С.Бямбацогт: Өмнө нь эхлүүлсэн бодлого, хөтөлбөрийг цаас болгомооргүй байна

2014-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжив. Ингэхдээ төслийг бүх байнгын хороодоор хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга  өглөө.

Тогтоолын төслийг санаачлагч С.Бямбацогт гишүүн УИХ-ын чуулганд танилцуулсан юм. Тэрээр “Хөгжлийн бодлогын энэ асуудлыг өнөөдөр гэнэт яриагүй. Өмнөх Засгийн газрын үед хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байсан. Энэхүү хуулийг боловсронгуй болгоно, сайжруулна гэсээр цаг маш их алдаж байна. Өнөөдөр Монгол  Улсын  хэмжээнд 400 гаруй бодлого, хөтөлбөр байгаа ба эдгээр нь хоорондоо уялдаагүй, тэргүүлэх чиглэл нь тогтоогүй, хөрөнгийн эх үүсвэр нь тэр бүр шийдэгдээгүй байгаа нь хөгжлийн нэгдмэл бодлого, нэгдмэл зорилтыг тодорхойлж, хөгжлийн бодлогыг улс төрөөс ангид байлгах зүй ёсны шаардлага тулгарч байгааг харуулж байна.

Өнөөдөр Монгол Улс ямар нийгэмд хүрэхээр зорьж байгаагаа ч мэдэхээ болилоо. Үндсэн хуулиараа хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлооно гэж тодорхойлсон ч, яг тэр нийгэм рүүгээ явж чадаж байна, уу үгүй юу. Хөгжлийн тэргүүлэх чиглэл, стратегиа хэрхэн тодорхойлж байгаа нь ч харагдахгүй байна. Манай улсын ДНБ-ий 20 хувь, аж үйлдвэрлэлийн 60 хувь, экспортын 90 орчим хувийг ашигт малтмалын салбар бүрдүүлж байгаа болохоор хүссэн хүсээгүй энэ салбар наанадаж ойрын 10 жилдээ манай эдийн засгийн зүтгүүр хэвээр байх дүр зураг харагдаж байна. Уул уурхайгаас хэт хамааралтай байхын сөрөг талыг манай улсын эдийн засагт дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ ханш хангалттай мэдрүүлсээр ирсэн тул бид одоо хөгжлийн бодлого зураглалаа шинэчлэн тодорхойлох цаг болжээ” хэмээн тогтоолын төсөл боловсруулах үндэслэлээ танилцуулав.

 

Гишүүд асуулт асууж, саналаа хэлснийг тоймлов.

Б.Бат-Эрдэнэ:

-Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан. Энэ асуудлыг зөвхөн яаманд хариуцуулаад орхиж болохгүй. 20 гаруй жилд бидэнд олсон ололт их бий. Эргээд харахад Үндсэн хуульдаа тодорхойлсон зарим зорилт бүрэн утгаараа хэрэгжихгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. 20-иод жил хоёр тийшээ савласан бодлого явуулсан. Өмнөх бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдуулах вэ?

С.Бямбацогт:

-1990 оныг хүртэл таван жилээр бодлогоо төлөвлөдөг байсан. 1990 оноос хойш Засгийн газрууд дөрөв дөрвөн жилээр мөрийн хөтөлбөрөө баталж хэрэгжүүлж байна. Гэтэл богино, дунд хугацааны хөтөлбөртэй уялддаггүй байдалтай 2008 он хүртэл явж ирсэн. 2006 оноос МАН-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдын санаачилгаар 2008-2021 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого баталсан. Харамсалтай нь 2012 оны сонгуулийн дараа шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд шинэ бодлогоор ажиллана гээд өмнөх бодлогуудыг үгүйсгэж эхэлсэн. Тийм учраас нэгдсэн бодлоготой болъё, Үндэсний хөгжлийн цогц бодлогодоо тодотгол хийе гэж байгаа юм. Үндэсний хөгжлийн цогц бодлогыг өөрчлөх эсвэл шинээр бодлого боловсруулах уу гэдгээ УИХ дээр ярьж шийдэх байх аа. Намуудын үзэл баримтлал өөр. Үүнээс болоод хэрэгжүүлж байгаа бодлого нь өөрчлөгддөг. Эргээд улс орон, ард иргэдийн амьдралыг хоёр тийш савлуулж донсолгодог. 20 жил хоёр тийш савлалаа. Тийм учраас бид хөгжихгүй байна.

Ц.Даваасүрэн:

-Дунд хугацааны хөгжлийн бодлогоо гаргаж авахгүй бол болохгүй нь. Сүүлдээ бид төрийнхөө үйл ажиллагааг уул уурхайн салбарт хязгаарлах тухай хууль гаргаж ирж байгааг сая та бүхэн харлаа. Тийм учраас бүхий л салбарт дунд хугацаанд төрийн бодлогыг тодорхойлох зайлшгүй шаардлага бий болж байна. Ийм хэмжээний бодлого тодорхойлох хүчин чадал, боловсон хүчний нөөц Эдийн засгийн хөгжлийн яаманд бий юу. Бид үүрэг өглөө гэж бодоход энэ хуулийн төслийг тогтоосон хугацаанд оруулж ирж чадах уу?

С.Бямбацогт:

-Улс орныг хөгжүүлэх нэгдмэл бодлого, алсын хараа байхгүй байна. 400 гаруй хөтөлбөр бодлого хэрэгждэг ч хоорондоо уялдаагүй байдаг. Цаашдаа ийм байдлаар явж болохгүй ээ. Тийм болохоор алсыг харсан, урт хугацааны том бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Энэ удаагийн парламент хөгжлийн нэгдсэн бодлого гаргаж ирвэл цааш цаашдаа тогтвортой үйлчлээд хэрэгжээд явдаг болно. Хэн нэг нь зөвшилцөхгүйгээр бодлого тодорхойлдог, нөгөө нь үгүйсгэдэг, ингэснээр бодлого огт хэрэгждэггүй. Үндэсний хөгжлийн цогц бод­лого­той яаж уялдуулах вэ гэж асууж байна. Холбогдох судалгааг хийсний дараа тодотгох эсвэл шинээр хийх эсэх нь тодорхой болгох байх аа. Өнөөдөр зөв, буруу гэж хэлэх боломжгүй байна.

Сү.Батболд:

-Бидний гаргаж буй бодлого амьдралд хэрэгжихээсээ илүү зорилго зорилт, тэмүүлэл маягийн зүйл болж гараад байна. Одоо бид үүнийгээ хүний амьдралд болоод улс орны хөгжилд наалдуулж өгсөн, даяарчлагдаж буй дэлхий ертөнцийн хөгжил, улс орнуудын хөгжлийг хэмжиж буй хэмжүүртэй ойртуулж өгсөн ийм зарчим руу орох ёстой гэж бодож байна. Зарим улс ч үүнийгээ гаргаад явж байна. Тухайлбал, эрчимтэй хөгжиж буй Катар улсын төсөл хөтөлбөрүүдийг дурдаж болох юм. Хүний хөгжлийн индексийг яаж тодорхойлох вэ, үүнийг яаж хэмжих гэсэн хэмжүүрүүдийг гаргасан улс орнууд ч байна.

Дэлхийн банк, эдийн засгийн өрсөлдөх чадварын институцууд, дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгуулагуудаас эдийн засгийн хэмжигдэхүүн үзүүлэлтүүдийг гаргаж, үүгээр нь улс орнуудын хүний хөгжлийн индекс болон өрсөлдөх чадварын индексүүдийг тодорхойлдог ийм механизмууд нэлээд хэвшмэл болох хандлагатай байна. Бид өмнө хийж ирсэн тэмүүлэл эрмэлзлүүдээ бодитой хэмжигдэхүүн руу ойртуулах, бусадтай харьцуулж чаддаг болох хэрэгтэй юм. Засгийн газрын дөрвөн жилийн хийж гүйцэтгэсэн ажлыг ярихдаа авьяаслаг ярьж, пиардсанаар нь биш эдийн засгийн өсөлт улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөв гэдгээр нь дүгнэх хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагааг тодорхой  цөөн үзүүлэл­түү­дээр хэмждэг, үүн рүү чиглэсэн хууль гаргах хэрэгтэй юм. Хэрэв ингэвэл Засгийн газрууд, улс төрийн намууд өөрсдийн зүйлээ гаргаж ирээд чихэнд чимэгтэй үгээр баяжуулдаг энэ явдал цаашид багасна.

З.Энхболд:

-Хөгжлийн бодлогыг тодорхойлсон бодлого батлах нь цаг үеэ олсон зөв алхам. Гол нь тогтоол доторх санаагаа томруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төрийг бий болгох” тухай бодлогыг хэрхэн тусгах вэ, УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдтэйгээ хэрхэн уялдах вэ гэдгийг хэлэлцүүлгийн шатанд маш сайн уяж тодотгох шаардлагатай. Тийм учраас УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар нь лидер болоод ажиллах, үүний тулд том ажлын хэсэг байгуулаад явчих боломжтой.

 

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08