Хурууны хээгээр хуралдаа суухаар болов

2014-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Жирийн иргэд ажилдаа орж, гарахдаа хурууны хээгээр бүртгүүлдэг болсон. Харин Төрийн түшээд энэ хэв маяг, ажлын шаардлагыг нэвтрүүлэх гэж бөөн юм болсоор байна. Энэ тухай хуульчлах гэж ядаад он дамжлаа. Тодруулбал, гишүүд ажилдаа ирэхээ больсон. Ирц бүрдэхгүй учир ажилдаа идэвх санаачлагатай эрт ирдэг хэд нь хуулийн төсөл санаачилж, бүгдээрээ хариуцлагатай болох арга сэдсэн юм. Ингэхдээ ажилдаа цагтаа ирснийг нотлохын тулд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр бүртгүүлэх. Мөн хэлэлцэж буй асуудлын талаар асуулт тавих, санал хэлэхдээ ирцэд бүртгүүлсэн дарааллаараа дугаарлах, санал өгөхдөө мөн л хурууны хээгээ ашиглахаар төсөлд заасан байв. Гэвч гишүүд ажилдаа ирж, очиход хурууны хээ хэрэгтэй, хэрэггүй тухай олон хоног мэтгэлцээд уржигдар болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нэг тийш болгосон байв. Гэхдээ анхны төслөөс нь тэс өөр болгосон юм.

Учир нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөлд “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглана” хэмээн тусгасан байсныг “санал хураалт явуулахад” гэснийг хасахаар болсон. Түүнчлэн  “асуух асуултыг тэдгээрийн нэрсээ ирүүлсэн дарааллыг нь” гэснийг “үг хэлэх, асуулт асуух саналыг гишүүдийн ирцэд бүртгүүлсэн дарааллыг” гэж, “саналаа ирүүлсэн” гэснийг “ирцэд бүртгүүлсэн” гэж өөрчлөхөөр тусгасныг бүхэлд нь хасахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, гишүүд хурууны хээгээр санал өгөхөөс татгалзаж зөвхөн ирцэд бүртгүүлэхээр болсон. Гэвч өчигдөр болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд үүнийг дэмжилгүй хуулийн төслийг анхны хэлбэрээр нь байлгахаар шийдлээ. Тодруулбал, эрхэм гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, ирсэн дарааллаараа үг хэлж, мөн хурууны хээгээрээ саналаа өгөхөөр болж байгаа юм.

Хууль батлагдвал эрхэм гишүүд энгийн ажилчид шиг хурууны хээгээ уншуулж ажилдаа хариуцлагатай болно гэх. Гэвч ажилдаа цагтаа ирээгүй гишүүдийг хэрхэх тухай хариуцлагын заалт хуулийн төсөлд байхгүйг онцлох хэрэгтэй. Харин хурууны хээгээр санал өгдөг болбол нэгнийхээ өмнөөс кнопыг нь дарж хоосон санал нэмэгдэж, Их хурлын танхимд хий үзэгдэл үүрлэхгүй сайн талтай болох байх. Одоо ийм үзэгдэл газар аваад буй. Авхаалж самбаатай гишүүд дээд тал нь зургаан кноп дардаг байхад МАН-ын дарга М.Энхболд зэрэг гишүүд гуравхныг дардаг гэж өөрсдөө нотолсон юм. Нэг сайн тал нь ажилдаа эрт ирдэг хэд нь түрүүлж санал хэлэх давуу эрхтэй болно.

Энэ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж батлах юм.

 

СУМЫН ДАРГАД ОЛГОСОН ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлт байлаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат танилцууллаа.Иргэн Д.Тогтохбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө,“Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан билээ. Захиргааны хариуцлагын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн тав дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэж заажээ. Мөн хуулийн дөрөвдүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт баривчлах шийтгэлийг зөвхөн шүүгч ногдуулахаар журамласан ч хуулийн дөрөвдүгээр зүйлийн тав дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэж заасан байна. Энэ нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэдэг, хараат бус, бие даасан тогтолцоо болох шүүх бус харин мэргэжлийн бус хүн иргэнийг захиргааны зөрчил гаргасан үндэслэлээр эрх чөлөөг нь хязгаарлаж баривчлах шийтгэлийг ногдуулахад хүрч байна. Тиймээс дээрх хуулийн заалтыг хүчингүйд тооцуулах хүсэлтийг гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар асуудлыг хэлэлцээд баривчлах шийтгэл оногдуулах эрхийг улс төрийн албан тушаалтанд шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг эр­хэмлэн дээдлэх, хү­ний эрхийн хууль зүйн баталгааг бүрдүү­лэх үүргийг төрд хариуцуулсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимтай зөр­чилдөж байна гэж үз­жээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуу­лийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

 

ЕСӨН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООНО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг  баталлаа. Мөн Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Уг тогтоолоор манай улс Антигуа Барбуда улс, Бүгд найрамдах Бурунди улс,Бүгд найрамдах Вануату улс, Бүгд найрамдах Палау улс, Бүгд найрамдах Суринам улс, Бүгд найрамдах Сьерра-Леон Улс, Бүгд найрамдах Того улс, Эритри улс, Ямайка улстай дипломат харилцаа тогтоож байгаа юм.

 

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 цаг 10 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

2 цаг 15 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

17 цаг 24 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

20 цаг 11 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

20 цаг 14 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

20 цаг 25 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

20 цаг 27 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

20 цаг 29 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин