
Таксичид үнээ нэмэх гэж байна. Валютын ханшийн хөөрөгдөл, үнийн өсөлтийн улмаас тэд ийн шийджээ. Унааных нь үндсэн “хүнс” шатахуун хомсдоогүй байхад ийм сонголт хийсэн нь эдийн засагт “цаг агаар” улам хүйтрэхээр байгааг илтгэв. Зах зээл дэх цаг уурын энэ өөрчлөлт улсын төсвөөс улбаатай. Олсон жаахан орлогоо эрх баригчид маань бэлэн мөнгөний амлалтад тарааж үрсээр үндэсний үйлдвэрлэлээ ул болгож, алт, зэсийн экспортоос бүрэн хамааралтай болгочихсон юм. “Рио Тинто” хөрөнгө оруулалтаа гацаачихаар Оюутолгойн нөмрөг дор байсан хэдэн зуун сая “ногоон”-ы урсгал татарч, ам.доллар алт болж “амилах” цаг ирээд байна. Бүхэл бүтэн улсын төсөв уул уурхайн ганц компанийн халаасанд дэнжигнэх болсон нь өнөө цагийн бидний алдаа хэмээн судлаачид шүүмжилж байгаа.
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ХУУЛЬ АВРАЛ ЭРЖ БАЙНА
Монгол Улс энэ онд төсвийн алдагдлыг хоёр хувиас илүү гаргахгүй гэж хуульчилсан ч сүүлийн 13 жилд байгаагүй хамгийн өндөр буюу долоон хувийн “цоорхой”-той сууж байна.
Энэ оны улсын төсвийн орлого долоон их наяд 88.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувьтай тэнцэж байна. Бидний иддэг, уудаг, өмсч зүүж, үйлдвэрлэж байгаа бүхний орлого ашгийн тэн хагас нь сайд дарга нарын сампингийн тоо болоод урсчихлаа.
2008 онд дэлхийн эдийн засгийн хямралын улмаас гадаад зах зээл дээр зэсийн үнэ 5000 ам.доллар болтлоо унахад Монголд өнөөдрийнх шиг нөхцөл үүссэн байдаг. Төсөв нь улайж төрийн албан хаагчдыг цомхотгож, 77 мянган хүн гудамжинд гарч, банкуудын муу зээл өсч, ОУВС-гаас тусламж гуйж, хандивлагчдаас бадар барьсан биш билүү. Энгийн иргэд банкнаас зээл авч чадахгүй, орон сууцны үнэ тэнгэрт хадаж, зардал, орлогоо хий хоосон төлөвлөсөн сайд нарын хөлд чирэгдсэн түүх бий. Тэр үед ам.долларын ханш 1700 хүрснийг бид мартаагүй. Энэ удаа гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт татарч, “ногоон” дэвсгэрт 1600-гийн босго даваад байна.
Энэ оны төсвийн алдагдлын гол шалтгаан нь Оюутолгойгоос 600-гаад тэрбумын татвар авна гэж хэт өөдрөгөөр төсөөлж, бусад аж ахуйн нэгж компаниудаас авах татвараа ч хий хоосон том тоогоор тооцсоных. Тэр бүх мөрөөдөл нь салхинд хийсчихээр улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасрах болоод байгаа юм.
ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨСВИЙН БАГЦ 103 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
Энэ оны төсвийн зарлагад урсгал зардал данхайжээ. Түүн дотроо цалин, бараа, үйлчилгээний зардал жил бүр нэмэгдэж буйг Нээлттэй нийгэм форумын судалгаа баталж байна. “Улсын төсвийн урсгал зардлын 96 хувийг Засгийн газрын гишүүн сайдууд ерөнхийлөн захиран зарцуулж байна. Энэ нь хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагуудын төсвийн хараат бус байдал бүрэн хангагдаагүй гэж дүгнэхэд хүргэж байна” хэмээн тус судалгаанд дүгнэжээ.
2012 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулбал энэ онд Сангийн сайдын төсвийн багц 150, Ерөнхий сайдынх 103, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдынх 66 хувиар тус тус нэмэгджээ. Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багц 25, Засгийнг газрын хэрэг эрхлэх газрын даргын багц 2.8 хувиар багассан байна.
Ийнхүү зарлагын өсөлтийн хувь нь харилцан адилгүй өсөлттэй байгаа нь Нээлттэй нийгэм форумынхны анхаарлыг татжээ. Хамгийн ихээр нэмэгдсэн нь гэвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 125, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч бөгөөд ШЕЗ-ийн дарга 103, Үндэсний статистикийн хорооны даргын багц 70 хувиар өсчээ. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн багц 12, Авилгатай тэмцэх газрын даргын багц 13, Үндсэн хуулийн цэцийн даргын багц 19 хувиар буурсан байна.
АЖ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ОРХИСОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД
“Төсвийн хөрөнгө оруулалтууд нь бодлогын зорилттой уялдаж эрэмбэлэгдэх байдал хангалтгүй, хүлээгдэж буй үр ашиг нь тодорхойгүй байна. Засгийн газрын бус субьектуудын төсвийн эзлэх хувь бага байна” гэж Нээлттэй нийгэм форумын судалгаанд тэмдэглэсэн нь тохиолдлын хэрэг биш юм. Өнгөрсөн онд батлагдсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгасан хөгжлийн хөрөнгө оруулалтууд энэ удаагийн төсөвт дулимагхан дурдагджээ. Хөгжлийг урин дуудах тоног төхөөрөмж, зураг төсөл, судалгааны зардал хамгийн чухалд тооцогддогийг эдийн засагчид хэлдэг. Тэгвэл энэ оны төсөвт дээрх төрлийн хөрөнгө оруулалт нь төлөвлөсөн нийт хөрөнгө оруулалтын 65 хувьтай тэнцэж байгаа нь хөрөнгө оруулалтын төлөвлөлт хөгжлийн бодлого, зориултуудтай хангалттай уялдахгүй байгаа аж. Харин үлдсэн 35 хувь нь хөтөлбөрт дурдагдсан чиглэлүүдээс өөр бусад салбарт эсвэл барилга, конторын засвар зэрэгт ногдож байна гэсэн үг юм. Тиймээс онцгой ач холбогдол өгч байгаа аж үйлдвэржилт гэх мэт тодорхой чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ тун бага байгаа нь эндээс харагдаж байна.
Тэгээд ч энэ оны төсөвт тусгасан хөрөнгө оруулалтууд нь үр ашгийн тооцоо судалгаагүй, төсөөллөөрөө хийсэн гэхэд хилсдэхээргүй хөнгөн хуумгай байгааг эдийн засагчид шүүмжилсээр ирсэн. Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж том нэртэй сүржин сэтэртэй хөтөлбөрүүд нь үр дүнг нь үнэлэх арга хэлбэрээ ч тодруулаагүй, бараг л хийсэн л бол боллоо гэх ухааны баримжаагаар үнэлэгдсээр ирсэн билээ. Тухайлбал өнгөрсөн онд хэрэгжих таван тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий 137 төсөл арга хэмжээний 13 буюу 9.5 хувь нь ТЭЗҮ байхгүй, 12 буюу 8.7 хувь нь газрын зөвшөөрөлгүй, 12 буюу 8.7 хувь нь инженер геологи болон геодезийн дүгнэлтгүй, 10 буюу 7.2 хувь нь техникийн нөхцөл аваагүй, 14 буюу 10.2 хувь нь боловсруулсан зураг төсөлгүй болон зураг төсөлд магадлал, экспертиз хийгдээгүй, 14 буюу 10.2 хувь нь батлагдсан төсөвгүй, 37 буюу 27 хувь нь сонгон шалгаруулалт хийгдээгүй болон ажил эхлэх зөвшөөрөл аваагүйг Үндэсний аудитын газраас зарласан юм.
Төсөв энэ мэтээр оновчгүй, бодлогогүй төсөл, хөтөлбөрүүдийн улмаас үнгэгдэж, муудаад эцэстээ цоорохдоо тулж ирээд байна. 2009 оных шиг хандивлагчдаас бадар гуйхдаа хүрвэл хямралаас татаж гаргах хүн хэд олдох бол. Он дуусахад гуравхан сар дутуу байхад тасраад байгаа 1.5 их наяд төгрөгийн орлогыг гүйцээж чадахгүйгээс хойш үр ашиггүй, тооцоо судалгаагүй хөрөнгө оруулалтыг танавал яасан юм.