
Ч.ОЛДОХ
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар арванхоёрдугаар сарын 10-нд буюу Авлигатай тэмцэх өдрөөр өөрийгөө шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлжээ. Энэ талаар тодрууллаа.
- Яагаад ийм өвөрмөц алхам хийх болов. Албан тушаалтнууд АТГ-аас зугтааж дөлж байхад та өөрийгөө барьж өгч байдаг?
-Монголын төр цэвэр ариун байх ёстой. Үүний төлөө эх оронч Монгол цустай хүн болгон чадах боломжоороо тэмцэх ёстой. Энэ нь эхний удаагийнх биш л дээ. 2004 онд УИХ-ын гишүүн байхдаа нэг удаа Цагдаагийн Ерөнхий газарт , Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан үедээ 2010 онд Мөрдөн байцаах газарт өргөдөл гаргаж, надтай холбоотой гарсан мэдээллийг нягталж өгөөч гэсэн хүсэлт тавиад шалгуулж байсан юм.
Ер нь төрийн өндөр албан тушаалтантай холбоотой авлига, гэмт хэргийн асуудал яригдаж, хэвлэлээр мэдээлэл цацагдвал өөрийгөө гэм буруугүй, гүтгэж байна гэж хэлэхээсээ илүү хүсэлтээрээ хууль хяналтын байгууллагаар шалгуулаад үнэн мөнийг тогтоолгох нь зүйтэй. Энэ бол зарчим. Үүнийг мөрдөн ажилаасай гэж боддог. Хэрвээ тухайн хяналтын байгууллага шалгаад буруутайг тогтоовол хариуцлага үүрэх учиртай. Тэгэхгүй бол үнэн, худал нь мэдэгдэхгүй баахан мэдээлэл тарахад өөрөө үгүйсгээд л өнгөрдөг. Ингэх тусам олон түмний итгэх итгэл нь ч алдарсаар байна. Энэ парламентад чинь дандаа л авлигачин, гэмт хэрэгтнүүд бүгдэг, нуувчинд ордог юм биш үү гэсэн хардлага олон нийтэд өргөн тархсан үед өөрийгөө нэг сайн шалгуулаад авья гэж бодсон юм. АТГ нь айдаг аюулаас хамгаалах байгууллага биш харин үнэнийг тогтоодог байгууллага гэж итгэж байна.
-Та өөртөө их итгэлтэй байна аа даа?
- Налайх дүүргийн татварын хэлтэст ажиллаж байгаад Төрийн албаны тухай хууль зөрчин халагдсан, гэмт хэргийн шинжтэй олон үйлдэл хийсэн Н.Энхээ арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ц.Оюунбаатарын болон татварын олон булхайг мэддэг” гэх утгатай мэдэгдэл хийлээ. Энэ хүний хэлээд байгаа асуудлыг шалгаад өгөөч гэж АТГ-т хандаж байгаа хэрэг. Миний хувьд авлигын чиглэлээр олон жил судалгаа хийсэн хүн. 1991 оноос хойш авлига, албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгөжих үйл ажиллагааг судалж томоохон судалгааны бүтээл ч хэвлүүлж байсан юм. 1996, 1998, 2005 оны авлигын эсрэг хуулиудыг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд биечлэн оролцож, төрийн байгууллагад тэр дундаа татварын салбарт авлигыг хязгаарлах,урьдчилан сэргийлэх чиглэлээр хатуу тэмцэл хийж ирсэн.
-Хэрвээ хууль зөрчсөн асуудал байвал УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэн шалгуулж чадах уу?
-Миний бие авлигын гэмт хэрэг тэр ч байтугай зөрчилд холбогдсон нөхцөлд УИХ-ын гишүүнээс дуртайяа түдгэлзэн шалгуулна. АТГ-т хүргүүлсэн бичигт УИХ-ын гишүүн байх нь өөрт холбогдох аливаа асуудлаа шалгуулахад саад болох эсвэл хариуцлагаас зайлсхийх, зугтах, халхавч болох ёсгүй гэж үздэг учраас хандаж байгаагаа онцолсон байгаа. Энэ байгууллага асуудалд нухацтай хандаж, бүрэн дүүрэн шалгаж үнэнийг тогтооно гэдэгт эргэлзэхгүй байна.
-УИХ-ын гишүүдээс өөрөө өөрийгөө шалгуулъя гэж хүсэлт гаргасан анхны хүн нь та юу. Бусдыгаа уриалж, шинэ жишиг тогтоох “салхийг” хагалж байна уу?
- Анхных уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Энэ талаар мэдээлэлгүй учраас ийм, тийм гэж хэлж чадахгүй. УИХ-ын гишүүн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, үлгэр жишээ байх ёстой. Манай сонгогчид ч хэнээр элчээ болгохоо шийдэх сонголтоо хийхдээ мөнгө, бараа сэлт тараасныг нь дэмждэгээ болих хэрэгтэй. Олон тэрбум төгрөг тойрогтоо цацаж сонгогдох эсвэл намдаа их хэмжээний мөнгө хандивлан парламентад орж ирсэн нөхдүүд шархаа нөхөхийн тулд иргэд, улс орныхоо төлөө гэхээсээ илүү амин хувийн эрх ашгаа бодож, тендер зохицуулах зэрэг зохисгүй үйлдлийг зохицуулж байна хэмээн иргэд шүүмжилж байна. Тэр хүмүүсээс болж Монгол төрийн, хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын нэр хүнд унаж байна. Ийм ноцтой байдал бий болж байгаа учраас хариуцлагыг чангатгах, ёс зүйтэй байх зарчмыг мөрдөхөд анхаарал хандуулах нь чухал юм. Парламентад үнэхээр хууль боловсруулдаг, хийдэг хүмүүс ирж сууг. Энэ мэт асуудлыг зохицуулах эрх зүйн орчныг бий болгохоор бусад шударга гишүүдтэй хамтран зүтгэнэ ээ.
-Та Татварын ерөнхий газрын дарга байхдаа авлигагүй татварын орчин бүрдүүлнэ гэж томоохон шинэчлэл эхлүүлээд удалгүй ажлаасаа халагдаж байсан шүү дээ. Авлигатай тэмцэл хийхэд эрсдэл тулгардаг уу?
- Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа авлига, хүнд сурталтай тэмцсэн үйл ажиллагаа явуулсан. Өнөөдрийнх шиг татварын байгууллага бизнмэсмэнүүдийг дарамтлаад дансыг хааж байгаагүй. Татварын байгууллагын хүнд суртлыг арилгаж, авлигаас ангид байж нийгэмд үйлчилдэг болгох зорилго тавин ажиллаж байлаа. Энэ нь татвараас сонгуулийн мөнгөө босгодог бизнесийн бүлэглэлийнхний дургүйг хүргэсэн бүр бизнес эрхлэгчид нь Ардын намын, ардчилсан намын харьяалалд хуваагдсан татварын удирдлага нь улс төржин ханддаг болсныг зогсоох оролдлого хийсэн. Одоо сум хороонд АН, МАН-ын харьяа дэлгүүрт тэр намын гишүүд нь ордог нь эмгэнэл болсон. Тэр нөхдүүд н.Энхээ мэтийн хүмүүсийг ашигласан. Тэр нь бодитой зүйл дээ. Прокурор сэтгэлгээтэй хүн хэтэрхий чангаллаа, бизнес эрхлэгчдийг өөгшүүлж байна гээд өргөх бичиг хүртэл барьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл ч зохион байгуулалттай цацаж байсан. Гэхдээ төрийн албыг татвар төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилдэг болгохыг зорьж зөрчлийг илрүүлж, хариуцлагаа тооцон ажиллаж байсны хүчинд 2009, 2010 оны эдийн засгийн хямралын хүнд үед Монгол Улсын төсвийг бүрдүүлэх үүргээ бүрэн хангаж биелүүлж байсан. Өнөөдөр бол зөвхөн нүүрс гаргалт л унасан болохоос бусад асуудлаас ноцтой хүндрэл гараагүй. Ийм байхад Монгол Улсын төсвийн орлого бүрдэхгүй, сахилга хариуцлага ч алга байна шүү дээ. Төр бизнесийн үйл ажиллагаанд ерөөсөө оролцохоо болих хэрэгтэй. Тэр хүн татвараа л өгөх үүрэгтэй. Хэрвээ татвараас зайлсхийсэн ноцтой асуудал байвал шалгадаг эрх бүхий байгууллага нь шалгаад хариуцлага тооцох ёстой. Төрөөс бизнесийг дарамтлах шахах хязгаарлах ийм үйл ажиллагааг явуулж болохгүй. Эдийн засгийн шинэчлэлийн хуулиудыг өргөн барина. Тэр дундаа татварын багц хуулиудад Засгийн газраас хараат бусаар ажиллаж татварын дарамтыг багасгах, НӨАТ болон үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын татварт зарчмын өөрчлөлт оруулна.