Ах, дүү зургаан ахмад дайчин

2014-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Халх голын дайнд Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтарсан хүч Японы түрэмгийлэгчдийг бут цохиж, Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалсны түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна. Өдгөө Халх голын дайнд амь биеэ үл хайрлан тулалдаж явсан 39 ахмад дайчин амьд сэрүүн байна. Тэдний нэг ахмад дайчин Ж.Шаравыг “Амьдралын тойрог” буландаа урьсан юм.

Зїїн гар талаас А.Нанзаддорж, Ж.Шарав, А.Мєрдорж, А.Рэгжийбуу.

 

“АРЬЯАГИЙН АРВАН ХАР”

Энэ л  эх орон, газар шороог бидэнд үлдээхийн тулд халуун амиа зольж, бүлээн цусаа урсгаж явсан олон дайчин баатрын нэгтэй уулзахаар өнгөрсөн бямба гаригт X хорооллыг зорьсон юм. Ахмадуудын дурсахаас цэрвэдэг дайн гээчийн  тухай бодож, битүүхэн дотроо догдолсоор хаалганых нь хонхыг дарлаа.

“Аав бид хоёр өглөөнийхөө цайг уух гэсээр байтал үд боллоо” хэмээн биднийг угтсан хүн бол ахмад дайчин Ж.Шарав гуайн бага бэр Ч.Сайнжаргал байв. Том өрөөнд орохтой зэрэгцэн “Хүүхдүүд ирчихэв үү” гэсээр харалдаа өрөөнөөс гарч ирсэн хүн бол манай нийтлэлийн баатар Ж.Шарав гуай байлаа. Өдгөө нас сүүдэр 95 хүрч байгаа гэхэд таяг тулсаар тэнхлүүн алхаж байна. Түүний цагаан өнгийн монгол цамцан дээр өмссөн бор хантаазны энгэрт одон медаль дүүрэн ярайжээ. Өндөр нуруутай, биерхүү хүн юм. Ч.Сайнжаргал эгч “Сүүлийн хэдэн өдөр аавын нойр солигдоод, жаахан тэнхээрхээд байгаа юм” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

Ж.Шарав гуай 1920 онд Төв аймгийн Баянцагаан суманд малчин айлын 11 хүүхдийн тав дахь хүү болон мэндэлжээ. Бага насандаа эцэг эхийн гар дээр дэрвэж өссөн тэрээр 5-9 насандаа Хүрээ хийдэд шавилан сууж уншлага сурч 16 нас хүртлээ Хүрээний Дондивлан хийдэд хурал хурсан байна. Тэгээд 17 настайдаа хар болж хөдөө мал маллахын хажуугаар монгол бичиг заалган бичиг үсэгт тайлагджээ. Энэ тухайгаа “Бид эхээсээ арван хүү, ганц эгчтэй. Арьяа гэж манай өвөг эцэг. Аав биднийг жаахан байхад нас барсан учраас манай ах, дүү нарыг өвөг эцгээр овоглосон. Харин намайг анх ном зааж сургасан ээжийн эгчийн хүүхэд Жигжидийнх өргөж авсан юм. Нутгийнхан биднийг “Арьяагийн арван хар” гэж дууддаг байлаа. Сүүлд ээжийг бурхан болоход бид нуруун дээрээ тавиад оршуулж байсан” гэсэн юм. Тэрээр 18 насандаа 1939 оны Халх голын байлдаанд оролцохоор цэргийн албанд татагдан Баянтүмэнд  очиж зэвсэг техникийн сургуулилт хийж байгаад Халх гол руу шилжжээ. Түүнийг цэрэгт очиход гурван ах нь түрүүлээд оччихсон, араас нь дүү нь  очсон байна.  Ийнхүү нэг гэрийн таван хүү Халх голын дайнд оролцохоор цэрэгт татагдсан нь энэ. Баянтүмэнд их бууны ангид хуваарилагдан таван жил алба хаахдаа Халх голд их бууны наводчик, сум зөөгч, хүнд пулемётын наводчик зэрэг үүрэг гүйцэтгэж байжээ. Цэргүүдийн ар гэрээс ирсэн захиаг уншиж, бичиж өгдөг тэр үедээ л боловсролтой цэрэг байсан гэдэг. Ж.Шарав гуай “Халх голд байхад нэг өдөр нуувчны холбоо салчихаад залгахаар явж байтал Япон цэрэгтэй халз тулгарлаа. Япон цэрэг ч шууд буугаа гаргаад гохыг нь дарахыг завдахаар нь өрсч бууг нь дэлсээд хий буудуулж амжсан юм. Бууны сум миний баруун гарыг  шүргэсэн. Удалгүй хүмүүс ирж нөгөө цэргийг авч явахад инээгээд салж байсан” хэмээн дурссан. Дайн байлдаан болж байсан тэр үеийн дүр зураг ямар байсан бэ гэхэд тэрээр “Би Халх голын байлдаанд зургадугаар дивизийн их бууны ангид дайснуудын онгоцыг сөнөөж явсан. Суманд оногдсон онгоц утаа савсуулан сүйрэх үед онгоцноос хүмүүс шүхрээр буудаг байсан дүр зураг тодхон санагдаж байна. Одоо ч нас дээр гарч нүдний хараа муудаад өмнөх юмаа санахаа больж дээ” гэсэн юм. Халх голын дайны хүндхэн сар өдрүүдэд шинээр цэрэгт татагдсан хүмүүсийг богино хугацаанд цэргийн эрдэмд дадлагажуулдаг байж. “Хэрлэн голын хөвөөн дээр цэргийн сургуулилт хийдэг байхад  “Шарав дуу гарга” хэмээн хамгийн түрүүнд жагсаалын дуу гаргуулна. 

Халх голын бургасанд

Харанхуй манан бүрхээд

Тэмцлийн цахилгаан гялалзаад

Аянга мэт ниргэв гээд л дуулдаг байлаа” хэмээн бидэнд аялж өгсөн юм. 

Ах дүү таван сайхан залуу, нэг эцэг эхийн таван сайхан хүү эх орноо хамгаалахаар цэрэгт мордож, сүүлд зургуулаа дарийн утаа үнэрлэж дайны гал дунд тулалдаж явжээ. 1939 оны Халх голын дайнд Ж.Шарав гуай  ах А.Мөрнэрэн, А.Мөрдорж, А.Дашжамц нартайгаа мөр зэрэгцэн оролцсон бол 1945 оны чөлөөлөх дайнд  дүү А.Нанзаддорж, А.Рэгжийбуу нар нь оролцсон байна. Ийнхүү нэг гэрээс зургаан ахмад дайчин төрсөн нь ховор хувь зохиол гэмээр.

 

УЛСДАА ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТСАН НЯГТЛАН БАЙЖЭЭ

Энгэртээ Ардын хувьсгалын ойн медалиуд, Цэргийн гавьяаны одон, Зэвсэгт хүчний ойн медаль, Жуковын одон, Халх голын байлдааны одон, Халх голын ойн медаль, Тавдугаар таван жилийн гавшгайчийн тэмдэг гялалзуулсан энэ хүн  ахмад дайчингаас гадна олон зүйлийн анхдагч болж явжээ. Ж.Шарав гуай 1944 онд цэргээс халагдаж ирээд Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газар тоо бүртгэгч, зохицуулагч хийдэг байжээ. “Уг нь 1945 оны дайнд явах гэж байсан ч Олзлогдсон цэргүүдийн хэрэг эрхлэх газар үлдээх тушаал гарч, явуулаагүй” юм хэмээн тэр тухайгаа дурсч сууна. Тэр үед олзлогдсон япон цэргүүдээр Төв номын сан, Гадаад явдлын яам, Элдэв-Очир кино театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Засгийн газрын ордны суурийг бариулахад ажиллаж байжээ. Дараа нь МУИС-ийг эдийн засагч-нягтлан бодогч мэргэжлээр төгсч анхны байшин үйлдвэрлэх комбинатын ерөнхий нягтлан бодогчоор ажилласан байна. Түүнийг Халх голд байлдаж явахад  дарга нь  Монгол Улсын баатар Б.Чогдон байсан бол анхны байшин үйлдвэрлэх комбинатад ажиллахад бас Б.Чогдон даргаар ажиллаж байсан гэдэг. 1950 онд нэгдүгээр дөчин мянгатыг барьж анхны хороолол босч байхад, 1967 онд Зээлийн бааз байгуулагдахад мөн л анхны нягтлангаар нь ажиллаж байжээ. Ингээд 1950-1960 оны үед улсын хэмжээнд гарын таван хуруунд багтах нягтланд тооцогддог болсон байна. 

 

Ж.ШАРАВ ГУАЙ ЭЦЭГ, ЭХЭЭС 11-ҮҮЛЭЭ ӨӨРӨӨ БАС 11 ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЮМ

Ж.Шарав гуай 1944 онд нутгийн бүсгүй Ч.Сосортой ханилж 11 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн гавьяатай. Эдний  охин Ш.Долгормаа  Эрүүлийг хамгаалахын гавьяат  ажилтан бөгөөд одоо нас сүүдэр 70 дөхөж яваа гэнэ. Хүүхдүүд нь дандаа л аавынхаа мэргэжлийг өвлөж дөрвөн үеэрээ мэргэшсэн нягтлан бодогч, банк санхүүгийн тэргүүний ажилтан болцгоосон байна. Тэдний дундаас цэргийн хүн болсон нь бага хүү Ш.Давааням. Одоо Баянгол дүүргийн зургадугаар хорооны Засаг даргын албыг хашдаг. Ж.Шарав гуайн ах дүүс манай улсад ургийн баяр гэж гарч ирээгүй байхад 1988 онд анхны ургийн уулзалтыг санаачлан зохион байгуулсан нь телевизээр гарч байсан бөгөөд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө ургийн баяр хийх гэтэл хүмүүс нь олдоод мянган цэргийн карентинд баяраа хийжээ. Тэр үед ах дүү, ач гуч нийлсэн 500 гаруй хүн цугларчээ. Өдгөө ач гучаа тойруулан, эх орноо хамгаалж явсан “амьд” домог болсон энэ хүний баялаг намтар түүхийг сонингийн хуудсанд  бичээд баршгүй юм. 

Охин Ш.Долгормаа Эрїїлийг хамгаалахын гавьяат ажилтан болж байсан їеийнх нь зураг. Ач, зээ нартайгаа.

Ах, эгч, дїї нартайгаа.

1944 онд нутгийн бїсгїй Ч.Сосортой гэр бїл болж 11 хїїхэд єсгєж хїмїїжїїлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

3 цаг 59 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

18 цаг 4 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

18 цаг 4 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12