Н.Батцэнгэл: Нуух юм байхгүй, манай байцаагчид шантардаг

2014-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хөгшөө, шугшаа уулсын дундах Гурвантэсийн нутгаар

Б.СОЛОНГО, Гэрэл зургийг Д.БАТБААТАР

Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтоос бэлтгэсэн сурвалжлагын үргэлжлэлийг хүргэж байна.

Шивээ хүрэн боомт бол хамгийн алслагдмал буюу Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 90 км зайд оршдог. Боомтын ерөнхий дүр зураг гэвэл шалган нэвтрүүлэх байр, хилийн застав, нүүрсний гаалийн хяналтын байр, найман урсгал бүхий нэвтрэх зам. Хилээр орохоор дугаарлан зогсох нүүрсний машинууд, нөгөө талд нь мөн хил гарахаар эгнэх фургонууд. Шивээ хүрэн боомтын бараа эргэлтийн 90 хувийг нүүрс эзэлдэг. Өдөрт 250 орчим нүүрсний машин нааш цааш орж, гарч байгаа нь нэг үеийг бодвол буурсан тоо гэсэн. Мөн өдөрт 50 орчим фургон хил гарч, зорчигч тээвэрлэдэг. Ерөнхийдөө цомхон үйл ажиллагаатай боомт. Харин хил, гаалийн хяналтын систем нь цахимжиж, нүүрсний машинуудыг аль болох саадгүйгээр хилээр нэвтрүүлэх тал дээр нэлээд ажил хийжээ.

Шивээ хїрэн дэх гаалийн байцаагчдын амьдардаг контейнер. Нэгэнд нь хоёр хїн амьдардаг.

“Монголын алт” компани найман урсгал бүхий гарцыг ашиглалтад оруулснаас хойш нүүрсний эргэлт хурдассан байна. Мөн тус компани гаалийн хяналт, шалгалтын постыг байгуулж өгснөөр нүүрс ачсан машинуудыг дээрээс нь камераар хянаж, хурдан шуурхай нэвтрэх боломжтой болсныг Шивээ хүрэн дэх гаалийн газрын дарга Н.Батцэнгэл хэлж байлаа. Урдаас орж ирсэн хоосон машинууд уурхай руу засмал замаар явдаг, харин нүүрсээ ачаад буцахдаа сайжруулсан замаар явдаг аж. Олборлолт хийж байгаа гурван уурхай нэг дор байрладаг учир одоогоор нүүрс ачсан машинууд нэг л замаар явж байна. Харин уурхайгаас боомт хүрэх 200 тоннын даацтай засмал замын ажил үргэлжилж байгаа юм байна. 13 км дутуу байгаа бөгөөд энэ намар гэхэд ашиглалтад орж, нүүрсний машинууд шороон замаар явахаа болино гэнэ. Мөн хоёр улсын хилийг дамнуулан “suntrans” гэсэн бичигтэй урт цэнхэр хашаа татсан байлаа. Энэ нь нүүрсийг хил гаргахдаа машинаар биш шууд дамжуулан урсгах шат маягийн зүйлээр гаргадаг болох конвер гэсэн. Гэхдээ ажил нь зогсонги байдалтай байгаа бөгөөд энэ талаарх мэдээлэл тун хомс байсан юм.

 

ШАР АВТОБУСНЫХАН

Явуулын хоолны їйлчилгээ эрхэлдэг “Шар автобусныхан”.

Шивээ хүрэн боомтоос нааш гурван км орчим зайд “Шар автобусныхан” гэх хэдэн гэр бий. Шивээ хүрэн боомтод хоолны газар, дэлгүүр хоршоо, зочид буудал аль нь ч байхгүй бөгөөд Хилийн боомтын тухай хуулиараа ийнхүү хөгжиж чадахгүй байгаагийн тод жишээ нь “Шар автобусныхан” юм. Тэд гурван жилийн өмнөөс хил түшиглэж автобусанд хоол хийж явуулын үйлчилгээ үзүүлдэг байжээ. Хилийн боомтын тухай хуульд улсын хилээс 20 км дотор газар нутагт худалдаа үйлчилгээ эрхлэх нь хориотой байдаг тул тэд ийнхүү явуулын үйлчилгээ үзүүлдэг болсон байна. Тухайн үед хоолоо хийдэг байсан шар өнгийн фаз автобус ч гадна нь харагдана. Нүүрсний машины жолооч нар болон хил гарч худалдаа наймаа хийдэг бүх л хүмүүс энд буудаллаж, хоол залгуулдаг гэнэ.  Хэрэв тэдэнд газрыг нь өгчихвөл дор нь байшин бариад худалдаа үйлчилгээ явуулахад бэлэн гэдгээ ч илэрхийлж байлаа. Монголын нутаг дэвсгэрт хил түшиглэж ийм үйлчилгээ явуулж болохгүй байгаа учир зарим нь Сэхээ боомтод жилийн 3000 юанийн түрээс төлж хоолны газар ажиллуулдаг болжээ. Тэр нь ч багагүй ашигтай байдал тул хамаг орлого нь дотоодод биш гадаад руу урсаж байгааг шүүмжилж байв.

 

Н.Батцэнгэл:

“ТАНАЙХ ЯАГААД ЧУЛУУ ГАРГАДАГГҮЙ ЮМ” ГЭЖ ХЯТАДЫН БООМТЫНХОН АСУУДАГ

 

Гаалийн ерөнхий газрын Шивээ хүрэн дэх гаалийн газрын дарга Н.Батцэнгэлтэй бид уулзлаа. Тэрээр бидэнд боомтын үйл ажиллагаа, онцлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Боомтод зөвхөн гаалийн байцаагчид биш тагнуул, мэргэжлийн хяналт, иргэн харьяат, хилийн цэрэг гээд олон байгууллага хяналт шалгалтыг хийж байна. Төв газраас хамгийн алслагдмал боомтын хувьд хил дээр ажиллаж байгаа хүмүүсийн  хувьд зовлон бэрхшээл олон байдаг. Хэдийгээр Шивээ хүрэн боомт нь хяналт шалгалтын хувьд бүрэн цахимжиж, жишиг боомтын нэг болсон ч тэнд ажиллаж байгаа байцаагчдын хувьд бодит байдал ямар байгааг бид түлхүү ярилцлаа. Мөн Гурвантэсийн улаан чулууны талаар асууж тодруулсан юм.

-Шивээ хүрэнгийн гаалийн байцаагчид шантарч байгаа тухай ирж явахдаа сонслоо. Алслагдсан аймагт ажиллаж байгаа алба хаагчдын хувьд хүндрэлтэй асуудал олон байдаг байх?

- Өнөөдрийн байдлаар манай боомтод гаалийн улсын байцаагч 44 байна. Тэд түр томилогдож ажилладаг. Ар гэр нь Улаанбаатарт байгаа шүү дээ. Мэдээж ийм хол газар гэрээсээ хол байна гэдэг хэцүү. Дээрээс нь вагончикт амьдарч байна. Халуунд бол контейнер л гэсэн үг. Нуух юм байхгүй ээ, шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт ирдэг. Өнгөрсөн жилээс нэг сар ажиллуулаад 10 хоног амраах системд оруулсан. Гурвантэсээс фургонд суугаад л явна. Үндсэндээ Улаанбаатарт долоо хоног л амарна. Харин Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт манайд фургон өглөө. Өнөөдөр бид хуралдаад аймгийн төв рүү явах нь мөнгөө нийлүүлээд бензинээ хийгээд явцгааж байя гэж тохироод байна. Замын-Үүд бол ядаж л галт тэргэнд суугаад явчихна. Энд ажиллаж байгаа хүмүүсийн 50 хувь нь эмэгтэй, дийлэнх нь гэр бүл үр хүүхэдтэй.  Гэтэл ажлаасаа гарчихвал 40 гарчихсан хүмүүс юу хийх билээ. Шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт ирдэг.  Манай дарга нар нөхцөл байдлыг судлаад явсан. Тэгээд холын боомтод нэг жил л ээлжээр ажиллуулж байя гэсэн шийдвэрт хүрсэн. Бид 08-20 цаг хүртэл ажиллаж байна. Энд дэлгүүр хоршоо, эмнэлэг, буудал, гуанз аль ч алга. Хүн л юм чинь хэцүү байгаагаа илэрхийлэх нь зөв шүү дээ. 

-Боомтын хөгжил тааруу юм?

-Ерөнхийдөө гурван уурхай л нүүрсээ гаргаж байна шүү дээ. Энд зориуд нэг зүйлийг хэлэхэд МАК компани зөвхөн энэ боомтод гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.  Шилэн кабельтай болж, гаалийн бүрдүүлэлт цахим хэлбэрээр явж байна. Нүүрсний машинуудыг орчин үеийн хяналтын системээр хянаж байна. Найман урсгалтай нэвтрэх гарц барьж өглөө. Боомт руу ирдэг засмал зам нь гурван жил болж байна. Эвдэрсэн юм алга. Энэ компанийнханд талархал илэрхийлэх хэрэгтэй. Боомтын хяналт шалгалт түргэн шуурхай болж, жишиг боомтын хэмжээнд хүрч чадсан. Харин бусдаар нөхцөл хүнд байгааг дээр хэлсэн.

-Гурвантэс сумаас Монголын баялаг хяналтгүй урсаж байна гэлцэнэ. Улаан өнгийн байгалийн чулуу гарч хилээр гарч байгаа мэдээлэл байна?

-Тэгж л яриад байгаа болохоос тонн тонноор нь Монголын баялгийг урсгаад байгаа юм ердөө байхгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гурвантэсийн чулуу хилээр гаргах хандлага идэвхжсэн. Манайх сарын аян зохион байгуулж 250 кг орчим чулуу хураасан. Хувь хүмүүс цүнхэндээ зөөх гэх мэтээр гаргахыг нэлээд оролдсон. Эмэгтэйчүүд нь хөхөвчиндөө өндөг шиг хоёр чулуу хийгээд гарах жишээний. 42 размерын пүүз өмсчихсөн залуу гутлынхаа урд талд хийчихсэн байсан. Иймэрхүү зөрчил бол гарсан.  Тэрнээс хэдэн тонноор нь зөөгөөд байгаа юм байхгүй. Энд олон байгууллага шат дамжлагтайгаар шалгаж байна.  Гэтэл ганцхан гааль ажиллаад байгаа юм шиг ярьцгаах юм. 

-Иймэрхүү тохиолдолд гаалийнхан л гэж ярьдаг шүү дээ?

-Энд давхардсан хяналтууд зөндөө байна. Тагнуулын байгууллага ажиллаж байна, хилийн тагнуул, мэргэжлийн хяналт бас үзнэ. Дараа нь гаалийн байгууллага шалгана, хилийн цэрэг давхар шалгана. Гэтэл гаалийнхан л тавиад туучихдаг гэх юм. Нидэр дээрээ энэ байгууллагууд дотроо илрүүлдэг нь гаалийнхан шүү. Бид ч хууль хяналтынханд хэлдэг юм. “Гаалийнхныг л муу хэлээд байх юм. Тэгвэл бусад нь хэдэн кг чулуу илрүүлэв, хэдэн килограмм гоёо авч үлдэв” гэж. Манай гаальчид эх орныхоо нүд чих нь болж байгаа. Дэлхийн гаалийн байгууллагын ёсзүйн дүрэм зөвхөн манайд яригддаг. Үйлчилгээний стандарт, авлигаас ангид байх гээд бүгд манайд байна. Гаалийн 1281 гэсэн утас руу нүүрсний жолооч нар залгана. Байцаагчдаа тойрч шалгах ч шаардлага байхгүй.  Жолооч нар удаж байна, хилээр гаргахгүй байна гээд л залгана. Бид бас үзэх юмаа үзнэ шүү дээ. Шууд л урсгаад байна гэж юу байх вэ. Хүмүүсийн ярианаас Гурвантэсийн улаан чулууг Улаанбаатарт бас аваачиж байж болзошгүй гэсэн. Манай дарга нар ирж Хятадын боомтынхонтой уулзахад “ Танайх яагаад чулуу хураагаад байдаг юм. Гаргаж болдоггүй юм уу. Ямар хуулиараа хориглодог юм бэ” гэж асуудаг. Хүмүүс хоорондоо наймаалцаж ард иргэд чинь зоостой болог л дээ гэдэг. Хятадууд бол авах сонирхолтой. Манай хуулинд ч хориглосон зүйл заалт байдаггүй. Гурвантэсийн Засаг дарга арга нь барагдаад яах ёстой юм бэ гээд ирж байсан. Хэрэв аж ахуй нэгж байгуулаад лиценз аваад Ашигт малтмалын газраас зөвшөөрлөө авчихвал гаргаж болно.  Хятадууд биднээс илүү мэдэж байна. Манайхан шиг ховоор ярьдаггүй. Ховоор надад асуулт тавихгүй шүү дээ. Тэдэнд “Манайх хязгаарласан бараа гэдэг утгаараа хувь хүн чулуу гаргаж болдоггүй юм” л гэж хариулдаг. Чулууны асуудалд бид их болгоомжтой хандаж байгаа.

-Уг нь бид нутгийн чулуугаа харамлах нь зөв байх?

-Үндсэндээ тэр утгаар нь л бид хориод байна. Эндээ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж энэ тухай сурталчилсан. Хураагдсан чулуунуудыг дэлгэж байгаад “Энэ бол Монголын баялаг.  Үр хүүхэд байгаль орчинд нь үлдээе. Хэрэв чулуугаа гаргаад дуусвал хаана амьдрах вэ, цөлжилт юу болох вэ” гэж ухуулдаг.  Гурвантэсийн сургуулийн насны хүүхдүүдэд ч үзүүлсэн. Хүүхдүүд цааш нь дамжуулахдаа их сайн юм билээ. Зөвхөн чулуу гэлтгүй гаалийн байгууллагын бүх үйл ажиллагааг танилцуулсан. 

-Хятад иргэд манай хилээр хэр их орж ирдэг вэ?

-Орж ирэхгүй ээ. Хятадууд орж ирдэг бол энэ хавьд дэлгүүр гуанз нээгдээд  сүйд болно биз дээ. Тийм юм байхгүй. Энд ганц дэлгүүр байдаг юм. Бид гуйгаад л байлгаад байгаа. Манай хашааны талаас нь авчихсан. Ямар ч түрээс авдаггүй, бид тогоор хангадаг. Жолооч нар 1281 рүү утасдаад “Гаалийнхан гаргахгүй удаагаад байна. Бие засах газар ч алга. Хоол идэх газар алга” гэж гомдоллодог. Яахав, уурхайн ажлаар ганц нэг хятад хүн орж ирдэг л юм.

-Сэхээ боомттой Шивээ хүрэнг харьцуулбал?

-Бид яаж их гүрний боомттой өөрсдийгөө харьцуулахав дээ. Шивээ хүрэн, Сэхээ хоёрыг харьцуулвал улсаа Хятадтай харьцуулахтай адил биз дээ. Гэхдээ хяналтын технологийн хувьд яг адилхан. Хоёр талын гааль цахим системээр хамтран ажиллаж байна. Нүүрсний хяналтын галерей гэхэд л бүх камераар 24 цагийн бичлэг хийж байна. Дарга нар ирж үзээд Шивээ хүрэн боомт бол жишиг гэж дүгнэсэн шүү дээ. Бусад газар хийдэггүй нэг ажил нь эргүүл. Манай байцаагчид үдээс хойш уурхайгаас наашаа нүүрсний машинуудыг шахаж гаргадаг. Энэ санаачлагыг бусад боомтуудад хэрэгжүүлэх хэрэгтэйг дарга нар онцолж байсан.

-Гашуунсухайттай харьцуулахад нүүрсний эргэлт хэр вэ?

-Бараг ижил. 2011 онд Монгол Улсын хилээр 22 сая тонн нүүрс гарсан байдаг. Үүний 21 сая орчим нь энэ хоёр боомтоор гарсан байдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

4 цаг 23 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

4 цаг 23 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

4 цаг 23 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

17 цаг 4 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

18 цаг 54 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

21 цаг 29 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

22 цаг 15 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

22 цаг 21 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин