

ХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа:
ГАМШИГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ЯМАР БАЙГУУЛЛАГА ЯМАР ОРОЛЦООТОЙ АЖИЛЛАХЫГ НАРИЙВЧИЛСАН
-Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн эрхийн болон хамгааллын, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг суурь эрхзүйн баримт бичгүүд батлагдаад явж байна. Хуульд заасны дагуу гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг боловсруулж байна. Журамд гамшиг онцгой байдлын үед хэн ямар үүрэгтэй оролцох, ямар үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хэн хангах, тусламж дэмжлэгийг ямар байгууллага хүлээж авч үзүүлэхээс гадна санхүүжилтын асуудлыг нарийвчлан тусгасан. Цахим болон гэр бүлийн орчин зэргээр хүүхэд хамгаалалд хамтын оролцоотой ажиллах юм. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо хэсэгт яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна үерийн устай холбоотой нуур цөөрөм зэрэг орчны халдваргүйтэл, ариутгал хийх юм. Түүнчлэн хүүхдийн эрх хамгааллын талаарх үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсөвт тусгах үүрэг хүлээнэ.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны зохицуулагч Г.Шүрэнцэцэг:
ТҮР ХАМГААЛАХ БАЙР ГАМШИГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД БЭЛЭН БИШ
-Түр хамгаалах байр үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 800 гаруй хүүхдийг байрлуулснаас 70 хувийг нь ар гэрт, 30 хувийг нь асрамж халамжийн төвүүд рүү зуучилсан. Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Харин гамшиг онцгой байдал тохиолдоход түр хамгаалах байранд хүүхдүүд авна гэвэл бэлэн биш. 22 хүүхдийн багтаамжтай байранд 37 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна. Журмандаа 3-7 хоног гэж заасан ч хүүхдүүдийг сар хүртэлх хугацаанд байрлуулж хамгааллын үйлчилгээ үзүүлдэг. Гэр бүл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг 70-80 хүртэлх хоног байрлуулж байсан.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах ангийн салаан захирагч, дэслэгч А.Зориг:
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ БАЙРЫГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
-Манай аймагт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжилэн орсон аадар бороо уруйн үерийн улмаас гамшигт өртсөн 16 нярай, 5-13 насны 103 хүүхдийг нүүлгэн шилжүүлэх түр байранд тусгаарласан. Эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 2-3 удаагийн үзлэг шинжилгээ хийх, хоолны шим тэжээлийн нэмэгдүүлэхэд анхаарсан. Бага насны хүүхдүүдийг ээжтэй нь хамт байлгасан. Хамгийн эхэнд усанд боогдсон, гэр орноосоо гарч чадахгүй байгаа хүмүүс буюу бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүстэй айлуудад яаралтай тусламж үзүүлсэн. Аймгийн Засаг даргын тамгын газраас өдөрт гурван удаагийн хоолоор хангаж байсан. Ер нь гамшиг осол, онцгой байдлын үед нүүлгэн шилжүүлэх байрыг илүү төрөлжүүлэх шаардлагатай.
НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Д.Амараа:
ХҮМҮҮНЛЭГИЙН АРГА ХЭМЖЭЭНД МӨРДӨХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН СТАНДАРТ ГЭЖ БИЙ
-Гамшиг бол нөөц боломжоос давсан хохирол юм. Гамшиг, ослоос болж хүүхэд эцэг эхээсээ салах, орон гэр, хоол хүнсгүй болохоос гадна айдас цочрол зэргээр нийгэм сэтгэлзүйн хувьд маш хүндрэлтэй асуудал үүсдэг. Мөн гамшгаас болж хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй. Хүмүүнлэгийн арга хэмжээнд мөрдөх хүүхэд хамгааллын стандарт гэж бий. Тухайлбал, Хүүхэд хамгааллыг үр дүнтэй зохион байгуулах стандартад удирдлагын уялдаа, хүний нөөц, нөлөөлөл мэдээлэл харилцаа, хүүхэд хамгааллын мониторинг хийх зэрэг орно. Хүүхэд хамгааллын стратегийг боловсруулж бусад нэгж салбартай хамтарч ажиллах нь хамгийн чухал.
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Т.Солонго:
СЭРГЭЭН ЗАСАХ, СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХӨД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
- Хээрийн түймрээс болж хичээл сургуулиасаа завсардах, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол харьцангуй бага. Малчид эд хөрөнгөөрөө хохирох амьжиргааны эх үүсвэрээ алдаж байгаагийн цаана хүүхдийн сурах, хөгжих эрх давхар яригдана. Гамшиг ослын үед хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хамгаалал яригддаг. Эрсдэл учрах магадлал ч өндөр учраас сэргээн засах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх тулж ажиллах тал дээр мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах ёстой. Ослын газар хамгийн түрүүнд очсон аврагч хүүхдийн сэтгэлзүйг засах, шаардлагатай анхны тусламж үзүүлэх арга хэмжээг авдаг. Сүхбаатар аймгийн хувьд цасан шуурганд төөрөх,сураггүй болох тохиолдол гардаг ч харьцангуй цөөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин