Ц.Цогзолмаа юу, Ч.Ганхуяг уу?

2013-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал парламентаас гарах нь тодорхой болжээ. Тэрээр өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод хандан гишүүнээс түдгэлзэх өргөдлөө бичсэн байна. МАН-ын Их хурлын сэдэв улс төрийн хүрээнээс гарч, Р.Амаржаргал гишүүн ээлжит сенсаацын эзэн боллоо. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам улс төрийн хүрээнд халуун сэдэв болох нь.

Р.Амаржаргал гишүүн Ховд аймгаас намынхаа ҮЗХ-нд сонгогдсон учир тус аймгийн намын даргадаа хандан ҮЗХ-ны гишүүнээс татгалзах өргөдлөө бичсэн байдаг. Түүний хүсэлтэд аймгийнх нь намын хороо татгалзсан хариу өгчээ.

Иймд УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргахаар шийдсэн байна. Энэ бол гэнэтийнх биш. Эртнээс энэ тухай хэвлэлийнхэн бичиж, эрхэм  гишүүн өөрөө ч парламентад суудал бөглөж суух шаардлага алга гэдгээ чуулганы танхимд өнгөрсөн аравдугаар сарын 17-ны пүрэв гаригт мэдэгдсэн билээ.

Эрхэм гишүүн парламентад суух шаардлагагүй болсон тухайгаа ирэх оны төсвийн төсөл, энэ оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр онцолсон байдаг. Хариуцлагагүй ажилладаг сайд нар, Засгийн газрын өмнөөс ичиж буйгаа ийн илэрхийлээд, намынхаа эрх барьж буй Засгийн газрын өмнөөс хариуцлага хүлээнэ гэж байлаа.

Нэгэнт хувь гишүүн хүсэлтээ гаргасан тул энэ тухай УИХ-аар хэлэлцэх юм. Парламент нэг гишүүнээ танхимаасаа явуулж дөнгөнө, түүний оронд нөхөн сонгууль зарлах тухай ч тодорхой заалт хуульд бий. Тодруулбал, үйл явц ном журмын дагуу өрнөнө гэсэн үг.

Харин Р.Амаржаргал гишүүний шийдвэр улс төрд бус Ардчилсан намд том асуудал дэгдээлээ.  Учир нь тэрээр УИХ-аас гарчихвал Ардчилсан намын нэг суудал эзгүйрнэ. Одоогоор тус намын бүлэг 34 гишүүнтэй байгаа. Түүний оронд хэн парламентад суух вэ гэдэг дараагийн чухал асуулт мөн.  Тэрээр нийслэлийн Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн.  Хэрэв Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг  УИХ хүлээж авбал Сүхбаатар дүүргээс өөр хүн парламентад орж ирэх нь тодорхой.  Тус дүүрэг хоёр мандаттай бөгөөд Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар сонгогдсон юм. Хоёул Ардчилсан намын гишүүн. Хачирхалтай нь тус дүүрэгт дээрх хоёрын ард МАН-ын хоёр нэр дэвшигч тун ойрхон бөгөөд өндөр санал авсан байх юм.

Тодруулбал, Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялжээ. Харин МАН-ын нэр  дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авчээ. Үйл явдал цаашид Р.Амаржаргал гишүүний шийдсэн ёсоор өрнөвөл Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль болох юм.  Ямар үед, хэзээ нөхөн сонгууль явуулахыг Монгол Улсын сонгуулийн тухай хуульд тодорхой заажээ. Жагсаалтаар сонгогдсон гишүүний ор гарсан бол түүний дараа эрэмбэлэгдсэн хүнийг гишүүнээр шууд сонгох хуультай юм. Жишээ нь, У.Хүрэлсүх намын нэрийн жагсаалтаар сонгогдсон учир түүний оронд дараагийн хүн буюу Д.Сарангэрэл гишүүн болсон. Харин тойргоос сонгогдсон бол тухайн тойрогт нөхөн сонгууль явуулж асуудлыг шийдэх хуультай. Тэгэхээр Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль болж, Р.Амаржаргал гишүүний суудалд суух хүнийг тодруулах юм. Нөхөн сонгууль болж гэмээнэ Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам нэг суудлаа алдах магадлал өндөр байна. Энэ л тус намынхныг сандаргах боллоо. Энэ парламентад аль ч нам олонх болж чадаагүй нь онцлог. Илүү олон суудал авсан Ардчилсан нам сөрөг хүчнээс гишүүн элсүүлж, эвсэл болон бие даагчидтай хамтран Засгийн газраа бүрдүүлсэн. Бусадтай нийлж “олонх”-ийг бүрдүүлсэн Ардчилсан нам нэг суудлаа алдахаас үнэхээр айж буй хэрэг.

Нөгөө талаар өнгөрсөн жилийн сонгуулиар хоёр гишүүний араас нэхэж явсан МАН-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ч.Ганхуяг нарт илүү боломж олдоно. Тэд нөхөн сонгуульд нэр дэвших нь гарцаагүй болов уу. Сүхбаатарын сонгогчдод өөрсдийгөө ухуулан таниулах шаардлага ч тэдэнд байхгүй. Өнгөрсөн сонгуулийн үр дүн, авсан саналын хувиас үзвэл МАН-ын хоёрын аль нэг нь УИХ-ын гишүүн болох боломжтой байна. Гэхдээ эрх баригчид  зүгээр суухгүй. Мэдээж тус дүүрэгт хүчтэй нэр дэвшигч буюу Р.Амаржаргалын дайтай өрсөлдөх чадвартай хүнээ дэвшүүлж таарна. Харамсалтай нь ганцхан дүүрэг төдийгүй нийтэд танигдсан улстөрчдийн нэг бол яах аргагүй Р.Амаржаргал мөн.  Эрхэм гишүүн дөрвөн удаагийн парламентад сонгогдон ажилласан туршлагатай парламентч. Мөн сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэрээр 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Гадаад хэргийн сайд,1999-2000 онд  Ерөнхий сайд, улмаар 2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр дараалан гурав дах удаагаа сонгогдоод байгаа юм. Ийм дайны улстөрчийн орыг залгах хүн Ардчилсан намд байгаа юу гэдэг чухал асуулт мөн. 

 

ГИШҮҮН ЧӨЛӨӨЛӨГДСӨНӨӨС ХОЙШ 14 ХОНОГИЙН ДОТОР НӨХӨН СОНГУУЛЬ ЗАРЛАНА

52 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх болон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох

52.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна.

52.2.Энэ хуулийн 49.1.6-д заасан “Г” жагсаалтаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудалд “Г” жагсаалтын тухайн нам, эвслийн дараагийн дэс дугаарт эрэмбэлэгдсэн эхний нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр нөхөн сонгогдсонд тооцох бөгөөд тухайн жагсаалтад нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явуулна.

52.3.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурлын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол энэ хуулийн 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна.

52.4.Улсын Их Хурлын гишүүн нас барсан тохиолдолд уул өдрөөс хойш 50 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлах бөгөөд энэ нь Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт тохиосон бол дараагийн Улсын Их Хурлын чуулганы эхний долоо хоногийн хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлэнэ.

52.5.Нөхөн сонгууль явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг баримтлан дор дурдсан хугацаанд зохион байгуулна:

          52.5.1.хэсгийг санал авах өдрөөс 25 хоногийн өмнө, тойргийн хороог 20 хоногийн өмнө, салбар хороог 17 хоногийн өмнө, хэсгийн хороог 15 хоногийн өмнө тус тус байгуулах;

     52.5.2.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхэлж, тав хоногийн хугацаанд дуусгах;

52.5.3.энэ хуулийн 52.5.2-т заасан хугацаанаас хойш тав хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэх;

52.5.4.сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэж, санал авах өдрөөс 12 хоногийн өмнө хэсгийн хороонд өгөх;

52.5.5.хэсгийн хороо энэ хуулийн 20.11-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг тулгаж, санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох.

52.6.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.

52.7.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулгаас.../

 

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08