
Д.БОЛОРМАА
Манайх Булгын хаяанд байлаа. Тэр жилийн зуны сайхныг яана. Бороо байн байн орж, өвс ногоо ёстой л уургын ёзоор далд ортол ухнын сахал ногоортол ургасан юмсан. Урьд нь хэдэн жил гандаж, гангаа дагаад өвөлдөө хатуурч малаа бодсон манай булгийн айлууд Завхан гол эсвэл Бүрэн хайрханаа бараадан зусдаг байлаа. Харин тэр жил булгийн хаяанд олон айл айлсан бууж, нэг нь нэгнийхээрээ орж морь малаа ярьж айраг ууж, эсвэл цай шавхаж, ноос ноолуураа тушаасан, тушаагаагүй, багт гурил будаа ирсэн, ирээгүй тухай ярилцаж байсныг нь бүүр түүрхэн санав. Хаашаа л харна танил уул ус, нутаг усандаа нөмөр нөөлөг болсон хайрхан бас толгод. Энгэр бэлээр нь мал бэлчсэн ухаа гүвээд харагдана. Уул толгод, ухаа гүвээний аль нь ч дотно сайхан. Сайхан санагдахын учир гэвэл би тэднийг, тэд намайг дэндүү мэдэх билээ. Төрж өссөн сумандаа очилгүй яасан удаа вэ. Сэтгэл догдлоод тэртээ зэрэглээтэх сумынхаа барааг харчих санаатай суудалдаа тогтож чадалгүй өндөлзөж явлаа. Буянбатын урд хаяа, Цахирын тал, Чавцаг тэр ширэг зүлгэн дээгүүр танан цагаан гэрүүд айлсан, Цахиуртайн нүүрсний уурхай, Намын давааны өврөөс Тээлийн булаг газрын намыг бараадан гулсан орж ирэх нь юутай сайхан юм бэ. Хүүхэд насны минь гэгээхэн дурсамж уяатай Элс толгой, Зүрх уул, Чандмань хайрхан, Завхан гол гээд дэлхийн хаанаас ч минийх гэж хэлэх Жаргалан нутгийн минь зураглал. Энэ бол Говь-Алтай аймгийн Жаргалан сум. Хасагт хайрханы хаяа түших энэ сум Эрээн нуур, Хүнхэр зуслан, Завхан голоос эхлээд Шаравын Батсуурь аваргын өлгий нутаг гэдгээр нь хэн, хэнгүй сайн мэдэх биз ээ. Харин энэ сайхан нутагтаа ирэлгүй 12 жил болжээ, би. Манайх гэдэг айл намайг долдугаар ангид ордог жил шилжээд явчихсан. Түүнээс хойш төрж өссөн булгийн хаяа, өндөр хайрханаа битүүхэн бодож явснаас биш зорьж ирсэнгүй. Энэ өглөө нийслэлээс Алтай хотод онгоцноос буусан даруйд аймгийн зах руу гараад шидчихсэн. Эндээс л Жаргалан явах унаа байдаг учраас нэг машин олж суучихаад гэгэлзэн яваа нь энэ. Өнөөх машинд зүс таних эрхмүүд бас хамт суужээ. “Та хэн билээ” гээд шууд асууж чадсангүй. Дэмий л “Сайн байна уу. Та ойн наадамдаа явж байна уу” гэлээ. Хэрэв асуучихвал “Өнөөх Данигаа, Оюунаагийн охин хот хүрээ яваад хүнээ танихаа байчихаж” гэх болов уу гээд чимээгүйхэн шиг суулаа. Өн тавиун нутаг, өгөөмөр сайхан хүмүүс гэж төрсөн хонхорынхноороо бахархах сэтгэл төрж явсан. Харин төд удалгүй “Хүүхээ, чи хэний хүүхэд билээ. Данигаагийн охин биш үү. Бүргэд, Жалчины зээ дүү шиг л харагдаад байна. Ээжтэйгээ яасан адилхан болоо вэ” гэж ах хэлж байна. Ахыг Энхбат гэдэг. Тэднийх хот шилжээд удаж байгаа, сумынхаа наадмыг үзэхийн хажуугаар бүр манай хамаатны охиныг бэр гуйхаар яваа гэнэ.
Залуу насныхаа ихэнх цаг хугацааг хичээл сургууль, ажил гэрийн хооронд “завгүй” өнгөрөөсөн миний хувьд нутагтаа хожуу ирэхдээ Бүгээ болон Отгон ах, Сансардорж, Түвшинбаяр, хүргэн ах Өлзийбаяр нарыгаа бурханд алдчихаад ирж байгаа нь энэ. Намайг явахад тэд бүгд байсан. Харин одоо хорвоогийн жамаар алга. Уг нь сумын төвд буучихаад Бүгээдээ үнсүүлэхээр гүйгээд очсон бол юутай сайхан. Өмөлзөөд л угтах байсан даа.
Ийнхүү машинд элдвийг бодож явсан ч сүүлдээ замынхаа нөхөдтэйгээ сүрхий танилцлаа. Олонх нь хот руу шилжиж. Ер нь сумаас шилжсэнийг нь биш үлдсэнийг тоолвол илүү амар бололтой.
Жолооч: Бүсгүй чи хэнийд очих юм бэ?
-Жалчин.
-Өө, Жажаанаагийнд уу. Манай суманд хашааныхаа урд шар сандалтай ганц айл байдаг. Тэр нь Жажаанаагийнх гэв. Жажаанаа залуу, халуун явахдаа сүрхий барилдаж явсан ханхар эр байлаа. Одоо нас 70 хэвийж ач, зээ нараа тойруулан жаргаж яваа нагац минь юм. Эднийх олон хүүхэдтэй. Хамгийн томыг нь Ж.Заяабаатар гэдэг, яруу найрагч, сэтгүүлч, зохиолч. Түүний бүтээлүүдээс дурьдахад “Чингис хаан” хамтлагийн дуулсан “Мэнгэ төөрсөн амраг” дууны шүлэг байна. Авъяаслаг ах маань энэ удаа ч гэсэн сумынхаа ойгоор хэвлэлтээс гараад удаагүй байгаа “Омог босоо хавт хасар” хэмээх түүхэн романыхаа номын нээлтийг хийнэ лээ. Зохиолчдыг суманд номын баяр хийсэн тухай өмнө нь сонсч байсангүй. Магадгүй Заяа ах анх удаа хийсэн ч байж магад.
Їзїїр тїрїїний бєх болох Улсын начин Ш.Тогтохбаяр, аймгийн арслан О.Хангай.
Сумын төвөөр хэд, хэдэн айлд очиж золгочихоод Завхан гол руу гараад шидчихэв. Элсний нүүдэл шиг чимээгүй урсах энэ голыг дагаад ээжийн маань бага дүү Ц.Сүхбатынх зуншиж байгаа гэнэ. Ах маань сумын алдарт уяач сэтэртэй хэнхэг нэгэн. Гэрт нь очиход байсангүй. Наадам болох гэж байхад уяач хүн гэртээ тогтож сууна ч гэж юу байх билээ. Наадам битгий хэл хаврын яргуй цэцэглэх үеэр л хэдэн морьдоо уяад гэртээ үзэгдэх нь ховор хүн. Завханголын ногоон хөндийд манайхаас Өсөхбаяр, Галсан, Ганхүү, Энхболд гээд олон айл зусч байна.
Наадмын өглөө сумын төв орлоо. Энэ миний сайн мэдэх ганц газар. Сумын төвийн хаана нь ямар байшин, аль хашаанд хэнийх байдаг, хоёр худаг хаана байдаг гэхчилэн бүгдийг мэднэ. Айлуудын хэнийх ямар ааштай, хэнийх нь хүүхэд ямар авъяастайг нь хүртэл гадарлана. Зүг зүгээс хурдан морьдоо авч ирэх уяачид сүлжилдэж сумын наадмын өглөө дунших нь аз жаргалтай хэрнээ дуусашгүй хүлээлт мэт. Миний үеийн харчууд, тэдний дүү нар ч гэсэн эрийн цээнд хүрч, бугуйлын суранд дориун бяршаад бөхийн талбай руу гарах гэж байгаагаа зарлах мэт омголон морины нуруун дээр таахалзан давхилдана. Нийслэлээс ч сумын харъяат бөхчүүдээс эхлээд ноцолдчихдог үеийн залуус, өөр аймгийн харчууд ч бас иржээ. Манай сум Засагт хан аймгийн тарган Баатар вангийн хошуу, Түшээ гүний хошуу, алдарт хурдан хүлэг, хүчит бөхөөрөө цуутай билээ. Ардын засгийн үеийн их хүчтэнүүдийн нэг дархан аварга Шаравын Батсуурь сумын урд хаяанд төрж өссөн нэгэн. Тэрээр дээлийн сугаа тасартал үеийн хөвгүүд, адуу малтай ноцолдож байгаад ардын цэрэгт мордож, Ховдын хязгаарын цэрэг байхдаа түрүүлэн улмаар улсын дархан аварга болсон харьшгүй хүчит бөх. Дархан аваргын бяр хүч, ааг омог, сүлд хийморь Жаргалангийн цэнхэр нутагт үеэс үе дамжин хадгалагдсаар байна. Түүнийг залгамжлан гарч ирсэн Улсын начин Д.Шоовдойхүү, аймгийн заан Санжмятав (заан шар), заан Б.Цээсрэг, Б.Санжаа, Ч.Лайхан, Бадам (таахай), Чончоо, ах, дүү заан Бор, Батдорж, аймгийн хурц арслан Ч.Жаргал, аймгийн арслан Х.Баяраа, заан Цоодол, цэргийн начин Бадамраагийн Чулуунбаатар, сумын заан Чойндонгийн Чулуунбаатараас гадна сумын заан Намсрайжавын Бүргэд, түүний ах, сумын начин Намсрайжавын Жалчин, Жалчины хүү сумын заан Сансардорж /миний нагац нар/ юм. Улсын начин Д.Шоовдойхүүгийн хөвгүүд болох Улсын начин Ш.Тогтохбаяр, аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр нарын хүчтэнүүд төрөлх нутаг орон, Жаргалан сумынхаа нэрийг дуурсган, өнөө ч монгол бөхийн их хойморт хүч үзсээр байна. Д.Шоовдойхүү начны хөвгүүдээс гадна хүргэчүүд нь хүртэл барилдчихдаг аймгийн цолтой залуус байдаг гэнэ. Сумын наадамд барилдах өөр нэг хүчтэн гэвэл Ховд аймгаар овоглох аймгийн арслан О.Хангай. “Уг нь энэ залуу манай сумын харъяат. Яагаав, Оргих ахын хүү шүү дээ. Ховдод өсч төрсөн болохоор Ховдод харъяалагддаг гэсэн” хэмээн нутгийн бүсгүй хуурч хөөрөх. Түүний хэлснээр О.Хангай Жаргалангийн нэрээр барилдаж бөх болох гэсэн ч Алтайн “Хантайшир” дэвжээнийхэн тоогоогүй юм байх. Гэвч нөгөө “голсон” залуу нь өдгөө бяр чадал нь бялхсан улсын начин цолонд ойрхон бөхөөр тодорч яваа нь энэ ажээ.
Сумын шинэхэн цолтнууд. Б.Баяртогтох, Ш.Томбаяр.
Хүлээж, хүлээсэн наадам ч эхэллээ. Уг нь хотоос ирсэн надад уул усаа ширтэн суухсан, Жажаанаатайгаа хуурч хөөрөхсөн, нагац Шөвөөдэйгийн хүүхдүүдийг эрхлүүлж өнжихсөн гэсэн бодол сэтгэлийн гүнд нуугдах ч сумынхаа цэнгэлдэхэд л байгаад баймаар. Хэний хүүхэд барилдах нь вэ, хэний морь хурдлах нь вэ гэдэг нь хамгийн сонин байлаа. Монгол хүн монгол наадамдаа монгол гэдгээ мэдрэх гэж, дээл хувцсаар гоёсон бие биенээ харах гэж, уулзалгүй удсан нэгэнтэйгээ уулзах гэж, сонин сайхан зүйл ярих гэж суугаад л баймаар. Сумын талбай дүүрэн хангинах цагаан хоолойн чимээг сонсох гэж, идэр залуус барилдахыг харах гэж, хэн нэгний өвдөг шороодох мөчид уулга алдах гэж, сэтгэлдээ сэмхэн харуусах гэж үеийнхээ бүсгүйчүүдтэй нэгдлээ. Хүүхнүүд хэний хүү, охин хань ижилтэй болсон, өөрийнх нь нөхөр архи уусан, эсвэл уухаа больсон, өнгөрч зөрсөн нэгний тухай ярихаас эхлээд хөөрөөгүй сэдэв бараг үлдсэнгүй.
“Эрээн нуур” дууг амилуулсан гавьяат жїжигчин, хєгжмийн зохиолч, баян хуурч Г.Тэрбиш.
Жаргаланчууд 90 жилийнхээ ойн баярт эрвийх дэрвийхээрээ бэлджээ. Ахмадын өргөө, Хүндэтгэлийн өргөө, хийд шинээр барьж ашиглалтад оруулахаас эхлээд малтай нь малаа, ажил хийдэг нь цалингаа хандивласаныг Сумын ИТХ-ын дарга Б.Готов онцолж байсан. Тухайлбал, насаараа боловсролын салбарт ажилласан В.Дашдулам багшийн гэр бүлээс сумынхаа соёлын төвд таван сая төгрөгийн үнэ бүхий хөгжмийн тоног төхөөрөмж өгнө лээ. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ч гэсэн эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулна билээ. Түүхэн баяраар энгэрээ мялаасан олон хүн байсан. Алтан гадас одонгоор Г.Сономдагва, Д.Даваажав, Ж.Дашдаваа нарын таван хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Жигжидсүрэн, Д.Түдэв, П.Жавзан Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар З.Мөнхбаяр, И.Бальдирмаа, боловсролын тэргүүний ажилтнаар Д.Долгормаа, Н.Батнайрамдал нарын таван хүн, Архивын тэргүүний ажилтнаар С.Олонбаяр, Ард түмний гавъяат цолоор Ч.Галхүү, аймгийн алдарт уяачаар С.Дамдинбазар нар шалгарав. Ч.Галхүү гуай намайг хүүхэд байхын баян хуураа тоглоод жигтэйхэн сайхан дуулдаг хүн байсансан. Одоо ч тэр хэвээрээ. Харин хурдан хүлгийн түрүү байрыг Жаргалан сумын морь авсангүй. Түрүү байранд шалгарсан хүлгийн уяачид манай сумын угшилтай ч нийслэлд ажиллаж амьдардаг хүмүүс. Хурдан хүлгээрээ алдартай Сүхбаатар аймгаас морьд ачаад очсон учраас сумын маань унаган морьд түрүүлж чадаагүй. Зарим нь ч бүр морьдын гараанд нь ачиж аваачаад уралдуулчих жишээтэй. Мэдээж айрагт бол сумын маань уяачдын сойсон хүлэг нь багтсан. Миний Бүгээгийн хүү Бямбацэрэнгийн сумандаа домог болтлоо алдаршсан бор азарга айрагдсан. Тэгвэл түрүү бөхчүүдийг Шоовдой начны хөвгүүд чимлээ. Шөвгийн дөрөвт ах дүүс болох Улсын начин Ш.Тогтохбаяр, аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр болон аймгийн арслан С.Лхагвабаатар, аймгийн арслан О.Хангай үлдснээс Ш.Тогтохбаяр түрүүлж, О.Хангай үзүүрлэсэн. Шигшээ 32 бөх барилдсанаас Б.Баяртогтох түрүүлж сумын заан цол, Ш.Томбаяр үзүүрлэж сумын харцага цол хүртсэн. Ш.Томбаяр нь мөн л Д.Шоовдойхүүгийн дунд хүү бол Б.Баяртогтох нь түүний дүүгийнх нь хүү. Ааваасаа хар багадаа хагацсан ч Шоовдой ахын хайраар өссөн Баяраа хүү өнөөдөр хангай шиг сайхан эр болжээ.
Ийнхүү давсан бөх, ойчсон залуу, дуучин бүсгүй, бүжигчин охин, индэрээс зарлал хэлэх ах, зөрөөд өнгөрөх бүхэн танил учраас 12 жилийн дараа үзсэн сумын наадам дэндүү сайхан байлаа. Сэтгэлд цаанаас л нэг дотно. Эндээс хаашаа ч явмааргүй. Явалгүй, олныхоо адил талынхаа салхинд элэгдье гэх эргэлзэнгүй сэтгэл бас төрнө. Энэ нутагт л би ижийнхээ ангир уургийг шимэн өсч, аргалын хонгор галын илч гэгээнд хөлд орж, сүрлэг хайрхан, уул усаа шагшин магтах гэж хэлд орж, удамт сайхан үрийн холбоог нь тасралтгүй үргэлжлүүлэх гэж бүсгүй хүн болж төрсөн юм. Миний нутаг сайхаан, сайхан...
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин