
Б.ЭНХТУУЛ
Монгол Улсын баруун бүс нутагт соёлын үрийг таригч, СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж урлагийн салбараас ажил, амьдралынхаа гарааг эхлэх хүсэл мөрөөдөлтэй элсэгч, төгсөгчдөөр хүрээгээ тэлсэн нэгэн том айл болжээ. Энэ л өдөр гучин жилийн өмнөх түүхийг хүүрнэж, энэ сургуулийн босгоор анх алхахдаа нот гэж юу байдгийг ч мэдэхгүй хөдөөгийн 80 гаруй хүүхэд “Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж” хэмээх их айлын дээвэр дор урлагаар нэгдэж, багш шавь хоёр анх энэ сургуульд хэрхэн уулзаж, сурлага хөдөлмөр, сэтгэл оюунаа дайчлан хамтдаа хичээнгүйлэн суралцаж байсан үеэ дурсах энэ ховорхон агшин Монголын соёл урлагийн түүхэнд тодоос тод тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал байв.
“СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллеж” гэсэн тодоос тод гэрэлтэн харагдах хаягтай энэ сургуулийн хойморт нэр алдраа дуудуулан гарч ирэх хүндэт зочид төлөөлөгчид энгэртээ 30 жилийн ойн тэмдэг гялалзуулж, багш сурагчдын халуун алга ташилт, цэцгийн баглаагаар мялаалган зогсох нь ололт, амжилтаа бататган зогсох гавьяатай улс гэдгийг илтгэх аж. Энэ бол Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн түүхт 30 жилийн ойн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэлж буй оршил хэсэг юм. Тус сургуулийн хамт олон энэ сарын 21-23-ны өдөр ойгоо угтаж, төгсөгчдийн уулзалт, уран зургийн үзэсгэлэн, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, “Баруун бүс-урлагийн боловсрол” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
ЗАВХАНААР ОВОГЛОСОН УРЛАГИЙН АВЬЯАСТНУУД “ГЭРТЭЭ ИРЭВ”
Завханчууд их азтай улс юм. Баруун аймгийн урлагийн байгууллагуудыг мэргэжлийн хөгжимчин, дуучин, бүжигчнээр хангах зорилготой энэ сургууль анх 1985 онд байгуулах тухай яригдаж байх үед Ховд аймагт бууриа засахаар барилга, байшингаа сонгоод явж байсан гэдэг. Харин азаар Завхан аймгийн тухайн үеийн удирдлагууд, Ховд аймагт хөдөө аж ахуй, техник мэргэжлийн олон сургуультай учраас манай аймагт байгуулж өгнө үү гэсэн хүсэлт гарган хөөцөлдсний улмаас 1988-1989 оны хичээлийн жилд найман багш, 88 сурагчтай, үндэсний хөгжим, төгөлдөр хуур, монгол бүжгийн анги зэрэг долоон мэргэжлийн чиглэлтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан гэдэг. Өдгөө энэ сургууль 250 гаруй оюутан сурагчтай, есөн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа бөгөөд өнөөдөр түүхт 30 жилийн ойгоо тэмдэглэж, хийсэн бүтээснээ дүгнэн хэлэлцэж байгаа нь бахархам сайхан үйл явдал юм. Ойн арга хэмжээнд тус сургуулийн түүхэн дэх үе үеийн захирлуудын төлөөлөл Ш.Дуламрагчаа, Ц.Жамъян, Д.Очирбат нар хүрэлцэн ирсэн байв. Мөн тэртээх 1988 онд Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж анх үүсэн байгуулагдахад анхны элсэгчдэд багшлахаар ирж байсан багш нарын төлөөлөл, СУИС-ийн хуучрын багш, уран сайханы удирдагч Ж.Цэнгэлмаа, Н.Эрдэнэчимэг, сонгодог бүжиг, балетын багш Ч.Түмэндэлгэр зэрэг Монголын соёл урлагийн салбарт өнөөдөр ч гэсэн өөрийн авьяас билэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж буй багш нарын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Түүнчлэн хот, хөдөөд мэргэжлээрээ ажиллаж буй үе үеийн төгсөгчид, мөн дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч буй төгсөгчдийн төлөөллүүд хүрэлцэн иржээ. Соёл урлагийн салбарын холбогдох албаны хүмүүсээс БСШУСЯ-ын Соёл, урлагийн салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн З.Баянзул, СУИС-ийн багш, хүндэт профессор, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөөмийч Б.Одсүрэн, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга доктор, дэд профессор Д.Даваасүрэн, СУИС-ийн Уран бүтээлийн газрын дарга Б.Болормаа, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш В.Бүрэнжаргал, Завхан аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга С.Ганчимэг нар хүрэлцэн ирсэн байв. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг төлөөлж, ОХУ-ын Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн коллежийн захирал Б.Турбянов, ӨМӨЗО-ын Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуулийн захирал Бүрэнбат нар хүрэлцэн иржээ.
УРАН ЗУРГИЙН НЭРТ МАСТЕР Л.ДОВДОНДОРЖИЙН НЭРЭМЖИТ ТАНХИМТАЙ БОЛОВ
Аль ч улс орны соёл урлагийн салбар хөгжлийг түүчээлэгч чухал салбар байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улс орны нэрийн хуудас болсон өв уламжлал, соёлын үнэт зүйл, зан заншил, сэтгэлгээний онцлог бүгдийн соёл урлагийн салбар өөртөө шингээн авч, хадгалж, ирээдүй хойчдоо өвлүүлж, эх орноо бусдад таниулж байдаг. Тэр утгаараа ардын авьяастнуудын өлгий гэгддэг Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан зэрэг баруун таван аймгийн 92 сумаас элсэгчдээ авч, хот хөдөөгийн урлагийн байгууллагад уртын дуу дуулаач, хөөмийч, биелээч, морин хуурч, үндэсний хөгжимчин зэрэг мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж, монголчууд бидний нэрийн хуудас болсон ардын урлагаа сурталчилан таниулахад Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж асар их хувь нэмрийг оруулжээ. Ингэж хэлэхийн учир нь, эдүгээгээс 30 жилийн өмнө энэ сургуульд суралцаж байсан анхны төгсөгчид Монголын бүх театр, урлагийн байгууллагад ажиллаж, уран бүтээлээ амжилттай туурвиж явна. Олонх нь олны танил нэр төртэй, уран бүтээлчид болсонд баярлаж, бахархаж явдаг гэдгийг ахмад багш нар онцлон хэлж байв. Өнөөдөр 30 жилийнхээ ойг тэмдэглэж буй энэ сургууль есөн захирлын нүүр үзжээ. Одоо тус сургуулийн захирлын албыг хашиж буй Ш.Энхжаргалд ойн арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байгаад баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. Ойн хүрээнд зохион байгуулагдсан бас нэгэн чухал арга хэмжээ нь тус сургуулийн багш, оюутнуудын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн байв. Үзэсгэлэнд зураасан зураг, монгол зураг, уран зураг, керамик, уран барималын чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй багш, оюутнууд, төгсөгчдийн бүтээлүүд тавигдсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Энэ үеэр Монголын соёл урлагийн салбар, тэр дундаа дүрслэх урлагийн салбарт үнэтэй хувь нэмрийг оруулж яваа тус сургуулийн багш, оюутнуудын хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлийг үнэлэн Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн Дүрслэх урлагийн танхимийг нь усан будгийн нэрт мастер, Монголын урчуудын эвлэлийн шагналт Гүндийн Дондовдоржийн нэрэмжит болгон батламжилсан явдал байв.
“ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ”-ООР ТЭД АЖЛАА ТАЙЛАГНАВ
Аливаа байгууллагын ойн арга хэмжээ гэдэг түүхэн замналынхаа ололт амжилтыг бататгахын зэрэгцээ угтан ирэх он жилүүдэд хийж бүтээх ажил үйлсээ дүгнэн хэлэлцдэг чухал агшин байдаг. Тиймээс баярын хурал дээр үр бүтээлтэй ажиллаж буй багш нарыг шагнаж урамшуулах, ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хүндэт медаль гардуулах, төгсөгчдийн төрөлх сургуульдаа авчирсан гарын бэлэг, хөгжмийн зэмсгүүдийг гардуулан өгсөн юм. Үүний дараа ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид багш сурагчдын хамтарсан урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Энэхүү тоглолтод одоо ажиллаж, суралцаж буй багш сурагчид, үе үеийн төгсөгчдийн төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байв. Энэ тоглолтоос Монголын соёл урлагийн салбар гучин жилийнхээ хугацаанд хөдөө орон нутагт энэ л сургуулиар дамжуулан урлагийн мэргэжилтэй боловсон хүчинг хэрхэн бэлтгэж, сургалтын ямар үзүүлэлттэй, ахицтай амжилттай явааг илэрхийлэх нэгэн том ажлын тайланг харж болохоор байв. Хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхсон зочид төлөөлөгчид тус сургуулийн одоогийн үйл ажиллагаа, уг тоглолтод оролцсон багш нар, төгсөгчдийн ур чадварт сэтгэгдэл тун өндөр байсан юм. Энэ үеэр ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн захирал, багш нар, төгсөгчдийн төлөөллийн сэтгэгдлийг сонссон юм.
Уран сайханы удирдагч, хуучрын багш Ж.Цэнгэлмаа:
ШАВЬ НАР МААНЬ ҮНДЭСНИЙ УРЛАГИЙГ ӨНГӨЛЖ ЯВАА МАСТЕРУУД БОЛЖЭЭ
-1988 онд Соёлын яамны сайдын тушаалаар баруун таван аймгийн дунд мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг бэлтгэх, улсын хоёр дахь Хөгжим бүжгийн сургуулийн суурийг тавилцах, уран сайхны удирдагч, хуучрын багшаар ажиллах эрхэм хүндтэй үүргийг хүлээн авч, 10 багштай баг бүрдүүлэн ирж ажиллаж байлаа. Ардын багш Г.Долгорсүрэн, концертмэйстр Мөнхсайхан, Одбаяр, бүжгийн багш Ч.Түмэндэлгэр, хөгжмийн багш Н.Эрдэнэчимэг, С.Энхбаяр, Д.Цэвээнравдан, Д.Энхсайхан зэрэг шижигнэсэн залуус энэ сургуульд хүрэлцэн ирж, сургалтын хөтөлбөр, анги танхим бүхий л зүйлийг эхнээс нь шинэчлэн хийж, бодож боловсруулж, зангидсан гар шиг нэгдмэл ажиллаж чадсны хүчинд өнөөдөр шавь нар маань Завхан аймгаар овоглосон урлагийн алдартнууд болсон төдийгүй Монгол Улсын үндэсний урлагийг өнгөлж яваа мастерууд болжээ. Тиймээс бид бүхэн шавь нараараа үргэлж бахархаж явдаг. 2008 онд үндэсний хөгжимчдийн уралдаан болоход Ардын жүжигчин Б.Зангад гуай шагнал гардуулах үеэр хэлж байсан “Завханы Цэнгэлмаа” гээд мөн ч олон жил яригдсан даа. Ийм олон жилийн ард шавь нар чинь ийм олуулаа байр эзэлж байгаа явдал бол та бүхний ажлын үр дүн юм шүү гэж хэлж байсан. Тухайн үед нийт 24 байр эзлүүлэхэд 12 шагналыг нь манай Завханы хүүхдүүд авч байсан юм. Тэр л үед бид энэ сургуулийн суурийг үнэхээр сайн тавьжээ гээд шавь нараараа бахархаж байлаа.
Хөгжим бүжгийн коллежийн дөрөв дэх захирал Ш.Дуламрагчаа:
ЭНЭ СУРГУУЛИЙГ ТАТАН БУУЛГАХГҮЙ, АВЧ ҮЛДЭЖ ЧАДСАНДАА БАЯРТАЙ БАЙДАГ
-Баруун аймгийн урлаг соёлын төв болсон Завхан аймгийн Хөгжим бүжгийн сургууль байгуулагдаад, эрийн цээнд хүрч, 30 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа нь үнэхээр бахархууштай үйл явдал юм. Ойн арга хэмжээнд үе үеийн удирдлагууд, гадаад, дотоодоос үе, үеийн төгсөгчид сургуулиа зорин ирсэнд баяртай байна. Би 1994-1996 оны хооронд тус сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд зах зээлийн давалгаа болж, улс эх орны хүнд хэцүү үетэй таарч байсан. Тэр үед сургууль маань байгуулагдаад дөнгөж зургаан жил болж байхад энэ сургуулийг татан буулгах тухай яриа Боловсролын яамны 1995 оны улсын төсөв, төлөвлөгөөнд тусгагдсан байсан. Манай сургууль тэр үед орчин үеийн соёлын сургууль болох орчин нөхцөл бүрдчихсэн байсан. Тиймээс уг сургуулийг татан буулгахгүй, хэвээр нь үлдээх тухай хүсэлтийг аймгийн Засаг дарга Б.Очирбатаар дамжуулан холбогдох байгууллагуудад уламжилж, тухайн үеийн боловсролын сайд, урлаг соёлын дарга нартай биечлэн уулзаж, нарийн танилцуулсны үр дүнд Хөгжим бүжгийн дунд сургуулийг татан буулгалгүй, хэвээр нь авч үлдэж чадсан юм. Өнөөдөр Завхан аймгийн Хөгжим бүжгийн сургууль 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа явдал нь үе үеийн удирдлагуудын авч хэрэгжүүлж байсан ажлуудын үр дүн юм.
“Төгсөгчдийн холбоо”-ны тэргүүн, дуучин Х.Энхтайван:
ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧИД НЭГ БАГ БОЛЖ АЖИЛЛАНА
-Юуны өмнө Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн 30 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчид, одоо суралцаж байгаа бяцхан дүү нартаа, ажилтан албан хаагчиддаа баярын мэнд хүргэе. Миний хувьд энэ сургуульд 1988 онд элсэн орж байсан, 88 сурагчийн нэг болсондоо үргэлж баяртай байдаг. Урлагийн буянаар, сургуулийнхаа буянаар өдий зэрэгтэй яваа гэж бодож, сургуульдаа үргэлж мөргөж биширч явдаг. 2018 оны хоёрдугаар сард нийт төгсөгчдийн маань хурал болж, “Төгсөгчдийн холбоо”-ны тэргүүн хэмээх хүндтэй албыг хүлээж авсан. Энэ албыг хүлээж авсан долоон сарын хугацаанд төгсөгчдийн уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулж, цахим орчинд “Бид хөгжим бүжгийнхэн” гэсэн грүпп байгуулаад, мэдээ мэдээллээ солилцож, ойн арга хэмжээнд зориулсан хандив, тоглолтын арга хэмжээ зэрэг олон ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлсэн. Завхан аймгийн ХБК бол Монгол Улсын соёл урлагийн салбарт, тэр дундаа ардын урлагийн салбарт томоохон байр суурийг эзлэж явдаг. Манай олон олон төгсөгчид урлагийн салбарт мэргэжлээрээ ажиллаж байна. Багш нарын маань тарьсан соёлын үр урлагийн хөрсөнд соёолон ургаж, цэцэглэн хөгжиж байгаад баяртай байдаг. Ойн арга хэмжээндээ үе үеийн төгсөгчид маань маш өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэнд баяртай байна. Төгсөгчдийн холбоо маань байгуулагдаад удаагүй ч хамтын ажиллагаагаа бэхжүүллээ. Сүүлийн үеийн төгсөгчидөө зүүн аймгуудын урлагийн байгууллагуудад ажиллах, ажлын байранд зуучлах ажлыг хийж байна. Цаашид нэгдэж ажиллая, урлагийн салбар бие биенээ дэмжиж, нэг баг болж ажиллая гэсэн нэгдмэл зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин





BAT
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.