
Б.СОЛОНГО, Гэрэл зургийг Д.БАТБААТАР
Гурван охинтой Батжаргалынх гэдэг айлд хүү мэндэлжээ. Хүсэн хүлээсэн хүүдээ тэд Чинхүслэн гэсэн нэр хайрлав. Гэтэл хүүгээ төрүүлээд удаагүй байсан Нямцэрэн дахиад жирэмсэн болчихож. Бурхны илгээсэн тэр бэлэг нэг ч биш, хоёр ч биш бүр гурвуулаа ирнэ гэдгийг залуу хос төсөөлөө ч үгүй нь лавтай. Чинхүслэн хүү өөрөө нэг настай хэрнээ гэнэт л нэг өдөр гурвын гурван дүүгийн ах болчих нь тэр. Ингээд Д.Батжаргалынх гэдэг айлд гурван ихэр жаал ирж нийлээд долоон хүүхэдтэй болжээ.
Хүний амьдралын жаргал, зовлон, баяр гунигийг хуваалцаж амьдралын сайхан бүхнийг харуулахыг хичээдэг “Амьдралын тойрог” булангаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас бэлтгэлээ. Гурван ихрийнх хаана байна гэж сураглахад сумын төвд мэдэхгүй хүн алга. Алсаас харахад ч андашгүй юм. Сумын төвд ганцхан байдаг найман ханатай их цагаан гэр айлуудын дээгүүр андашгүй харагдана. Д.Батжаргалынх гурван ихэр хүүхэдтэй болоход нь тэр гэрийг нутгийнхан нь бэлэглэжээ. Биднийг дөхөж очиход хашааных нь гадаа хүүхдүүд бужигнан байна. Гурван эгч нь дүү нараа нэг нэгээр нь тэвэрчихсэн нааш цааш нь хөтөлж тоглуулна. Аав, ээж нь хоёр нь эзгүй байлаа. Эмээ нь бололтой ахимаг насны эмэгтэйд хэрэг зоригоо хэлэхэд ихэд найрсгаар угтан авлаа. Ингээд зураг авалтад орох бэлтгэл эхэлж хүүхдүүд ч хувцасаа солихоор гэр рүүгээ гүйлдэж, тэр хооронд аав ээж хоёр нь ч хүрээд ирэв.
Д.Батжаргал, Х.Нямцэрэн хоёр арван жилийн өмнө гал голомтоо бадраажээ. 19 настай Х.Нямцэрэн том охиноо төрүүлж Амин-Эрдэнэ гэсэн нэр хайрлажээ. Эгчийнхээ араас ойрхон төрсөн Уянга охин одоо есөн настай. Дараагийн охин Уянгалянхуа таван настай. Түүний дараа Чинхүслэн хүү төрсөн, хоёр настай. Ахынхаа араас зулай зулайгаа гишгэн төрсөн гурван ихэр одоо нэг нас хүрч байгаа гэнэ. Том нь Төгс-Ундрах охин, дундах нь Төгсбилэг хүү, бага нь Төгсцэлмэг охин. Ингээд 29 настай ээж, 30 настай аав хоёр нэг л өдөр ам бүл есүүлээ болжээ.
Гэрийн эзэн Д.Батжаргал Баянхонгор аймгийн уугуул. “Саусгоби сэндс” компанид гидрийн туслахаар ажиллаж байгаад түр зогсолтод орж, одоохондоо ажилгүй 60 хувиар цалинжиж байгаа гэсэн. Харин эхнэр Х.Нямцэрэн Өмнөговь аймгийнх бөгөөд мөн л хүүхдүүдээ харан гэртээ суугаа гэнэ лээ. Гурван ихэр төрүүлсэн охиндоо нэмэр болохоор ээж нь тэднийд ирсэн байлаа. Хүүхдүүд ч хувцсаа сольж дуусав бололтой гэрээс гараад ирэв. Гурван ихэр гурвуулаа хөлд орчихсон эгч нарынхаа гараас мултрах гэж зүтгэнэ. Хоёр охин нь ижилхэн цэнхэр өнгийн даашинзаар гоёчихож. Харин дунд нь гарсан Төгсбилэг хүүд ногоон өнгийн тэрлэг өмсүүлжээ. Энэ гурваас хамгийн сахилгагүй нь бага охин Төгсцэлмэг бололтой. Эгчид нь тэврүүлэхээр уурласаар байгаад газарт бууж ийш тийш тэнтэр тунтар алхана. Эгчээсээ зугтаах санаатай гүйж ч үзэв. Хэдэн янзаар зургаа авахуулж дуусаад гэрт орцгоолоо. Найман ханатай том гэрийн нэг талд нь суухад нөгөө талд байгаа хүний яриа сонсогдохгүй шинжтэй. Хүн нэмсэн энэ айлд нутгийнхан нь багагүй тусалдаг гэнэ лээ. Гурван ихрийг төрсний дараа нэг дэвтэр гаргаад сумын төвөөр аялуулдаг болжээ. Хэн ч тэр дэвтрийг авахаас татгалзахгүй ба боломжийнхоо хэрээр тусалж, өгсөн зүйлээ бичдэг гэнэ. Төгсцэлмэг холын хүнийг сонирхож байгаа нь илт. Надад тэврүүлчихээд буух янзгүй. Хөөрхөн халтар гараараа хацар барьж үзэн, ээжийнхээ гаргаж тавьсан тавгийн чихрээс нэг нэгээр нь ам руу минь хийсээр байлаа. “Хүн юм бичүүлэхгүй юм. Дүүгээ ав” гэсэн ээжийнхээ үгэнд орон Амин-Эрдэнэ тэврэхээр иртэл буухгүй гэж уурлан уйлж үзэв.
Х.Нямцэрэн сумын төвийн эмнэлэгтээ төржээ. Жирэмсний таван сартай байхдаа аймагт очиж эход харуултал гурван ихэр хүүхэд байгааг нь хэлсэн гэнэ. Бүсгүй ч гайхаж балмагдан тэр дор нь нөхөр рүүгээ утас цохиж. Гэтэл Батжаргал тоглоом хийж байна гэж бодон итгэхгүй байсан тухайгаа ярин хөхрөлдлөө. Ихрийн удам байхгүй мөртлөө гурван ихэр хүүхэд тээсэндээ гайхах баярлах зэрэгцсэн нь лав. Уг нь гурван ихрийг аймгийн төвд эсвэл хотод төрүүлэх учиртай юмсанж. Гэсэн ч Гурвантэс хамгийн алслагдсан сум болохоор замын явдал дийлэхгүй гээд суманд нь төрүүлэхээр болжээ. Х.Нямцэрэн ч эсэн мэнд амаржиж, ихрүүдийн том нь 2.1 кг, дундах нь 2.0 кг, бага нь 1.9 кг жинтэй төрж, аав ээжийгээ нэг их зовоолгүй хүн болцгоосон нь энэ. Түүнийг төрөхөд сумын Засаг дарга Г.Гангамаа охин нь төрөх гэж байгаа юм шиг эмнэлгийн гадаа сахиж хоносноо хэлж байсан юм.
Удалгүй Төгс-Ундрах уйлж эхлэв. Нойр нь хүрсэн бололтой ээждээ зүүгдэнэ. Нямцэрэн охиноо хөхүүлж байтал Төгсбилэг хүү барьцаж эхлэв. Ингээд ээжийнхээ нөгөө хөхийг эзэгнэж, энгэр цээжийг нь оролдож эхэллээ. Бүсгүй төрснийхөө дараа их ядарсан гэнэ. Харин одоо гурвуулаа хөлд ороод өөрсдийн “унаа”-тай болчихсон, зүүгдэж хоргоогоод байх нь багасчээ. Тэгээд ч эгч нар нь том болчихсон болохоор ээждээ сайн тусалдаг гэсэн. “Ёстой хувь тавилан юм байлгүй дээ” гэж гэрийн эзэн Д.Батжаргал дуугарлаа. Дуу цөөтэй, даруухан энэ залуу энэ ам бүлийн есөн хүнийг тэжээхээр ганцаараа ажилладаг. Мэдээж олон хүүхэдтэй айлд тус дэм зайлшгүй хэрэгтэй, нутгийнхандаа талархаж явдагаа манай сониноор дамжуулан уламжиллаа.
Айлын анхны хүүхэд Амин-Эрдэнэ охин арван настай. Аав, ээждээ хамгийн сайн тусалдаг нь тэр. Дүү нараа харна, хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ. Сумын сургуулийн тавдугаар ангийн сурагч охины зуны амралт эхэлсэн тул өдөржингөө дүү нараа харж гадаа өнждөг болжээ. Даруухан байрын энэ охин багш болно гэлээ. “Багш хүн гоё санагддаг юм. Хүүхдүүдэд гоё юм зааж өгөөд л. Гэхдээ сайн багш болохын тулд эхлээд өөрөө онц сурах хэрэгтэй. Хичээлээ хийх цаг бараг гарахгүй юм. Дүү нараа харах хэрэгтэй” гэж хэвлүүхэн ярив. Дараагийн охин Уянга. Эгчээсээ ганцхан насны дүү болохоор мөн л энэ гэрийн сайн туслагч. Уянга харин бүжигчин болох сонирхолтой гэсэн. Ангийнхаа хамтлагийн бүжигчин гэсэн шүү. Түүний дараа таван настай Уянгалянхуа бий. Ээждээ үзэг, гурилын мод гээд микрофон орлох юу л байна бариулж байгаад “Намайг зарлаадах” гэнэ. “Дуучин Уянгалянхуа дуулна” гэж ээжээрээ зарлуулж байгаад гэртээ жижигхэн хэмжээний концерт тоглох дуртай гэсэн. Гурван охины дараа мэндэлсэн хүсэн хүлээсэн хүүг Чинхүслэн гэнэ. Айлын хамгийн жижигхэн нь мөртлөө хамгийн том босс нь болсон энэ жаалд эрхлэх завдал өгөлгүй ах болгочихсон. Гэсэн ч зангаа тавихгүй хамгийн дураараа нь гэлээ. Байсхийгээд л аавынхаа өвөр дээр очоод суучихна. Аав нь ч хайртай гэж жигтэйхэн юм. Харин гурван ихэр нэлээд сахилгагүй бололтой. Одоо хөлд орчихсон, байнга л харж байхгүй бол ийш тийшээ явахдаа уначих гэнэ. Дөнгөж нэг ойтой хэрнээ өсгөлүүн, бойргошуу юм.
Хүүхэд бужигнасан, гайхалтай энергитэй, эгэл жирийн энэ айлд ийнхүү түр саатаад явах боллоо. Төгсцэлмэг намайг дагав. Эгч нь араас нь тэврээд автал ганган трикотой жижигхэн хөлөө над руу сунгаж нэг үзээд авахгүй болохоор нь буцаад эргэв. Энэ сайхан өнөр гэр бүлд сониныхоо хамт олны бас уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Д.Батжаргалынх бий. Дөнгөж 30 нас хүрч яваа залуу хос Төгс-Ундрах, Төгсбилэг, Төгсцэлмэг гэсэн гурван ихрээр бүл нэмж, нийтдээ долоон хүүхдийн аав, ээж болжээ.
10 настай Амин-Эрдэнэ, есөн настай Уянга, таван настай Уянгалянхуа, хоёр настай Чинхүслэн, нэг настай Төгс-Ундрах, Төгсбилэг, Төгсцэлмэг.
Гэрийн хамгийн том босс нь Чинхүслэн.
Төгс-Ундрах мөөмөө нэхэж, араас нь Төгсбилэг барьцав.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин