
Д.БОЛОРМАА
Үсэрсэн цус, тасарсан махны маань хэлтэрхий элэг нэгт өвөрмонголчуудтай уулзах боломж олдлоо. Парламентын сэтгүүлчдийн холбооны шугамаар Өвөрмонголын Хөх хот, Баяннуур, Ордос аймагтай танилцаж яваад ирлээ. Аяллын багт Парламентын сэтгүүлчдийн холбооны 10 сэтгүүлч, Монцамэ агентлагийн “Хүмүүн бичиг” сониныхон гээд найм хоногийн туршид Өвөрмонголын хөгжил дэвшилтэй танилцав, бид. Аяллын багийн хөтөч нь Өвөрмонголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал. Энэ хүнийг Монголын хэдэн сэтгүүлч андахгүй сайн танина. Ах дүүсийн барилдлагатай болсон энэ эрхэм Монгол талаас сэтгүүлч очих бүрт нь хөтөч хийнэ. Өөр нэг нь Монцамэ агентлагийн Хөх хот дахь тусгай сурвалжлагч Д.Занданхүү гэх бүсгүй. Энэ бүсгүйг уран зохиол, яруу найраг, хэвлэлийн салбарынхан бас л андахгүй. Ийм нэгэн танил эрхмүүд Өвөрмонголын хэд, хэдэн хот болоод томоохон үйлдвэрийг танилцуулсан. Энэ удаагийн аяллын багийнхан Өвөрмонголын аж үйлдвэр тэр дундаа ногоон байгууламжтай голчлон танилцсан. Өмнөх багийнхан маань хэвлэлийн салбар, аялал жуулчлалын бүсүүдээр зочилсон учраас түүнийгээ давтуулахгүй гэж өөр салбар сонгож үзүүлсэн юм.
ЭРЭЭНИЙ ЭМНЭЛЭГ МОНГОЛЧУУДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛНЭ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц тэргүүтэй хэвлэлийн багийнхан өглөө 12:00 цаг гэхэд Эрээн хотын вокзал дээр очлоо. Баянаа дарга, түүний шадар туслах Лю Жин болоод Зандаа эгч нар хүлээж байлаа. Эрээн хотын хөгжил өмнөх үетэй харьцуулахад эрс өөр болжээ. Төв хэсэг буюу Эрээний худалдааны төв орчмоор монголчуудын хөл тасрахгүй. Хаана яваагаа ч андуурах шахам тийм л олон монгол залуус байна, тэнд. Харин захын хороолол руугаа төдийлөн алга. Ер нь Замын-Үүдийн иргэд зах зээл нь хямд, амьдрах орчин нь тохилогийг нь бодоод Эрээнд очиж амьдардаг гэх ам дамжсан яриа үнэн юм билээ. Хаа сайгүй л монгол залуус.
Ингээд аялагчид хамгийн түрүүнд Эрээн дэх Хятад-Монголын найрамдлын эмнэлэгтэй танилцлаа. Энэ эмнэлгийг Австри улсын зээлээр барьсан бөгөөд 180 өвчтөний ортой, Монгол, Хятадын анагаах ухааны өвөрмөц амбулаторитой. Эрээний боомтоор дамжин жилд 70 мянган монгол иргэн Хөх хот, Бээжинд эмчлүүлж байгаа учраас тэднээс гарах урсгал зардлыг багасгах, холын замд ядрахаас сэргийлж энэ эмнэлгийг 2006 онд барьсан тухай эмнэлгийн дарга онцолно лээ. Монгол иргэдэд 20 хувийн хөнгөлөлт үзүүлдэг учраас Замын-Үүдийн оршин суугчид энэ эмнэлэгт л үзүүлж эмчлүүлдэг гэнэ. Мэдээж ходоод, зүрх, элэг цөс, бөөр, бариа засал гээд эмчлэхгүй өвчин гэж байхгүй. Одоо ч гэсэн монгол иргэдэд үүд хаалга нээлттэй буйгаа уламжилж байна лээ.
Харин дараагийн маршрут гэвэл Хаоган жимс хүнсний ногоо үр тарианы импорт экспортын бараа гүйлгээний парк. Жимс жимсгэнэ, хүнсний ногоог гадагш нь экспортлох суурь парк нь Эрээнд байрлаж байгаа нь энэ. Эндээс манай “Барс” худалдааны төв жимсээ авахаас эхлээд ОХУ-ын зарим муж жимсгэнэ авдаг байна. Манай улс руу өдөр бүр жимс ачсан 10 тонны 20 машин явдаг гэнэ. Энэ паркийн хамт олон сар бүр 5000 тонн жимс, хүнсний ногоог гадагш нь экспортлодог ажээ. Монголд Эрээнийг үзээгүй хүн цөөн учир хөгжил, дэвшил, онцлогийнх нь талаар дэлгэрэнгүй бичвэл онигоо болох цаг биз. Хэн ч эндүүрмээр нэг зүйл нь динозаврын өлгий нутаг гэдгээ брэнд болгосон Эрээн хот манай улсын нэг аймаг мэт харагдсан. Эсвэл монголчууд Эрээний иргэн нь болчихов уу. Ялгахын аргагүй л олон монгол тэнд байна. Ийнхүү Эрээн хотын зарим бүтээн байгуулалттай танилцсаны дараа бидний хэдэн сэтгүүлч Хөх хот руу довтолгов.
Эрээнээс цааш гараад л хүний гараар бүтсэн ногоон төгөл дүүрэн. Хөх хот хүртлээ энэ төгөл үргэлжилнэ. Өөр бусад аймаг руу явахад нь ч гэсэн өнөөх тарьсан төгөл бас л байна. Хээр аглаг тал ч байсан хятадууд мод суулгаад тарьчихсан байх юм.
ӨВӨРМОНГОЛООС ӨНДӨР СҮРЛЭГ БАРИЛГЫГ ХАРЖ БОЛНО
Ингээд зургаан цаг орчим довтолгосны дараа сая нэг юм Хөх хотод ирлээ. “Далан хар” уулын энгэрээс хориодхон минут давхисаар Хөх хотод орж ирэхэд цэцэрлэгт хүрээлэнгийн дунд тэнгэр өөд тэмүүлэн байгаа энэ хотын хөгжил дэвшил, ялангуяа төлөвлөлт сайтай орон сууцны аварга хорооллуудынх нь бүтээн байгуулалтын ажил өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрүүлж байлаа. 16-36 давхар орон сууцны том хорооллууд ёстой л цаг минуттай өрсөлдөн тэнгэр өөд тэмүүлэн босч байна. Хөх хотынхны амьдрал эрс сайжирчээ. Хөх хотод баригдаж байгаа орон сууцны өндөр барилгуудын байрлал өглөө оройд нарны гэрэл хоёр талаасаа шууд тусч байхаар байрлалтай бөгөөд тийм ч өргөн биш нь дулааны алдагдал багатай, эрчим хүч хэмнэх ихээхэн давуу талтай санагдлаа. Улаанбаатарын хот төлөвлөлт, архитектурын асуудлыг хариуцаж байдаг мэдлэг, мэргэжил тааруухан, алсын хараагүй нөхдийг Хөх хотод аваачиж хот төлөвлөлтийн цогц, сонгодог шийдэл гэж ийм л юм байдаг гэдгийг үзүүлж, нүдийг нь бага ч болтугай нээмээр санагдсаныг хэлэх ёстой. Өндөр сүрлэг барилга, өвөрмөц дизайн бүхий орон сууцыг эндээс л харж болохоор. Хөх хот нь Өвөрмонголын нийслэл гэдэг утгаар нь өвөрмонголчууд олон байгаа байх. Элэг нэгтэй түмэн учраас хэл ус ойлголцоод орой гадуур жаахан зугаалахсан гэж бодсон маань харин талаар өнгөрсөн. Яг үнэндээ монгол хэлээр ярих өвөрмонгол иргэн тун цөөхөн юм. Ярьдаг байлаа ч гэсэн хятад иргэдээс ялгаж харагдахын аргагүй адилхан. Дээрээс нь албан байгууллагуудын гадаах хаягийг монгол бичгээр гэхээс илүү хятад ханзаар биччихжээ.
25 САЯ ХҮНИЙ 4.5 НЬ МОНГОЛ ҮНДЭСТЭН
Нэгэнт Хөт хотод ирснээ сийрүүлж байгаа учраас Өвөрмонголын талаарх танилцуулгыг товчхон бичих нь зүйн хэрэг. Өвөрмонгол нь Хятадын хамгийн эрт байгуулагдсан үндэсний өөртөө засах орон. Нийт хүн ам нь 25 сая. Үүнийх нь 4,5 сая нь монгол үндэстэн. Дэргэдээ гурван аймаг, есөн хот, 12 хошуу дүүрэгтэй юм байна. Тэдний хамгийн том давуу тал гэвэл байгалийн баялаг ихтэй. Ой, бэлчээр, нэг хүнд ногдох тариалах газрын эзлэх талбайгаар бүх Хятадад тэргүүлж, 30 гаруй төрлийн ордын баялгийн мэдрэгдсэн нөөцөөр бүх Хятадын өмнө гуравдугаар байр эзэлдэг байна. Ялангуяа, чулуун нүүрс, газрын ховор элемент, хар тугалга, цайр, мөнгө зэрэг 12 төрлийн ордны баялгаар бүх Хятаддаа тэргүүлдэг. Чулуун нүүрсний илрэл мэдрэгдсэн нөөц 800 тэрбум тонныг давж, байгалийн хийн илрэл мэдрэгдсэн нөөц 1000 тэрбум шоо метрийг давна гэсэн судалгаа байна. Түүнээс гадна бүх Хятадын эрчим хүчний хамгийн том бааз, Хятадын үр тариа үйлдвэрлэлийн гол бүс нь Өвөрмонгол. Мэдээж хонины мах, үнээний сүү, ямааны ноолуур, төмс зэрэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр бүх Хятадад тэргүүлдэг байна. Аялал жуулчлалын хувьд баялаг үзэсгэлэнтэй байгальтай, түүх соёлын агуулгаар баялаг, үндэсний зан заншил нь өвөрмөц. Харин монголчууд бид эдийн засгийн хямралд өртөж, хаа саагүй бүсээ чангалан суугаа энэ үед өвөрмонголчууд хүндрэл гээчийг үзэх нь битгий хэл сонссон чимээ алга. Төрөөс нэгдсэн бодлогоор шийдвэрлэдэг учраас эдийн засгийн хүндрэл тэдэнд мэдрэгдэхгүй байж ч мэдэх юм. Ямар ч атуйгай, албаны тайлан мэдээндээ иргэдийн амьжиргааг баталгаажуулах гэж төрөөс нэлээд олон арга хэмжээ авсан талаараа дурджээ. 234 тэрбум юанийг иргэдийн амьжиргаанд зарцуулж, нийтийн санхүүгийн төсвийн зардлын 63.6 хувийг эзэлсэн гэнэ. Хот суурингийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 25497 юань бол, тариачин, малчинд ногдох орлого 8596 юань гэнэ. 408 мянган иргэн ч ядуурлаас ангижирсан тухай албан мэдээндээ онцолсон байна.
ТАНЫ ЭСЭЭР ТАНЫГ ЭМЧИЛНЭ ГЭВ
Өвөрмонголчууд анагаах ухааны салбартаа нэлээд анхаарч явна. Иньхүн сурвалж эс амь насны шинжлэх ухаан технологийн хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаатай танилцах завшаан тохиолдлоо. Энэ компани нэг эсээс хүний өвдсөн эд эрхтэнг нөхөх, эмчлэх талаар нарийн судалж байгаа юм байна. Ялангуяа, цусны өвчин болон ходоодны хавдар, гений эмийн технологийг хөгжүүлж судалж буйгаа онцолсон. Одоогоор зөвхөн судалгааны хэмжээнд ажиллаж байгаа гэнэ. Цаашдаа бааз болон өргөжөөд ирэхээрээ энэ биед өвчин гэж үгүй болж төгс эмчлэх арга сүвийг нэвтрүүлэхээр зэхэж буй юм байх. Хамгийн сүүлд тогтоосон шинжилгээгээр хүний өөхлөг хэсгээс бага хэмжээний өөх аваад нүүрнийх нь үрчлээг арилгаж, толигор сайхан царайтай болгох боломжтой гэнэ. Түүнээс гадна хэн ч байсан өөрийн эд эсээ үлдээх боломжтой гэнэ. Тэд таны эсийг аваад стандарт дүрмийнх нь дагуу хадгалчихна. Хожим таны аль нэг эрхтэн өвдвөл өнөөх хадгалуулсан эсээрээ эмчилж болох тухай энэ компанийн хэлмэрч хэлж байлаа. Өөр нэг онцлогтой байгууллага гэвэл “Алтангурвалжин” хэмээх неон гэрлийн компани. Байгууллагын гадаах хаягаас эхлээд гэр орондоо өвөрмөц шийдлийг авчрах олон неон гэрлийг эднийх бүтээдэг юм байна.
ХӨХ ХОТОД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЯН ӨРНӨЖ БАЙНА
Ийнхүү анагаах ухаан, шинжлэх ухааны гайхамшигийг гайхуулсан өвөрмонголчууд үүний дараа байгаль, экологио хэрхэн арчилдгаа үзүүлэх юм болов. “Талын хар уул” хэмээх алдартай сүрлэг хайрханыхаа эргэн тойронд ногоон зүлэг, мод тарьж үүнийгээ аялал жуулчлалын чиглэлээр хүртэл ашиглах болжээ. Өвөрмонголчуудын нэг онцлог нь төсөл хэрэгжүүлэхдээ бүрэн утгаар үр дүнг нь тооцсоны дараа хүлээлгэж өгдөг юм байна. Хэрэв та мод тарилаа гэхэд ойр орчимд нь иргэд зугаалах явган гарц, сандал гэхчилэн бүрэн утгаар нь хийж гүйцэтгэсний дараа төсөл хэрэгжсэнд тооцно. Бидний танилцсан төсөл нь 667 га бэлчээрийн төсөл. Анх шороо овоолсон энхэл донхол газар байсан бол өдгөө ногоон хүрмээр хучив уу гэмээр төгөл. Төгөл болгоод зогсохгүй өөрийн өвөрмөц онцлогоо хамтад нь шингээхийн тулд Монгол айл, морин тойруулга хажууд нь бий болгожээ. Халзархай байсан хайрханаа хүртэл ногоон модоор хучиж чадсан гэхээр төрийн бодлого нь сайн байгааг илтгэх биз ээ. Үүний дараа технологийн гайхамшигийг харуулах олон үйлдвэр, аж ахуйн нэгжтэй танилцчихав. Нэг нь компьютер ашиглан мэдээлэл түгээх гэнэ. Өөр нэг онцлох зүйл гэвэл Хөх хотод гэр хороолол гэж алга. Хуучин цагт шавар дагз гэж их байсан бол өдгөө бүгдийг нь нураачихсан байна. Тэнд амьдарч байсан иргэдийг орон сууцанд оруулж газрыг нь барилга барих эсвэл цэцэрлэгт хүрээлэн байгуулахад зориулж. Одоо ч гэсэн энэ аян эрчимтэй өрнөж буй нь тэнд ажилласан хэдэн хоногт хүчтэй мэдрэгдэв.
Өвөрмонголчуудыг бид түүхэн уламжлал, зан заншлаа хадгалж яваа ард түмэн гэж ойлгодог. Тэгвэл ний нуугүй хэлэхэд, энэ ойлголт түүх болон үлдсэн байж болох юм билээ. Хөдөө талд нь монгол гэртээ цайгаа чанаж уугаад суух өвөрмонгол иргэн таарсангүй. Таарсангүй гэж монгол гэр ч харагдсангүй. Энэ талаар өвөрмонгол иргэнээс лавлахад БНХАУ-аас төрийн бодлогоор бүх монгол гэрүүдийг буулгасан гэж байна лээ. Гэхдээ бүр зайдуу хөдөө талдаа монгол гэр, монгол өрх, монгол залуус бий л гэнэ.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин