А.Алтантуяа: Д.Нацагдорж шигээ үндэсний хувцсаа дээдэлж явахыг зохиолчдоосоо хүсье

2019-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Үндэсний хувцас үйлдвэрлэгч  “Ур Ундрах” компани  үүсэн байгуулагдсан 15 жилийн хугацаанд “Болор цом” наадмыг тасралтгүй ивээн тэтгэж, тэргүүн шүлэгчийг монгол дээлээр мялааж ирсэн билээ. Тус компанийн захирал, Монгол Улсын мастер оёдолчин  А.Алтантуяа энэ удаагийн наадмыг ивээн тэтгэхээр ээлжит дээлээ МЗЭ-ийн Удирдах зөвлөлд гардуулж өгөх үеэр уулзаж ярилцлаа.  

“Болор цом”-ыг савхин дээлээр мялааснаас анх санаа авсан

  -“Болор цом” наадмын тэргүүн найрагчийг  монгол дээлээр мялаах санаа танд  хэзээ төрсөн бэ? -Үүнийг яривал олон жилийн өмнөх түүх ярих болно. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул. Манай сум нэг жил улсдаа ургацаар тэргүүлсэн юм. Тэр үед би концерт хөтөлж, Д.Пүрэвдорж гуайн “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” найраглалыг  уншсан юм. Үзэгчид нэлээд хэдэн удаа дахиуллаа. Би ч өөрөө яруу найрагт их дуртай, аав ээж маань биднийг багад үлгэр ярьж өгч, сайхан шүлэг найраг уншиж өгч өсгөсөн. Тэр концертын дараахан намайг аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга н.Ухнаа гуай дуудууллаа. Ямар алдаа гаргасан юм бол гэж айж сандрах зэрэгцээд очлоо. Ортол “За миний хүү наашаа суу. Сайхан найраг уншдаг хүүхэд байна, баяр хүргэе. Чи оёдолчин юм байна, аймгийнхаа “Хөдөлмөрийн төлөө” сонинд ажиллах уу” гэж асуулаа. Тэгэхэд нь “Би оёдлынхоо ажилд л дуртай. Өөр ажил хийе гэж бодохгүй байна” гэлээ. Тэгсэн санал хэлэх, хүсэх зүйл байвал  хэлээрэй гэж байна. Тухайн үед манай ахуйн үйлчилгээний газарт хэрээсний машин, гутал наадаг цавуу нүдний гэм байсан. Дээр нь хүүхэд болохоор их зоригтой гэгч нь“Надад өөрийн эзэмшлийн оёдлын машин байдаггүй. Та машин өгч болох уу. Манай ахуйн үйлчилгээний газарт  цавуу хэрэгтэй байгаа” гээд хэлчихлээ. Түүнээс хойш нээх удалгүй тусгай зориулалтын машин, 200 кг цавуу, оёдлын машин ирлээ. Ингэж би яруу найргийн  сайхныг,  олон түмэнд хүртээлтэйг мэдэрч баярлаж байлаа. Сүүлд “Ур Ундрах” компаниа байгуулахдаа Дарханы савхин эдлэлийн үйлдвэрийн захирал  Хүнийхүү “Болор цом”-ыг савхин дээлээр ивээн тэтгэж байснаас санаа авч монгол дээл өгч болох юм гэж бодсон. Өнгөрсөн онд манай компани 15 жилийн ойгоо хийсэн. Энэ жил би “Болор цом”-д 16 дахь дээлээ өгөх гээд бэлдээд ирлээ.

“Болор цом”-д хэн түрүүлэхийг таашгүй тул хоёр дээл бэлдлээ

  -Энэ жил ямар бэлгэдлийг шингээж  дээлээ урлав? -Би жилийн жилд “Болор цом” дөхөхөөр сэтгэл догдолдог. Садан төрөлтэйгээ уулзах гэж байгаа  юм шиг, сайхан шүлэг сонсоно гэхээс яардаг. Бас оны тэргүүн шүлэгчид бэлдсэн дээлээ гардуулж өгнө гэхээр сэтгэлд  тийм гэхийн аргагүй баяр баясал төрдөг юм. “Болор цом”-д хэн түрүүлэхийг таашгүй. Тиймээс  эрэгтэй, эмэгтэй хоёр бэлдлээ. Бусдыг хайрлаж, хайр түгээж явдаг найрагчид маань сэтгэлээ дэвсч,  хайраа гадагш нь цацаад өөрөө ганцаарддаг юм уу гэж боддог. Тиймээс  хэрэв эмэгтэй найрагч түрүүлбэл, хайранд умбаж жаргаж яваасай гэж билэгдэн  хайрын бэлгэдэл ягаан өнгийн энэтхэг торгоор  урласан. Эрэгтэй дээлийг “Бат-Эрдэнэ аваргын” гэж нэршсэн солонгос ногоон даавуугаар эсгэж оёлоо. Мэдээж эрэгтэй, эмэгтэй аль нэг найрагч “Болор цом”-ын эзэн болох байх. -Сэтгэлд тод үлдсэн “Болор цом”-ын дурсамжаас хуваалцаач? -Олон хөгжилтэй үйл явдал тохиолдож байжээ /инээв/.  Тээр жил Энэтхэгээс цэнхэр магнаг олж ирээд сайхан эрэгтэй дээл хийгээд авч очсон байсан юм. Эмэгтэй найрагч түрүүллээ, Ш.Лхамноржмаа “Болор цом” –ын эзэн боллоо гэхэд нь зориулж авчирсан юм чинь өгч орхиё, хоосон буцаалтай биш гээд өгчихсөн. Дараа нь Ш.Лхамноржмаа тааралдаад “Би тэр дээлийг  авч, бас сайхан ханьтай болсон шүү. Би тэр дээлийг чинь ханьдаа өмсүүлсэн” гэсэн нь сэтгэлд тод үлджээ. Сүүлийн 5-6  жил  зүрхний хүнд хагалгаанд ороод бие чилээрхэх болсон тул би автомашин, вагоноор удаан явахаар ядардаг. Иймд хөдөө орон нутагт болж байгаа “Болор цом”-д очиж чадахгүй хүнээр дээлээ явуулдаг болсон. Энэ жил  Говьсүмбэр аймагт болох учраас мөн очиж чадахгүй нь. Иймд  МЗЭ-ийн удирдлагуудад  дээлээ гардуулж өгсөн. Монголын ард түмэндээ, зохиолч, яруу найрагчддаа баярын мэнд хүргэж, уран бүтээлийн амжилт ерөөж  байгаагаа  энэ ярилцлагаар уламжилъя. Бүгдээрээ дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, хаан төрийн хантааз, тулах төрийн гутлаа иж бүрнээр  өмсч яваарай гэж хүсье. -“Болор цом”-оос хэзээ ч урвахгүй, хувирахгүй дэмжигч, фен нь гэвэл таныг л хэлэх байх. Байнгын ивээн тэтгэгчийн хувьд  МЗЭ-ийн 90 жилийн ойг тохиолдуулж  юу  хэлэх бол?  -Би утга зохиолд хайртай гэдгээ түрүүнд хэлсэн. МЗЭ-ийн байгууллага бол Монголын шилдэг сэхээтнүүд, авьяаслаг зохиолч, найрагчид, соён гэгээрүүлэгчдийн нэгдэл юм. Тиймээс би  хэзээ ч нүүр буруулалгүй дэмжиж, ивээн тэтгэж ирсэн. Анх дээл хийж бэлэглэх үед Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Дараа нь Х.Чилаажав, Го.Мөнхцэцэг нар ажиллаж байлаа. Өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав энэ байгууллагыг тэргүүлж байна. МЗЭ-ийн 90 жилийн ойг тохиолдуулан энэ байгууллагын үе үеийн удирдлагууд, бидэнтэй 16 жил хамтран ажиллаж байгаа нарийн бичгийн дарга Л.Сэлэнгэмөрөн, “Болор цом”-ын эзэн найрагч, зохиолч  бүгдэд нь баярын мэнд хүргэе. Нийгмийн түүчээ болсон уран бүтээлийг хойч үед өвлүүлэх, залуу үеэ дэмжиж гаргаж ирэх, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд нь улам их амжилт ерөөж,  монгол үндэсний хувцсаа үргэлж Дашдоржийн Нацагдорж шигээ өмсч байгаасай гэж хүсч байна. Энэ хүсэлтийг та бүхэн  минь заавал дамжуулж өгөөрэй. -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Эх сурвалж: www.polit.mn
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 34 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 46 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 46 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 46 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

18 цаг 15 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 33 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 40 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09