
Ардын парламент
“Ардын парламент” нэвтрүүлэг улс төрд үүсээд буй нөхцөл байдал, УИХ-ыг тараах санал, түүний эргэн тойронд дахь олон нийтийн байр суурийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МУИС-ийн Улс төр судлалын танхимийн багш, дэд профессор Ц.Батболд нар оролцсон юм. Тэдний байр суурийг тоймлон хүргэж байна.
- УИХ ирэх оны төсийг батлахад гишүүд мөнгөн дүнг дээш, доош гүйлгэн нэмэх, хасах хэлбэрээр өөрсдөдөө төсөв баталж байгаа нь шүүмжлэл дагуулсан. Энэ бүхний эцэст 26 гишүүний ирцтэй төсвийг баталлаа. Мөн ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг сайд, гишүүд хуваан авсан зэрэг нь УИХ-ын хариуцлагын асуудлыг сөхөөд байна. Энэ талаар оролцогчид ямар байр суурьтай байна вэ?
Н.Энхбаяр:Ийм төсөвт хориг тавих нь зөв байх
-Төсөв зөвхөн эдийн засгийн бус улс төрийн бодлого юм. Хамгийн гол нь УИХ-д олонх болсон намын сонгуулийн амлалттай нягт уялдаатай байх ёстой. Хууль нь, практик нь ч ийм. Ард түмэн ч тухайн үед амласнаа хэрэгжүүлэх нь үү, төсөв баталж байна уу гэдгийг байнга харж байдаг. Улс төр судлаачид ч тэр өнцгөөс нь хардаг. Энэ үүднэс харвал төсөв бол 2016 оны Ардын намын амлалттай ямар ч хамаагүй төсөв болох нь харагдаж байна. Цалин нэмэгдүүлэх, тэтгэвэр нэмэх, нийгмийн хамгааллын асуудлууд энд огт туссангүй. Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан шүүмжлэлтэй холбогдуулж ний нуугүй хэлэхэд УИХ тар гэсэн шаардлага зөв юм. Яагаад гэвэл, нэг тойрогт найман тэрбум төгрөг ногдохоор хөрөнгө оруулалтыг тооцож, тухайн тойргийг усална гэж байгаа бол тэр усандаа тойргийг живүүлж, сонгогчдыг өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх ямар ч боломжгүй болгож, тэнд 2020 онд юм уу, магадгүй түүнээс өмнө болох сонгуульд өөрөөс нь өөр буюу найман тэрбум төгрөг төсөвлүүлсэн тэр хүнээс өөр ямар ч хүн очоод яаж ч өрсөлдөөд гарахгүй байх ийм аргаар төсөв хийж байна. Энэ нь УИХ чадаж байгаа, чадамжтай байгаа юм шиг байдлыг үзүүлж буй аятай буруу ойлголт төрүүлж байгаа. Үнэн хэрэгтээ ийм байдлаар ажиллаж байгаа УИХ чадамжгүй гэдгээ харуулж байгаа юм. Дээр нь ямар ч зураггүй байшин барилгыг санхүүжүүлэх төсөв батална гэдэг байж болохгүй. Түүнчлэн мөнгөний ханшийг унагааж төсөв бүрдүүлж байна. Түүнийгээ орлогыг их өндөр нэмэгдүүлсэн юм шиг бодож байна. Мөн авч байгаа үндсэн алт мөнгө, нүүрс, зэсийг өөрсдөө үйлдвэрлэсэн юм шиг, үнэн хэрэг дээрээ дэлхийн зах зээл дээр байгалийн баялаг өндөр үнэтэй байгаа учраас төсвийн орлого нэмэгдлээ. Түүнийгээ өөрсдөө гавьяа байгуулсан юм шиг бодож байна. Байгалийн баялаг хэдхэн хүн баяжиж байгаа хэрэгсэл биш. Бид энэ сэдвээр олон жил ярьж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д төрийн өмч гэж бичсэнийг далимдуулан төрд байгаа өндөр албан тушаалтнууд өөрсдийн найз нөхөд, гадаадынханд хуйвалдан өгч, “Дубайн гэрээ” мэтийн хачин юм баталж, байгалийн баялгаас олдож буй ашиг ард түмэнд очихгүй, цөөн хүнийг баяжуулсан байдалтай байна. Төсөв энэ бүхнийг засч чадсангүй. Нөгөө л 2016 онд амлаж байсан замбараагүй байдлыг улам даамжуулж гааруулсан байдалтай төсөв батлагдсан нь туйлын харамсалтай. Ингэж хэлбэл, уриалсан болох эсэхийг мэдэхгүй. Миний үгэнд заавал орох албатай ч биш, ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч ийм төсөвт хориг тавихаас аргагүй болов уу гэж би бодож байна. УИХ-ын гишүүд дотор дандаа ийм улайрсан, хачин хүмүүс байхгүй байх.Тиймээс тэднийг төсөв дээр дахин ажиллаж, амласнаа биелүүлэх, жинхэнэ ард түмнээ, улсаа бодсон төсөв батлаач ээ гэж уриалж байна.
Н.Алтанхуяг: УИХ авлигачин төсөв баталсан
-Монгол Улсын Ерөнхийлөгч аравдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар зөвшилцөх албан бичгийг хүргүүлсэн. Энэ гэнэт нэг өдөр болж буй юм биш. Ерөнхийлөгч сонгогдоод жил гаруй хугацаанд ажиллалаа. Энэ явцад УИХ-тай байнга хамтарч ажиллахыг, УИХ –ын түвшинд гарч буй зарим алдаатай зүйлийг өөрийн эрх, хэмжээний хүрээнд засч залруулах оролдлогыг тасралтгүй хийж ирсэн. Өнгөрсөн жилийн төсөв дээр ч мөн адил, маш олон удаа алдаа дутагдал, буруу зөрүү зүйлээ засаачээ гэдгийг УИХ-ын чуулган дээр үг хэлэх, сануулах зэргээр илэрхийлсэн. Дээр нь Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байгаа баталж гаргасан алдаатай хууль, тогтоомж, төсөв дээр хориг тавих зэрэг энэ бүх боломжуудаа биелүүлж ирсэн. Харамсалтай нь “Илжигний чихэнд ус ч хийсэн, алт ч хийсэн сэгсэрнэ” гэдэг шиг Ерөнхийлөгчийн зүгээс тавьж байгаа ард түмний эрх ашигт нийцсэн санал санаачилгууд бүгд УИХ дээр очоод хад мөргөсөнтэй адил болдог. Хориг орууллаа, байхгүй. Юу ч хүлээж авдаггүй, шийдвэрлэдэггүй. Ийм буруу механизм бүрдчихээд байна. Би 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа харахдаа 60 гаруй хүнтэй юм чинь ажлыг гялалзуулаад өгөх байх гэж бодож байлаа. Мэдээж ардчилсан орон учраас шүүмжлэл гарна. Ардын намынхан өмнө нь УИХ дээр шүүмжлэл и х хэлдэг байсан. Тэр яриад байсан зүйлүүдээ одоо ажил хэрэг болгох байх гэж харсан, горьдсон. Тэр талаар өнгөрсөн. Зөвхөн миний ч биш ард түмний итгэж, хүсч хүлээсэн, горьдож харж байсан тэр итгэл талаар болж байна. Ийм нөхцөл байдал үүссэн, байнга давтагдаж байгаа. Маргааш ч давтагдахаар байгаа учраас Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцлийн санал оруулсан.
Ерөнхийлөгчид УИХ-ыг тараах ямар эрх байдаг юм бэ гэвэл, Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах эрхийг эдлэхийг заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын даргатай зөвшилцөх эхний алхмыг хийгээд байна. УИХ-ын дарга зөвшөөрөөгүй ч байсан Ерөнхийлөгч саналаа Их хуралд оруулна. УИХ асуудлыг ярих учиртай. Хэн нэгэн гэнэт гарч ирээд тар гэж буй юм биш, энэ бол бүтэн жилийн хугацаанд ажиллаад гаргаж ирж буй асуудал. Авлигын асуудлыг ч Ерөнхийлөгч бүтэн жил ярьсан, мөн л байхгүй. Өөрсдийнхөө хүнийг тэнд даргаар тавьчихсан, асуудал тавихаар тэр хүнээ хамгаалж, хаацайлаад байдаг. 65 гишүүн тэр хүнээ сольё гэвэл дорхноо солино шүү дээ. УИХ-ын дарга М.Энхболд өөрийн тавьсан хүнээ “Ажлаа өг” гээд өгүүлж болдог юм байгаа биз дээ. Гэтэл ийм хүсэл сонирхол алга байна.
Ерөнхийлөгчийн тавьсан УИХ-ыг тараах саналд олон зүйл бий. Түүнээс хоёрыг нь хэлье. Нэгийг нь сая МАХН-ын дарга Н.Энхбаяр ярьчихлаа. Зөвхөн энэ жилийн төсөв ч биш өнгөрсөн жилийнхэд ч хориг тавьсан, хүлээж аваагүй. Гэхдээ олон түмний өмнө олон юм ил болж байна. Эдийн засаг өссөн гэж яриад байгаа. Төсөв дээр маш их хэмжээний мөнгө орж ирсэн. Энэ нь эдийн засаг өссөн юм биш, ерөөсөө нүүрс,зэсийн үнэ өсч төсвийн орлого нэмэгдсэн. Энэ хэрээр үр ашиггүй баахан зарлага нэмэгдүүлээд тавьчихсан. 2011 онд ийм юм болсон, 2010 онд ч ийм болсон. Тэгээд юу болдог вэ гэвэл, нүүрсний үнэ буунгуут нөгөө их өсгөчихсөн зардлуудаа дийлэхээ байдаг. Намайг Ерөнхий сайд байхад 2011 онд орж ирсэн орлогуудыг бүгдийг нь байшингийн суурь болгож хувиргасан байсан. Тийм учраас авлигачин төсвийг УИХ батлаад байна. Энэ буруу, үүнийг засъя гэдэг саналыг тэр үед гаргаж тавьсан. Дээр нь ямар ч ашиггүй байшингуудын суурийг зогсоосон. Энэ ард түмний амьдралд хэрэгтэй юм уу, хэрэгтэй, хэрэггүй байшин барих хэнд хэрэгтэй юм бэ. БСШУСЯ нь явсаар байгаад сургууль гэдэг нэрээр байшингийн бизнес хийдэг болсон. ЭМЯ нь эмнэлэг гэдэг нэрээр байрны бизнес хийдэг болчихсон. Тэгээд ард түмний татвараар цуглуулсан хэдэн төгрөгийг ингээд дуусгачихдаг. 2019, 2020 онд нүүрсний үнэ уналаа гэхэд дутуу бариад хаячихсан олон давхар байшинг яаж босгох юм бэ. Төсвийн хөрөнгөөр ийм зүйлүүд хийхээр орон тоо нь дахиад өснө. Ардын намынхан их шүүмжилдэг, төсвийн байгууллагын орон тоог нэмэгдүүлж байна гэж. Төсвийн байгууллагын орон тоо яаж нэмэгддэг вэ гэвэл, төсвийн байшин барихаар нэмэгддэг юм. Ийм юмаа тэд мэдэхгүй биш, мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Маш их шүүмжилдэг байсан. Өөрсдөө жаран хэдүүлээ Их Хуралд орж суухаараа эрх мэдэлдээ ихээхэн дулдуйдаж байна. “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Улсын Ерөнхийлөгчийн үг ч үг биш болсон. Бараг тоглоом, доог тохуу хийдэг болсон. Ардын намын байгуулсан өмнөх Засгийн газар нь огцорсон шүү дээ. Жаран хэдэн хүнтэй байж байгаад баахан буруу юм хийсэн. УИХ –ын шийдвэр шүү дээ, ард түмнийг төлөөлж гарч ирсэн хүмүүс хариуцлагатай шийдвэрүүд гаргадаг байх ёстой. Энэ УИХ-аас гарч байгаа хууль, дүрэм, тогтоол олон нийтийн эрх ашигт нийцсэн байх ёстой. Одоо дуулиан, шуугиан болоод байгаа Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн зээл гэхэд л хүү нь бидний үед долоон хувь байсан. Банк өөрийн ажиллагааг нэмэхээр тэр нь найман хувь болдог. Найман хувийн хүүтэй зээлийг гурван хувийн хүүтэй болгосон. Уг нь энэ маань бизнес эрхэлж байгаа хүндээ очих юм бол хүү нь долоо байна уу, гурав байна уу, тав байна уу хамаагүй, маш үр ашигтай зээл байгаа юм. Гэтэл бөөндөө сууж байгаад нөгөө гурван хувийн хүүтэй зээлээ хуваагаад авчихсан. Би нэг зүйлийг гайхаж, сэжиглэж байгаа. Хууль хяналтын байгууллага нь шалгадаг юм уу, үгүй юм уу гэж. Аудитдаа хүртэл зээл өгчихсөн байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, хахуульдчихсан гэсэн үг. Прокурортоо бас зээл өгчихсөн гэдэг чинь дараа хэрэг үүсвэл хаагаад өгөөрэй л гэсэн үг. Ийм ялзарсан төр бий боллоо. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэ болохгүй юм байна шүү. Одоо болохгүй боллоо гэж баахан үймж байгаад У.Хүрэлсүхийн Засгийн газраа унагааж, гурав дахь Засгийн газар гарч ирсэн ч боломжгүй юм байна. Та нар юм хийж бүтээхгүй юм байна, улс орны төлөө, ард түмний төлөө юм хийхгүй байна. Харин өөрсдийнхөө төлөө, дараагийн сонгуулийнхаа олон түмний хөрөнгө, улсын төсвийг үрэн таран хийж байна” гэсэн ийм л агуулгаар УИХ-ыг цаашид ажиллах боломжгүй гэж үзэж байгаа.
Ц.Батболд: Энэ бүхэн тогтолцооны гажуудал
-Энэ бол тогтолцооны гажуудал. Гажуудал олон жилийн өмнөөс илэрч байсан ч нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй, улс төрийн мухардалтай байдал үүсэхээр зайлшгүй гарч ирж байгаа юм. Манай улс төсвөө 76 тойрогтоо хуваачихаж байгаа. Хүн аль ч аж ахуй нэгж, байгууллагад ажилласан хөрөнгө орлого, зарлагаа бодлогын түвшинд ярьж шийдэх ёстой байтал өөрсдөө хуваагаад авчихсан энэ хувилбар нь өөрөө намуудыг бодлогогүй болгодог. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч хориг тавилаа гэж байна. УИХ нь “Хүлээж авахгүй” гээд гараад явчихдаг. Ингээд ямар ч хориг тавиад нэмэр байдаггүй. Энэ тогтолцоо буруу байгаа юм. Хоёр танхимтай тогтолцоонд төлөөлөгчийн танхим нь хоригоо тавьдаг. Ард түмний төлөөлөл хоригоо тавина. Тэр төлөөлөгчдийн үүргийг ганц Ерөнхийлөгч дийлэхгүй. Тиймээс энэ асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ нь шууд тогтолцоотой холбоотой.
Н.Энхбаяр:
-Одоо зураггүй байшинд төсөв тавьсан асуудал ярьж байна. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа зураггүй бол юуг ч санхүүжүүлж болохгүй гэсэн зарчмыг барьж байсан. Тэгж тухайн үед тодорхой зарчим тогтоож байсан. 2000-2004 он гээд бодоход одоо түүнээс 14 жилийн дараа улам ухарсан байна шүү дээ. 14 эсвэл 18 жилийн дараа дахиад зураггүй байшинг барина гээд төсвийн хөрөнгө тавьж байна гэдэг Монгол Улсын эдийн засгийн төсөв зохиох арга, аргачлал ухарсан байна гэсэн үг. Зураггүй байшингийн цаана авлига байгаа нь тодорхой. Тэгэхээр зарим нь 310, зарим нь 500 гаруй гэж байна, ямартай ч 400 орчим зураггүй байшингийн асуудал энэ төсөвт тусчихаж. 400 гаруй байшингийн цаана авлига байна гэсэн үг шүү дээ. Ийм хачин төсөв батлаад сууж байж болох уу, УИХ. Дээр нь Ерөнхийлөгч эрх бүхий субьектийн хувьд хориг тавихгүй сууна гэж байдаг юм уу. Тогтолцооны хувьд төр бужигначихна, үймчихнэ гэж худал сүржигнээд байгаа. Японд Ерөнхий сайд нь парламентаа бараг дуртай үедээ тараагаад сонгууль зарлачихдаг. Англид Ерөнхий сайд нь мөн парламентаа тарааж сонгууль зарладаг. Манайд болохоор төрийг хямралтай болгочихно гэх мэт янз янзын юм ярьдаг. Хариуцлагагүй ажиллаж байгаа тохиолдолд төрийн хямралыг улам гүнзгийрүүлнэ. Хариуцлагагүй төрийг нэн даруй тарааж, сонгууль зарлаад ард түмний хүсэл сонирхолд нийцүүлэн сонгууль явуулах юм бол хямралтай байдлыг хурдан хугацаанд давж байгаа арга гэж үзэх хэрэгтэй. Зөвшилцөнө гэдгийг зарим нь буруу тайлбарлаад байх шиг байна, заавал УИХ гуравны хоёрооро дэмжиж байж УИХ тарах, эсэх асуудлыг шийднэ гэж. Гуравны хоёроор тарах асуудлыг өөрсдөө санаачилж хийнэ, Ерөнхийлөгч санаачилсан нөхцөлд УИХ-ын даргатай зөвшилцлөө, “За”, “Үгүй” гэж ямар ч байдлаар хэлсэн байсан Их хурал ердийн олонхиороо шийднэ. Мэдээж УИХ-ын дарга бол өөрийн нэр хүнд, улс төрийн байдлыг тооцож “За”, “Үгүй” хоёрын нэгийг хэлэх байх л даа. УИХ ердийн олонхиор шийднэ гэдэг бол 49 гишүүн сууж байлаа гэхэд тэрүүгээрээ л шийднэ гэсэн үг. Тухайлбал, 39 эх оронч гишүүн байна уу, 39 айхгүй гишүүн байна уу. Ард түмэндээ 39-үүлээ очъё, та биднийг нэр хүндгүй гэж бодож байна уу. Саналаа тавьчих, бид 39-үүлээ УИХ-ыг тараах санал өгч тараачихаад тойрогтоо очоод сонгогдоод буцаад ирье гэсэн ийм эр зориг байна уу, ийм ёс суртахуун байна уу. Ийм улс төрийн ухамсар байна уу. Тэгэхгүйгээр “Үгүй ээ, энэ чинь үндэслэл биш” гээд сууж байдаг. Тэгээд найман тэрбум төгрөгийг өөрийнхөө тойрогт батлаад, зураггүй 400 гаруй байшингийн төсөв батлаад сууж байна гэдэг энэ УИХ гүнзгий хямралд орсны илрэл. Тиймээс эхний алхам Ерөнхийлөгч саналаа тавьсан байна. УИХ-д 39 гишүүн эх оронч гишүүн байна уу гэдэг асуудал байна. Дээр нь УИХ өөрөө төсөв дээр ард түмнийхээ шүүмжлэлийг тусгаж, дахин ажиллаж чадах уу гэдэг нь асуултын тэмдэг юм.
Н.Алтанхуяг:
-Юунаас болоод УИХ болохгүй байгааг бид тунгаах ёстой. Энэ бол 60 тэрбумын хэргээс эхтэй. Монголын төрийн албыг, тэр дотроо нийслэлийн албан тушаалуудыг сонгууль болохоос өмнө зарж, наймаалцаад баахан мөнгө авсан байгаа шүү дээ. Тэгээд дараа нь сонгуульд олонх болж гарч ирээд нөгөө хүмүүс нь мөнгөөр албан тушаал авсан юм чинь тэндээс мөнгө л хийх байх л даа. Энэ ерөөс мордохын хазгай гэгч юм. 2016 оны сонгуулиар булхай, луйвар, мөнгө төгрөг, төрийн албыг урьдчилж зарах гэсэн энэ ажлуудаас нь болж УИХ-ын суурь буруу тавигдсан. Тийм учраас гарч ирээд хийж байгаа ажил нь өөрсдийгөө хамгаалахад чиглэсэн. 60 тэрбумын асуудлаар Ерөнхийлөгч өнгөрсөн хавар ээжит бус чуулган хуралдуулах тухай саналыг УИХ-д тавьсан. Гэтэл “Баяртай, сайхан амарлаа” гээд алга болцгоосон. Ээлжит бус чуулганаар 60 тэрбумын асуудлыг ярьж, ард түмэндээ тайлбарлах ёстой. Тэрийг ярьсан бол энэ Их хурал бараг өөрөө тарах байсан шүү дээ. Тэр асуудлыг сөхөхөөр тараад явчихдаг, амраад алга болчихдог. Иргэд, олон нийт үүнтэй санал нийлэх байх, энэ УИХ үнэхээр болохгүй байна шүү дээ. Их хурлын гишүүн гэдэг амь юм уу, салж хагацаж болдоггүй эд үү. Эцсийн эцэст УИХ байх уу, төр байх уу, Засгийн газар байх уу гэдэг чинь ард түмний ахуй, амьжиргааны төлөө юм хийж байгаа бол байж болно. Гэтэл өөрсдийнхөө амин хувийн төлөө, 60 тэрбумын төлөө, ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлийг хүртэл хувхайруулж байгааг олон нийт хараад яаж тэсч суух юм бэ.Тиймээс ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ямар ч байсан ард түмнийхээ талд байж, ард түмнээ сонсдог мэдрэмжтэй байж УИХ-ыг тараах асуудлыг зөвшилцөж байгаа.
Н.Энхбаяр:
Тэр 60 тэрбумын зээлийн хэн, хэн авсан бэ гэдгийг судлах ёстой, ярих ёстой. 60 тэрбумын хүмүүс шархаа нөхөх гэж зээл авсан гэж зарим нь хэлдэг. Яг хэн нь авчихаад байгаа юм бэ. Соёлтой газар бол нэг, хоёр гишүүн алдаа гаргасан бол үг дуугүй огцрох ёстой. Ардчилсан оронд ийм байх ёстой. Гэтэл “Би буцаагаад төлсөн, цайрчихлаа, цагаарчихлаа” гэж буй бол түүн шиг гэнэн, өөрийгөө хуурсан, дээр нь ард түмнийг хуурах гэж оролдож байгаа мэх заль. Тэгэхээр 40 гаруй бараг 50 гишүүн зээл авсан юм бол “Намайг шалга” гээд түдгэлзэх ёстой. Заавал прокурор орууж ирэх хэрэггүй шүү дээ. Түүнийгээ хуулийн мухардал гэж худал тайлбарладаг юм байна лээ, би түдгэлзье гэхээр болдоггүй гэж. Болно шүү дээ, хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад түдгэлзэж болно. Тэгвэл прокурор нь тэр 40 хүнийхээ нэрийг оруулаад ирж болно шүү дээ. Прокурор нь өөрөө ЖДҮХС-гаас зээл аваагүй, барьцаанд ороогүй юм бол. Зөвхөн Д.Батзоригийг биш, ганц хүнийг золиосолж бүхэл бүтэн бүтцийг авч гарна гэж байхгүй. Дээр нь Засгийн газар нь ЖДҮХС-гийн зээл өгч байгааг мэдэхгүй байна гэж байхгүй. Өнөөдөр манай төр, засаг яаж ажилладаг билээ. Тэрийг Ерөнхий сайд мэдээгүй байсан. Өнөөдөр гэнэт харсан юм шиг ярина гэдэг гэнэн. Харин ч Засгийн газар хамгийн түрүүнд хариуцлага ахүлээх ёстой. Гэтэл УИХ тарахгүйн тулд Засгийн газраа золиосолж байна гэсэн худал яриа гаргаж байдаг. Ерөнхий сайд хамгийн түрүүнд өөрийгөө шалгуулж, баримтаа харуулах ёстой. Засгийн газрын гишүүд нь бүрэлдэхүүнээрээ шалгуулах ёстой. УИХ-ын 40 гаруй гишүүн нь ийм хэрэгт холбогдоно гэдэг үнэхээр чадамжгүй байгаагийнх нь илрэл. 76 гишүүний 51 нь байж асуудал хэлэлцэх чадамжтай гэдэг бол тэр утгаар авч үзвэл 40 гаруй бараг 50 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан асуудал байна шүү дээ. Дээр нь төсөв батлахад 26 хүн суугаад баталчихлаа гэж байна. Ядаж УИХ-ын гишүүдийн 39 нь суугаад төсөв батлах ёстой шүү дээ, хамгийн багаар бодоход. 26 хүн бие биеийнхээ кнопыг дараад баталж байна гэдэг УИХ цаашид ажиллаж чадахгүй гэсэн үг. Дээр нь Н.Алтанхуяг дарга түрүүнд хэллээ, ээлжит бус чуулган хуралдуулъя гэхэд УИХ-ын дарга нь байнгын хороонд саналаа өгсөн юм гэсэн. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны гишүүд нь эсвэл өөр байнгын хорооны гишүүд нь ирдэггүй. Ирцээсээ болоод байнгын хороо нь хуралдаж чаддаггүй юм гэсэн. Ирц бүрдэхгүй байна гээдг хамгийн наад захын чадамжгүй болсны шинж. Хурлаа хийж чадахгүй байна шүү дээ, тэгэхээр чадамжгүй байдлаа дахин дахин батлаад байна шүү дээ.
Үргэлжлэл бий.