
Т.БАТСАЙХАН
Байгалийн гэрэл зурагчин Б.Баяртай ярилцлаа. Тэрээр 10 гаруй жил энэ төрлөөр ажиллаж, дэлхийн 28 орноор аялан зураг авчээ.
-Та саяхан Хустай нуруунд очоод иржээ. Тэнд сайхан зун болж байна уу?
-Байгаль дэлхий гоёлоо зүүгээд тэнд ер бусын сайхан байна. Хустайн нурууны биологич Бямбаа, Ууганаа гээд хоёр залуу бий. Тэд маань намайг ирэхийг урьсан юм. Яагаад гэхээр чоно, согоо, тахь, тарвага гээд бүгд үр төлөө гаргаад эхэлжээ. Дөнгөж төрсөн нялх амьтдын зургийг авах хүсэлтэй очлоо. Гэтэл бороо ороод сайхан зураг гарсангүй. Гэхдээ явсан нохой яс зууна гэдэг шиг тасын ангаахай, тахийн унага, тарваганы зурагтай ирсэн.
-Тасын ангаахай их ховор, гоё зураг байв уу. Ер нь байгалийн гэрэл зураг их сонирхолтой юм?
-Тас бусад шувуу шиг олон өндөг гаргадаггүй. Ганцхан л өндөг гаргадаг юм билээ. Улаан нялзрай амьтныг харахад үнэхээр хайр хүрэм санагдсан. Харин тарваганы хотолыг шөнийн дөрвөн цагаас эхлэн манаж байгаад үүр цайхын үед гарч ирэхээр нь зургийг нь авлаа. Бороо орж байсан учраас их л адал явдалтай яваад ирсэн дээ.
-Одоо хаашаа явах гэж байна. Дараагийн бай тань юу вэ?
-Бодож мөрөөдөж, очих юмсан гэж дотроо шатаж яваа олон газар байна. Энэ жил манайд их эрт зун болж байна. Өнгөрсөн жилийн яг өдийд Хонгорын элс, Улаанцутгалан, Тэрхийн цагаан нуураар явж байлаа. Тэгэхэд ногоо ургаагүй байсан. Харин одоо байгаль дэлхий маань их сайхан болжээ. Долоо хоногийн өмнө Их Тарвагатайн бэлчир, Эгийн голийн тахиралдсан хэсгийг авах хүсэлтэй тэнд очсон юм. Дөрөв дэх жилээ очоод бас л авч чадсангүй. Тарвагатайн гол маань дандаа үертэй таарах юм. Энэ удаа үергүй байх гэж бодсон чинь шар усны үер аймаар байна. Шаварт сууж яваад л ирлээ. Эгийн голын тахиралдсан хэсгийн зургийн тэр хавийн хясаан дээрээс авахсан гэж шатаж явна даа. Үер гайгүй болохоор дахиад л явна.
-Таны ажил тэр чигтээ л адал явдлаар дүүрэн байдаг байх. Яагаад байгалийн гэрэл зургаар дагнан ажиллах болсон юм бэ?
-Байгалийн гэрэл зураг бол тэр чигтээ гайхамшиг юм. Би багаасаа л явган аяллаар явсан болохоор үүнийг маш сайн ойлгосон. Би одоогоор 1000 гаруй км явганаар аялаад байгаа. 2007 онд анх аппарат аваад эрвээхий, цэцэг, шавьжны зураг авдаг байлаа. Хүн их шуналтай гэж үнэн шүү. Би энэ байгалийн гэрэл зурагт амьдралынхаа турш шунаж явна. Анх өөрийнхөө авсан зурагнуудыг их голдог байлаа. Одоо бол арай өөр, өөрийгөө тоож эхэлсэн шүү.
-Та Хустай руу нялх амьдтын зургийг авахаар явсан гэж байсан. Ер нь аливаа газарт явахдаа зорилгоо тодорхойлсон байдаг юм уу?
-Зүгээр тэнэж яваад зураг авдаг үе надад байсан. Одоо бол байгалийн гэрэл зураг миний хувьд арай илүү утга учиртай болсон. Яг л ингэж, яг л тэр газраас авна шүү гэдэг төсөөлөлтэй болсон. Тэгээд тэр байдлаараа авч чадахгүй бол сэтгэл амрахгүй шүү дээ. Би дээр Эгийн голын тахиралдсан хэсгийг авах гэж дөрвөн жил очсон гэж ярьсан. Анх удаа очиход миний аппаратны хүчин чадал өргөн хэсгийг нь авч чадахгүй байсан. Тэгээд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай аппарат хэрэгтэй гэдгийг ойлгоод дараа жил нь дахиад л очих жишээтэй. Гэтэл бас л Тарвагатайн голоо гаталж чадалгүй буцсан. Одоо хүртэл миний шар хөдлөөд л байна. Заавал авч байж л сална.
-Тэгэхээр байгалийн гэрэл зураг авна гэдэг их утга учиртай бололтой?
-Тийм ээ. Хүн тухайн газарт нэг очоод тийм ч сайн зураг авч чаддаггүй. Байгалийн зүй тогтол, мөн сэтгэл зүйгээ судалж, төсөөлж байж сайн зураг авдаг. Би Хотон нуур дээр хоёр удаа очиж зургийг нь авсан. Эхлээд очиход цаана нь байдаг мөнх цастай уулын цас нь хайлсан байлаа. Тэгээд эргэж есдүгээр сард цас орохоор нь зорьж очоод зургийг нь авсан. Канад яаваад дөнгөж онгоцны буудал дээр бууж байтал тэнд байдаг найз маань “Цас орж байна” гэж залгалаа. Тэгээд эргээд шууд л Хотон нуурыг зорьж байлаа. Тэр зураг миний сэтгэлд хүрсэн сайхан бүтээл болж чадсан.
-Цаг зав, мөнгө санхүү, өөрийн сэтгэл зүрх гээд бүх л зүйлээ гэрэл зурагт зориулж байгаа тань ярианаас мэдрэгдэж байна. Танд эргээд ирж, танд зураг авах шунал төрүүлж байгаа тэр сэдэл нь юу юм бэ?
-Сэтгэл ханамж л гэж хэлнэ дээ. Би 50 гарлаа. Наргиж цэнгээд явах нас өнгөрсөн байна. Тэгэхээр чөлөөт цагаа сонирхолтой, үр бүтээлтэй өнгөрүүлэхгүй болохгүй. Гэрэл зураг гэдэг зүйлд шунан дурласнаар амьдралын сайн сайхан улам тодорч байх шиг санагддаг. Миний авсан зургийг Монголд ийм сайхан газар байдаг бил үү ямар гоё юм бэ гэсэн харцаар харж байгаа хүмүүсийг харахаар сайхан байдаг. Тэдний эх орноо гэсэн сэтгэлийг сэрээж өгч байгаа гэж бодохоор бүр ч сайхан аз жаргалтай байдаг. Одоо гэрэл зургаа хэзээ ч орхихгүй. Цаашид сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах бодолтой байна. Мөн дэлхийн гэрэл зурагчдын төвшинд хүрмээр байна. Тэнд очихын тулд олон газраар очиж, их зүйл уншиж сурах хэрэгтэй. Миний мөрөөдөл одоо энэ болсон.
-Ур чадвар хичээл зүтгэлээс гадна аппаратны хүчин чадал адил байж тэдний хэмжээний зураг авна. Таны “зэвсэг”-ийн хүчин чадал өндөр үү?
-Тийм ээ. Дэлхийд нэртэй гэрэл зурагчидтай яг л адилхан Nikon D4 аппаратаар зургаа авч байна. Гэхдээ тэдний зураг яагаад сайн байна гэхээр авсан зургаа засдаг хэсэг нь үнэхээр гайхамшигтай байна. Шууд Энэтхэг рүү явуулж засуулна.
Тэнд энэ төрлийн маш өндөр мэдлэгтэй хүмүүсийн баг ажилладаг. Үүгээрээ ч дэлхийд алдартай болжээ. Гэрэл зурагчин зургаа л авна түүнээс өөр юунд ч анхаарахгүй. Гэтэл бид өөрсдөө гэрэл сүүдрийг нь засаад л суудаг. Жаахан өнгө, гэрэл, сүүдэр нэмээд л бидний зураг болчихож байна.
-Ер нь зургийг засна гэдэг гэрэл зургийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн юм уу. Ямар ч засваргүй байгаагаараа байгаа нь илүү үнэ цэнэтэй санагдах юм?
-Дэлхийд зургаа засахыг хүлээн зөвшөөрдөг. Харин эвлүүлэхийг хориглодог. Саяхан дэлхийн байгалийн зургийн уралдаанд хашаан дээгүүр харайж байгаа чонийн зураг тэргүүлсэн. Гэтэл тэр нь эвлүүлэг байж таараад шагнал нь хураагдсан байна лээ.
-Таныг Японы гэрэл зургийн уралдаанд нэлээд амжилт үзүүлсэн гэдэг юм билээ. Ямар уралдаан байсан юм бэ?
-Хонгорын элсэн дээгүүр таварч байгаа тэмээний зураг маань эх орондоо байгалийн гэрэл зургаар тэргүүн байр эзэлсэн. Тэгээд Японы нэг үзэсгэлэнд оролцоод хамгийн олон үзэгч үзсэн бүтээлээр шалгарсан. Түүний дараа Японы гурван хотоор үзэсгэлэнгээ гаргалаа. Япончууд хоёр давхар солонгын зургийг хараад “Ийм юм гардаг юм уу. Амьдралдаа нэг ч хараагүй юм байна” гээд л гайхаад байсан.
-Та дэлхийн 28 орноор аялан байгалийн гэрэл зураг авсан. Аль улсаас хамгийн гоё бүтээлтэй, сэтгэл өндөр ирсэн бэ?
-Хүмүүс намайг олон орноор явсан гэхээр тийм баян юм уу гээд гайхдаг. Би тийм ч баян хүн биш. Хамгийн хямдхан зардлаар л явчихдаг жаахан сэргэлэн хүн гэх юм уу даа. Очих газрынхаа сонирхол нэгтэй хүмүүстэй холбогдоод тэгээд зардлаа дундаа хийгээд хамтдаа аялчихна. Америк, Канад, Баруун Европоор яг л энэ байдлаар аялаад ирлээ. Канад хамгийн сайхан байлаа. Шовх хадан хясаат уулстай. Хөвсгөлийн Саяны нуруу шиг юм билээ. Тэгээд аялал жуучлал маш гоё хөгжсөн. Ан амьтад нь хүнээс айж үргэж байгаа ч юм алга. Хар баавгай, буга, аргаль, янгир гээд замаар явж байхад л бэлчиж байдаг. Тэр нь их гоё юм билээ.
-Тийм үү. Манайхан хэдэн амьтнаа харах гэж өндөр уулан дээр дуран бариад л суудаг?
-Харин тийм ээ. Хөгжил гэдэг зөв явахаараа байгаль дэлхий зэрлэг ан амьтадыг ч номхруулж чадах юм. Манайд амьтад маань машины чимээ авангуутаа л алга болох юм даа. Уг нь хамгаалалтад аваад хөгжүүлэх газар олон байна.
Одоо бид мазаалайгаа хамгаалах хэрэгтэй. Мөн Өлгий хийдэд динозаврын мөр бүхий газар бий. Тэрийг хамгаалалтдаа авах хэрэгтэй байна. Харин Хустай нуруу гайгүй хөгжиж байна шүү. Буга, тахь нь хүнээс үргэх нь арай гайгүй, их ойрхоноос харах боломжтой болсон байна.