Ч.ЗОТОЛ
Дээд хуулийн төслийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг асуух МАХН-ын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал сумд ажиллав. Тус намын гишүүд сүүлийн гурван жил 21 аймаг, есөн дүүрэг, 140 сумын иргэдтэй уулзаж Дээд хуулийн төслөө танилцуулж, дэмжсэн иргэдийн саналыг цуглуулсан юм.
Их эзэн Чингис хааны төрсөн нутагт иргэдийнх нь амьдрал хүндхэн байна. Уулзсан, ярилцсан хүн болгон ажилгүй, орлого бага, өртөг өндөр гэхчлэн зовлон тоочих аж. Дээд хуулийн төслийн хэлэлцүүлэгт Хан Хэнтийчүүд нам харгалзахгүй оролцсон юм. Төр, засагт бухимдах нэгэн байхад гарц, боломжийн талаар санал солилцсон, асуудал дэвшүүлсэн нь цөөнгүй.
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нутагтаа сайхан амьдрах боломжийн талаар асуусан намын гишүүд болон хэнтийчүүдийн асуултад хариулахдаа “Хэнтий аймаг өнөөдөр Монголын багш нарыг бэлтгэдэг боловсролын цогц төв байх боломжтой. МУБИС-ийг Чингис хотод шилжүүлэн авчирвал өндөр мэдлэг боловсролтой багшийг дагаж сурагч бий болох, цаашлаад улс орны түүх сэргэх, оюуны дархлаа бэхжих бололцоо нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Эзэн Чингис хааны нутгаа Монголын оюун ухааны төв болгож хөгжүүлэх бололцоотой. Энэ бүхнийг бодит ажил болгохын тулд “Мянганы замд холбогдсон Хэнтий аймгаа цааш Дорнод, Хархорин, Улиастай, Ховдтой холбосон “Мянган төмөр зам”-ыг барьж чадвал хөгжил ойртоно. Хөдөө орон нутгаа Улаанбаатар хоттойгоо төмөр замаар холбосон дэд бүтцийг хөгжүүлж чадвал монгол хүн нутагтаа төдийгүй хаана ч сайхан амьдрах боломж нээгдэнэ. Бас нэг асуудал нь Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжүүлнэ гэж яриад олон жил өнгөрсөн. Сүүлийн жилүүдэд төр, засгаас энэ асуудлыг анхаарч байгаа нь баярлууштай. Энэ бүх ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж, Хэнтий нутгийг соёлын, үйлдвэрлэлийн, оюун ухааны, аялал жуулчлалын төв болгох ажлыг цогцоор нь хийх хэрэгтэй. Залуусыг ажлын байраар хангаж, улс орноо хөгжүүлэх аяныг эхлүүлэх ёстой. Энэ ажлыг эрчимжүүлэхэд манай нам түүчээ болж ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн тэрээр Хэнтий аймаг дахь МАХН-ын Мянгатын салбар II, III, IV, V хорооны зуутын шинэ байрны нээлтэд оролцож, намын гишүүдтэйгээ уулзсан. Энэ үеэр “Намын байр цаашид байнга эзэнтэй, үүд хаалга нь үргэлж нээлттэй байж иргэдээ сонсдог, зовлон жаргалыг нь хуваалцдаг, хөгжлийн асуудлыг ярилцдаг байгаарай” гэж захилаа.
Хан Хэнтий нутгийн иргэдийн яриаг тоймлобол, улс орон хөгжиж, монголчууд сурч боловсорч, амжилтаа ахиулж байгаад сэтгэл өөдрөг байдаг юм байна. Монголчууд авьяас чадвараа сайнаар, бас муугаар дэлхийд харуулж байгааг, спорт, урлагийнхан дэлхийн дэвжээнд гялалзаж Монголоо гайхуулдаг бол төрийн түшээд нь хулгай, хүчин, залилан, албан тушаалын гэмт хэргүүдээр олон улсыг гайхшруулдаг. ЖДҮ, оффшор, “Капитал”-ын дампуурал гэж ярьж, бичиж буй ч энэ бүхний ард төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон гэмт хэрэг нуугдаж байна гэдгийг хөдөөгийнхөн хэлж байв. Монгол хөгжиж буй ч хөгжил нь ийнхүү урвуу явж ирсэн нь бодит үнэн. Энэ бүхэн амьдрал дээр илхэн харагдаж байгаа. Сайд дарга нар нь улсаасаа баян. Гэтэл ард түмэн нь ядуу амьдардаг. Дарга нарын хүүхдүүд тэтгэлэг аваад тив алгасан суралцахаар оддог. Жирийн иргэдийн хүүхдэд тэр нь хаалттай. Хэрэв сурахыг хүсвэл сургалтын төлбөрөө өөрөө төлнө. Монгол хүн амьдралаа залгуулахын тулд өвдөх эрхгүй. Өвдвөл эмнэлэг нь өндөр төлбөртэй. Сайд, дарга нарын ах дүүс л ажилтай, орлоготой, зээл авах боломжууд нээлттэй. Иргэд үүний гадна үлддэг. Энэ гажуудлаас гарах гарцыг МАХН-аас Үндсэн хуулийн өөрчлөлт хэмээн томъёолон тодорхойлж ирсэн. Иймд тус намаас санаачлан боловсруулсан Дээд хууль бол Үндсэн хуулийг цогцоор нь өөрчилж шинэчлэн боловсруулсан хувилбар юм. Дээд хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцэн баталснаар улс орноо эдийн засаг, улс төрийн хямрал, гажуудлаас гаргана гэсэн байр суурийг тус намынхан дэвшүүлээд байгаа билээ. Энэ зорилго, зорилтоо тэд Хэнтий аймгийн иргэдэд танилцуулж хэлэлцүүллээ. МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх, шинээр элсэх хөдөлгөөн өрнүүлэх зэргээр Дээд хуулийн төслийг дэмжиж байгаа хэнтийчүүд ингэж ярьж байна.
Ш.Харцага: Монгол хүнээ дээдэлсэн хуулийн заалтуудыг дэмжинэ
-Миний хувьд Дээд хуулийн төсөл дэх их, дээд боловсролыг залууст үнэгүй олгох, эрүүл мэндийн үйлчилгээг төлбөргүй болгох зэрэг монгол хүн рүү хандсан заалтуудыг талархан дэмждэг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс орноо хөгжүүлэх боломжтой юм байна гэж хардаг. Энэ үүднээс МАХН-ыг сонгож гишүүнээр элсч байгаадаа баяртай байна. Цаашид энэ намын гишүүдтэй гар, сэтгэл нийлж улс орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллана.
Ц.Нацагханд: Нутгаа хөгжүүлж, сайхан амьдаръя
-Миний бие өнөөдөр нас сүүдэр 90 хүрч байна. Би бага залуугаас аймгийнхаа тоосгоны үйлдвэрт ажилласан. Тухайн үед манай аймаг үйлдвэрлэгч аймаг байсан. Бидний үеийн 500 залуу гар сэтгэл нийлэн тоосго цохиж, аймагтаа гурилын үйлдвэр барьж байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр залуус маань яагаад ажилгүй, орлогогүй ядуу байна вэ. Нутгаа хөгжүүлж, сайхан амьдрахын төлөө бид зүгээр сууж болохгүй. Энэ асуудлыг МАХН-ынхан төр, засгаас өмнө олж харж, гарц шийдлийг Дээд хуульдаа шингээн ард түмнээр хэлэлцүүлж байгаад баярлаж байна.
Ш.Ганхуяг: Ашигт малтмалын баялгаа ард түмэн өмчлөх ёстой
-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний амьдрал дээшилсэнгүй. Иймд энэ байдлыг өөрчлөх алхмууд хийгдэж байгаад баяртай байна. Бид малаа төрийн хамгаалалтад авсан хэрнээ хүнээ гадна нь орхисон Үндсэн хуультай явж ирлээ. Төр, засаг маань “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж ярьдаг хэрнээ гадаад, дотоодын мөнгөтэй эрхмүүдэд баруун, солгойгүй зөвшөөрөл өгдөг. УИХ-ын 76 гишүүн маань “супер нинжа” шиг болчихоод ашигт малтмалын баялаг ард түмний амьдралд огт наалдахгүй байна. Иймээс Үндсэн хууль дахь “Газрын хэвлий, түүний доорх баялаг ард түмний мэдэлд төрийн өмчид байна” гэсэн далд утгаараа “дарга нарын өмч” гэж хуульчилсныг өөрчлөн “Ард түмний дундын өмч байна” гэж хуульчлах гэж байгаа МАХН-ын дэвшүүлсэн Дээд хуулийн төслийг дэмжиж байна.
Г.Үржинханд /Дадал сумын иргэн/: Малчдын хүүхдэд өндөр боловсрол эзэмшүүлье
-Манай сумын хувьд гайгүй байгаа ч Хэнтий аймгийн нийт сумдад иргэдийн амьдрал маш хүнд байна. Идэх хоолгүй сууж байгаа нь ч бий. Хөдөөд ажлын байр алга. Боловсролтой залуус ч цөөн. Социализмын үед гадаадын их, дээд сургуульд малчдын хүүхдүүд олноор сурч, мэдлэг боловсрол эзэмшиж байсан. Гэтэл өнөөдөр сумаас байтугай аймгаас нэг ч хүүхэд гадагшаа сургууль явж чадахгүй байна. Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэн авдаг нь тодорхойгүй. Сонсоод байхад сайд, дарга нарын хүүхдүүд явсан гэцгээх юм. Малчдын хүүхдүүдэд өндөр боловсрол эзэмшүүлэх шаардлагатай байна. Үүнийг төр, засаг анхаараасай.
Н.Түвшинзаяа: Шударга ёсны төлөө тууштай тэмцэхээр МАХН-ыг сонголоо
-Миний хувьд өмнө нь аль нэг намын гишүүн байгаагүй. Залуу хүний хувьд Монгол Улсаа хөгжүүлж, монголчуудынхаа төлөө ажиллаж чадах улс төрийн хүчин гэж үзэж МАХН-ыг сонгож гишүүнээр элслээ. Монгол хүнээ дээдэлж, иргэдээ ажилтай орлоготой байлгахын төлөө, иргэдээ сайхан амьдруулахын төлөө, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө, шударга ёсны төлөө тууштай ажиллана гэдэгт энэ намд итгэж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.29 № 88 (6055)