
Д.БОЛОРМАА
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Шинэ он гарсан учраас эдийн засгийн хүнд үеэ давсан мэт зарим хүн ойлгож байх шиг. Эрх барьж байгаа АН-ынхан ч тэгж ойлгуулж байна. Таны хувьд Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал яг ямархуу төвшинд байна гэж хэлэх вэ?
-Ашдын билгээс амны билэг гэж л өөрсдийгөө тайвшруулж байхаас. Хамгийн хүнд үе одоо л эхэлж байна гэж бодож байна шүү. Эрх баригчдын өөрсдийн амьдрал сайхан байгаа учраас тэгж ойлгуулах нь зөв шүү дээ. Тэднийг “буруутгаж” болохгүй. Ер нь энэ тухай надаас асуугаад хэрэггүй мэт. Гудамжинд явж байгаа хэн нэгнээс “Амьдрал ямар байна, улс орны маань эдийн засаг яаж байна” гээд асуувал тодорхой хариулт өгнө. Өргөн хэрэглээний барааны үнэ, валютын ханшны өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт манайхаас хэрхэн дайжиж байна, бизнесийн хүрээ яаж хумигдаж байна гээд тоочоод байвал олон хүндрэлийг хэлж болно.
-Дэлхийн банк, олон улсын нэр хүнд бүхий байгууллагаас гаргадаг судалгаа, шинжилгээний дүгнэлтээр ч манай улсад таагүй дүн тавьсныг бид мэдэж байгаа. Үүний шалтгаан юу вэ. Эдийн засгаа сайжруулах, инфляцийг бууруулахад ямар бодлого хэрэгтэй байна?
-Үндсэндээ эрх баригчдын бодлогын алдаанаас болоод өнөөдрийн эдийн засгийн хүндрэл үүсчихлээ. Харамсалтай нь шинэчлэгчид маань үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байна даа. “Ардын намынхнаас боллоо” гээд хэлвэл “Яг тийм” л гэнэ. Бид шинэчлэгчид, Монгол гэж бүх юм нь буруугаараа явж байсан орныг шинэчилж байгаа гавьяатнууд гэдэг хийрхэл савсаг зангаасаа салах хэрэгтэй. “Та нарын бодлого биш байна шүү” гэдгийг бид биш дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагууд дүгнээд хэлээд өглөө. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ч үүнийг баталж байна шүү дээ. Манай улсын зээлжих зэрэглэл буурлаа, гадны хөрөнгө оруулалт оруулах тааламжгүй орны тоонд орлоо. Гадаадын хөрөнгийн бирж дээр гаргасан манай улсын нээлттэй компаниудын хувьцааны ханш нам уналаа. Дотоодын бизнес үндсэндээ зогсонги байдалд орлоо гээд энэ бүхэн юунаас болов гэдгийг олон улсын байгууллагаас айж ичилгүй асууж ажил хэрэг болгохоос эхлэх хэрэгтэй. Хуулийг гууль болгох биш хуульд захирагдаж хуулийн хүрээнд бүх ажлаа явуулахаас эхлэх хэрэгтэй. Өөрсдийгөө болон өөрийн хүрээллийнхээ хэсэг бүлгийн ашиг сонирхлыг хойш тавьж эх орныхоо хүн ардынхаа ашиг сонирхлыг эрхэмлэж ажиллахаас эхлэх хэрэгтэй. Шууд хэлэхэд, эрх баригчид өдөр шөнөгүй худлаа ярьж , хуульгүй, ёс зүйгүй авирладаг байдлаасаа ангижирч чадахгүй бол сайн сайхан өөрчлөлт гарна гэж найдах ч хэрэггүй.
-Засгийн газрын гадаад өрийн хэмжээ сүүлийн жил гаруй хугацаанд 70 шахам хувиар огцом нэмэгдлээ. Сүүлийн 22 жилд нийт 2.2 тэрбум ам.долларын зээл авсан байна. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар энэ 22 жилд авсан зээлийн хэмжээнд хүрэхүйц болсон гэх юм. Энэ зээл магадгүй бидний үр хойчид үлдэж байгаа юм биш биз дээ?
-Тэгээд хэн төлөх юм бэ. Дараа дараагийн үеийнхэн л төлнө шүү дээ. “Чингис” бондын мөнгийг дэндүү харамсалтай байдлаар үрэн таран хийлээ шүү дээ. Хийсэн бүхнийг нь муу гэхгүй . Үр ашгаа маш богино хугацаанд эргүүлэн өгөх ямар төслийг санхүүжүүлсэн бэ гэхээр “Гудамж” төсөл. Үр ашгаа аль хэдий өгсөн гээд маш нарийн тооцооллуудын талаар ярьдаг. Иймэрхүү үлгэр зохиогоод л өнөөдөр болж байвал маргааш тэнгэр ниргэж газар хөдөлсөн ч хамаагүй гэдэг зарчмаар л ажиллад байгааг нь бид шүүмжилдэг. “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэж өвөг дээдэс минь сургаж ирсэн. Харин эрх баригчид “Өр тавьбал баян болдог юм. Одоо л баяжихгүй бол хэзээ баяжих вэ” гээд л дайраад байх шиг санагдах юм. Өөрсдөө ч баяждаг л байж ирээдүй хойч минь яах юм бол гэж манай намынхан санаа зовдог юм. Өр ямар дарамттай байсныг яаж төлж барагдуулсныг монголчууд мартаагүй шүү.
-Шинэчлэлийн Засгийн газар өмнөх засагтай харьцуулахад мөнгөтэй мэт харагдаж байна. Гэсэн атлаа Монгол Улс санхүүгийн алдагдалд ороод байдаг. Энэ юутай холбоотой вэ?
-Мөнгөнөөс их юмгүй байна даа. Батлагдсан төсөвтэйгээ тэнцэх хэмжээний буюу долоон их наяд гаран төгрөгийг төсвөөс гадуур эргэлдүүлж байна. Үүнийгээ эрх баригчид ярихдаа “Та нарын баасыг цэвэрлэж байна” гэцгээдэг юм. Энэ их мөнгөнөөс өмнөх ямар өрийг дарсан юм бэ гэвэл тийм юм байхгүй л байхгүй юу. Өмнөх Засгийн газрын үед авсан Оюутолгой, Тавантолгойгоос авсан зээл үндсэндээ төлөгдөөгүй төсөвт дарамт болоогүй. Товчхондоо хэлэхэд, шинэчлэлийн хэмээх Засгийн газрын бодлогын алдаанаас болоод Монгол орон дампуурч байна гэхэд хатуудахааргүй л байна шүү дээ.
-Та 2014 оны эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байна. Ахихаар байна уу?
-Айхтар нааштай, эерэг юм огт харагдахгүй байна. Оюутолгой, Тавантолгойгоос нэлээд хамааралтай байх төлөвтэй. Бизнес эрхлэгчдээ ажиллах нөхцлийг нь хангаж өгөх биш өнөөгийн байгаа шиг элдэв дарамт шахалт, айлгаж ичээлгэсэн байдлаар явбал хэцүүхэн жил болно. Эрх баригчдаас л их зүйл шалтгаална. Харж л байя.
-Шинэчлэлийн Засгийн газар инфляц, валютын ханшийг огцом бууруулах талаар амлалт өгч байгаа. Хэрэгжих боломж нөхцөл харагдаж байна уу?
-Одоогийн явуулж байгаа бодлогоо үргэлжлүүлбэл амлалт нь хэрэгжихгүй гэдгийг нотолсон нэг жил өнгөрлөө. Тэгэхээр хэцүүхэн байгаа биз. Харин ч энэ байдлаараа инфляц ханш хоёр өсөх л болов уу.
-Танай намыхан цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт өгсөн. Гэвч төсөвт ч цалин нэмэх хөрөнгө нь байхгүй гэдэг. Тэгэхээр яаж нэмэгдүүлэх гэж?
-Цалин нэмэх шаардлага тавиад хуулийн төслөө Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Үндсэндээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг л шаардаж байгаа юм. Цалин нэмэхэд “Чингис” бонд хамаагүй. Энэ жилийн төсөвт 252 тэрбум төгрөг цалин тэтгэвэр нэмэхээр суулгасан. Энэ нь 7-8 хувь л нэмэгдүүлэх хөрөнгө. Төрийн данхар бүтцээ багасгаад эдийн засгаа сэргээх зөв бодлого явуулж чадвал цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж болно. Өнгөрсөн дөрвөн жилд хамтарч ажилласан үедээ гурав дахин нэмэгдүүлж чадсан биз дээ. Үүнийг арай худлаа гэж мэлзэхгүй байлгүй дээ. Зөв бодлоготой сайн ажиллавал эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэж болдгийг өнгөрсөн 2008-2012 онд харуулсан. Энэ бол эвтэй байсны, олонх нь цөөнхөө сонсдог байсны, зөвшилцөж зөв шийдвэр гаргадаг байсны, хуульд захирагдаж ажиллаг байсны том илэрхийлэл .
-“Чингис” бондын хөрөнгийн зарцуулалт хуулиас гадуур байгаа тухай та их ярьдаг. Магадгүй ажил гүйцэтгэгч нар нь хариуцлага алдах, хөрөнгө мөнгө хувьдаа шамшигдуулбал хэнд хариуцлага тооцох болж байна. Төсөвт суулгахгүйгээр, төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгийг бий болгон УИХ-ын хяналтаас гадуур зарцуулах хууль бус үйл ажиллагаагаа даамжруулсаар байна гэж байгаа шүү дээ?
-Харамсалтай нь, энэ байдал энэ жил бас л үргэлжлэх боллоо. Үүнийг засаж хуулийн хүрээн шийдэж байхгүй бол улс эх орон хохирно. Авлига, хээл хахуулийн том сүлжээ бий болно. Энэ нь манай эдийн засгийг сайжруулах биш далд аргаар мөнгө завшигчдын үүр уурхай болно. Цаашлаад олон улсын хэмжээнд манай улсын нэр хүнд унах гээд ихээхэн хортой сөрөг үр дагавартай. Эрх баригчид бол хуульгүй тоглох, замбараагүй байдалд л байлгах сонирхолтой байна даа. “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг нэг л бодол байгаа байх. Тэр нь ч сайнаасаа саар л болов уу гэж хардаж байна.
-Монголын эдийн засгийг доройтуулсан гэх шалтгаанаар хоёр сайдад хариуцлага тооцохыг МАН-ынхан шаардаад хүчрээгүй. Цаашид хариуцлагагүй байдал ингэж үргэлжилсээр байх уу. Өөр сайд, агентлагийн дарга нарт хариуцлага тооцохыг шаардах уу?
-Шинэчлэгчид хариуцлага тооцох чадвар байхгүй гэдгээ харуулсан. Цаашдаа ч хариуцлага тооцож чадахгүй. Эх орны эрх ашгаас хэсэг бүлгийнхээ, хувийнхаа эрх ашгийг, албан тушаалыг чухалд үздэг хүмүүс гэдгээ нотолсоор байгаа. Үндсэндээ Солонгос кинод гардаг шиг ой санамж нь бүү алга болоосой доо. Цаашид хариуцлага тооцохыг шаардана.