
Б.ДАМДИН-ОЧИР
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй. Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаар түүнийг баллаж орхидог.
Бернард Шоу
Төр гэдэг үг Бурхан гэсэн шиг сонсогддог байсан цаг саяхан. Амьгүй, бодгүй төрийг ингэтэл шүтнэ гэдэг одоогийн хүүхдүүдэд бол гайхмаар эд. Гэхдээ тийм л байсан юм даа. Ийн өнгөрсөн цаг дээр томъёологдох болсон төр гээч зүйл чухам юу юм бэ, эсвэл хэн нэгэн хүн үү гэдэг асуулт цоо шинээр тавигдаж эхлэх нь.
Монголын төр Төр шиг байсан үе бий. Зангарагтай, найдвартай, бас жинхэнэ утгаараа том байж. Тэндээс л “Төрийн сүлд өршөө...” гэдэг үг гарч байжээ гэж бодогдном.
Харин өнөөдрийн өнцгөөс харвал төр гэдэг нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, бас том, жижиг дарга нар. Явцуу утгаараа төрийн илэрхийлэл тэд. Харамсалтай нь тэд дампуурч, нугарч буй төрийн нүүрийг л илтгэх болов.
Тэд буюу төрд өнөөдөр зангараг алга. Төрийн төлөөллүүд дээрээсээ доод угтаа тултал муу үйлд хутгалдсан намтартай. Бүлэглэл, фракц, садан төрөл, найз нөхөд, амраг садан гээд ашиг сонирхлын аалзны тор энэ төрийг хэрчихсэн. Тэдний хэнийг ч хамаагүй сугалж аваад “уншвал” бүтэн цагаанаараа үлдэх амьтан гарахгүй биз ээ.
Өнөө цагийн цөөхөн зангарагийн нэг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ярьж байна.
-“Арван буянт номын цагаан түүх”-д “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” гэсэн үг байдаг. Монголчууд төрт ёсоо эртнээс эмхэлж явсны бас нэг том гэрч энэ л дээ. Төрийн албыг чадваржуулна гэсэн нэрийн дор ямар ч чадваргүй хүмүүс энэ босгоор орж ирдэг. Тэр хаалгыг нь хаах хэрэгтэй. Нэг нам нь засгийн эрх барих боломж атгахаараа өөрийн хүмүүсээ төрд шургуулдаг. Тэдэн дунд төрийн ажлын ямар ч мэдлэггүй, эрх мэдэлтнүүдийн төрөл, бизнесийн хамсаатан, танилууд байж байдаг. Тэдний алдаа төрийн ажлын дадлага, туршлагатай, чадвартай хүмүүсийн хийсэн ажлыг баллуурдаж, төрийн нэр хүнд унахад нөлөө үзүүлж байгаа юм. Энэ бол төрийн чадварыг сулруулж байгаа гол шалтгаан. Энэ дундаас улс төрийн намаар дамжин төрийг эрхшээлдээ оруулж, төрийг өөрийн баяжих хэрэгсэл болгохыг зорьж байгаа бүлэглэл ч бий. Сонгуулийн өмнө баахан баячууд намд хандив өгч, нэр дэвшээд УИХ, Засгийн газарт ороод ирдэг. Ер нь “Үзэл бодлын огторгуй чинь явцуурч, үүлтэй байгаад байвал нар мандахад их хэцүү шүү” гэж Монголын нийгэмд, бүгдэд нь сануулж хэлмээр санагддаг юм” гэсэн.
УИХ-ын гишүүнээс татгалзсан ч хүчээр үлдсэн Р.Амаржаргал хоёр жилийн өмнө “...Төр, засгийг тэргүүлж, түмний өмнөөс мандат авсан хүмүүсийн легитимность улам сульдаж байгаа нь нүдэнд илт байна. Ямар ч болсон өнөөгийн Монголыг нийгэм, улс төрийн гүн шинжилгээ үзлэгт оруулах цаг болсон бололтой...” гэж байв. Мөн тэрээр Монголын улс төрийн өнөөгийн төрхөнд өгсөн дөрвөн үнэлэлтийнхээ төгсгөлийн буюу хамгийн “хүчтэй” хэсэгт “...Төрийн албанд намын мандат намируулан, хэн нэгэн улстөрчийн нөмөр нөлөөнд шигдэн шинээр орж ирэгсэд зүгээр л ажиллаж мэдэхгүй байна. Төрийн хүн шиг сэтгэж чадахгүй байна. Үнэндээ хэлэхэд гарын үсгээ яаж мөнгө болгох вэ, хэтэвчээ яаж зузаатгах вэ гэхээс өөр юм боддог юм уу гэж асуумаар байна.
Төрт ёс, тэгш хандах, хатан зориг, удам угсаа, дэг жаяг, дэв зэрэг, эрэмбэ дараалал, ах зах, тэвчээр, сэтгэлийн тэнхээ, нэр төр, ханилах нөхөрлөх, бат ёс журам, эелдэг тусч, өгөөмөр сэтгэл, заншил, цээр, шударга үнэн, эв эе гэх мэт үг, ойлголтууд тэр болгон анзаарагдахгүй, тэр болгон үзэгдэхгүй мэт боловч эд бүгд бол боловсон хүчний шүүлтүүр, монгол төрийг бат бэх байлгах бэхжүүлэх амин чухал эд эс нь юм шүү. Энэ ойлголтууд үгүй болохоор төр засаг цуурч, ан цав гарч, хэмхрэн үлбэгэр, сул, цог жавхаагүй сүр сүлдгүй болж улмаар сөнөж мөхдөг гэдгийг сануулан хэлэхэд илүүдэхгүй болов уу...” гэсэн нь санамсаргүй үг биш ээ.
Мөн Оросын философич Иван Ильинийг Баабар орчуулсан байдаг. Түүнд
“... Ийнхүү намчирхал нь эцсийн бөлөгт алдар нэр хөөцөлдөхөөр мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдөөгүй улс төрийн карьеристийг дээш түлхэн мандуулах ажгуу.
Ийнхүү намчирхал нь хувиа хичээсэн анги бүлэглэлийг улам дэврээж, шанд нь төрийн нийтлэг үйлсийг самарч хаядаг ажгуу.
Ийнхүү намчирхал нь хүмүүсийн эрүүл ухамсрыг бүдгэрүүлж, үл тэвчих агаарыг дэврээн хутган үймүүлэл, аягүй бол иргэний дайн руу түлхдэг ажгуу.
Ийнхүү намчирхал нь нийгмийн жудаг, нэр төрийг баллаж, яван явсаар хүмүүсийг биеэ худалдагсад, гэмт хэрэгтэн болгох зам руу түлхэнэ.
Ийнхүү намчирхал нь ард түмнийг нийтээр садар зальхайтан болгож, төрийг мөхөл рүү түлхэх ажгуу.
Ийнхүү намын үзэл санаа иргэн хүний ертөнцийн тухай үнэлэмж болж, бүхнийг намд тохируулж, утгагүй улигаар нь таашаал авч амьдрах ажгуу...” гэж бий. Д.Бямбасүрэн гуай, Р.Амаржаргал гээд ишлэл авсан улстөрчдийн хэлэх гээд байгаа нь ердөө л энэ ажээ.
Ерөөс төр жижгэрсэн, худалч, хулгайчаар дүүрсэн нь шууд утгаараа дээрхтэй л холбоотой.
УИХ-ын даргын статус ойлгомжгүй. Ерөнхий сайдтай эрх мэдэл булаацалдсан, авцалдаагүй тогтолцоо үйлчилж байна гэж зарим улстөрчид шүүмжилж буй. Мөн З.Энхболд гэдэг хувь хүнийхээ үүднээс ХМА-ны даргаа МҮОНТ-ийн захирлаар томиллоо гэх хэл аманд холбогдоод эхэллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж онигооны баатар болсон хүн бий. Эсвэл бүр цайрчихсан амьтан шиг. Гурил үнэтэй болчихлоо гэхээр арвайн гурил аваад идчих, гоё ш дээ... гэх жишээний. Түүнтэй холбоотой Дэнзэндэх гэдэг нэр томъёо хүртэл гарчээ.
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж гэж баларсан нөхөр байна. Тэр өмнө нь хүн зодсон, хуваарьт нислэгийг хойшлуулж “атамандсан” гэх хэрэг тарьж олны танил болсон этгээд. Саяхан телевизээр “Би хүнд суртал гаргана. Монголын эдийн засаг хүнд байгаа үед гадаадыг зорьчихоод эдийн засаг сайжирсан үед Монгол Улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд хүнд сурталтай хандана” гээд л яриад сууж байхыг ч иргэд бид сонсч байна. Мөн эмгэнэлтэйеэ.
УИХ-ын гишүүд гэж муу муухайгийн цуглуулга. Дэлхийн баячуудын жагсаалтад Монголоос багтаж байгаа ам.долларын тэрбумтнуудын хэд нь эрхэм гишүүн байв аа. Монгол хүн баян байгаа нь сайхан ч төрийг мөнгөө арвижуулах хэрэгсэл болгон ашиглаж байгаа хүмүүсийг уучламгүй.
Сонгуулийн ерөнхий хороо “Энэ хүн Их хурлын гишүүн боллоо” гээд үнэмлэхийг нь гардуулчихаад байхад бачимдсан өрсөлдөгч нь шүүх рүү гүйж очоод “Хүчингүй” гэсэн шийдвэр гаргуулчихна. Тэгээд оронд нь УИХ-д орж ирсэн явдал Өвөрхангайн тойрогт болсон. Одоо Увсын тойргийн асуудлыг дээрхийн эсрэг замаар, гэсэн атлаа ижил аргаар “шийдвэрлэхээр” зүтгэж байгаа нь ч дуулдаж байна.
Энэ далан зургаан гишүүнийг “Де Факто” Д.Жаргалсайхан гоё хэлжээ. Далан зургаан Колумб гэж. Хаашаа явснаа, хаана очсоноо, дараа нь хаана байснаа мэдээгүй хүмүүсийг Кристофер Колумб шиг хүмүүс гэдэг. Ингэхээр манай Колумбууд ажилдаа яах гэж очдог, очоод юу хийж буйгаа, орой хариад юу хийгээд ирснээ мэдэхгүй байна гэж Д.Жаргалсайхан товъёолжээ. Гайхамшигтай онч.
Хоёр, гуравхан хоногийн өмнөөс Колумбууд ирцээ хурууны хээгээр өгдөг болж гэнэ. Мөн ч арга ядарсан арга. Халааснаасаа мөнгө гаргаж цалинжуулж байгаа хувийн хэвшлийнхэн ажилчиддаа хяналттай байх, эсвэл хэзээ ч оргон зайлж магадгүй гэмт этгээд шүүх, прокурорт бүртгүүлж байгаа биш дээ.
Аймгийн дарга нар гэж хэзээ ч хуга үсэрч магадгүй хөл, суурь муутай хүмүүс байх. ИТХ нь дургүй нь хүрвэл аваад шидчихнэ. Арваад хоногийн өмнө 5-6 аймгийн Засаг дарга иймэрхүү “түйрэн”-д өртөнө лээ. Зарим нь ч яая гэхэв гэмээр юм хийчихсэн нь харагдаж л байгаа. Дорноговийн Засаг дарга П.Ганхуяг гэж газрын асуудлаар өөрийгөө боомилсон хүн байна. Хүүгийнхээ найзууд, охиныхоо компанид тэр хавиасаа баахан газар өгчихсөн юм даг уу даа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг намынхан байж муудалцаад байхдаа яадгийн гээд ИТХ-ын тогтоолыг нь хүлээж аваагүй гэж байгаа. П.Ганхуяг АН-ынх, ИТХ-ын олонх нь АН-ынх юм байна л даа.
Дундговь гэж холион бантангийн газар бий. Уг нь МАН орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан гэж байгаа. Гэтэл зарим нь урваж, нэг хэсэг нь эргэж татуулаад АН ч юм шиг, МАН ч юм шиг болоод МАН-ын даргатай ИТХ нь нам нэгт Засаг даргаа татаад унагачихсан. Одоо АН бүх эрх мэдлийг нь авахаар “тоглож” эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж эхлэв.
Энэ мэтээр үргэлжлүүлбэл идсэн уусан, хувийн бизнесээ дэмжсэн сайд нар... гээд хөвөрч өгнө.
Улстөрчид нь эдийн засгаа мэдэхээ байчихсан, уул уурхайг бид бус гадныхан л мэддэг болсон, зантайсан том “бие”-тэй төрийн хүнд суртал нь хэрээс хэтэрсэн, гадаадад охид хүүхнүүд алуурчны гарт үрэгдсэн, авлига цагаандаа гарсан, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлаасаа ухарсан, МИАТ-ийнхээ бодлогыг Хятадад атгуулж “хар хайрцаг”-аа зөрчих гэж байгаа, иргэд бүртгэлийн байгууллагын үүдэнд лавлагаа хүсч, эмгэд өвгөд тэтгэврээ хүлээн банкны үүд сахиж хэд хонодог амьдрал миний Монголд үргэлжилсээр л байна. Товчилбол, төрийн үйл уруугаа харчихсан.
Жил гаруйн өмнө Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Сун Чи гэж сүрхий эмэгтэй Монголд ирсэн. Тэрээр дүр эсгэсэн ардчиллын тухай ярьчихаад буцаж байлаа. Бас л санамсаргүй үг биш. Өнөөдрийн манай “ардчилсан” төрийн байж байгаа царай л энэ.
Ноён нуруугүй, зангараггүй... гээд төр үндсэн шинжээ алдсаныг ганц үгээр Дампуурлаа гэж хэлж болох. Монгол үгийн утгын хөтөч Я.Цэвэл гуайн тайлбар тольд дампуурал гэдэг үгийг “...бүрмөсөн чадваргүй болох, балрах, халдан довтлогчдын бодлогын дампуурал” хэмээн тайлбарлажээ.
Саяхны амралтын өдрөөр зурагт үзэж суух нээ, “Одон” телевизийн захирал Го.Бадарч, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий хоёр илэн далангүй хөөрөлдөж байхтай таарав. Жаахан тогтож үзлээ. Хоёр гавьяат улс төр, нийгэм, сэтгүүл зүй, театр... сүүлдээ хүүхдүүдээ яриад л. Илэн далангүй л ярьж байна. Тэдний ярианаас ганц л юм тогтоож, бас тогтож үлдэв. Тэд олон жишээ хэлэлцсээр “Төр байхгүй...” гэлээ. Тийм ээ, төр алга болчихож, жинхэнэ төр эзгүй байна.