
М.ГАН
Ээж нь хүүхдүүдийнхээ урдуур орж хамаг ажлаа хийдэг айл бий дээ. Үр хүүхдээ өвтгөхгүй, дааруулахгүй, халууцуулахгүй, ангаж цангаж, өлсгөхгүй гэж. Эхийн сэтгэл л юм хойно ийм ч байхаас яая гэх вэ. Харамсалтай нь адаг сүүлд нь үр хүүхэд нь ажилд сурдаггүй сул талтай. Үүнтэй төрийн ажлыг жиших гэсэн юм. Ард түмнийхээ өмнөөс бүх зүйл рүү гүйж ороод л. Гэхдээ төрд юуных нь эхийн сэтгэл байх билээ. Ашиг хонжоо хайж, ард түмнээ айлган сүрдүүлж, хамаг мөнгө хөрөнгийг нь булааж авах гэж урдуур нь дайрдаг. Үүнийг том төр гэж Төрийн тэргүүн тодорхойлоод ухаалаг төртэй болох санаачилга гаргаад буй.
Нүүрс зөөж бизнес хийе гэхээр төр дайрч ороод өөрөө ухаад зөөчихнө. Ном хэвлээд зах зээл дээр өрсөлдье гэвч өнөөх л төр урдуур гүйж ороод хэвлээд тараачихна. Ийм зах зээлийн дарангуйллын нийгэмд бид амьдарч буй.
Ерөнхийлөгчийн хэлснээр ардчилсан нийгэмд хамгийн их дарлагдаж буй нь хувийн хэвшлийнхэн, бизнес хийдэг хүмүүс гэсэн. Ухаалаг төрийн тухай Ерөнхийлөгчийн энэ илтгэл бизнесийнхэнд илүү таалагдлаа. Бизнесийнхэн гэхээр том, том компаниуд бус үйл ажиллагаа явуулдаг хувийн бүхий л салбарын жижиг, том аж ахуйн нэгжүүдийг багтаан ойлгох ёстой болов уу. Хувийн хэвшлийнхэн ч энэ саналыг уухайлан дэмжицгээлээ.
42 ХУВЬ: БҮҮ СААД БОЛ
Ухаалаг төрийн зөвлөгөөнөөс өмнө “Монгол Улсын төр том төр мөн үү?” гэсэн асуулга явуулжээ. 37 хувь нь мөн, 12.6 хувь нь биш, 4.5 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Мөн иргэд төртэйгөө хэрхэн харилцаж байгаа тухай судалгаа явуулахад сонин тоо гарсан гэнэ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 60 хувь нь төртэй огт харилцдаггүй, 30 хувь нь хааяа, найман хувь нь үргэлж гэсэн байна.
Ажил хэрэгч хүмүүс төрөөс юу хүсч байна вэ гэдгийг судалгаагаар тодруулахад 42 хувь нь “бүү саад бол” гэж, зарим нь тогтвортой байдал, 20-иод хувь нь тусламж дэмжлэг хэмээн хариулсан байна. Бизнес эрхлэгчид гуравхан зүйл хүсчээ. Тэд тогтвортой, тэгш, тунгалаг эрх зүйн орчин хүсчээ. Мөн зохистой төлөвлөж болохуйц татварын орчин, бизнест нь оролцдоггүй, хэрэгтэй үед нь тусалдаг, ашиг сонирхлын зөрчилгүй, өрсөлддөггүй төртэй байхыг хүсчээ. Төр ер нь аж ахуйн нэгж байгуулаад, бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөөд байх ёсгүйг Төрийн тэргүүн онцлов. Тэрээр “Бизнес эрхлэгчдийг дарлах бүхэл бүтэн тогтолцоо байна. Байцаагч нарын араас дарга нарын шахаа очно. Бизнес эрхлэгчдэд байдаг дарга нарын дуртай зүйл бол мөнгө юм. Мөн дээрээс нь хуулийнхан очно. Ингэж явж байхдаа янз бүрийн албан тушаалтны нэр барьдаг. Үүнийг бид таслан зогсоож, энэ механизмыг эвдэх хэрэгтэй. Энэ ажлыг одоо газар бүхэн хийж эхэлье” гэв.
УХААЛАГ ТӨР АЖ АХУЙ ЭРХЭЛДЭГГҮЙ
Төрд буруу зүйл юу байгааг Ерөнхийлөгч харжээ. Ингээд долоон зүйл жагсаав.
1. Төр бүхэнд оролцож, бүхнийг шийдэх ёстой.
2. Хуулийн хариуцлага яах вэ аргалж болно.
3. Албан тушаалд очсон бол хүссэнээ гүйцэлдүүлж болно.
4. Туршлага байхад судалгаа, онол хэрэггүй.
5. Сонгуулийн хөтөлбөр сонгогчдод л зөвхөн таалагдахад хэрэгтэй.
6. Төр өмч эзэмшиж аж ахуй эрхлэхгүй бол бусад нь завшина.
7. Шийдвэр гарч өдөр өнгөрч байвал маргаашийн асуудал яах вэ.
Ер нь улстөрчид зөвхөн сонгуулийн үеэр сонгогчдоо боддог, сонгуулийн дараа өөрсдийгөө боддог байж болохгүй. Хоёр дахь зарчим бол таны төлөө бүхнийг хийх гэж оролддог төр танаас бүхнийг булааж дуусдаг юм шүү гэдгийг Ерөнхийлөгч хэлэв. Хоёр дахь хууль нь төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хөндөв. Шинээр төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулахыг хориглоё, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжийг УИХ-аас зөвхөн хуулиар байгуулъя, төрийн өмчит аж ахуйн нэгжийн ТУЗ-ийг төрийн албанаас тусгаарлаж компанийн удирдлагын шилдэг загварыг ашиглая, нэмэлт хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татах хэлбэрийг түлхүү ашиглая, ашгийн шалгуур тавья, ашиггүй ажиллаж байгаа бол тэр төрд байгаад ямар ч шаардлага байхгүй, нэмэлт хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татах хэлбэрийг өргөн ашиглая, тайланг нь УИХ, Засгийн газрын хуралдаанаар жил бүр авч хэлэлцдэг болъё, төрийн өмчийн хорооны бүтцийг олон улсын жишиг стандартад нийцүүлье гэсэн саналууд дэвшүүллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Манайд өнөөдөр төрийн өмчит аж ахуйн нэгж 101 байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн тоо 47653 гэжээ. Ер нь ухаалаг төр бол аж ахуй эрхлэгч төр биш. “Эрдэнэс Тавантолгой” гэж алдартай компани бий. Тэр өөрөө нүүрс зөөж байх хэрэггүй. Ухаалаг төрийн нөхцөлд ямар компани байж болох вэ. Маш энгийн, хуулийн компани байх хэрэгтэй. Цаасны компани л бай л даа. Гэрээ байгуул, тэр гэрээгээ л хэрэгжүүлэхийг нь хараад сууж бай. Хэрэгжихгүй болбол хариуцлага тооц. Өөрөө нүүрс зөөж, өөрөө нүүрс ухаж яах юм бэ. Бүгдээрээ ингээд өөрчилчихье” гэв.
ХУВИЙН ӨМЧИЙГ ХАЛДЛАГААС ХАМГААЛНА
Зөвшилцөх уулзалтын үеэр хэвлэл мэдээллийнхэн өмчийн эрхийн асуудлаар түлхүү ярьцгаасан. Манайд хамгийн үндсэн шинж чанартай энэ хууль батлагдахгүй явсаар өдий хүрснийг Төрийн тэргүүн онцоллоо. Өмчийн асуудлыг Иргэний хуулиар зохицуулдаг гэсэн ойлголттой байдаг. Өмчийн эрх гэдэг бол хүний амьтай адилхан нандин зүйл гэж ойлгох хэрэгтэй. Бид хүний амийг цаазлах заалтыг эрүүгийн хуулиасаа авч хаяхаар явж байгаа. Энэ бол олон улсын зам. Өмчийн эрх, өмчийг хүндэтгэх, ялангуяа хувийн өмчийг хүндэтгэх гэдэг нь ийм төвшинд яригддаг зүйл. Хэвлэлийнхнийг сонсож байхад жишээлбэл, Гэмт хэргийн хууль дээр өмчтэй холбоотой “хураана”, “авна” гэсэн заалт олон байна гэсэн. Үүнийг аль болохоор хасуулахын тулд Төрийн тэргүүн ажиллана гэсэн шүү. Эрдэмтэн судлаачид ч өмчийн эрхийг хамгаалах тухай асуудлаар ярив. Бүх салбар хуралдаан дээр энэ асуудал яригдсан.
ТӨРИЙГ САМАРДАГ ЗӨВЛӨХҮҮД ХЭН БЭ?
Төрөөс завшиж, ашиг олох олон арга байдгийг Ерөнхийлөгч бас хэллээ. Тэрээр нэгэн жишээ дурдсан нь сайд дарга нарт таалагдаагүй болов уу. Харин олон нийтэд таалагдсан байх. Учир нь сайд нарын дэргэд зөвлөх гэж албан тушаал бий. Зарим сайд зөвлөхгүй байхад зарим нь 3-4 зөвлөхтэй. Сайд нарын дэргэд нийт 24 зөвлөх байгааг тоолчихжээ. Зарим нь ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхнээ зөвлөхөөр томилчихдог. Зөвлөх гэж нөхөр төрийг самарч байгааг ч хэллээ. Зөвлөхүүд аж ахуй, санхүү, төр гээд маш олон зүйл хариуцаж байна. Зөвлөх гэж үнэхээр аюултай нөхөр байдаг юм байна гэж зарим яамныхан ярьж байгаа нь Ерөнхийлөгчийн чихэнд хүрчээ. Тэгээд ямар нэгэн асуудал гарч сайдтай хариуцлага тооцох гэхээр зөвлөхөө халчихдаг. Иймэрхүү замбараагүй явдал төрийн байгууллагуудад газар авч буй жишээ байна.
Мөн аймгуудын Засаг дарга нарын дунд 15 зөвлөх ажиллаж байгааг тоочив. Бас зөвлөхгүй Засаг дарга ч бий. Ашиг сонирхлын зөрчилгүй зөвлөх бол яая гэх вэ. Гэтэл аль муу зүйлээ хийлгэж, төрийн албыг самруулах гэж зөвлөх томилж байгаа нь утгагүй юм. Зөвлөхүүд л төрийн албыг төрийн алба биш болгож байгааг шүүмжиллээ. Сайд, дарга нар салбар бүр хариуцсан зөвлөхтэй нь Ерөнхийлөгчийн шүүмжлэлийн бай болсныг бодоход илүүдэхгүй биз.