
Ж.Гүнжлхам
Дулааны улиралд хоол хүнсийг буруу хадгалах, ус, хөрсний бохирдол зэргээс болж, гэдэсний халдварт өвчин, цусан суулга, халдварт шар зэрэг өвчнөөр өвчлөх нь ихэсдэг. Энэ тухай ХӨСҮТ-ийн Олон нийттэй харилцах албаны дарга Ч. Уртнасантай ярилцлаа.
-Зуны улиралд гэдэсний халдварт өвчин их гардаг. Энэ жил өвчлөл хэр байна вэ. Ер нь сүүлийн үед гарч байгаа халдварт өвчлөлийн талаарх товчхон мэдээллийг өгөөч?
- Халууны улиралд хоол хүнсийг буруу хадгалах, бохирлогдсон хүнс, хүрээлэн буй орчны бохирдол зэргээс гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Мөн дулааны цагт хүмүүс хөдөө амралт зугаалгаар их явдаг. Ингэхдээ хүнсээ буруу тээвэрлэх, хадгалах горимийг алдагдуулах, мөн баталгаагүй хоол хүнс их хэрэглэдэг. Үүнээс гадна ялаа батгана, хорхой шавьж илбэгтэй үед гэдэсний халдварууд ихсэх гол үндэс болдог. Түүнчлэн бага насны хүүхдүүд түүхий ус их ууж байна. Гудамжинд худалдаалж буй жимс жимсгэнийг угааж цэвэрлэлгүйгээр иддэг зэрэг шалтгаанаар дээрх халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өсөх хандлагатай байна. Ер нь манай ХӨСҮТ-д бүртгэгдэж байгаа халдварт өвчнүүдийн дотор арваад төрлийн өвчин нь гэдэсний замын халдвар гэж бүртгэгддэг. Улирлын чанартай энэ өвчний одоо ид халдварын үе эхэлж байна. Өөрөөр хэлбэл, дөрөв тавдугаар сараас намрын 9-10 cap хүртэл үргэлжилдэг. Зарим нь он дуустал үргэлжлэх нь ч бий. Энэ өвчин вирусын гепатит "А", цусан суулга, балнад, гэдэсний хижиг, хоолны хордлого, суулгац халдварууд зонхилж халддаг. Дулааны улиралд ихэсдэг. Түүнчлэн амьсгалын замын өвчлөл бас буурахгүй байна. Сүүлийн үед ирсэн мэдээллээр нийт халдварт өвчин дотор гэдэсний халдварт өвчин 4.6, амьсгалын замын халдварт өвчин 39, зоонозын халдварт өвчин 2.1 хувь, бэлгийн амаар дамжих халдварт өвчин 45, цусаар дамжих халдварт өвчин 3.8, бусад халдварт өвчин 4.3 хувийг эзлэж байна
- Хог хаягдал, хөрсний бохирдол зэргээс шалтгаалж, гэдэсний халдварт өвчнөөр нийслэлчүүд их өвддөг биз. Эсвэл хот, хөдөөд өвчлөл адилхан байдаг уу?
-Орчны ариун цэвэр, ялангуяа хөрс ус, агаарын бохирдол илүү нөлөөлдөг. Тийм учраас манайд улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа халдварт өвчний олон жилийн дунджаас харахад 60 орчим хувь нь Улаанбаатар хотоос бүртгэгддэг юм. Тэгээд хөдөө орон нутагт гарч байгаа дээрх өвчний тал хувийг аймгийн төвүүд эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн ам олноор суурьшсан нягтрал ихтэй газар л энэ өвчин зонхилж байгаа юм. Эдгээр нягтрал ихтэй газар үйлчилгээ явуулж байгаа үйлчилгээний байгууллагуудын ачаалал ч их байдаг. Энэ бүгдтэй холбоотой орчин бохирддог. Энэ нь хөрс, ус, агаар, хүнс хүмүүсийн харьцаж байгаа эд юмс бохирдсонтой холбоотойгоор улирлын чанартай гэдэсний халдварт өвчин ихсэх хандлагатай байна.
-Гэдэсний халдварт өвчнөөр гол төлөв хэдээс хэдэн насныхан өвчилж байна вэ?
-Насны хувьд янз бүр байна. Ер нь бол 50 хүртэлх насны хүмүүс өвчилж байна. Гэхдээ өвчлөгсдийн дийлэнх нь 0-15 насныхан байна. Өөрөөр хэлбэл, өвчилж байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь бага насны хүүхэд байна
-Тэгвэл улирлын чанартай энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Мөн эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэх ямар зөвлөгөө байна вэ?
-Урьдчилан сэргийлэхийн тулд гэдэсний халдвар үүсгээд байгаа шалтгаануудаа л сайн мэдэж байх хэрэгтэй. Гаднаас авсан хүнсний зүйлсээ үргэлж угааж цэвэрлэж байж идэх, хоол хүнс идэхийн өмнө заавал гараа угааж, ариун цэврээ сахиж байх нь чухал. Гэр оронд нь гэдэсний халдварт өвчинтэй хүүхэд байвал аяга шаазан, алчуурнаас эхлээд бүгдийг нь тусгаарлах хэрэгтэй. Гэдэсний халдвар гэдэг ерөөсөө л амаар л дамжиж ордог эд юм шүү дээ. Тэгэхээр аяга шанага бүгдийгээ угааж хэрэглэх хэрэгтэй.
-Өвдсөн тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ. Ялангуяа, хээр гадаа, амралт зугаалгаар явж байгаа үед хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Гэдэсний халдваруудыг гэрээр эмчлэх тохиолдол бараг байдаггүй. Хэрэв өвчтөнийг гэрт удаан хугацаагаар байлгавал бусад хүмүүст халдвар тараах аюултай байдаг. Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол гараа зөв угаах юм. Хоол унд бэлтгэхийн өмнө, юм идэхийн өмнө, бие зассаны дараа, гар бохирдсон тухай бүрт угааж занших хэрэгтэй. Хүмүүс үүнийг мэддэг мөртлөө хайхрамжгүй ханддаг. Гар хумсны завсарт байдаг нянгуудыг устгахын тулд гараа хамгийн багаар бодоход нэг минутын турш сайтар савандаж, угаах нь чухал. Мөн нүүр, гарын алчуур, орны дэвсгэр, сав суулга, хүүхдийн тоглоомыг буцалгаж, ариутгах хэрэгтэй. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнийг дэлгүүрээс худалдан аваад задгай авч явахгүй байх. Төмс, лууван, байцаа, манжин зэрэг дахин угааж буцалгаж хэрэглэх хэрэгтэй. Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд халдварын гаралтай бөөлжилт, суулгалт өгч маш өндөр халуурна. Өндөр халуурч байгаа учраас дор хаяж халуунаа буулгана. Энэ нь маш их шингэн алдаж байна гэсэн үг, тэгэхээр шингэн маш их ууна. Бидний хэлж заншсанаар хросол. Нэг литр усанд найман халбага сахар, нэг халбага давс хийнэ. Бөөр цөсөнд натри, хлор, кальц, магни гээд бүгд байдаг. Бөөлжиж суулгаснаар хүн энэ бүх эрдэсээ алдаж байна гэсэн үг. Харин үүнийг хросол нөхөж өгдөг. Мөн нялх хүүхдийнхээ угжийг байнга буцалгаж угааж байх хэрэгтэй. Хүүхдийнхээ суултуурыг ч гэсэн сайтар угааж цэвэрлэж хлорминтой усаар ариутгаж байх нь чухал.
-Гэдэсний халдварт өвчин хүндэрвэл аюултай юу?
-Суулгалт халдваруудын үр уршиг нь хүндэрч, алсдаа ходоод, бүдүүн гэдэсний хортой, хоргүй хавдар үүсгэж, элгийг гэмтээдэг. Их хэмжээний шингэн алддаг тул үхэлд хүргэх аюултай. Тиймээс гараа сайн угааж чадвал, энэ өвчнөөс бүрэн сэргийлж болно.