Гурвантэсийн улаан чулуу хүний аминд хүрч эхэллээ

2014-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Томилолт: Хөгшөө, Шугшаа уулсын дундах Гурвантэсийн нутгаар

Түрүүч нь http://www.polit.mn/content/44809.htm

Б.СОЛОНГО, Гэрэл зургийг Д.БАТБААТАР

“Зууны мэдээ” сонины сурвалжлах баг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажилласан томилолтын сурвалжлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Тус суманд цахиурлаг хас нэртэй байгалийн улаан өнгөтэй чулуу гарснаас нутгийн иргэд болон явуулын хүмүүс олноор цугларсан. Уг улаан өнгөтэй чулууг хятадууд болон өвөрмонголчууд өндөр үнээр авч байгаагаас үүдэн тус газар нутгийн байгаль орчинд халтай байдал үүсч, чулуу олборлогч шороонд даруулж амиа алдсан гээд эмх замбараагүй байдал үүссэн байна. Нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилсан нийтлэлийн гурав дахь цувралыг хүргэе.

 

“БАРИГДЧИХВАЛ ЧИ АРГАЛАХ УУ?”

Сумын иргэдийн амьжиргааны төвшин улаан чулууны ачаар багагүй дээшилсэн гэж нутгийн иргэд ярьж байлаа. Гурвантэс сумын төвд буцаж ирээд нэгэн дэлгүүрийн гадаа буутал мотоцикльтой, жийп машинтай хэдэн залуу цугласан харагдав. Цагаан өнгийн Ланд-80-ийн онгорхой хаалгаар дотор нь утсаар ярьж байгаа залуугийн яриа тодхон сонсогдоно. “Орж чадвал ил хэвтэж байна л гэнэ дээ. Яах вэ. Баригдчихвал чи аргалах юм уу” гэж хэн нэгэнтэй чулууны талаар ярьж байлаа. Цахиурлаг хас хэмээх тэр чулууг суманд мөнгөтэй хүн болгон л худалдаж авдаг байна. Авсан чулуугаа хил гаргаж дөнгөвөл овоо нугалаад хятадууд, өвөрмонголчуудад зарчихдаг гэнэ. Шивээ хүрэн боомтоор гараад Хятадын Сэхээгийн боомт дээр чулуу сурагласан өвөрмонголчууд олон байсан юм. Энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг дараагийн дугаарууддаа хүргэх болно. Сумын төвд чулуу авдаг хүмүүс өндөгний дайтайг нь килограммыг нь 20 мянган төгрөгөөр, зангидсан гарын чинээтэйг килограммыг нь 80 мянган төгрөгөөр гэх мэтээр үнэлдэг байна. Харин хөрсөн дээрээс түүсэн бүр жижиг хэмжээтэйг нь 10 мянган төгрөг хүртэл худалдаж авдаг ажээ.

Орд газраас нь 40 килограммын жинтэй цул чулуу гарсан нь хамгийн том нь гэнэ. Хамгаалалт гарснаас хойш тухайн орд руу нэвтэрч чадахгүй болсон иргэд жижигхэн ч хамаагүй түүж бага үнээр зарж байна. Сумын төвд чулуу авахаар очсон гадны ченжүүд сүүлийн үед орлого багатай болсноор зарим нь нутаг буцаж байгаа тухай яриа ч дуулдав. Өнгөн хөрсөн дээрээс түүсэн чулуу нь бутрамхай чанартай, өнгө үзэмжийн хувьд ч газрын гүний чулуугаа гүйцдэггүй учраас хямд үнээр авдаг гэнэ. Гурвантэс сумын төвөөр жижиг машин бараг харагдсангүй. Ихэвчлэн том оврын машин, тэр дундаа тансаг зэрэглэлийн жийпүүд  цөөнгүй байв. Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Улаанбаатар гэх мэт бусад газрын дугаартай машинууд олон харагдлаа. Уг нь Гурвантэс сумын хүн ам 4500 юм байна. Харин чулуу, алт, уул уурхай гээд явуулын хүнтэйгээ нийлээд одоо 10 мянга орчим болчихоод байгаа ажээ. Цахиурлаг хас нэртэй улаан өнгөтэй энэ чулуу өнгөрсөн оны долдугаар сард анх гарахад тийм ч олон хүн мэддэггүй байжээ. Тухайн үед энэ чулууг анх мэдэж олборлосон иргэд нэлээд хөрөнгөжөөд авсныг нутгийн иргэд ярьж байна. Тухайлбал, хотод унах автомат жийп, сумандаа унах механик хөдөлгүүртэй жийп авч, хүүхдүүдээ Улаанбаатарт хувийн сургуульд сургах гэх мэтээр амьдрал нь эрс сайжирсан хүн олон байгаа гэнэ. Сумын төвд тааралдах хүмүүсийн ихэнх нь Galaxy S5, Iphone 5 гэх мэт хамгийн сүүлийн үеийн ганган утас барьсан харагдана. Мэдээж хөдөөгийнхний гол хэрэглээ болсон хятад мотоцикль тэнд айл бүрийн хашаанд хоёр, гурваараа байсан юм. Харин улаан чулууны талаар олон хүн мэдэж хөл хөдөлгөөн ихэссэнээс хойш хяналт нь чангарч, урьдных шиг дураараа ол­бор­лож чадахаа байжээ.

Ченжүүд иргэдээс түүсэн чулууг нь аваад ямар нэг байдлаар хил давуулсаар байна. Байгалийн чулууг хилээр гаргахыг яг хориглочихсон хууль манайд байхгүй. Гэвч хилээр хязгаарлалттай гаргах бараа бүтээгдэхүүний тоонд ордог учраас чулуу авч гарах гэж байгаад баригдвал хураалгадаг аж. Өвөрмонголчууд болон хятадууд өөрсдөө суманд ирж чулуу авдаггүй гэнэ. Харин дунд нь зуучилж мөнгө унагадаг нэр бүхий ченжүүд олон байна.  Гурвантэсийнхэн улаан чулуу түүж эхэлснээс хойш тус суманд зочид буудал, цайны газар, дэлгүүр гэх мэтийн орлого ч эрс нэмэгджээ. Сумын төвдөө 10 гаруй зочид буудал ажиллаж байгаа нь үүнийг илтгэнэ. Мөн өдөр бүр Шивээхүрэн боомт болон Улаанбаатар чиглэлд фургонууд тээвэр хийх болжээ.

 

ХЯТАДЫН ХИЛ ХАМГААЛАГЧ ЧУЛУУ ТҮҮЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

Улаан мана буюу цахиурлаг хасыг хятадууд гоёл чимэглэлийн зориулалтаар ашигладаг гэнэ. Гурвантэс суманд гарсан энэ чулуу нь бат бөх, гоёмсог чанартай тул томоохон зах зээлд үнэ хүрдэг ажээ. Тиймээс Монголоос хямдхан авсныгаа үнэ хүргэн дамладаг байна. Тэдэнд зуучлагчид нь Сэхээгийн боомтод ирж очдог өвөрмонгол наймаачид юм. Сүүлийн үед хилээр байгалийн үнэт чулуу гаргах зөрчил нэмэгдэж байгааг хилийн цэргийнхэн хэллээ. Тухайлбал, сүүлийн зургаан сард хоёр удаа Хятадын талаас  хил зөрчин давж үнэт чулуу түүсэн хэрэг гарчээ. Энэ хэргийг Хятадын хил хамгаалагч нар өөрсдөө хийсэн байна. Энэ талаар Хятадын талд албан ёсоор шаардлага тавьснаас хойш гайгүй болсон гэж Хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа П.Наранбат хэллээ. Мөн тус нутаг алтны нинжа нар байнга ирдэг бөгөөд хилээр хууль бусаар алт нэвтрүүлэх гэж байгаад баригдах тохиолдол гарчээ. Хамгийн сүүлд хилийн боомтоор хууль бусаар гаргах гэж байсан 400 кг байгалийн чулуу, 1.5 килограмм алтыг илрүүлсэн байна. Зөвхөн Өмнөговь аймгийн Гурвантэс сум гэлтгүй Дорноговийн Айраг, Их хэт, Даланжаргалан гэх мэт байгалийн өнгөт болон үнэт чулуугаар баялаг нутгаас энэ мэтчилэн зөөсөөр дуусч байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

 

ХЭН БУРУУТАЙ ВЭ?

Өвгөдийн минь үлдээж өгсөн өв чулуу

Өлсөж үхсэн ч  зарж идэмгүй өл чулуу

Алтан говийн минь бэрх чулуу

Амин голын минь зүрх чулуу...  Нэгэн найрагчийн говийн чулуунд зориулсан шүлгийн дөрвөн мөрт. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэсэн өвөг дээдсийн сургаалийг бид мэднэ. Тиймдээ ч аялаж зугаалж явахдаа газраас чулуу авбал аав ээждээ загнуулж өссөн. Тэр дундаа говийн чулуу газар нутаг, байгаль орчиндоо ямар ач холбогдолтойг хэн хүнгүй мэднэ. Алт моодноос гарч, нүүрс үнэд хүрэхээ больсноор харьд илгээж ашиг олж болох дараагийн баялаг нь ийнхүү нутгийн минь чулуу болж хувирлаа.

“Эх орныхоо сайхан баялагаас зөндөө л хүртлээ. Даанч их баялагтай нутаг юм даа” гэж жолооч ахын хэлсэн энэ үг одоо ч санаанаас гарахгүй байна.

Чулуугаа нүүлгэсээр байгаа энэ явдалд ард иргэдийг, хууль хяналтынхныг хэнийг нь буруутгах ёстой вэ. Нэгэнт иргэдийн амьдрал ядруу, нийгмийн байдал хэцүү байгаа энэ үед байгаль эхийн бэлэн баялгийг ашиглахад юу нь болохгүй байна гэж тэднийг өмөөрч болно.  Нутгийнхаа чулууг хэдхэн халтар төгрөгөөр сольчихож байгаа хэрэг үү гэж буруутгаж бас болно. Аливаа зүйл хоёр талтай байдаг ч энэ асуудалд хамгийн зөв оновчтой шийдлийг яаралтай олох цаг болжээ. Гурвантэс сумынхны хувьд уул уурхай хөгжиж, нутгийнхнаас олон хүн уул уурхайн компаниудад ажиллаж эхэлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ буурч, тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх компани зогсонги байдалд орсон нь нутгийн иргэдийг орлогогүй болгож эхлээд байна. Чулуу түүж байсан хүмүүсийн олонх нь энэ шалтгааныг мөн дурдаж байлаа. Иргэдийн хувьд хамгаалалт хэзээ буухыг хүлээж байгаа бол цагдаа нар удирдлагуудаасаа шийдвэр хүлээж байна. Хэрэв тэр газрын постыг өнөөдөр буулгавал, маргааш хэдэн зуун хүн нэмэгдэн очиж ухна. Нэгэнт байгалийн баялаг ихтэй нь мэдэгдчихсэн энэ газрыг цаашид бичил уурхайгаар ашиглах уу, эсвэл аль нэг компанид өгөх үү, байнгын харуул манаатай байлгах уу гэдэгт сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчид, цагдаа нар, ард иргэд бүгд хариулт хүлээж байна.

Өмнөговь айм­гийн Гурвантэс су­маас бэлтгэсэн багц сурвалжлагын үргэлжлэлийг дараагийн дугааруудаас үргэлжлүүлэн уншаарай

 

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

11 цаг 3 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

11 цаг 3 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

11 цаг 3 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

23 цаг 43 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

Өчигдөр 15 цаг 29 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

Өчигдөр 12 цаг 54 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Өчигдөр 12 цаг 08 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

Өчигдөр 12 цаг 02 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин