30 жил айхгүй байх боломжтойг цагдаагийн байгууллагаас дуулгаж байна.