
Д.БОЛОР
УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр бүртгэх гэсэн биш хурлын үйл ажиллагаа тасалдахад хүргэлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх үеэр техникийн саатал гарсан нь маргаан дагуулав. Ялангуяа 10 эмэгтэй гишүүнийг 17 гэж өсгөж гаргасан нь МАН-ынханд өгөөш болжээ. Тиймээс хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх асуудлыг хуулиар зохицуулсны дараа хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хоёр хоногийн хугацаатай завсарлага авлаа. Дараа нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж системийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд УИХ-ын дэгийн тухай хууль батлагдсаны дараа хурууны хээгээр бүртгэх системийг ашиглах нь зүйтэй гэсэн санал гаргасныг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар мэдэгдсэн юм. Уг нь өчигдрийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч энэ асуудал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Чуулган завсарласантай холбоотой УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар байр сууриа илэрхийлсэн.
С.Бямбацогт: БИД ТӨРИЙН АЖЛЫГ ГАЦААГААГҮЙ
Гишүүдийн хурууны хээгээр ирц бүрдүүлж эхлэх үед нэлээд алдаатай ажилласныг та бүхэн анзаарсан байх. Энэ тоног төхөөрөмжийг ашиглах хууль батлаагүй байхад асуудлыг хүчээр шийдэх гэж оролдож байгаа нь хууль зөрчиж байна гэсэн үг. Ер нь хууль зөрчих, хүч түрэх асуудал газар авсан. Хурууны хээгээр ирц бүртгэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд одоогоос жилийн өмнө УИХ-д өргөн барьсан. Үүнийг хэлэлцэхгүй мөртлөө Д.Эрдэнэбат, А.Бакей, Н.Батцэрэг нарын гурван хоногийн өмнө өргөн барьсан хуулийг хэлэлцээд явж байгаа нь УИХ гишүүддээ ялгавартай, тэгш бус хандаж байгаагийн илэрхийлэл. Бид МАН-ын бүлгийн гишүүд нэг байнгын хороонд, эрх баригч намын гишүүд гурван байнгын хороонд харьяалагддагийг өөрчлүүлэх гэж удаан хугацаанд ярьж байгаа ч шийдэгдэхгүй байна. Нэгдүгээрт, тоног төхөөрөмжөө шалгаж найдвартай ажилладаг болгох, хоёрдугаарт, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийг эрх тэгш, эрх үүргээ биелүүлэх боломж бололцоогоор хангая гэдэг үүднээс бид завсарлага авсан. Ухаалаг төр рүү шилжих гэж байгаа бол парламент ойлголцож зөвшилцдөг байх ёстой. Парламент бол зөвшилцлийн байгууллага. Харамсалтай нь тийм тогтолцоо үгүй болоод удаж байна. Эрх баригч хүчнийхэн Ардын намынхан төрийн ажлыг гацаадаг гэж хэлж магадгүй. Ийм байдлаар жил гаруйн хугацаанд эрх баригчид бусад руу буруугаа чихлээ. Бид төрийн ажлыг гацаагаагүй, бурууг нь шүүмжилж, зөвийг нь дэмжээд ажиллаж байгаа.
Д.Эрдэнэбат: МАН-ЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ ДАВТАГДЛАА
МАН-ын зүгээс гардаг хариуцлагагүй үйлдэл давтагдлаа гэж үзэж байгаа. МАН-ынхаа явцуу эрх ашгийг өмнөө барьж байна. УИХ-аар ирцийг хурууны хээгээр бүртгэхээр анхны туршилтыг хийсэн. Энэ нь завсарлага авах шалтгаан биш. УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байлгах гэсэн хурууны хээгээр бүртгэх үйлдэл зөв юм. Хувийн компаниуд ажилчдынхаа ирцийг бүртгэх зорилгоор хурууны хээ авах тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Аль ч компанид энэ асуудал хуульгүй хэрэгжиж байгаа. Монгол Улс хуультай орон. Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг МАН-ын нэр бүхий гишүүд тавьсан. Энэ асуудал хуулийн дагуу хэлэлцэгдэх ёстой. Гэтэл МАН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авлаа. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа хэтрэх гээд байна. Хэрэв маргааш /өнөөдөр/ хуралдахгүй бол хүссэн, хүсээгүй хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Ер нь Ц.Нямдорж гишүүн хувийн тоглолт их хийж байна. УИХ-ыг тараах эрх нь гишүүдэд байгаа. Түүнээс бус их хурлыг тар гэж согтуу юм шиг ярьж, хувийн PR-таа ашиглаж болохгүй. 76 гишүүний гуравны хоёрынх нь саналаар Их хурал тардгаас бус Ц.Нямдоржийг уурласнаар тардаг юм биш.
Н.Батцэрэг: СӨРӨГ ХҮЧИН ҮР АШИГТАЙ ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүдийн асуудал Монголын парламентын түүхэнд ганц өнөөдөр болж байгаа зүйл биш. Өнгөрсөн хорин хэдэн жилийн турш ийм л байсан. Дэлхийн олон улс орны парламент энэ асуудалтай тулгардаг. Бүгд л янз бүрийн арга замыг хайдаг. УИХ олон түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа дээшлүүлэхийн тулд цахим технологи ашиглан ирцийг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн. МАН-ын бүлгийн гишүүд үүнийг шалтаг болгож чуулганаар хэлэлцэх бүх асуудал дээр завсарлага авсан нь тун харамсалтай хэрэг боллоо. МАН-ын бүлгийн гишүүд дандаа уллан чангаадаг, түгжин гацаадаг, ийм улс төрийн соёлыг сөрөг хүчний соёл гэж үзэхгүй. Сөрөг хүчин бол шахаж, үр ашигтай хяналт тавих ёстой. Хэдий чинээ тэгж чадна төдий чинээ олон түмний итгэлийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, хөтөлгөө морь шиг ажиллах хэрэгтэй. Хөтөлгөө морины эзэн нь Монголын ард түмэн. Унасан морь нь эцэж, цуцах юм бол хөтөлгөө морио сэлгэж унаад л явдаг. Хэрхэн сэлгэж унахаа Монголын ард түмэн л мэднэ. Ингэж чөдөр тушаа болсноор ард түмний эрх ашиг хохирч байна гэдгийг МАН-ын бүлгийн гишүүд ойлгох хэрэгтэй.