
Өнгөрсөн оны яг өдийд МАН-ын У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт өгч байв. Тэрээр “Ханийнхаа эрүүл мэндэд анхаарч өвчнийг нь хамтдаа даваад гарах гэсэн юм. Надад улс төрөөс илүү гэр бүл маань эрхэм чухал” гэж өөрийн хүслээр улс төрөөс гарч байлаа. Түүний хүсэлтийг З.Энхболд даргын ангийнхан хүндэтгэлтэйгээр хүлээж авсныг олон нийт мэднэ. МАН-ынхан ч “Хүнд үед маань хаяад гарлаа. Хүчтэй лидер нь байх ёстой” гэж араас нь зууралдаагүй. Харин АН-ынхан Р.Амаржаргал гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авсангүй. Тэд “Чи бидний өмнөөс битгий хариуцлага хүлээ. Засаг, төр нь буруу ажиллаж байгаа бол бид өөрсдөө хүлээчихнэ” гэсээр авч үлдэж чадлаа. Үүнийг нь МАН-ын гишүүд “Эрх баригчид маань дэндүү арга яджээ. Нэг гишүүн нь гарахад түүнийг нь нөхөж орж чадахгүй гэдгээ дэндүү сайн ойлгож байна. Р.Амаржаргалын шударга, хариуцлагатай зан чанарыг нь хүлээж аваагүй нь улс орноо биш намаа л бодсон хэрэг” гэх шүүмжлэл өрнүүлэх. Чуулганы хуралдааныг тоймлон хүргэе.
О.Баасанхүү:
-Таны шийдвэрийг хүндэтгэж байна. Хэрэв татгалзах хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл олигархиудтай тэмцэхийн тулд улстөрийн нам байгуулах уу. Авлигын асар том сүлжээг мэдэж байгаа бол олон нийтэд зарлах уу. Тэдэнтэй яаж тэмцэх вэ. Хоёр банк асуудалтай гэж хэлж байгаа. Энэ чинь баримттай юу?
Р.Амаржаргал:
-Улс төрийн нам байгуулах нь юу л бол. Би олон нам байгуулж байсан, хангалттай байх. Авлигатай тэмцэх арга нь төр, засаг өөрсдөөсөө эхэлж, үлгэрлэх ёстой. Ерөнхийлөгчөөс эхлээд багийн дарга хүртэл өөрөө түрүүлж шаардах ёстой байх. Банктай холбоотой асуудал нууц зүйл биш. Монголбанкнаас гаргадаг судалгаагаар маш тодорхой байгаа.
Д.Хаянхярваа:
-Монголын өнөөгийн нийгэмд төрийн ажил ялзралд оржээ гэдгийг та тод хэлсэн байна. Харамсалтай нь, Р.Амаржаргал гишүүнтэй адилхан санал дүгнэлт хийж байгаа хүн алга. Би хувьдаа Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүндэтгэнэ. Төрийн байгуулалтын байнгын хороо Р.Амаржаргал гишүүний саналыг хүндэтгэн анхаарал хандуулах ёстой байсан. Цаашид судлах талаас нь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яригдсан уу.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:
-Р.Амаржаргал гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ дэлгэрэнгүй тайлбарласан. Монголын төрийн үйл ажиллагаатай холбоотой олон чухал асуудал байгаа. Төр ялзралд орсон, дампуурсан гэсэн яриа гарч байна. Төрд болохгүй зүйл байгаа. Р.Амаржаргал чөлөөлөгдсөн ч, эс чөлөөлөгдсөн ч төрийн ажил хэрэг болгох үүднээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос тогтоол гаргах гэж байгаа.
Ё.Отгонбаяр:
-Р.Амаржаргал гишүүний зөвшилцөл ус агаар шиг хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Та нам дотроо зөвшилцөж чадахгүй байгаа энэ үед намууд хоорондоо зөвшилцөлд хүрч чадах уу. Үүссэн нөхцөл байдлын буруутай этгээдүүд нь энэ танхимд сууж байгаа гэсэн. Буруутай хүмүүс нь хариуцлага хүлээхгүй байхад Р.Амаржаргал хариуцлага хүлээж байгаа нь хэр ёс зүйтэй юм бэ.
Р.Амаржаргал:
-Зөвшилцөлд хүрч чадах ёстой. Хүрэх ч үүрэгтэй. УИХ-ын чиг үүрэг байгаа хэдий ч өнөөдөр цөөхөн хэдэн хүн шийдвэр гаргачихаж байна. Ер нь цаашдаа гишүүний улстөрийн хариуцлага гэсэн стандарт, соёл байх ёстой.
Р.Гончигдорж:
-Намын төлөө, бидний төлөө хариуцлага хүлээх хэрэггүй. Монголын төрд хэрэгтэй хүн ч гэсэн сайн үйлс бүтээж байхад зугтдаггүй юм. Шударга байна гэдэг нь болохгүй байгаа юмны дундуур тоосонд нь булуулж байж, бүтээхийн төлөө явдаг юм. Хүнд үед хэрэгтэй газраа хэрэгтэйгээ мэдэж зүтгэхийг би шударга гэж үзэж байна. Намаа солиод явж болно шүү дээ. АН-ын олон гишүүд өөрийг чинь УИХ-д оруулах гэж олон жил зүтгэсэн. Улстөрч хүн өөрийнхөө чадлаар биш олон түмний чадлаар гардаг юм.
Ж.Батзандан:
-Шударга ёсны төлөө гишүүд олон талаас нь ярилцаж байна. Р.Амаржаргал гишүүн өргөдлөө өгснийг ухаалгаар харж, дүгнэлт хийх ёстой. Би өөрөө гэхэд Монголын төрд шударга ёс гадуурхагддаг, эх орноо боддог шударга хүмүүс орон зайгүй болсон. Монголын төрд эрүүл ухаантай бус эрх мэдэлтэй цөөхөн хүн гарсан гэдгийг харж байна. Товчоор хэлбэл, шинжлэх ухаанч бус бөө мөргөл, шашин шүтдэг хүмүүс Монголын төрд олон болж.
Ц.Нямдорж:
-Гишүүн чөлөөлөх хүсэлтээ гаргаад удаж байна. Ингэж удаах шаардлагагүй байсан юм. Урвасан этгээдүүдтэй нийлчихээд ичээч та нар. Ард түмний итгэлийг нь хөсөрдүүлсэн урвагч хүмүүстэй нийлж засаг байгуулчихаад хариуцлага ярьж байгаа гишүүнээ баалж байгаа чинь таалагдахгүй байна. Танай нам угаасаа тийм. Урвадаг, урвагчидтай нэгдсэн. Засгийн чинь ажил болохгүй байна гэж хэлэнгүүт та нар бүгдийг нь нийлж байгаад баалсан. Ийм хогийн юм ярьж суухын оронд нам дотроо хариуцлагын асуудлаа яриач. Эдийн засаг чинь уначихсан байхад сайдуудтайгаа хариуцлага ярь. Р.Амаржаргал гишүүн том асуудлыг хөндсөн. Монгол төрд хариуцлага байх уу гэдгийг ярь. У.Хүрэлсүхийн асуудлыг долоон хоногийн дотор шийдсэн мөртлөө Р.Амаржаргалын асуудлыг бүтэн сар боллоо. Болиоч та нар. Би нэг юм хэлье. Р.Гончигдоржийн шордож байгаа замаар явбал бурууддаг юм шүү. Засгаа унагаж байсныг нь санаарай. Нэг суудлын төлөө үхэн хатан тэмцэж байж засгаа унагадаг биз дээ. Сэтгэлгүй хүнийг энд суулгаад яадаг юм. Р.Амаржаргалыг та нар гудамжинд гаргачихаад байхад ч суудал авч ирсэн юм шүү. Түүний ярьж байгаа дүгнэлтээр АН-ынхан дотроо ярьж, хариуцлага тооцох ёстой. Эдийн засаг хүндрүүлсэн сайдад хариуцлага тооцох ёстой. Монгол төрд хариуцлага байх ёстой гэдгийг Р.Амаржаргал гишүүн хүсч байна.
Г.Уянга:
-Энэ парламентаас хоёр гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгч байгааг бид эргэж харж, дүгнэлт хийх ёстой. Эдийн засгийн хямрал, ардчиллын мухардлын талаар хэлсэн үгэндээ тодорхой хэлж байсан. Гудамжинд ярьж байсан зүйл өнөөдөр энэ танхимд яригдаж эхэлсэн нь сайн. Улстөрийн намууд зөвшилцөлд хүрэх ёстой. Хэлж байгаа нь үйлдэлтэйгээ зөрөхгүй байгаасай. Монголд төрд ёс зүй, дэг жаяг, улстөрийн соёлын стандартыг бий болгох ёстой цөөхөн эрүүл сэтгэлгээтэй хүмүүсийн нэг явах гэж байгаад нь харамсч байна.
Н.Батцэрэг:
-Гаргасан өргөдлийг хэлэлцэж байгаад шийдэх байх. Өргөдлөө өгсөн үндэслэл нь сүүлийн 24 жилийн улстөр, нийгэм, эдийн засагт болж буй үйлдлийг дүгнэсэн нь чухал. Үүн дотор зөвшилцөл маш их чухал зүйл. Монголын нийгэм, эдийн засгийн ерөнхий дүр зураг ямар байгаад анхаарал хандуулах цаг болсныг сануулсан дүгнэлт байсан. Тиймээс УИХ дахь гурван бүлэг нийгэм, эдийн засгийн дүгнэлт хийх цаг болсон.
Ж.Энхбаяр:
-Хувь хүний асуудал биш гэсэн итгэл үнэмшилтэй байна. Энэ хүн асар их зориг гаргаж байна. Монголын төрийн данхайсан бүтэц, өр нэмэгдээд, хөрөнгө оруулалт зогсоод байгаа нь өнөөдрийн бидний нийгэм биш. Бид өнөөдөр ард түмнээ баян, ядуу, дунд гэж ялгаад байгаа. Энэ нь хүмүүсийг бие биесээ үзэн ядахад хүрч байна. Олигархиуд бүгд сайд болсон сууж байна. Аливаа төрийг хийж байгаа ажлаар нь бус ард түмний халаасанд үлдээсэн мөнгөөр нь хэмждэг. Р.Амаржаргал гишүүн болохгүй байгаа зүйлийг өөрөөр гаргаж байна. Улстөрийн соёл, зөвшилцөл байхгүй байгаа нь, ардчиллыг үгүй хийж байгаа нь Монголын улстөрийн эсрэг хийж буй популизм гэсэнтэй санал нэг байна. Эрх баригчид дүгнэлт хийгээсэй.
Г.Баярсайхан:
-Өдийг хүртэл хугацаанд хээл хахууль цэцэглэж, бүх идээ бээр нь дараагийн засаглалын үед гарч ирдэг. Р.Амаржаргал гишүүн Монголын төрд байх ёстой гишүүний нэг. Гаргасан дүгнэлт нь бодитой. Гэхдээ хариуцлага яриад, хариуцлага хүлээлгэх хүнд нь, хүлээлгэх зүйлд нь Р.Амаржаргал гишүүн өөрөө оролцох ёстой. Уг нь таныг төрд илгээсэн ард түмэн шийдэх ёстой.
Д.Батцогт:
-Гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Болохгүй, бүтэхгүй, өөрчлөх шаардлагатай зүйл олон байна. Засгийн газар муу ажиллаж, УИХ олхиогүй байгаа. Р.Амаржаргал гишүүн шинэ гишүүдэд үлгэр болж манлайлж ажиллах ёстой байсан ч бүтэхгүй байна гээд хаяад явах гэж байгаа нь буруу. Ард түмэн итгэл хүлээлгэсэн. Ерөнхийлөгчөөс эхлээд төрөө ухаалаг болгохоор ажиллаж байна. Бид бүгд хамтарч ажиллах ёстой. Энэ бүхнийг хамтдаа хийх гээд оролдоод үзэе, болохгүй бол бид бүгдээрээ тарах ёстой.
Д.Лүндээжанцан:
-Би түүнтэй олон жил хамт ажиллаж байгаа. Төрөөс хариуцлага нэхэж байх шиг байна. Хувь гишүүний хувьд хамгийн эцсийн алхам гэж харж байна. Хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай болъё эсвэл хүчтэй засаглалтай байх механизмын тухай асуудал байна. Багаас эхлээд УИХ хүртэл нэг сая орчим эрхзүй байна. Асуудлыг олонхиороо шийддэг загвар буюу зөвшилцлийн загвар хэрэгтэй байна.
Р.Амаржаргал:
- Намын жагсаалтын ард нуугдсан хүмүүс юу ч ойлгохгүй. Сонгогчид эх орны эрх ашиг, дараа нь намаа яриарай гэсэн захиас гэж хэлдэг л дээ. Одоо буруу зүйлээ засч авахгүй бол хожимдоно гэж бодож байна” хэмээн гишүүдийн асуултад хариулт болгож өөрийн саналаа хэлсэн юм. Эцэст нь санал хураах хариуцлага үед гурван хүний саналын зөрүүтэйгээр Р.Амаржаргалыг гишүүн хэвээр үлдээж чадсан юм. Харин үдээс хойш болсон хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг нь дэмжсэнгүй.