“Зууны мэдээ” сонин, ТВ9 телевиз хамтран Монгол Улсын 2018 оны онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.
Нэг. ЖДҮХС-гаас эрх мэдэлтнүүд зээл авсан нь ил болж, ХХААХҮ-ийн сайд огцров

2018 онд төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан зээл авсан баримт ил боллоо. Энэ нь Монголын улстөрд асуудал, анхаарлын тэмдэг дагуулсан, Монголын ард түмнийг бухимдуулан хилэгнүүлсэн үйл явдал болов. Өдөр шөнөгүй зүтгэж жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүст өдөр бамбар асаан эрж хайгаад ч хаана байдаг нь мэдэгддэггүй, олддоггүй, нэг жилд гурваас доош хувийн хүүтэй зээлийг улстөрчид, өндөр албан тушаалтнууд хуваан авч завшсаныг нийгэм эрс шийдвэртэй жигшин буруушаав.
Уг асуудал олон нийтэд ил болсны дараахан хамгийн түрүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас огцруулав. Тэрээр 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Харин түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах асуудлыг Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирсэн ч УИХ-ын гишүүд олонхийн саналаар Б.Батзоригийг хамгаалан авч үлдэв.
Нийгэмд “жидүү”, “жидүүчин” гэсэн үг жигшил зэвүүцэл, эгдүүцлийн утга санаатай үг болов. Ийнхүү “Жидүү” тойрсон улстөрийн хамрах хүрээ өргөжин тэлж, зээл авсан улстөрчдийн тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын мэдэгдсэнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн нэр дээрх 1.3 тэрбум төгрөгийн зээл ил болоод байгаа. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Батзориг 1.4 тэрбум, Х.Болорчулуун 950 сая, Я.Содбаатар 1.2 тэрбум, Г.Солтан 950 сая, Ж.Энхбаяр 950 сая, Н.Оюундарь 800 сая, Б.Ундармаа 700 сая, О.Батнасан 950 сая, Г.Тэмүүлэн 700 сая, Л.Энхболд 1,3 тэрбум, Б.Саранчимэг 800 сая төгрөг, Б.Баттөмөр 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан асуудал яригдаж, хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байгаа билээ.
Мөн Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар нарын зэрэг албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан асуудал олон нийтэд ил болж, заримыг нь үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Хуулийн байгууллагууд ЖДҮХС-гаас зээл авсан асуудал дээр өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан шалгаж, УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах хүсэлтийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байна гэсэн мэдээлэл бий. Ийнхүү “жидүү”-гийн зээлтэй холбоотой асуудал Монголын улстөрд бөөн хар үүл болон “хурсан” жил боллоо.
Одоо нийгэм “жидүү”-гийн асуудал шударга шийдэгдэх үү, эсхүл нэг хоёрын зэрэг “жараахай”-г “золиг”-т гаргасан болж хуураад харин жинхэнэ “халим, акуулууд”-ыг хариуцлагаас мултлаад өнгөрөөх үү гэдгийг анхааралтай ширтэн харж байна.
Хоёр. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэв

Эрх баригч МАН 2016 онд эмхлэн байгуулсан Засгийн газраа тэр үеийн намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсантай холбогдуулан нэг жилийн дараа буюу 2017 онд огцруулж байв. Ж.Эрдэнэбатын хэмээх тодотголтой ч үнэн хэрэгтээ М.Энхболдын гэж хэлвэл үнэнд илүү нийцэх Засгийн газар байсан юм.
Тэгвэл өнгөрч байгаа энэ оны сүүлээр гүйцэтгэх засаглалыг огцруулах асуудал дахин парламентад орж ирлээ. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг унагаах дөхсөн гол асуудал нь ЖДҮХС-гаас Засгийн газрын нэр бүхий гишүүд албан тушаалаа ашиглан зээл авсан асуудал байв.
Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа голлон зохион байгуулж, өөрийнхөө УИХ-ын гишүүний хуудсан дээр МАН-ын гишүүн, УИХ-ын 27 гишүүнээр гарын үсэг цуглуулсан байдаг. Мөн сөрөг хүчин АН Ерөнхий сайдыг огцруулах бодлого баримтлав. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2018 оны арваннэгдүгээр сарын 29-нд болов. Хуралдаанд УИХ-ын 75 гишүүнээс 73 нь оролцож, 53 нь байр сууриа илэрхийлж, үг хэлсэн юм. Ялангуяа МАН-ын гишүүд хоорондоо булхайгаа илчилж ширүүн ширүүн үг нэг нэг рүүгээ чулуудав. У.Хүрэлсүх “жидүү”-гийн асуудалд өөрөө болон өөрийнх нь Засгийн газрын гишүүд холбогдон орооцолдсоныг мэдэж байсан учир “хамгийн сайн хамгаалалт бол дайралт” гэсэн тактикийг сонгон УИХ-ын дарга М.Энхболд руу 60 тэрбумын асуудлаар, түүнчлэн М.Энхболдын хүмүүс болох УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа болон Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд нар руу ажлаа өг хэмээн дайрав. Энэ нь сүүлийн 2 жилийн турш 60 тэрбумын тухай асуудлыг сонссон М.Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгоогүй, М.Энхболд Ц.Элбэгдоржтой холбоотой гэдгийг ухаарсан хүмүүсийн дунд У.Хүрэлсүхийг дэмжих хандлагыг бий болгов. У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа “60 тэрбумын асуудал үнэн шүү дээ” гэж мэдэгдэв.
Улмаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад 73 гишүүний 40 нь буюу 54.8 хувь нь огцруулах шаардлагагүй гэж үзсэнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалтайгаа хэвээр үлдэв.
Гэвч Засгийн газраас нэг жилийн хугацаанд дөрвөн ч сайд өөрчлөгдөх хэмжээнд асуудал яригдаж байна. Яаман дээр нэг нь нэгийгээ зодож алсан аймшигт хэрэг гарсан учир ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж оронд нь Я.Содбаатарыг томилсон. Сайд Я.Содбаатар ЖДҮ-тэй холбогдсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд байгаа, тэрчлэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар М.Энхболдыгоо дагасан учир түүнийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барьчихаад буй. Өмнө нь Б.Батзориг сайдыг ажлаас нь чөлөөлсөн.
Засгийн газрыг огцруулах асуудал зөвхөн эрх баригч намд нөлөөлөөд зогссонгүй. Сөрөг хүчин АН-ын Үндсэн дүрмийн хорооноос намын бодлого шийдвэрийг дагаагүй гэдэг шалтаг шалтгаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хасаж, Л.Болд, Д.Мурат нарыг тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрөв хүртэл жил хасах шийдвэр гаргасан байна.
Зарим ажиглагчид энэ тэмцэл хуучин МАН-АН-г шинэ МАН-АН-гаар солих л тэмцэл болж байна гэж дүгнэж байгаа.
Гурав. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тэмцлийг УИХ-ын гишүүд өрнүүлэн парламент хуралдаж чадахаа болив

2018 он МАН-ын хувьд мордохын хазгай болсон жил байлаа. УИХ-д үнэмлэхүй олонхи буюу 65 суудалтай байж байгаад 64 суудалтай болсон МАН дотооддоо маш том зөрчилтэй байна. Тэд нам дотроо эв түнжингээ олж чадахгүй байгаа нь сүүлдээ төр засгийн ажлыг гацааж, иргэд сонгогчдынхоо итгэлийг алдахад хүргэв. УИХ дахь ажлын хэсэг, бүлэг, байнгын хороо, чуулганы ирц хүрэхгүй шалтгаанаар олон удаа хойшилж, хэлэлцэх асуудлууд хураагдаж хуримтлагдсаар байлаа. УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдын ажлыг давхар хашиж байгааг ашиглан У.Хүрэлсүхийн Засгийн газрынхан УИХ-ын үйл ажиллагаанд санаатайгаар оролцохгүй байх тактик барьж, ингэснээр УИХ-ын бүтцийн аль ч байгууллагын хуралдааны ирц хүрэхгүй байх байдал бий болжээ.
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын луйвар булхайтай холбоотой учир огцрохыг шаардаж, 12 дугаар сарын 6-ны өдрийн чуулганы хуралдааны үеэр эсэргүүцлийн акц зохион байгуулав. Үргэлжлүүлээд УИХ-ын нэр бүхий 40 гишүүн парламентын спикерийг огцруулах асуудлыг дэмжин гарын үсгээ зурж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандав. УИХ-ын нэр бүхий гишүүд М.Энхболдыг огцрохоос нааш УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэж бойкот хийж байгаа учраас ирц бүрдэхээ больж чуулган хуралдаж чадахгүй байгаа.
УИХ-ын даргыг огцруулах асуудлаа МАН-ын дарга У.Хүрэлсүх нам дээрээ шийдэх гэж оролдов. Хамгийн сүүлд Бага хурлаа хуралдуулж, “УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэн огцруулах нь зүйтэй, М.Энхболд өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөхийг дэмжив” гэсэн утга санаа бүхий шийдвэрийг Удирдах зөвлөл, Бага хуралдаанаараа гаргасан ч М.Энхболд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргахгүй гэсэн нь У.Хүрэлсүх, М.Энхболд болон МАН-ыг аль алийг нь онигоо болгов.
Чуулганы хуралдаан ирц хүрэхгүй, хуралдаж чадахгүй байгаагаас болж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд хийх мэдээлэл гурван долоо хоног дараалан хойшлоод байгаа юм. Мөн ХХААХҮ-ийн сайдын томилгоо, Зам тээвэр болон БСШУС-ын сайд нарыг огцруулах, чөлөөлөх асуудал шийдэгдэхгүй хүлээгдэж байна.
Энэ бол сүүлийн 30 орчим жил гарч байгаагүй төр засгийн хямрал мөн гэж зарим улстөрчид тодорхойлов. Ажиглагчид нэгэнт 60 тэрбумын асуудал үнэн учир М.Энхболд огцроод зогсохгүй УИХ өөрөө тарах ёстой гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч УИХ-ыг тараах тухай асуудлыг хөндөж эхэлсэн бөгөөд удахгүй тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйгаа олон нийтэд мэдэгдээд байгаа билээ.
Дөрөв. УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзаж, Цэц сонгох эрхэнд халдсан шийдвэр гаргав

Монгол Улсын парламент хүчингийн хэрэгт холбогдсон гишүүнтэйгээ удаан хугацааны турш зууралдан хамгаалж байгаад үнэнд гүйцэгдэж 2018 онд явуулав. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг жил дамнан яригдаж, Улсын Ерөнхий прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн санал оруулсныг эхлээд дэмжилгүй буцааж, “хуулийн мухардал” гэсэн хаана ч байдаггүй, байх ч ёсгүй нэр томъёог ашиглан олон түмний санаа бодлыг төөрөлдүүлэх гэж оролдсон нь нийгмийн хүчтэй эсэргүүцэл зэвүүцэлтэй тулгарч мухардалд орсон учир Д.Гантулгаар өөрөөр нь хүсэлт гаргуулж түүнийг УИХ-аас чөлөөлөв. Ингэсний хариуд шүүх дээр түүнтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгохоор тохирсон байж магадгүй гэсэн хардлагыг нийгэмд төрүүлсэн.
Ийнхүү Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд сонгогчид төрд төлөөлөлгүй болж, нөхөн сонгууль явуулах улстөрийн нөхцөл байдал үүссэн билээ. УИХ-ын чуулганаар 2018 оны аравдугаар сарын 9-нд Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулахаар товлож, СЕХ-нд зохион байгуулах чиглэл өгөөд байв. Улстөрийн намууд ч сонгуульд оролцох саналаа илэрхийлж, СЕХ-нд бүртгүүлж, тус тусын нэр дэвшигчээ зарлахад бэлэн болсон байв.
Гэтэл нэгэн иргэн Үндсэн хуулийн цэцэд хандан нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын 62 дугаар тогтоол нь “сонгогдох эрх”-ийг зөрчсөн гэсэн гомдол мэдүүлж, Үндсэн хуулийн Цэц уг гомдлыг түргэн шуурхай шүүрэн авч хэлэлцээд “сонгогдох эрх”-ийг зөрчсөн хэмээн үзэж УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов. Үндсэн хуулийн Цэцийн уг шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэсэн мэдээлэл олон нийтийн дунд гарав. Учир нь Цэцэд гомдол гаргасан иргэн нь эрх баригч намын дарга У.Хүрэлсүхтэй нэлээд ойр хүн гэдэг нь баримтаар нотлогдож байв.
МАН-ынхан нөхөн сонгуульд өрсөлдвөл ялагдаж магадгүй хэмээн айхдаа ийнхүү өөрсдийн дотны харилцаа холбоотой иргэнээр “гомдол” гаргуулж, Үндсэн хуулийн Цэц нь тэрхүү гомдлыг шуурхай хүлээн авч “гомдол” гаргасан иргэнд ашигтайгаар шийдсэн нь жирийн сонгогчдын “сонгох эрх”-ийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо гэж улстөрийн ажиглагчид үзэж байгаа юм.
Тэгсэн хэрнээ Үндсэн хуулийн Цэц Хэнтий аймгийн сонгогчдын төлөөлөл болсон олон мянган иргэний гарын үсэг бүхий тэдний “сонгох эрх”, төр засгийн үйл ажиллагаанд шууд болон төлөөллийн этгээдээр дамжуулан “оролцох эрх-ийг зөрчсөн тухай гомдлыг хүлээн авсангүй.
Ийнхүү Хэнтий аймаг дахь нөхөн сонгуулийн асуудал гацаанд орж, Үндсэн хуулийн Цэц бусад хууль, шүүхийн байгууллагын нэгэн адил иргэддээ биш эрх баригчдад үйлчилдэг байгууллага болохоо нотолсон жил болов.
Тав. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг зэрэг баривчилж, зэрэг суллав

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас баривчилж, олон түмэнд томоохон хэргүүдийн гогцоо зангилааг тайлах гэж ажиллаж байгаа юм шиг ойлголт төрүүлэхийг оролдсон жил байлаа.
“Оюутолгойн гэрээ”-ний асуудал сүүлийн 10-аад жил яригдсан ч шалгаж эхэлсэн нь 2018 он болж байна. Эхлээд АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг “Жаст” групп болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотойгоор гуравдугаар сарын 12-нд арав гаруй цаг байцаав гэсэн мэдээ тарсан. Харин дөрөвдүгээр сарын 11-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас баривчлан саатуулсан юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АНУ-аас ирж, байцаалт өгөхийг шаардсан зарлан дуудах хуудас хүргүүлсэн бөгөөд тэрээр “Би очиж байцаалт өгнө. Би ямар ч буруугүй” гэсэн ил захидал ирүүлээд байв. Мөн С.Баяр “Элчин сайдын албан тушаалаа өгч байгаад тухтай үзнэ” гэж байсанчлан Элчин сайдын албан тушаалаа өгч, шалгуулахаар болсон юм. С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан “Эрлэгийн хааны үүдэнд уулзая” гэсэн үгтэй ил захидал бичсэн нь олон түмний дургүйцэл өөрийнх нь эсрэг чиглэгдэх нэгэн шалтгаан болов.
Гэхдээ С.Баяр, Ч.Сайханбилэг нар саатуулагдсаны дараа архаг хууч өвчин нь сэдэрсэн гэсэн шалтгаанаар эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай гэж үзэн гадуур шалгахаар сулласан билээ.
Харин ингэсний дараа С.Баяр АТГ-ын дарга Х.Энхжаргалын өрөөнд очиж хоол, цай зөөлгүүлэн хүндлүүлэн байж, уулзсан тухай бичлэг дэлгэгдэж олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй хамт гарын үсэг зурсан Засгийн газрын тогтоолоор өөрийг нь ямар ч буруугүй, харин З.Баянсэлэнгэ буруутай гэсэн шийдвэр гаргасан шүүх хуралд очиж гэрчээр оролцсон тухай мэдээлэл цацагдав.
Экс Ерөнхий сайд нар суллагдсанаар дуулиантай эхэлсэн хэрэг намжиж, усанд хаясан чулуу мэт таг чиг болсон ч тэдэнтэй холбоотой хэргүүдийг хууль, шүүхийнхэн хэрхэн шийдвэрлэхийг иргэд сонирхсон, ажигласан хэвээр байна.
Зургаа. Төрийн албан хаагчийг ажлын байранд нь зодож хөнөөсөн хэрэг гарав

2018 оны наймдугаар сарын 9-ний үдэш ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан юм. Тус яамны Газрын дарга нар архи ууж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г.-г зодож амь насыг нь бүрэлгэсэн байв.
Б.Махбал Г.-г зодож байхыг ЗТХЯ-ны дөрвөн ч газрын дарга нар хараад зогсож байсан тухай хэвлэлүүд, эх сурвалжууд мэдээлсэн байдаг. Архидалт сайдын өрөөнөөс эхэлсэн гэсэн мэдээлэл ч цацагдав.
Хэргийн талаар маргааш нь ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан “... Хэргийн шалтгааныг албан тушаалын маргаан байсан мэтээр ташаа мэдээлэл гарч байна. Хувийн таарамжгүй харилцаатай байсныг илрүүлсэн” гэж мэдээлсэн нь хууль, шүүхийн байгууллагынхан энэ хэргийн үнэнийг олж тогтоох гээд байна уу, үгүй юу гэсэн хардлагыг төрүүлэв.
Бас ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ч зарим мэдээллийн хэрэгслээр: “...Өчигдөр би 18:00 цагт хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Ажлаа хийж байсан хоёр газрын дарга дээр дахиад хоёр газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ уусан байгаа юм. Тэгээд л ийм золгүй хэрэг болж. Би 19:00 цагт фитнесст ороод 21:00 цаг өнгөрөөгөөд гарсан. Харьж явах замд надад 22:00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, учир явдлын талаар хэлсэн. Яаран хүрч очиход цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа. Тэд архи ууж байгаад 21:00 цагийн үед яамнаас гарсан байгаа юм. Дөрвүүлээ үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна” гэж тайлбарлав.
Энэ хэргийн дараа Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, тус яамны бүх газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм.
Улстөрийн намууд Засгийн газар, Ерөнхий сайд ийнхүү шийдвэр гаргахдаа Үндсэн хуульд тогтоосон аливаа сайдыг чөлөөлөх, томилох асуудал ганцхан УИХ-ын эрх мэдэлд байдаг зохицуулалтыг зөрчсөн боловч Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа манахын оронд эрх баригчдын ая талыг засаж, Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтнуудыг хамгаалж байна гэсэн шүүмжлэлийг илэрхийлсэн байдаг билээ.
Төрийн албан хаагчийг ажлын байранд нь зодож хөнөөсөн уг хэргийг шалгах явц үргэлжилж байгаа. Гэхдээ уг хэргийг бүдгэрүүлж, Б.Махбал ял завших гэж байна гэсэн мэдэгдлийг талийгаачийн ар гэрийнхэн хоёр ч удаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдсэн байна. Түүнчлэн хэрэг гарсан өдөр газрын дарга нар эхлээд ЗТХ-ийн сайдын өрөөнд архи уусан гэсэн мэдэгдлийг дэд сайдаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл хийсэн байдаг.
Долоо. Турк иргэнийг Монголоос хулгайлахыг завдав

Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар Элит” сургуулийн дэд захирал Вейсэл Акчайг 2018 оны долдугаар сарын 27-ны өглөө 09.40 цагийн үед Сүхбаатар дүүрэг дэх Циркийн хажуу дахь гэрээсээ гарахад нь үл таних этгээдүүд мөнгөлөг өнгийн “Toyota Alphard” маркийн машинд хүчээр суулгаж хулгайлан авч явахаар “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд аваачжээ.
Энэ тухай мэдээллийг “Улаанбаатар Элит” сургуулийн ерөнхий захирал Д.Ганбат “Туркийн тагнуулын байгууллага Вейсэл Акчайг хувийн онгоцоор авч явах гэж байна” гэж олон нийтэд, мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан мэдээлснээр ил болгосон юм.
Цагдаагийнхан 14.00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудал руу хөдөлж, Вейсэл Акчай Эрүүгийн цагдаагийн газарт өдөржин хамгаалалтад байж байгаад онгоц ниссэний дараа эмнэлэгт очиж биеийн байдлаа үзүүлчихээд гэртээ харьсан. Харин Туркээс гурван онгоц ирж нисэх онгоцны буудалд олон цаг болоод орой 21.20 цагийн үед хэнийг ч авч явалгүй, хэнийг ч үлдээлгүй гурвуулаа агаарт хөөрсөн байдаг.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны ажилтныг дуудаж уулзахдаа “Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ” гэж хэлсэн юм. Тухайн үед Туркийн хэд хэдэн хэвлэлд Монголын тагнуулын байгууллагын тусламжтайгаар түүнийг хулгайлж, авчрах гэж байсан тухай мэдээлсэн байна. Гэхдээ удалгүй тэр мэдээллээ устгажээ.
ГИХАЭГ-аас Вейсэл Аксайг Монгол Улсаас албадан гаргах шаардлагагүй, тэгээд ч гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүйн дээр 2019 оны аравдугаар сар хүртэл Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэн гэж байв. Дээрх асуудлын дараа Вейсэл Акчай Монголд цагаачлах хүсэлт гаргасан байна. Гэвч Монголын тал хүлээж аваагүй байна. ГИХАЭГ-ын дарга Д.Мөрөн “Гадаадын иргэн харъяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч Прокуророос бичиг ирсний дагуу цуцалсан бөгөөд тэрээр Монголоос 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсан" хэмээн мэдээлсэн байна.
Туркийн одоогийн Ерөнхийлөгч Р.Эрдоган дэлхийн олон улс оронд сургууль байгуулан ажиллуулж байгаа шашны зүтгэлтэн Ф.Гюлэн болон түүний хамсаатнууд Турк Улсад 2016 онд төрийн эргэлт хийхийг оролдсон тул тэднийг баривчлах ёстой, тэдний орогнон нуугдаж байгаа улс орных нь төр засагт хандан тэдгээр хүмүүсийг Туркийн талын хүсэлтээр шилжүүлэн өгөх ёстой гэсэн байр суурийг нэг бус удаа илэрхийлсэн билээ.
Ф.Гюлен хэмээх шашны зүтгэлтний байнга оршин сууж байгаа АНУ-ын холбогдох байгууллагууд Р.Эрдоганы саналыг судлаад Ф.Гюленийг Туркийн талд шилжүүлэн өгөхгүй байхаар шийдсэн байдаг.
Туркийн эрх баригчид Ф.Гюлентэй холбоотой, түүний байгуулсан сургуульд ажилладаг хүмүүсийг тухайн орных нь төр засагт хүсэлт тавьснаар шилжүүлэн авсан, болохгүй бол хулгайлсан гэсэн мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе үе цацагддаг билээ.
УИХ-ын нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг УИХ-д өргөн барихдаа Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлах ажлыг Ерөнхий сайдын харьяа Тагнуулын байгууллагын оролцоотойгоор хийсэн гэж нэгэн үндэслэл болгон бичсэн байдаг.
Найм. МАХН шинэ дээд Үндсэн хуулиа орон даяар сурталчлав

Шинэ Дээд (Үндсэн) хууль-ийг бүх ард түмнээр хэлэлцүүлж ард түмний санал авах ажил 2018 оны турш үргэлжлэв. Хоёр жилийн өмнө боловсруулсан Дээд хууль таван бүлэг, 79 заалттай.
МАХН-ын дарга Н.Энхбаярын мэдэгдсэнээр, “Дээд хууль нь түүх, соёл, шинжлэх ухаан, улстөр, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлснээр улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан баталгаажуулсан, Монгол хүний заяагдмал, салшгүй эрхийг төр засгаас ханган хамгаалж, байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгож, захиран зарцуулах эрхийг нь хангасан, залуучуудын дээд боловсролыг үнэ төлбөргүй, ард иргэдийн эрүүл мэндийн зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг болох, хүн бүр ажлын байраар хангагдаж, амьдралд нь хүрэлцэхүйц цалин авдаг байх, Монгол Улсыг үсрэнгүй хөгжлийн замд хүргэх Авралын бичиг баримт” мөн аж.

Бүгд Найрамдах Монгол Улсын шинэ Дээд хуулийг МАН-АН хэмээх үзэгдэл Монгол Улсад аюултай хэмээн анх зарлан ард түмэнд анхааруулсан МАХН-ынхан 2018 оны гуравдугаар сарын 1 буюу “Эх орончдын өдөр” бүх орон даяар сурталчлан таниулах, ард түмний санал авах ажлын нээлт хийснээс хойш 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 180 гаруй сумаар нийтдээ 38 мянган км зам туулж, Монгол орны дөрвөн зүг, найман зовхист оршин суугаа жирийн ард түмэнд танилцуулж, нийтдээ 500 орчим мянган саналын хуудсыг тараажээ.
МАХН-ынхан одоогийн УИХ, ялангуяа 60 тэрбумын асуудалд орооцолдсон МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх, энэ тухай санаачлах ёс зүйн болон хууль эрх зүйн эрхгүй гэсэн байр суурь баримталдаг юм.

Монгол Улс хоёр сая сонгогчидтой. Тэдний 51-ээс дээш хувийн “дэмжсэн” саналыг цуглуулснаар Бүгд Найрамдах Монгол Улсын шинэ Дээд хууль батлагдах үндэслэл тавигдана. Ирэх 2019 онд МАХН энэ хуулийг батлуулахын тулд санал авах ажлаа үргэлжлүүлэн эрчимжүүлэн хийхийг зорьж байгаа аж.
Энэхүү зорилгын төлөө, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө нам харгалзахгүй нэгдэж нэг нэгнийгээ дэмжихийг бусад нам, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн байгууллага, нийт ард түмэнд хандан уриалж байгаа юм байна.
Ес. Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавилаа

Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, уг гэрээний дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд Засгийн газраас төслийг хэрэгжүүлэхээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨК-ийг байгуулсан билээ.
Нефть боловсруулах үйлдвэр барихтай холбогдуулж орон нутгаас 150 га газрыг олгож шийдвэрлэсэн бөгөөд Сайншанд сумаас баруун хойд зүгт Алтанширээ сумын нутагт баригдах нефть боловсруулах үйлдвэр хүртэл үйлдвэрийн зориулалттай тээвэр хийх авто замын трассыг баталж, 18.8 км авто замын чиглэлийг 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан аж.
Түүнчлэн Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг Улаанбаатар төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг Барилга хот байгуулалтын яам хийж гүйцэтгэх юм.
Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлын ТЭЗҮ болон судалгааны ажлыг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2022 онд ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг барих ажлыг түүхий тос дамжуулах хоолойн хамт бүтээн байгуулахаар ажиллаж байгаа аж.
Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойш эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой, бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 хүний ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор 600 хүний байнгын ажлын байр шинээр бий болох зэрэг тооцоог гаргасан ч зарим ажиглагчид тооцоо үндэслэл дутуу хийгдсэн байна, түүхий нефтийн эх үүсвэр тодорхойгүй байна гэх зэргээр шүүмжилж байгаа юм.
Арав. Есдүгээр сарын нэгэн ажил хаялтаар эхлэв

2018 оны хичээлийн шинэ жил багш нарын ажил хаялтаар эхэлсэн. БСШУСЯ-наас тухайн үед гаргасан мэдээллээр ажил хаялтад нийт 68 сургууль, 18 цэцэрлэг, шинжлэх ухааны 11 байгууллага нэгдсэн байжээ. Ажил хаялтын улмаас боловсролын төрийн үйлчилгээнд хамрагдвал зохих 100 мянга гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах эрх ашиг хөндөгдөж буй талаар Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцооны үндэсний сүлжээ хамтран мэдээлэл хийж байсан юм.
БСШУСЯ, Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээ хийж цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцжээ. Ингээд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болж, нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэх болсон байна. Тиймээс есдүгээр сарын 17-ны Даваа гарагаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдах болсон юм.
Гэсэн хэдий ч хэлэлцээр үргэлжилж 2019 оны хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт ямар санал, шаардлага оруулахаа ярилцахаар болсон юм. Мөн инфляцитай уялдуулан 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан ч 20-иос доошгүй хувиар нэмэх дээр тохиролцоонд хүрснээр ажил хаялт зогссон билээ.
Хичээлийн жилийн эхэнд 14 хоног ажил хаялт зарласан багш нар оны төгсгөлд дахин мэдээлэл хийжээ. Тодруулбал, Засгийн газар хэлэлцээрээр тохиролцсоны дагуу цалингийн нэмэгдлээ бүрэн олгохгүй байгааг тэд онцолж байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Багш, эрдэмтдийн олон жилийн тэмцлийн үр дүнд боловсролын салбарын ажилтнуудын цалинг 6-7 хувиар нэмэх хэлэлцээр байгуулж өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс олгох ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болохгүй байгаа бөгөөд он дамнаж шийдэхгүй гээд энэ асуудлыг орхих бололтой. Тэгэхээр шинэ он гарсны дараа дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй болчихлоо” хэмээн мэдэгдэв.
Боловсролын яамнаас эх үүсвэрийг нь шийдсэн ч Сангийн яам шилжүүлэхгүй байна гэсэн тайлбарыг багш нарт өгсөн аж. Тиймээс Ерөнхий сайдыг холбогдох яамдын сайдаа дуудаж уулзан тодорхой хариу өгөхийг шаардаж байгаагаа хэлсэн юм. Одоогоор ганц ч аймагт цалингийн нэмэгдлийг бүрэн олгоогүй байгаа аж.
Энэ бүх маргааныг шийдэх гол арга нь Үндсэн хуульдаа “хүн хийсэн ажилдаа цалин авах эрхтэй” гэсэн одоогийн дутуу заалтыг бүрэн дүүрэн болгож “хүн хийсэн ажилдаа
хүрэлцэхүйц цалин авах эрхтэй” гэж өөрчилвөл болно гэж үздэг. Эс тэгвээс Засгийн газар мөнгөтэй ч Үндсэн хуулийн дээрх дутуу заалтыг ашиглан “заавал хүрэлцэхүйц цалин өг” гэж заагаагүй байгаа учир “өгч байгааг л ав, хүсэхгүй байвал ажлаасаа гар, эсхүл та нарыг гаргана” хэмээн айлгадаг аргатай болсон байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин