Гэрээ хийчихлээ!

2014-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Дүн шинжилгээ

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа нэгэн том асуудал бол Орос-Хятадын хамтын ажиллагааны сэргэлт, тэр дундаа хийн нийлүүлэлтийн гэрээ билээ. Энэ талаар Оросын судлаач Кирилл Бенедиктовын хийсэн дүн шинжлэлийг толилуулж байна.

Орос-Хятадын хийн нийлүүлэлтийн гэрээг тойрсон элдэв явуулга сүүлийн өдрүүдэд намжлаа. Арваад жилийн турш яригдаж, хэлэлцсэн асуудал цаасан дээр тохиролцоо болон буув. Путин Хятадын нөхдөө “хүнд, хэцүү хэлэлцэгчид” хэмээн нэрийдсэнд гайхах зүйл алга.

Үнэндээ Дундад улсын иргэд нэн эртнээс ямар ч түншийг буулган авч чаддаг,  уран аргатай наймаачид гэдгээрээ алдаршсан. XIX зууны Хар тамхины дайн бол Өрнөдийнхөн Хятадад худалдааны өөрийн гэсэн дүрмээ тулгасан цорын ганц түүхэн жишээ бөгөөд үнэн чанартаа худалдаа арилжаанд бараг хамаарахгүй зүйл байв.

 

Туркмени болон Мьянмарын дунд

 

“Газпром” болон Хятадын CNPC компани хоорондын гэрээг саяхан байгуулж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Бээжин удтал хүлээгдсэн гэрээнд гарын үсэг зурахдаа өөрт хамгийн ашигтай цаг үеийг сонгосон юм. Москва Крымыг буцаан авсныхаа хариуд багагүй “ачааллыг” буюу багц хоригийг авч, Өрнөдтэй шинэ “хүйтэн дайнд” хүрэх шахав. Кремлийн ихээхэн найдварыг тээж байгаа “Өмнөд урсгал” төсөл нь Европын “Хийн өмнөд коридор” шинэ төсөлтэй өрсөлдөх тавилантай тулгарснаас хувь заяа нь тодорхойгүй болов. Үүнд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь Болгарт ихээхэн дарамт шахалт үзүүлэх болсон Брюсселийн дайсагнасан байр суурь юм.          

АНУ ч Украины эрчим хүчний бялууг хуваахад оролцох сонирхолтой байгаагаа нуух хэрэггүй гэж үзэх болсон. Европын холбоо /ЕХ/ болохоор Оросоос хамаарах хийн хамаарлаасаа салах бодлого явуулж эхлэв. Брюссельд саяхан болж өнгөрсөн эрчим хүчний аюулгүй байдлын төлөөх чуулган нь ЕХ-г Оросын хийн хамаатлаас гаргах бодлогын довтолгоон болж өнгөрөв. Эдгээр бүх хүчин зүйл нь Путинийг Хятадад айлчлахын өмнө Москвагийн хувьд ашиггүй бүтцийг бий болгосон бөгөөд үүнийг хятад нөхөд ч чадварлагаар ашиглав.

Тиймээс хийн гэрээг тойрсон явуулгын нэг хэсэг нь л шийдвэрлэгдсэн гэж болно. Оросын найз нөхдийг төдийгүй дайснуудыг ч догдлуулж байсан мянган кубметр хийг авч байгаагийнхөө төлөө төлөх үнэ “наймааны нууц” хэвээр үлдэв. Багцаа тооцоогоор бол (гэрээний ерөнхий дүнгээс үзэхэд – 400 тэрбум ам.доллар, хугацаа 30 жил, Орос улс 2018 оноос эхлэн Хятадад нийлүүлэхээр тохирсон хийн хэмжээ нь жилд 38 тэрбум кубметр) мянган кубметрийн үнэ нь 350 ам.доллар орчим гэдэг нь ойлгомжтой байна. Энэ бол Европын дундаж үнээс бага (2013 онд мянган кубметр нь 387 ам.доллар байсан бол 2014 онд “Газпром”-ын төсөвт 372 ам.доллар гэсэн үнэ бичигджээ) боловч тийм их зөрүүтэй биш. Хийн гэрээний гол заалтыг нууцлах ямар хэрэгцээ шаардлага байсныг мэдэхгүй. Үнэмшиж болохуйц олон таамгийн нэг нь бол хийн гэрээний хажуугаар өөр хэд хэдэн тохиролцоо (тухайлбал татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үнийг хямдруулах) хийгдсэн гэх таамаг бөгөөд эдгээр тохиролцоог ажил хэрэг болтол хоёр тал үнийг нууцлах бололтой.

Магадгүй Хятад улсаас “Сибирийн хүч” хийн хоолойг (Чаяндины орд газраас Владивосток хүртэл, Благовещенск хавьцаа Хятадтай холбох) барих урьдчилгаа авахаар болсонтой холбоотойгоор үнээ 350 ам.доллараас ч багаар тогтоосон байж мэдэх юм.

Гэвч Хятадад нийлүүлэх хийн үнэ нь зах зээл дээрх нефть болон нефтийн бүтээгдэхүүний үнэтэй уялдана гэсэн Владимир Путиний үгийг энд онцлох нь чухал. Энэ нь гэрээнд бичигдсэн тодорхой тоонуудаас илүү чухал ч байж болох.

Гэрээг бэлдэх явцад хоёр том “тээг” байсан. Гэрээнд заасан үнэ эцсийн үнэ мөн үү, эсвэл үнийг тодорхой томъёогоор тогтоох уу, тогтоох бол энэ томъёо нь юутай уялдах вэ гэсэн асуулт. Хятадын түншүүд өнгөрсөн оны дунд үеийг хүртэл хийн үнэлгээ нь Америкийн  Henry Hub биржийн индекстэй уялдаж байх ёстой гэж зүтгэсэн. “Газпром”-ын хувьд энэ нь ашиггүй байлаа. Учир нь занарын хувьсгалын дараа Henry Hub-ын хийн үнэ 2012 он гэхэд мянган кубметр нь 100 ам.доллар болтолоо унаж, 2014 онд 160 ам.доллар болон өссөн ч оросын монополистын барьж буй хэмжээнээс бага байв.

Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад хийн үнийг JCC (Japan Crude Cocktail)-ийн индексээр тодорхойлдог, өөрөөр хэлбэл, нефтийн үнэтэй уялдуулдаг гэсэн үг юм. Энэ бүс нутаг нефтиэр тийм ч баян биш болохоор Ази-Номхон далайн бүс нутаг дахь хийн бөөний нийлүүлэлтийн гэрээний дундаж үнэлгээ нь мянган кубметр нь 600 ам.доллараар тооцогдож байгаа (2013 онд 800 ам.доллараар тооцсон гэрээ ч хийгдэж байсан). Саяхныг хүртэл Оросын “Газпром” хятадын түншүүдээ дийлж, Европын дундаж үнээс арай жаахан дээгүүр үнээр гэрээ хийж чадна гэж найдацгааж байв. Оросууд дэлхийн шинжээчдийн дүгнэлтийг үндэс болгон 2020 он гэхэд Хятадын хийн эрэлт жилд 350 тэрбум кубметрт хүрнэ гэж найдаж байлаа (харьцуулахад Орос улс нь Европын жилийн хэрэглээнд 160 тэрбум кубметр хийг нийлүүлдэг). Хятадын өөрийнх нь хийн олборлолт 115 тэрбум кубметрээс давахгүй, Австралиас 80 тэрбум кубметр орчим хийг худалдаж авна гэсэн тооцоог хийжээ. Тэгвэл хятадын зах зээлийн “чөлөөт сав” багаар бодоход жилд 150 тэрбум кубметрт хүрч, европын зах зээлтэй адил болно гэж үзжээ.  

Гэтэл Хятад улс цаг алдсангүй. CNPC-гийн хэлэлцэгчид “Газпром”-ын түншүүдтэйгээ дуусашгүй хэлцэл явуулж байх хооронд Бээжин шат дараатайгаар Төв Азийн нефть-хийн зах зээлийг эзлэн авч байв. Цэнхэр түлшний асар их нөөцтэй Туркменийг тэд онцгой анхаарч байлаа. 2013 оны есдүгээр сард Си Зинпин  болон Туркмений удирдагч Гурбангул Бердымухамедов нар томоороо дэлхийд хоёрт ордог (Ираны Парсын дараа) Галкыныш орд газар дээр нээлтээ ёслол төгөлдөр хийжээ. Янз бүрийн мэдээллээс үзэхэд Галкыныш орд газрын байгалийн хийн нийт нөөц нь 13-21 триллион кубметр гэх. Өнөөдөр туркмений хий нь 2009 онд ашиглалтад орсон “Узбекистан-Казахстан-Хятад” гэсэн хийн хоолойн хоёр салаагаар Хятад руу нийлүүлэгдэж байна. Си Зипиныг Ашхабадад айлчлах үеэр дахин хоёр салааг ашиглалтад оруулахаар тохиролцсон бөгөөд үүний үр дүнд 2020 он гэхэд БНХАУ-д нийлүүлэгдэх Туркмений хий нь жилд 65 тэрбум кубметр хүрнэ гэж тооцжээ. Энэ үзүүлэлтийг Оросын Хятадад нийлүүлэх 38 тэрбум кубметртэй харьцуулахад “туркмений операци” нь маневр хийх боломж их байгаа гэдгийг Хятад соёлтойгоор Орост сануулах боломжийг олгосон нь харагдана. Жишээлбэл, Мьянмар (Бирма)-ийн Шве орд газар нь Хятадын түлшний хэрэгцээний  зургаан хувийг хангах боломжтой (Бирмийн хий нь Хятадын хөгжингүй өмнөд мужуудад хүрнэ гэдэг нь чухал).

Үүнээс гадна хийгээ дорнын зах зээлд нийлүүлэх нь орших, эс оршихын асуудал болоод байгаа Иран бас байна. Ерөнхийдөө бол Иран-Пакистаны хийн хоолой, ТАПИ төслийг тойрсон хэлцэл нь тусгайлан авч үзэх өөр сэдэв юм.

Ямартай ч нүүрс устөрөгчийн хийгээр баялаг орнуудтай харилцах Бээжингийн сайтар бодож боловсруулсан стратеги нь Москватай хийх наймаан дахь Бээжингийн байр суурийг батжуулж өгсөн юм. Сонирхолтой нь, БНХАУ-д нийлүүлж буй Туркмений хийн үнэ ч албан ёсоор зарлагдаагүй байгаа. Мянган кубметрийнх нь үнэ 250 ам.доллараас хэтрээгүй, мөн эндэх үнийн алдагдлыг Хятадын талын дэд бүтцийг хөгжүүлэхэд олгож буй хүү багатай зээл нөхөж байгаа гэх таамаг хамгийн ихээр үнэнд ойр байгаа бололтой. Reuters-ын мэдээллээс үзэхэд, Бээжин Мьянмарын хийг 400 ам.доллараар худалдан авч байгаа, мөн Мьянмар-Хятад гэх хийн хоолой нь төв Азийнхыг бодвол хамаагүй богино болохоор алдагдал багатай байгаа гэнэ.

 

Европ бус сонголт

               

Олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээлэл дэх дуулиан шуугиан, Украины Европыг сонгосон сонголтыг дэмжсэн дэмжигчдийн хийрхэл “Газпром” болон CNPC-ийг гэрээг хурдан байгуулахад хүргэсэн. Тэд эхлээд зарим нэг мэдээллийн агентлагуудын гэрээ байгуулагдаагүй гэх бус, харин хэзээ ч байгуулагдахгүй гэсэн мэдээлэлд, дараа нь хийгээ хэдэн доллараар нийлүүлж байгаа нь тодорхойгүй байгаад баясч байв (Хятадууд оросуудын үнийг мянган кубметрийг 90 доллараар зарах болтол нь унагасан гэнэ). Эцэст нь либерал байр суурьтай сонин хэвлэлүүд Орос орон Хятадын үүрдийн зарц болсон тухай дүн шинжлэлээр дүүрэв (жишээлбэл “Новая газета”-д Юлия Латынины гаргасан “Хийн хоолойноос өөрийгөө хэрхэн будах вэ” гэсэн нийтлэл байна).

                Энэ хооронд өрнөдийн олон шинжээч Орос-Хятадын гэрээг илүү эрүүл саруулаар дүгнэв. Foreign Policy блогт тоймч Жамилла Триндл энэхүү гэрээ бол борлуулалтын шинэ зах зээлийг эрэлхийлж буй Оросын нефть-хийн компаниудын хувьд том ялалт боллоо хэмээн бичжээ. “Энэ гэрээ нь Украины хэрэгт хөндлөнгөөс оролцож, Крымыг таслан авсан Путинийг шийтгэх гэсэн Өрнөдийн оролдлогуудад цохилт өглөө.

Ийм радикал маягийн үзэл бодол блогоос өөр газар нийтлэгдэнэ гэж бараг үгүй бизээ.  Гэвч The Wall Street Journal сэтгүүлд “Харилцан үл довтлох тухай пакт” гэсэн гарчигтай редакцийн нийтлэл гарав. Нийтлэлийг бичигч нь эрчим хүчний шинэ эвсэл болох Москва, Бээжингийн холбоог шинжлээд тухайн гэрээний заалтууд ямар байхаас үл хамааран “гэрээ нь эдийн засгийн хувьд хоёр талд хоёуланд нь ашигтай болсон бололтой. Орос улс нь Хятадын худалдан авалтгүйгээр хэзээ ч ашиглаж чадахгүй Байгаль нуурын ойролцоох сибирийн орд газруудаа ашиглах боломжтой болсон. Хий хоолойгоор дамжиж эхлэх үед хуучин ЗХУ-ын хил хязгаарыг давсан экспорт даруй 25 хувь өснө”.    

Тэгээд ч хамгийн чухал нь энэ гэрээнээс хоёр тал хоёулаа стратегийн багагүй ашиг олж байгаа бололтой. Хятадтай дайтах болвол далай тэнгисийн боомтуудыг нь удаан хугацаагаар хааж, Бээжинг түлшний хомсдолд оруулах чухал заалттай тусгай стратегийг Пентагон боловсруулж байв. Тэгвэл Оростой хийсэн гэрээ нь энэхүү стратегийн практик үнэ цэнийг эрс бууруулж байна.

Оросын тухайд, Хятадтай хийсэн гэрээ нь Европын зах зээл Оросын хийн нийлүүлэлтээс татгалзах эрсдлийг багасгасан юм. Орос-Хятадын гэрээ нь Путиний ойрын хүрээллийг тайвшруулж байгаа  “түүний ээлжит түрэмгийлэлд” өрнөдийнхөн ямар нэгэн хориг цээрээр хариу барилаа ч онцгой хохирол учруулж чадахааргүй болсон.

Гэхдээ бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ байр суурийг сурталчлах хүртлээ хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Financial Times-ын үзэж байгаагаар Хятадтай хийсэн хийн гэрээ нь “Оросын сул дорой байгааг” тодотгож байгаа гэнэ.

Гэрээг байгуулснаар Путин, нэг талаас Дорно дахинд хүчирхэг түнштэй болсон хэмээн олон улсад мэдэгдэж болох хэдий ч нөгөө талаас нь аваад үзвэл “Путин Өрнөдтэй хийх үр ашигтай яриа хэлцлээс нүүр буруулж, Орос орон үргэлж дүү нь байх, түүхий эдийн бааз нь болох Хятадтай түншлэх харьцааг сонголоо. Энэ бол баялаг түүхтэй ард түмний хувьд ичгэвтэр үр дүн юм”.

Үүний хариуд Хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээг ЕХ-той байгуулснаас хойшхи сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд чөлөөт худалдааны бүс ч байгуулагдсангүй, визийн дэглэм ч халагдсангүй гэхээр Өрнөдтэй хийсэн “үр ашигтай хэлэлцээр” гэдэг нь оросын “ард түмнийг баялаг түүхтэй” хэмээн гэнэт хүлээн зөвшөөрсөнтэй адил заль мэх гэж үзэж болно. Financial Times-ын хувьд хэзээ ч ингэж үзэж байгаагүй юм. Байгуулагдсан гэрээ европуудад таалагдаагүй гэдэг нь эндээс тодорхой байгаа бөгөөд ийм нөхцөлд баримталдаг зарчмаа ч зөрчиж болно л доо.

Европууд Дорноос үлээх хүйтэн салхийг мэдэрсэн гэдгийг Брюссельд болсон ЕХ-ны эрчим хүчний аюулгүй байдлын хуралдааны илтгэлүүдийн өнгө аясаас харж болно. Жишээлбэл, ЕХ-ны нэр хүнд бүхий хийн үйлдвэрлэлийн (Eurogas) захирал Жан-Франсуа Сирелли Оросын хийгээс татгалзах боломж Европт мэдээж бий, гэхдээ энэ нь асар их үрлэг зарлага дагуулах болохоор энэ санаанаас татгалзсан нь дээр хэмээн мэдэгджээ. Сиреллигийн үгээр бол, Орос улс хэзээд гэрээний үүргээ яс биелүүлсээр ирсэн болохоор “Оростой харьцах хийн харьцаанд улс төрийн нөлөө оруулж болохгүй” гэнэ.

Харин манай оронд элэгсэг ханддаг хэмээн сэрдэхэд ч хэцүү Польшийн ерөнхийлөгч Дональд Туск нь эрчим хүчний салбарт Европ нь Оросоос хэт их хамааралтай болохоор ЕХ нь ОХУ-д хатуу хориг саад тавьж чадахгүй хэмээн шууд мэдэгдсэн байна.

Түүнээс гадна хуралдаан дээр үг хэлсэнийхээ маргааш нь Туск бүр илүү их зоригтой мэдэгдэл хийв. “Намайг шийдвэр гаргах түвшний бүтцэд багтаж байгаа цагт Польш улс нь Оросын эсрэг харгис бодлогыг хэрэгжүүлэгч орон хэзээ ч болохгүй гэж тодорхой хэлмээр байна”. Тэгээд цаашлаад “Оросын эсрэг загалмайтны дайнд Польш улс манлайлж оролцохгүй” гэжээ.

Польш улс нь сүүлийн арваад жилийн турш Шинэ Европын лидерийн дүрд тоглон, оросын эсрэг бодлогын манлайд байхыг эрмэлзэж байсныг тооцож үзвэл байр суурийн ийнхүү өөрчлөлт нь ядахдаа л анхаарал татаж байна.

Европын хувьд “Газпром”-ын экспортын бодлогын өөрчлөлт нь ЕХ нь оросын цэнхэр түлшний цорын ганц биш юмаа гэхэд хамгийн чухал худалдан авагч нь биш болж байгааг харуулж байгаа хэрэг. Хэдийгээр одоохондоо биш ч гэсэн, “Сибирийн хүч” хийн хоолой ашиглалтад орох хүртэл хэдэн жилийн хугацаа байгаа ч ирээдүйд “Газпром” нь ЕХ-нд өөрийн нөхцөлийг тулгаж байх болно нь гэдэг нь тодорхой байна. Тэр цагт Брюсселийн хүнд сурталтнууд өнөөдөр ЕХ-ныхоо Оросын талаар явуулж буй нөхөрсөг бус бодлогын төлөө харуусах болно.  

Киевийн хувьд ч гэсэн энэ бол муу мэдээ, учир нь хятадын хувилбар хэрэгжиж эхэлбэл дамжуулагч-орон гэсэн Украины үнэ цэнэ ч буурна. Өөрчлөгдөж буй Брюсселийн байр суурийг бидний нүдээр харвал Украины асуудал, тэр дундаа тэргүүнд тавигдаад байсан “Нафтогаз”-ын хийн өрийн асуудлыг шийдвэрлэх явдал нь ЕХ-ны хувьд тийм ч чухал биш болно. Эрчим хүчний стратегийн Хүрээлэнгийн Ажиглалтын зөвлөлийн гишүүн, Украины шинжээч Юрий Корольчукийн үзэж байгаагаар “Хятадын гэрээг байгуулагдах хүртэл ЕХ-ны байр суурь манайд ч биш, айлд ч биш байсан. Одоо харин ЕХ нь “Газпром”-той харьцаагаа бүрмөсөн муутгахгүйг хичээж, Украины хийн асуудлаас зай барих болно… ЕХ болон ОУВС нь Украинд зээл олгож, бид өрөө төлөхөөс аргагүй болно. Гэвч Украины хүссэнчлэн “Нафтогаз”-ын хийн үнийн асуудлаар Оростой хэлэлцэх, энэ асуудлыг шийдвэрлэхэд явцад Европын холбоо оролцохгүй” гэжээ.

Бээжин-Москвагийн харилцан ашигтай түншлэл нь Украинд илүү хатуу бодлого явуулах боломжийг Москвад олгож байгаа гэдгийг Киев ойлгохгүй байж чадахгүй. Ерөнхийдөө Бээжинд байгуулагдсан гэрээ нь Украины асуудал бол дан ганц улс төрийн асуудлаар хязгаарлагдахгүй гэдгийг дахин нотлов. Учир нь “Сибирийн хүч” хийн хоолой, дэд бүтцийн объектуудыг барих гэрээний хэрэгжилт нь асар их тооны труба, вагон, тоног төхөөрөмж, хэрэгсэл г.м. шаардана. Донбассын аж үйлдвэрийн бааз эдгээрийн тодорхой хэсгийг хангах боломжтой. Эндээс үзэхэд, Украины Зүүн-Өмнөд хэсэгт Украинаас салан тусгаарлах, Оростой эдийн засгийн холбоонд орохыг эрмэлзэх бодит хэрэгцээ шаардлага гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “зууны гэрээний” хэрэгжилтийн хүрээнд багтсанаар бүс нутгийн үйлдвэрлэл шинэ, хүчирхэг үсрэлтийг хийнэ.

Бээжинд байгуулагдсан гэрээ нь америкийн эрчим хүчний аюулгүй байдлын салбар дахь бодлогод ч бас нөлөөлж байгаа. Гэхдээ энэ бол өөр сэдэв билээ.    

Орчуулсан Т.АНАНДА

 

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

10 цаг 27 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

10 цаг 27 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

10 цаг 27 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

23 цаг 8 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

Өчигдөр 15 цаг 29 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

Өчигдөр 12 цаг 54 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Өчигдөр 12 цаг 08 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

Өчигдөр 12 цаг 02 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин