Цэцээс цэцэн шийдвэр гарахгүй нь

2013-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Төрд хамгийн мэргэн шийдвэр гаргадаг субъект нь Үндсэн хуулийн цэц. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, Засгийн газрын гаргасан шийдвэр, УИХ-ын баталсан хууль гээд том дарга, сайдын алдааг засч залруулдаг нь цэц. Гэвч сүүлийн хоёр ч дүгнэлтийг УИХ зөвшөөрсөнгүй. Тэгээд ч зогсохгүй цэцэд үл итгэж буй өнгө аяс парламентаас цухалзах болов.

Цэцийн гишүүн гэх есөн хүн Зайсангийн аман дахь дөрвөн давхар саарал ордондоо бүгж, гадаа юу болж байгааг мэддэггүй болжээ. Нийгмээс хол тусгаар болсныг УИХ-ын гишүүд ч хэлсэн. Үнэндээ цэцийн амьдралд юу болж байгааг мэддэг хүн ч цөөн.

Харин гишүүдийнх хувийн ажил төрөл, асуудлыг бага сага гадарлах нь бий. Бараг л хэрэг төвөгт холбогдох шахлаа гэсэн Д.Сугарын нуувч нь цэцийн ордон, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх цэцийн гишүүн болсон, цэцийн дарга Ж.Амарсанаа  найман настайгаасаа авсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ саяхан дэлгэсэн гээд уг нь ухаж төнхвөл сонин хачин зүйл ихтэй газар. 

Нэгэн цагт цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэдэг байлаа. Бодит байдал дээр тэр хөх тэнгэр нь тухайн үеийн эрх баригч нам байсаар ирсэн нь үнэн. Уг нь цэцийн дээр Үндсэн хууль байх учиртай. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байх хуультай юм. Анзаарвал хуулийн онгорхой, цоорхойг олж хардаг хүмүүс бусдаас хараат бус ажиллаж чадаж байгаа эсэх нь сүүлийн хоёр дүгнэлтээс тодорхой харагдлаа.

Тодруулбал, өнгөрсөн сард Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлээд УИХ-д орууллаа. Энэ дүгнэлт нь гишүүд болоод Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулав. Хууль зүйн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг хүмүүс дуугүй суусангүй. Цэцийн хийж буй ажил ардын амьдралаас тасарсныг шүүмжиллээ.

Шинэ хуулиар бол хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд иргэдийн нэг төлөөлөгч оролцуулах тухай заалт Үндсэн хуулийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн юм. Энэ дүгнэлтийг парламент хүлээж авалгүй, гишүүд баталсан хуулиа хамгаалж үлдлээ. Олон жил ярьсан шүүхийн шинэчлэлийг арай гэж хийж байхад цэц тээг боллоо гэж үзсэн.

Тухайлбал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Цэцийн дүгнэлтийг гайхаж хүлээн авсан. Цэцийн гишүүд нийгмээс, жирийн иргэдээс тусгаар болжээ. Иргэдэд огт хамаагүй мэт, тэдний эсрэг шийдвэр гаргалаа. АНУ-д гэхэд мэргэжлийн шүүгч шүүх процессыг удирдан тангарагтны шүүгчид буюу иргэдийн төлөөлөл шийдвэрийг гаргадаг. Германд хоёр шүүгч, нэг иргэний төлөөлөгч оролцон шийдвэр гаргадаг” гэсэн юм. Мөн гишүүн С.Бямбацогт “Цэцийн асуудлыг эргэн харахгүй бол болохгүй нь. Цэц хамгийн үнэн мэргэн шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой. Гэтэл сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүд нь ойлгомжгүй байна. Зарим асуудалд шуурхай ханддаг, заримыг нь дардаг боллоо” гэсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ч цэцийн шийдвэрт маш их харамсаж буйгаа хэвлэлээр дамжуулжээ.

Үүнээс өмнө нэгэн иргэний хүсэлтээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргахгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээд гишүүд мөн л хүлээж аваагүй юм. Энэ хуулийг ч хуульч гишүүд олон өнцгөөс тайлбарласан. Эндээс үзвэл цэцийн гишүүд зөв дүгнэлт гаргаагүй бололтой.

Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглодог. Мөн цэцийн гишүүн Засаг захиргаа, нам улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй хуультай.

Хуулиар олгосон ийм онцгой эрх мэдэлтэйгээс гадна цалингийн хэмжээг УИХ-аар тогтоож өгдөг тусгай газар. Мөн цэцийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглодог байна.

Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээр эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөхөөс өөрөөр албан тушаалаас чөлөөлөх, эргүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглодог байна. Ийм онцгой бүрэн эрхтэй газар орох сонирхолтой хүн ч олон байдаг. Нөгөө талаар манай улс олон жилийн туршлагатай өмнөө барьдаг шилдэг хуульчдаа цэцэд ажиллуулдаг. Гэвч сүүлийн үед гаргасан шийдвэр нь парламентын босгыг давж чадахгүйг бодоход байгаа оноогүй  томилгоо хийдэг эсвэл аль нэг нам, бүлэг, фракцын нөлөөгөөр дүгнэлт гаргадаг байж магадгүй. Уг нь иргэд хуулиар олгосон эрхээ хамгаалуулахаар цэцэд ханддаг байсан бол, одоо цэцийн шийдвэр хэн нэгнийг унагахад чиглэдэг болжээ. Тиймээс Үндсэн хуулийн манаачид нэр хүнд муутай боллоо.

Цэцэд олон жилийн туршлагатай хуульч ч бий, дөнгөж ороод жил ч болоогүй хүн ч байна. Тухайлбал, цэцийн орлогч дарга Н.Жанцан гурван удаа улиран сонгогдож 21 жил тасралтгүй ажиллаж байгаа бол, дарга Ж.Амарсанаа нь  15 жил, гишүүн Ч.Сарантуяа 12 жил, Ерөнхийлөгч асан П.Очирбат, гишүүн Д.Наранчимэг нар тус бүр найман жил, Б.Пүрэвням зургаан жил ажиллаж байгаа юм. Харин Т.Лхагва, Д.Сугар нар сүүлийн нэг жил цэцэд сууж буй. Хамгийн сүүлийн томилгоо нь Д.Ганзориг.  Сүүлд УИХ-д оруулсан цэцийн дүгнэлтийг танилцуулаад гишүүдээс олигтой үг сонсоогүй буцсан эрхэм. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард томилогдсон бөгөөд УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

 

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08