
Ч.ҮЛ-ОЛДОХ
Улс төрийн тавцанд “тэнгэр нь хаячихсан амьтан” одоогоор МАН байна. Тэд цагтаа цалгиж л явсан юм. Гишүүд нь баян, түрийвч нь гэж банк, Монголын бүхий л эрх мэдэл тэдний гарт байлаа. Харин өнөөдөр амтай болгон муулж, гишүүд нь хүртэл өнөө банк багтдаг түрийвчээ өвөртлөөд өөр намыг балиашиглаж яваа. Үлдсэн хэд нь яахав, ийхэв хэмээн бужигналдаад сууж байна. Хэдэн сар бужигнасаны эцэст өнөөдөр Бага хурлаа хийхээр товлосон.
Хурлын тов хэвээр, эсэхийг лавлахад “Хуралдах байх” гэцгээснээс үзэхэд ямар ч байсан нэг юм хийх бололтой. Хэлэлцэх асуудлын тухайд сөрөг хүчний байр сууриар цаашид хэрхэн ажиллах, тэр зорилгыг үүрч ачаа үүрэх багийн бүтэц, бүрэлдэхүүн ямар байхыг тодорхойлно. Улс орноо аминчхан явцуу байдлаар удирдаж байсандаа гэмшиж цаашид улсаа, иргэнээ гэсэн өр зөөлөн бодлогоор явахаа томъёолно. Энэ бүх асуудлаа Бага хурлаараа усыг нь сайтар шавхаад Их хурлаараа баталгаажуулах тов гаргана хэмээн урьдчилсан байдлаар мэдэгдсэн.
Гэхдээ аливаа хурлын ирээдүй оролцох гишүүдийн байр суурь, санаа бодлоос илэрхий байдаг учиртай. Тэрхүү бичигдээгүй горимоор бол харамсалтай нь хурал тун бүрхэг болох шинжтэй. Бага хурлын гишүүдийн ам үдээстэй, “Би тэгж бодож байгаа” гээд зоригтой ярих хүн алга. “Байлгүй дээ”-гээс эхлээд дандаа тодорхойгүй төлөв дээр ярих. Шинэчлэлийн залуусын хувьд “Бага хурал гэж баахан хэрэлдээд тарах биз, юу гийгүүлдэг юм” гэцгээж сууна. Бусад нь энэ хурлаас ямар үр дүн хүлээж итгэж горьдож буй нь үл мэдэгдэх.
Гэхдээ тус намын нэлээд тулхтай гишүүний амнаас “Их хурлаа товловол их юм” гэсэн үг унаж байна. “Хэрүүлийн алим”-аар шидэлцээд тарахад тулвал ч намын их хурлаа товловол их юм болох байх л даа, хашир хүн мэдэж байгаа байлгүй. Харин намар болох намын их хурал нь ирцээсээ эхлээд жинтэй болох нь дамжиггүй. Одоо болох хурлын хамгийн халуун сэдэв нь зарим гишүүний багагүй ярьсан, хэвлэлүүдийн таамаглаж байгаачлан өмнөх Бага хурлаас томилогдсон, их хурлаар баталгаажиж “виз”-ээ сунгуулах хүлээлттэйгээр намыг удирдаж ирсэн одоогийн удирдлагуудын тухай байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэдэнд итгэл үзүүлэх, эсэхийг хэлэлцэнэ гэсэн үг. Бага хурал дээр намын дарга нь улс төрийн гол илтгэлийг тавина гэж байгаа. Сонгуульд хэрхэн оролцсон, алдсан оносон нь юу байв, одоо хэрхэн ажиллаж байна улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас авахуулаад намынхаа санхүүжилт, цаашдын ирээдүй гээд бүгдийг базаж байгаад хуйхлаад өгөх ёстой. Харин тэгж чадаж байна уу, үгүй гэдэг л байна. Уг нь тэгээсэй гэж хүсч байгаа нөхөд цөөнгүй л байх, дамаа шинэчлэлийн залуус. Үнэхээр тэгж “галлавал” ч олон юм тодорхой болно. Тэгж чадвал орон нутгийн сонгуульд нийслэлд ялагдсаны шалтгаан буюу намын нэрийг баастай хутгасан “Хотын фракц” –ынхан гэж “өмхий” нөхдөд хариуцлага тооцно. Ерөнхийлөгчийн сонгуульд дархан ганцаа дэвшүүлчихээд байхад дээлийнх нь захыг мушгилцаагүй нөхөд илчлэгдэнэ. “Маск” зүүчихээд маасайж яваа гишүүдийнхээ багийг хуулна. Даанч ийм илтгэл тавиач уу, үгүйч үү. Хэрэлдлээ хэрэлдлээ гээд тэгтлээ бас ширүүсээх нь бас тодорхойгүй.
Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарт итгэл үзүүлэх, эсэхээс хамаарч олон үйл явдал өрнөнө. Гэхдээ “Намын даргыг өөрчилснөөр үр дүнд хүрэхгүй, шинэчлэлийг тэгж хийдэггүй юм” гэсэн байр суурьтай хүмүүс тоглолтыг гартаа авбал түүнийг их хурлаар батламжлах тогтоол гаргах байх. Дарга өөрчлөгдөхгүй бол өнгөрсөн намар хэнийгээ Ерөнхий нарийн бичгийн дарга болгоноо хэмээн байдгаа тэмтэрч байгаад болгосон Г.Занданшатар ч суудалдаа үлдэж таарна. Ингэх үндэслэл нь 2012 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан С.Батболд, У.Хүрэлсүх нар хариуцлагаа хүлээж албаа хүлээлгэж өгснөөр нам дотооддоо багагүй бужигнаж эрч хүч нь суларсан. Бүтэц, зохион байгуулалтаа хийх гэж цаг авсан, дээрээс нь хамаг байдгаа Их хурлын сонгуульд цацчихсан болохоор санхүүжилт болоод бэлтгэл тиймхэн орон нутгийн сонгуульд оролцсон. Ийм хүнд үед Бага хурлаа хийж бултаараа “Чи бол” гэж байгаад шаварт унагааж хаясан хоёр хүн нь тэд. Дараа нь “Шаварт унасан шарын эзэн хүчтэй байдаг” гэсэн шиг дарга болгоно гэж гар өргөж байсан нөхөд нүүрээ буруулж, мөнгөө харамласан юм. Тиймээс ярих, эрэгцүүлэх, шийдвэрлэх юм их бий. Ийм байр суурьтай тал Бага Хуралд жин дарахгүй бол дараагийн асуудал мэдээж шинэ удирдлагуудын нэрийг ярьж, Их хурлаар батламжлах болно. Гэхдээ “Та хоёр минь намаа удирдаж хоёр ч сонгуулийг үдлээ. Алдаж, онож туршлага суугаа биз. Нэгэнт ийм тул алдаагаа засах боломж өгье” гэх нь хэд бол. Бас намын дүрэм гэж нэг юм бий, түүндээ захирагдана. МАН-ын дараагийн дарга хэн болох сунгааг бүлэг, фракциуд нь аль хэдийнэ эхлүүлчихсэн гэсэн мэдээлэл нэлээд эртнээс чих дэлссэн. Тэгвэл тус бүрдээ байр сууриа тодорхой болгочихсон, түүний зах зухаас хэвлэлүүд тоймлон хүргэж буй. Хурдан мориор бол цээжинд нь 70-аад оныхон давхиж яваа сурагтай. Харин хэн нь дарга болохыг таашгүй. Намын даргыг өөрчилье гэсэн байр суурьтай талд хүрд эргүүлэх боломж олдвол энэ асуудал аяндаа сөхөгдөнө. Тэгэхээр бараг дарга болчихсон тэдгээр нөхдөөс хэн нэгэн нь тамга атгаж таарна. Одоогийн нөхцөл байдлаас харахад МАН-ыг муу нэртэй хуучин хүн удирдаж яавч болохгүй. Энэ өнцгөөс харвал олны “Хүсэмжит дарга” гээд байгаа У.Хүрэлсүх сураггүй. Иймд хэвлэлээр “цолоо дуудуулаад байгаа” нөхөд гарч ирэх биз. Тэд бол Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар, С.Бямбацогт нар. Нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл нь цэвэр гэсэн шалгуурт хэн нь торж үлдэх бол гэдэг л байна. Цаана нь “Би ч гэсэн Бат-Эрдэнэ аваргын хэлсэн шиг нэр цэвэр” хэмээн цээжээ дэлдэж байгаа эрхмүүд ч шинэчлэлийн залуус дотор бий.
МАСЗХ гэдэг байснаа нам нь нэрээ сольж “Х” үсгээ авч хаяснаар НАМЗХ хэмээн нэрлэгдэх болсон залуучуудын байгууллагын нэр хүнд уначихсан байхад түүгээр олонд сүрхий танигдсан Я.Содбаатар тамга атгахгүй л болов уу. Эвслийн Засгийн газрын үед шиг санагдана дэд сайд нарын томилгоонд торж үлдэх гээд зүтгэж явсан Ч.Хүрэлбаатарыг зүгээр л нэг тоо боддог хүнээр яадаг юм гэсэн удаатай. Тэгэхээр энэ удаа ч гэсэн тэр хандлага давамгайлж байна. Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарыг арай болоогүй гэх хүн цөөнгүй. Харин Д.Цогтбаатарын тухайд “Бусдаасаа толгой илүү, намыг их өөрөөр удирдана даа” гэх үгийг бас нэг тааруухан дүгнэлт дагалдаж байх юм. Тэр нь юу вэ гэвэл “С.Батболдын хүн, түүний шадар зөвлөх, сайн найз нь шүү дээ” гэсэн хатгаас. Уг нь бол тэр ганц С.Батболдод ч биш Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг Ерөнхийлөгч байхад зөвлөж явсан толгой. Гэхдээ намыг дипломат хүн удирдахаар яадгийг Ө.Энхтүвшингийн алдаа хангалттай харуулсан учраас намын дарга болох боломжгүй байгаа юм.
Ингээд намын дарга болгож “шаварт унасан” намаа үүрүүлэх хүчтэй хүний эрэл мухардаж байна. Ийм хүнийг эрж бэдэрсээр эцэст нь М.Энхболдоос өөр зүтгүүлчих лидер олдоогүй сурагтай. “Хотын фракц” нь л муухай харагдуулаад байгаа болохоос тэр онц гэнэ. 2007 онд С.Баяр тэргүүтэй “Элсний 13” гэгч “элээнүүдэд” шүүрүүлчихээгүй бол М.Энхболд тухайн үед намын дарга, Ерөнхий сайдын ажлыг сайн хийж байсан, нам нь ч тэгэхэд хүчтэй байсан. Одоо түүнээс өөр хүн алга, Бага хурлаар ярьж, Их хурлаар батламжлаад эртхэн байранд нь тавъя хэмээх тохироо өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлын үеэр болсон дуулдав. Одоо харин Бага хурал төдийгүй ирэх намар болно хэмээн хүлээлт үүсгээд буй их хурлын олонхийн шийдвэрийг “Хотын фракц” нь хөтлөх үүргийг хүлээх нь.