
Б.УРАН
Агаарын бохирдлыг зөвхөн өвөл ярих биш зун нь асуудлаа шийдчихээд өвөл нь үр дүнг нь харах хэрэгтэй. Нийслэлчүүдийн халаглан ярьдаг ч хэрэгжүүлж чаддаггүй энэ асуудлыг шийдвэрлэхээр болсон тухай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ. Өнгөрсөн оны агаарын бохирдлын дундаж агууламжийг стандарттай нь харьцуулж үзэхэд хүхэрлэг хий 2.2 дахин, том ширхэглэгт тооцонцор 3.9 дахин, азотын давхар исэл хоёр дахин их гарчээ.
Уг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд баталсан хууль тогтоомж хангалттай бий. Тиймээс иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд хуулиа биелүүлэхэд дор бүрнээ анхаарах шаардлагатай болсныг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 гаруй хувийг 2000 гаруй иргэн, аж ахуй нэгж үйлдвэрлэж байгааг Агаарын бохирдлын үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт хэлсэн юм. Эдгээр бохирдуулагчдын ихэнх нь нам даралтын уурын зуух ашигладаг аж ахуйн нэгжүүд байгаа гэнэ. 100 квт-аас илүү хүчин чадалтай зуух гэхэд л нийслэлд 300 гаруй байгаа юм байна. Тиймээс тэдгээрийн хэрэглэж байгаа зуух, нам даралтын зуухнууд утааны буюу агаарын чанарын стандартын шаардлага хангаагүй бол төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлэхээр болжээ. Гэхдээ мэдээж шууд торгоно, төлбөр авна гэхгүй юм байна. Аж ахуй нэгж, байгууллага бүрт урьдчилан сэргийлэх зорилгоор албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж, мэдээллүүдийг хүргүүлжээ. Тиймээс стандартад нийцсэн зуухтай болсон эсэхийг нь аравдугаар сарын 15 хүртэл шалгах юм байна. Үүний дараа шаардлага биелүүлээгүй хүмүүсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, зөрчлийг арилтал үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөрдөх журмын боловсруулан хэрэгжүүлэхээр тохирчээ. Тус журамд агаарын чанарыг сайжруулах бүсэд ямар дэглэм мөрдөх, иргэд ямар үүрэгтэй оролцох, компани ямар хариуцлага хүлээх, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан хүнд олгох урамшуулал гэх мэтийг тусгахаар болсон байна.
“Утаагүй зуухыг зөв хэрэглэвэл агаарын бохирдол 70-80 хувь хүртэл буурч байна. Харин буруу галласан тохиолдолд энэ тоо 20-30 хувь болон буурч байгаа юм. Тэгэхээр иргэд агаарын бохирдлын асуудал зөвхөн бидний хийх ажил биш гэдгийг ойлгоосой. Хүн бүр зуухаа зөв галлаж, зөв түлш түлвэл асуудал бодитоор шийдэгдэнэ” гэж АББҮХ-ны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт мөн хэллээ.
“Хэдийгээр зуухаа стандартын дагуу болгоход санхүүгийн бололцоо хамгийн том асуудал нь. Гэхдээ нам даралтын зуух хэрэглэж байгаа хүмүүс ядаж л утаа баригчийг дээд талд нь суурилуулчих хэрэгтэй” гэж Нийслэлийн экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэллээ. Түүнээс дараах асуултад хариулт авсан юм.
-2000 аж ахуй нэгж гэдэгт голдуу ямар үйл ажиллагаа эрхэлдэг газрууд багтаж байгаа вэ?
-Уурын зуух хэрэглэж байгаа газруудын ихэнх нь төвлөрсөн дулааны системээс алслагдсан байдаг. Дээрээс нь гэр хорооллын айлууд нам даралтын зуухаар дулаанаа шийддэг болчихсон. Эд нийлэхээрээ 1100 орчим зуух болж байна. Түүн дээр 100-гаас дээш квт хүчин чадалтай 300 орчим зуух байгааг дээр хэлсэн. Бид эхнээс нь дэс дараатайгаар цөөрүүлж байна. Хуучин янданг нь шинээр сольж байна. Зуухыг нь бүр алга болгож байна. Жишээлбэл, 39 дүгээр сургууль, 129 дүгээр цэцэрлэг зэрэг одоог хүртэл гаднаа уурын зуух ажиллуулдаг байсныг нь төвийн системд холбох ажлыг хийж байна.
-Хэдий хугацааны дараа үр дүн гарах бол?
-2014-2015 оны хүйтний улирал эхлэхээс өмнө аравдугаар сарын 15 гэхэд стандартыг хангуулна. Зун уурын зуух ажиллахгүй. Энэ хугацаандаа технологио сайжруулж, засвар шинэчлэлтээ хийн, хүнээ сургах ажлыг хийгээрэй гэж зөвлөж байгаа.
-Одоо ашиглаж байгаа уурын зуухнуудыг сайжруулах боломж манайд бий юу?
-Маш олон төрлийн уурын зуух байдаг болсон. Шинэ технологиуд нь ороод ирчихсэн. Гол хүндрэлтэй зүйл нь санхүүжилт. Тийм байгууллагад Засгийн газартай ярьж байгаад хамтран ажиллах санал тавьж байгаа. Гэхдээ хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн зүйлийг төсвийн мөнгөөр, та бидний татварын мөнгөөр шинэчлээд байж болохгүй шүү дээ. Тиймээс аргазүйн зөвлөмжийг хангалттай өгч байгаа. Ер нь бол тэр том уурын зуухнууд дээр утаа баригч байх ёстой. Түүнийг нь ядаж барьчих л даа. Горим, стандартаа л дагахад асуудалгүй болно. Бид зохицуулах хуульгүйдээ ингэж яваагүй. Багахан хариуцлага байхад л болох зүйл.