
С.УЯНГА
Энэ жил сэтгүүлзүйн салбарын 101 жилийн ой тохиож байгаа. Монголын Сэтгүүлчдийн Эвлэлээс сүүлийн үед хэрэгжүүлж байгаа ажил болон гадаад харилцааны талаар тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишигтэй ярилцлаа.
-Үндэсний сэтгүүлзүйн 101 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажлуудыг хийж байна бэ?
- 101 дэх жилтэйгээ золгож буй сэтгүүлзүйн салбарын энэ түүхэн жил бид олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Үндэсний сэтгүүлзүйн 101 жилийн ойн өдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдрийг МСЭ-ийн салбар зөвлөлүүд тухайн аймаг орон нутаг дүүрэгтээ олон ажил зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 3-нд хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиосон. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг зөвхөн нэг өдөр тэмдэглээд өнгөрүүлэх биш сарын аян болгож олон ажил хийлээ. Сэтгүүлчдийнхээ эрүүл мэндэд анхаарах зорилгоор Эрүүл мэндийн сарын аянг зарласан. Эрүүл мэндийн салбарын мэдээллийг олон нийтэд зөв хүргэх үүднээс сэтгүүлчдэдээ зориулж Эрүүл мэндийн яамтай хамтран “Эрүүл мэндийн сэтгүүлчдийн анхдугаар форум”-ыг зохион байгуулсан. Мөн сарын аяны хүрээнд сэтгүүлчдийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулахаар нийслэл 21 аймагт уриалга гаргасан. Сэтгүүлчид хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр урьдчилсан болон нарийн шинжилгээнд хамрагдах боломжтой байлаа. Харин эрүүл мэндийн үзлэгт тэр дундаа нарийн шинжилгээнд орно гэж хандсан сэтгүүлч маш цөөхөн байсан. Ер нь сэтгүүлчид өөртөө цөөхөн хором, цаг хугацаа зориулаад эрүүл мэнддээ анхаарах завгүй хүмүүс байдаг гэдэг нь тодорхой харагдлаа. Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдах цаг завгүй ажиллаж байна гэдэг үнэхээр харамсалтай. Тиймээс энэ жил сэтгүүлчдийн эрүүл мэндийн сарын аянг илүү зохион байгуулалттайгаар дахин зохион байгуулахаар хувийн болон улсын эмнэлэгүүдтэй хамтран ажиллахаар ярьж байна.
-Сэтгүүлчид нэг өдрийг аврагчидтай мэргэжлээ сольж тэдний ажлын нэгээхэн хэсгийг биеэрээ мэдэрсэн. Танай байгууллагаас ОБЕГ-тай хамтран өөр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
-Энэ жил Онцгой байдлын алба үүссэний арван жилийн ой болж байгаа. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч сарын аян зарласан. Аяны хүрээнд гурван ажлыг зохион байгуулсан. Нэгдүгээрт ОБЕГ-ын аврах тусгай анги дээр очиж сэтгүүлчдийн дунд “Мэргэжлээ сольсон нь” тэмцээнийг зохиосон. Тэмцээн гэхээсээ илүү онцгой байдлын албаны онцлогийг сэтгүүлчдэд таниулах зорилготой байсан. Мэргэжлээ сольсон сэтгүүлчид маань аврагчдын хүнд хүчир ажлыг өөрийн биеэрээ мэдэрсэн.
Хоёрдугаарт хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Мөн “Гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” сэдвийн хүрээнд нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг сэтгүүлчдийн дунд сарын хугацаанд зарласан. Сэтгүүлчдээс бүтээл олон ирж байна.
-Сэтгүүлчдийн эвлэлээс гадаад харилцаагаа өргөжүүлж байгаа нь олон сайхан боломжуудыг нээж өгч байгаа байх?
- Монголын сэтгүүлчдийн эвлэл энэ онд гадаад харилцаагаа өргөжүүлэхээр хичээн ажиллаж байна. Бид БНХАУ болон ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажилласаар ирсэн. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Гадаад Харилцааны Яамтай хамтран “Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн тавдугаар форум”-ыг есдүгээр сард зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн форумыг хоёр орон ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил манай тал хүлээн авч зохион байгуулах юм. Өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-д айлчилж Бүх хятадын сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Мөн гуравдугаар сард БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоотой хамтын ажиллагаа харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр хоёр орны сэтгүүлчдийг солилцохоор болсон. Энэ жилдээ багтааж Турк, Сингапур, Унгар, Энэтхэг, Франц, Япон зэрэг улсуудын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран ажиллах санал солилцоод байгаа.
-Дэлхийн сэтгүүлчдийн чуулган болно гэсэн. Монголоос сэтгүүлчдийн баг оролцох уу?
-Дэлхийн 60-аад орны сэтгүүлчид оролцох дэлхийн сэтгүүлчдийн чуулган удахгүй Сөүл хотод болох юм. МСЭ-ийн Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчид оролцоно. Энэ үеэр олон орны сэтгүүлчидтэй туршлага солилцох, гадаад харилцаагаа улам өргөжүүлэх зэрэг олон боломж нээгдэнэ гэдэгт найдаж байгаа. Мөн Солонгосын Сэтгүүлчдийн Холбоотой хамтарч ажиллах хүрээнд сэтгүүлчдийг туршлага солилцох, боловсрол, эрүүл мэндэд нь анхаарах асуудлыг тусгаж өгөх санал тавьсаны дагуу МСЭ-ийн гишүүн сэтгүүлчдийг Солонгосын эмнэлэгүүдэд хөнгөлөлттэй үнээр эмчилгээ хийлгэх, жил бүр хоёр сэтгүүлчийг үнэ төлбөргүй оношлогоо шинжилгээнд хамруулах боломжтой болсон. Нэг залуу сэтгүүлчийг Солонгосын их дээд сургуулийн хэлний бэлтгэлд сургах, ямар нэгэн гэнэтийн шалтгаанаар нүүр нь гэмтсэн хүнийг гоо сайханы мэс засалд үнэ төлбөргүй хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болсон. Мөн жил бүр арван сэтгүүлч солилцохоор болсон. Эхний ээлжийн Солонгосын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй сэтгүүлчид Монголд наадмын үеэр ирнэ. Харин Монголын талаас ирэх намар арван сэтгүүлч явна.
-Сэтгүүлчдийн хувьд хэлний сургалтад суух сонирхолтой байдаг. Гэхдээ зардал мөнгийг хэрхэн шийдэх бэ?
- Сингапур улсын сэтгүүлчдийн холбоотой харилцаа тогтоосон. Энэ зун Сингапур Улсад англи хэлний бэлтгэлд болон сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалтанд сургахаар болж эхний ээлжийн бүртгэл явагдаж байна. Зардал мөнгийг тодорхой хэмжээгээр хөнгөлөхөөр ярилцаж тохиролцсон.Цаашид тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд сургах боломжийг судлаж байна. Гэхдээ тэтгэлэгт сургалтад хамрагдахад хэлний зохих төвшинг хангасан байх шаардлагатай байдаг. Тиймээс бид гадаад болон дотоодод хэлний бэлтгэлд хамрагдах нөхцөл боломжийг сэтгүүлчиддээ олгож байгаа юм. “Диамант” гадаад хэл сургалтын төвтэй хамтарч сэтгүүлчдийн гадаад хэлний боловсролыг дээшлүүлэх талаар хамтарч ажиллахаар болсон.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин